НИЙГЭМ

“Он гарснаар галд найман хүүхэд эндсэний хоёр нь асааж орхисон зулнаас үүдэлтэй”

Хүйтний эрч чангарахтай зэрэгцээд ахуйн гал түймрийн дуудлага ихсэх хандлагатай байна. Галын шалтгаан, нөхцлийг судлаад үзэхэд бага насны хүүхдийн болгоомжгүй үйлдэл, хүүхэд гар хүрэхийг хориглодог гал түлэх, цахилгаан зуух, лаа, шүдэнз асаах зэргийг туршиж үзэх сониуч зангаас үүдэлтэй байх нь элдэг аж.

-“МАНАЙ ХҮҮХЭД ЮМНЫ УЧИР ОЙЛГОХ НАСАНД ХҮРСЭН” ХЭМЭЭН ТАЙВШРАХ НЬ ХҮҮХЭД АХУЙН ГАЛ ТҮЙМЭРТ ӨРТӨХ ҮНДСЭН ШАЛТГААНЫ НЭГ БОЛДОГ-

Түүнчлэн эцэг эхчүүд хүүхдээ “Манай хүүхэд том болчихсон, юмны учир ойлгох насанд хүрсэн, биеэ даасан” хэмээн тайвшран анхаарлаа сулруулснаас ахуйн гал түймэрт өртөх үндсэн шалтгааны нэг болдог аж. Хүүхдийн болгоомжгүй үйлдлээс гарсан галыг цагаар авч үзэхэд ихэвчлэн 11:00-18:00 цагийн хооронд гардаг байна. Ялангуяа хичээл сургууль амарсан эдгээр өдрүүдэд гарсан гал түймрийн 60 орчим хувь нь эцэг эхийн болгоомжгүй байдалтай холбогддог аж.

Манай улсад жилд 3000 орчим гал түймэр гарч 50-60 хүн амь насаа алдаж байгаагийн 20-50 хувь нь хүүхэд байдаг гэх судалгаа бий. Эдгээр тоо бидэнд анхааруулга өгөөд зогсохгүй, цаашид шийдвэртэй алхам хийж, хүүхдээ гал түймрийн аюулаас хамгаалах хэрэгтэйг сануулж байна. ОБЕГ-аас авсан мэдээллээр гал түймэр дараах шалтгааны улмаас гардаг аж. Үүнд:

  • Гэмтэлтэй болон зориулалтын бус цахилгаан утас,
  • Ил утастай тень, плитка
  • Цахилгаан залгуур/уртасгагч/-т нэг дор олон буюу цахилгаан хэрэгсэл залгаж ачааллыг хэтрүүлэх,
  • Цахилгаан хэрэгслийг залгаатай удаан хугацаагаар орхиж явах,
  • Харилцан адилгүй голчтой /зэс, хөнгөн цагаан/ цахилгаан дамжуулах утсыг холбох,
  • Яндангийн цонолт, халалт
  • Үнс нурмаа ил задгай асгах,
  • Гэмтэлтэй пийшин зуух,
  • Пийшин, зуухны галлагаа хэтрэх зэргүүд ордог байна.

Бид ОБЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга, хурандаа Б.Дуламсүрэнгээс сүүлийн үед бүртгэгдээд буй гал түймрийн шалтгаан, нөхцөл түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх асуудлаар тодруулга авсан юм.

-Б.ДУЛАМСҮРЭН: ОН ГАРСААР ГАЛ ТҮЙМРИЙН УЛМААС 19 ХҮН АМИА АЛДСАНЫ  НАЙМ НЬ БАГА НАСНЫ ХҮҮХЭД-

-Сүүлийн үед ялангуяа бага насны хүүхдүүд галд өртөж, харамсалтайгаар нас барсан гэх дуудлага мэдээллүүд сонсогдох боллоо. Гал түймрийн аюул, осол өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад ямар үзүүлэлттэй байгаа вэ?

-Он гарсаар ОБЕГ-т гал түймрийн 530 гаруй дуудлага ирсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослын дуудлага 10 хувиар буурсан үзүүлэлт юм.

Үүнээс сүүлийн хөл хорио буюу хоёрдугаар сарын 11-23-ны өдрүүдэд гал түймрийн 61 дуудлага ирснээс 25 нь Улаанбаатарт, 36 нь орон нутагт бүртгэгдсэн. Өнөөдрийн гараад буй галын шалтгаан нөхцлийг үзэхээр бага насны хүүхдийг гэрт нь хараа хяналтгүйгээр цоожилж үлдээх, цахилгааны утас, хэрэгслийн ачааллыг хэтрүүлэх, пийшин зуухны бүрэн бүтэн байдлыг хангаагүй зэргүүд багтана.

ОБЕГ-аас гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Тоон статистик мэдээг аваад үзвэл, он гарсаар 19 хүн амиа алдсан. Үүний найм нь бага насны хүүхэд байх жишээтэй. Мөн иргэд шинийн 15-д гэртээ зул хүж өргөдөг, энэ нь галын шалтгаан болох нь бий. Хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн эцэг эхчүүд ажилдаа явах болсонтой холбоотойгоор бага насны хүүхдээ гэртээ хяналтгүй үлдээхгүй байх, хөршийн холбоог сайжруулах, аюулгүй орчныг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй байна. ОБЕГ-т бүртгэгдэж буй нийт ослын 30 гаруй хувьд хүүхэд өртдөг гэх судалгаа бий.

