НийгмийнСУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

СУРВАЛЖИЛГА: ТҮЦ машины лавлагаа авахаар мөнгөө залгиулсан иргэд бухимдалтай байна

Монгол Улсын иргэн гэдгээ, цаашлаад амьдарч буй оршин суух хаягаа нотлохын тулд нэгэн үе бид бичиг цаасанд дарагдаж, хөлийнхөө тавхайг эргэтэл явдаг байлаа. Зарим үед хөөцөлдсөн ажил бүтэхгүй хонон өнжин явах нь энүүхэнд. Технологийн дэвшлийн ачаар бид төрийн байгууллагын өмнө хөшиж зогсох ажлаас мултарч, бүхий л үйлчилгээг ТҮЦ машинаас авах боломжтой болсон нь сайшаалтай. Олон хоног хөөгөөд бүтээгүй ажлыг өөртөө ойрхон ТҮЦ машинаас авч эхэлснээр иргэд сэтгэл ханамжтай болсон билээ. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр өдгөө 10 жил үйл ажиллагаа тогтвортой үргэлжлүүлж буй уг үйлчилгээнд одоо ч учир дутагдалтай зүйлс олон бий.

-ИРГЭДИЙН ЗОРИОД ОЧСОН ГАЗРЫН ТҮЦ МАШИН ГАЦАХ, ХУРУУНЫ ХЭЭ УНШИХГҮЙ БАЙХ, МӨНГӨ ЗАЛГИХ АСУУДЛУУД ГАРЧ БАЙНА-

Ер нь ТҮЦ машинтай холбоотой санал, гомдол жилийн жилд л хөвөрч байдаг. Гэвч өнгөрөгч амралтын өдрүүдээс эхлээд иргэд тус машины үйлчилгээнд сэтгэл ханамжгүй буйгаа цахимд болон редакцийн утас руу залгаж мэдээлэх боллоо. Иргэдийн ихэнх нь зориод очсон лавлагааны машин ажиллахгүй саатах, хурууны хээ уншихгүй байх, цаашлаад бэлэн гүйлгээ хийхэд баримтаа хэвлэхгүй, мөнгө залгиад байгаа тухай учирласан юм. Иймд манай сурвалжлах баг Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд ажиллаж буй лавлагааны машинуудаас дараах сурвалжилгаа бэлтгэлээ.

Ялангуяа цар тахлын үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад зарим ААН-үүд хувиарт цагаасаа өмнө хаалгаа барих, хүний төвлөрөл үүсгэхгүйн тулд лавлагааны машиныг салгасан зэрэг зүйлс анзаарагдсныг нуух юун. Биднийг уржигдар /2021.03.02/-ны өдөр 17.00 цагийн үед очиход Сүхбаатар дүүрэгт байрлах нэр бүхий худалдааны төвүүд цагаасаа эрт хаалгаа барьснаас лавлагааны машиныг харж чадсангүй. Бидэнтэй зэрэгцээд хэд хэдэн хүн хаалга мөргөж байгаатай таарсан юм. Түүнчлэн эл өдөр ТҮЦ машины цахим хуудсаар орж харахад ажиллах байгаа, хаагдсан, бүр мөсөн хаагдсан зэрэг мэдээллүүдийг шинэчлээгүй байсан нь, иргэдэд бодит мэдээллийг шуурхай авахад хүндрэл учруулж байлаа. Иймд бид уржигдар /2021.03.02/-нд ТҮЦ машины лавлахтай холбогдож, зарим мэдээллийг авсан юм. Тухайн операторын хэлж буйгаар:

