НИЙГЭМ

ГХЯ: ОХУ-д суралцах монгол оюутнуудад визийн урилга одоогоор илгээх боломжгүй

Гадаад улсад суралцдаг оюутнуудтай холбоотой мэдээллийг Гадаад харилцааны яамнаас хүргэлээ.

БНХАУ-ын тал нааштай шийдвэр гаргаагүй тул оюутнуудаа явуулах боломжгүй

Тус яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшигийн хэлснээр, Гадаад улсад суралцдаг, тэр дундаа ОХУ, БНХАУ-д суралцдаг манай улсын оюутнууд сүүлийн өдрүүдэд ГХЯ-нд олноор хандаж байгаа аж.

ГХЯ тухайн оюутнуудын Үндсэн хуулиар олгогдсон суралцах эрхийг хааж зөрчөөд байгаа мэтээр буруу ташаа мэдээлэл түгээж байгаа нь харамсалтай гэлээ.

Тус яамнаас хөрш орнуудтайгаа албан ёсны байгууллагын түвшинд нь энэ асуудлыг тухай бүрд нь тодруулж, мэдээллийг түгээж иржээ.

Тухайлбал, БНХАУ өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш гадаад улсын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх журмыг хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, гадаад улсын оюутнуудыг хилээрээ нэвтрүүлэхгүйгээр цахимаар хичээлээ орох шийдвэр нь хэвээр байгаа юм.

Ялангуяа, тус улс нэгдүгээр сард дотооддоо халдвар алдсан тул дотоодын халдвар хамгаалал болон хилийн дэглэмээ улам чангатгасан.

БНХАУ-д манай улсын 10,000 гаруй оюутан суралцдаг тул Боловсролын яамтай нь болон Тэтгэлгийн хороотой нь холбогдоход ч одоохондоо оюутнуудыг хилээрээ нэвтрүүлэх шийдвэр гараагүй байгааг хэлжээ.

Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын тал нааштай шийдвэр гаргаагүй байхад бид оюутнуудаа явуулах боломжгүй гэсэн юм. 

ОХУ-ын танхимын журмаар хичээллэх тухай шийдвэр манай улсад хамаарахгүй

ОХУ-ын их, дээд сургуулиудыг танхимын журмаар хичээллүүлэх тухай ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны шийдвэр нь орос оюутнууд болон ОХУ-тай одоогоор харилцан хилээ нээсэн 15 улсын оюутнуудад хамааралтай болохыг Шинжлэх ухаан, дээд боловсролын яамнаас мэдэгдсэн байна. Эдгээр орны оюутнууд ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны визийн урилгыг үндэслэн тухайн оронд суугаа ОХУ-ын Дипломат төлөөлөгчийн газраас виз авсны үндсэн дээр хилээр нэвтэрч байгаа юм.

Танхимын журмаар хичээллэх тухай шийдвэр нь ОХУ-тай харилцан хилээ нээгээгүй улс орнуудын иргэдэд огт хамааралгүй тул манай улсын оюутнуудад визийн урилга одоогоор ирүүлэх боломжгүй хэмээн ГХЯ-наас мэдээллээ.

ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны шийдвэрт ОХУ-ын их, дээд сургуульд суралцдаг гадаадын оюутнуудыг заавал танхимын дэглэмээр хичээллүүлэх талаарх шаардлага тусгагдаагүй. Ямар ч их дээд сургууль дээрх шийдвэрийг давж, ОХУ-тай хилээ харилцан нээгээгүй улс орнуудын оюутнуудыг заавал танхимын дэглэмээр суралц гэх шаардлага тавьж албадах эрхгүй. Хэрэв ийм төрлийн асуудал монгол оюутнуудад тулгарч байгаа бол Улаанбаатар хот дахь Оросын хэл, соёлын төвд хандаж асуудлыг тавьж болохыг зөвлөжээ.
ОХУ дахь цар тахлын нөхцөл байдал тогтворжиж, халдварын тохиолдол эрчимтэй буурах хандлага ажиглагдаж буй тул цаашид хөрш зэргэлдээ орнуудын оюутнуудыг хилээр нэвтрүүлэх асуудлыг тэргүүн ээлжинд тавих бөгөөд тодорхой шийдвэр гармагц цаг тухайд нь мэдэгдэхээ ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамнаас Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-нд мэдэгдээд байна.

Цар тахлын улмаас эх орондоо буцаад байгаа гадаадын оюутнуудад дараах шаардлагыг тавьж байна:
- ОХУ-ын их, дээд сургуулиудын өдрийн ангийн хичээл энэ оны 2 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн танхимын сургалтад шилжих боломжтой болсонтой холбогдуулан сургууль бүр өөр өөрсдийн нөхцөл байдалд зохицуулан сургалтын үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа тул өөрийн суралцаж буй сургуультай холбогдож нарийвчилсан зааварчилгаа авах,
- ОХУ-ын их, дээд сургуулиудын зарим нь танхимын сургалтанд бүрэн шилжиж байгаа бол зарим нь танхимын болон зайн сургалтыг хослуулан явуулж байгаа бөгөөд эх орондоо байгаа оюутнуудад нэгдүгээрт, зайн сургалтад хамрагдах өргөдлийг сургуулийн захиргаанд гаргах, хоёрдугаарт, зайн сургалтад хамрагдах боломжгүй бол жилийн чөлөө авахыг хүсэх зэрэг нийтлэг шаардлага тавьж байгаа ажээ.
Манай улсаас ОХУ-ын иргэний их, дээд сургуулиудад 3000 орчим оюутан суралцдаг бөгөөд ОХУ-д суралцаж буй гадаадын оюутнуудын нэг орчим хувь, эх орондоо буцаад байгаа гадаадын оюутнуудын гурав хүрэхгүй хувийг эзэлж байна. Энэ дашрамд дурадах монгол оюутнуудын 90 гаруй хувь нь өөрийн хүсэлтээр одоогоор эх орондоо ирээд байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button