-СҮҮЛД БҮРТГЭГДСЭН ХОЁР Ч ГАЛ ТҮЙМРИЙН ШАЛТГААН НЬ ГЭРТЭЭ ЗУЛ АСААЛТТАЙ ОРХИСНООС БОЛСОН-

-Сүүлд мэдээлэгдсэнээр монгол гэр шатсанаас бага насны хүүхдүүд амиа алдсаар байгаа шүү дээ. Алба хаагчдыг очиход нөхцөл байдал ямар байдаг вэ?

-Алба хаагчдын очсон дуудлагын ихэнх шалтгаан эцэг эхийн хараа хяналтгүй байдлаас болсон байх нь элбэг. Ялангуяа гэр хамгийн түргэн шатдаг. Ердөө 5 минутад л шатаад дуусдаг. Сүүлд бүртгэгдсэн хоёр ч гал түймрийн шалтгаан нь гэртээ зул асаалттай орхисноос болсон. Хамгийн сүүлд л гэхэд Баянхонгор аймагт 1.7-7 настай хоёр хүүхэд галд өртөж амь насаа алдлаа шүү дээ. Дээр нь иргэд галын дуудлагыг оройтож, хугацаа алдаж өгснөөс эрдэнэт хүний амь эрстэх өндөр эрсдэлд ордог.

Мөн гэрийн хаяг, гудамжийг тодорхой хэлэхгүй байх, орон сууцны орчинд орц гарцыг автомашинаар хааж тавих зэрэг нь хугацаа алдах хүчин зүйлсийн нэг болдог. Түүнчлэн гэр хороололд гэрийг хэт ойрхон, залгаж барих зэрэг нь галын эрсдлийг нэмэгдүүлдэг. Сонгинохайрхан дүүрэгт залгаа гэр шатаж, гурван хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарсан шүү дээ. Иймд иргэд маань үүнд л маш их анхаарах хэрэгтэй байна” гэх мэдээллийг өгөв.


Гарсан тал түймэртэй холбоотой асуудлаар цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байгаа учир ОБЕГ-аас хэргийн тухай мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Иймд бид та бүхний мэдлэгт зориулж дараах мэдээллийг бэлтгэлээ.

-ГАЛ ГАРСАН ГЭР, БАЙШИНГААС БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ХЭРХЭН АЮУЛГҮЙ ГАРГАХ ВЭ?-

Юуны өмнө өөрийн аюулгүй байдлыг бүрэн хангах хэрэгтэй. Эс бөгөөс утаажилтын бүсээс хүүхдийг аврах бус өөрөө ч амиа алдах эрсдэлтэй. Хамгийн түргэн арга бол нягтрал сайтай даавуун алчуурыг норгож нөмрөх, ам хамраа таглах юм. Ингээд гол төлөв гэрийн ор, ширээ, шүүгээн дотор хүүхэд орсон эсэхийг шалгаарай. Бага насны хүүхдүүд ямарваа гамшиг, аюулын үед нуугдах, ямарваа зүйлийн дор хоргодох хандлагатай байдаг аж.

Мөн дуудахад дуугарахгүй байх нь магадлал өндөр. Ингээд хүүхдийг олсон үед нойтон даавуу, алчуураар бие, ам хамрыг нь бүтэн ороож аюулгүй газарт хүргэнэ. Хүүхдийн хувцас шатаж байгаа үед болж өгвөл нойтон материалаар бүтээж, агаар оруулахгүйгээр шаталтыг зогсоох зорилгоор биед нь сайн нааж өгнө. Хувцас нь шатаж байгаа хүүхэд гүйвэл шаталт улам ихсэх аюултай. Хэрэв хүүхэд утаажилт ихтэй газар байвал хаалга, цонхыг нээж аль болох цэвэр агаар оруулах хэрэгтэй.


-ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА-

  • Галтай зүйл хог хаягдлыг хогийн суваг, хогийн ил цэгт хаяхгүй байх
  • Гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх
  • Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байх(шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах)
  • Цахилгаан ашиглалтын дүрэм журмыг сайтар мөрдөж, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх
  • Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэт шахаж байрлуулахгүй байх
  • Байр орон сууцны орчимд шуурхай албаны автомашин бөглөхгүй байх
  • Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгаж орхих
  • Бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байх

Гэрэл зураг, видеог Б.Эрдэнэбаяр

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Mongol huuhduud ih orovdmoor estoi hun boloh durandaa osch ondiidog. Tor zasag n huuhdee zartsuul gsen mongoor etseg eh n arhi uugaad,esvel suljee,boo gd guichihdeg.ter mongoor n huuhdiinhee bolovsrold anhaarch duguilan damjaand yavuulj bmaar bn.hool ideed huvtsaslachihval l ok boldog yum bish.tolgoi ruu medleg hiimeer bn.mongoliin niigem denduu haranhui buduuleg bn.huuhed bidnii ireedui shuu de.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button