-ТҮЦ МАШИН САЙТЫН ОПЕРАТОР: СҮЛЖЭЭ ТАСРАХ, ААН-ҮҮД САЙН ДУРААРАА МАШИНЫГ УНТРААХ, ЭРТ ХААХ ЗЭРЭГ АСУУДЛУУД ГАРЧ БАЙГАА-

“Зарим үед сүлжээ тасарснаар хэсэгхэн хугацаанд ТҮЦ машины үйл ажиллагаанд догогдол үүсэх нь бий. Энэ нь заримдаа харагддаггүй. Тиймээс сайтад мэдээлэл шинэчлэгдээгүй байж болдог. Мөн биднээс хамаарахгүйгээр зарим ААН-үүд өөрсдийн биеийн амар, хүний бөөгнөрөл, ачаалал үүсгэхгүйн тулд машиныг хэргээр унтраах, хувиарт цагаасаа өмнө хаах зэрэг зүйлс мэр сэр гардаг. Ялангуяа цаг тахлын үеийн хөл хорионоос шалтгаалан тусгаарлалтын бүсэд буй ТҮЦ машинуудыг ажиллуулахгүй байх чиглэл ирсэн. Иймд тооны бууралттай ажилласан. Одооноос үйл ажиллагаа тогтворжоод, хэвийн горимоороо ажиллаж байгаа. Иргэд үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ ажлын утсаар холбогдон мэдээллэх боломжтой” гэсэн юм.

Түүнчлэн ТҮЦ машин ажиллаагүй учраас Улсын бүртгэлийн ерөнхий газраар үйлчлүүлж, хонон өнжин материал хөөцөлдөж буй гэх иргэний мэдээллийн дагуу бид уг асуудлаар УБЕГ-аас тодруулахад:

-УБЕГ:ТҮЦ МАШИНТАЙ ХОЛБООТОЙ ГОМДЛЫГ МАНАЙХ ШАЛГАДАГГҮЙ-

“ТҮЦ машин ажиллахгүй байгаа асуудал манайхтай хамааралгүй юм. Тухайн лавлагааны машинаас гардаг тодорхойлолт, үйлчилгээг л бид нийлүүлэн, хамтарч ажилладаг гэсэн үг юм. Гэвч иргэн хүсэх л юм бол зөвхөн лавлагааны машин гэлтгүй www.e-Mongolia.mn сайтаар орж, манайхаас гардаг бүхий л лавлагаа, баримтыг хормын дотор авах боломжтой. ТҮЦ машин, материалтай холбоотой гомдлыг манайх шалгадаггүй. Хянан шалгаад, иргэний гомдлыг шалгадаг бүрэлдэхүүн бий. Лавлагааны машиныг УБЕГ-т бус дүүрэг, дүүргийнхээ ЗДТГ болон худалдааны төвүүдэд байрлуулах чиглэл ирсний дагуу шилжүүлсэн” гэсэн юм.

Үнэндээ банктай харьцаж, бичиг баримт цуглуулж буй хүн бүр ТҮЦ машины хэрэглээ, олдоц, үйлчилгээнд өөр өөрийн сэтгэл ханамжтай байх болов уу. Тоо баримтаас дурдвал, улсын хэмжээнд 110 ТҮЦ машин байдгаас, нийслэлд 77, орон нутагт 33 байдаг аж. Харин өнгөрөгч хөл хорионы үеэр ААН, худалдаа үйлчилгээг хязгаарласнаас үүдэж нийслэлд 22, орон нутагт 19 ТҮЦ машин ажиллажээ.

-ЦАР ТАХЛЫН ХӨЛ ХОРИОГООР ХҮНИЙ БӨӨГНӨРӨЛ ҮҮСГЭХГҮЙН ТУЛД БҮХ ТҮЦ МАШИНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ЗОГСООСОН-

Хөл хорионы үеэр иргэд төрийн үйлчилгээний цахим /ТҮЦ / машинаас бичиг баримтын лавлагаа авч чадахгүй байгаа асуудалд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас: “Хөл хорионы өдрүүдэд ихэнх байршилд ТҮЦ машины ажиллагааг зогсоосон. Иргэд төрийн үйлчилгээг www.e-Mongolia.mn авах боломжтой. Цар тахлаас шалтгаалаад хүний бөөгнөрөл үүсгэхгүй нь тулд бүх ТҮЦ машины үйл ажиллагааг нь зогсоосон байсан” хэмээсэн юм.

Ийнхүү бид хоёр дахь өдрөө 14:00 цагийн үед гарч хүмүүсийн санал, гомдол хэр бодитой эсэх тухай мэдээлэл авахаар Чингэлтэй дүүрэгт байрлах томоохон худалдааны төвүүд дэх ТҮЦ машинаар зочиллоо. Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын байранд байрлах “Нэг цонх” үйлчилгээгээр зочилоход лавлагааны машины үйл ажиллагаа хэвийн байв. Харин биднийг очихтой зэрэгцээд хурууны хээ танихгүй байх, мэдээлэл гацах, олон улсын карт ашиглагдахгүй гэх шалтгааны улмаас иргэдэд багахан ачаалал үүсэв.

Харин тус дүүрэгт байрлах томоохон худалдааны төвд байрлах ТҮЦ машинд хижээл насны хоёр иргэн мөнгөө залгиулснаа хэлсэн юм. Дэлгэцэн дээр “Хэвлэж байна” хэмээх бичиг гарах ч, цаас гарахгүй байсанд тэд хэсэг харзнав. Дараагийн үйлчлүүлэгчийн шахалт ирэх ч, мөн л хүлээстэй.

-ИРГЭН: МӨНГӨӨ ТУШААГААД БАРИМТ НЬ ГАРЧ ИРСЭНГҮЙ-

-Таны баримт гарсангүй. Та юуны лавлагаа авсан бэ?

-Ах нь иргэний үнэмлэхний лавлагаа гаргуулах гэсэн юм. Мэддэгээр нь дүүгээ дагуулаад гарч ирсэн. Цаас нь гарч ирдэггүй. Гайхаж харна. Орон нутгын харъяалалтай, товчоо нээхээр эмнэлэгт үзүүлж, банкнаас “Малчны зээл” судлахаар ирсэн юм. Гайтай юм шиг үнэмлэхээ олдоггүй. Тэгсэн харин дүү лавлагаа авья гээд хамт ирсэн ухаантай юм.

-Та лавлах дугаар руу утас цохиж үзэх үү?

-Үзээгүй ах нь. Утас шөрмөсийг нь ч мэдэхгүй юм байна. Ингээд л ьаг болчих юм. Ядаж байхад таарсан 1000 төгрөгтэй явж байдаг. Үгүй бүр учраа олохгүй нь. Болохгүй бол гарч дэлгүүр ороод мөнгөө бутлуулна даа.

Тухайн ТҮЦ машин 25 орчим минут саатаж, энэ хугацаанд 3 үйлчлүүлэгчийн мөнгийг нүдэн дээр залгичихав. Ийнхүү бухимдсан, ширвэсэн харцтай иргэд амандаа үглэсээр сандруу гарч одлоо. Тэднийг гарахтай зэрэгцээд 20 орчим насны охин утсаар ярьсаар хүрч ирэв. Түүний хувьд оршин суугаа хаягийн тодорхойлолтоо хэвийн аваад гарлаа. Ийнхүү сүүлд 20 гаруй насны залуу ирж иргэний үнэмлэхний лавлагаа авъя гэвч, “олон улсын карт уншихгүй” гэснээр мөн л буцаж харагдав.

ТӨГСГӨЛИЙН ОРОНД ДҮГНЭЛТ: Үүнээс харахад ТҮЦ машин нэг үеэ бодоход эвдэрсэн, саатсан гэх иргэдийн гомдол багассан ч, сүлжээ тасрах зэрэг техникийн алдаанаас болоод лавлагаа авах гэсэн иргэдийн мөнгийг залгих асуудлууд гарч буй. Албаны хүмүүсийн хэлж байгаагаар цар тахлын нөхцөл байдал болон ААН-ээс шалтгаалан лавлагаа машины тоо цөөрсөн, ажиллахгүй зэрэг асуудлууд байгаа аж. Гэвч нэгэнт үйлчилгээнд нэвтрүүлээд 10 жил болсон машинуудаа бүрэн ажиллагаанд оруулж, техникийн асуудлыг шийдэн иргэдийг хохироохоо болих хэрэгтэй.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. Уг нь дээр нь асууд#### гарв#### хэнд хандах нь утас цахим гомдол авдаг юм нь байдаг. УБЕГ н хүн яг хэнд хаана ханддагийг нь хэлээд өгчихөд яадаг. Танай үйлчилгээ. Мөнгө з####гиулна гэж огт байхгүй. Хүмүүс яг он сар цагаа сайн тэмдэглэж эсвэл зураг авах хэрэгтэй. Зурган дээр он сар цаг тэмдэглэгддэг тул. Тэгж байгаад холбогдох газар нь захиа бичээд явуулчих хэрэгтэй баримттай тул. Монголд хуулиар үйлчилгээ бүтээгдэхүүн зараагүй байж мөнгө авах хориотой байдаг. Та нар захиан дээрээ о н с ар өдөр ЦАГ МИНУТАА сайн тавиад юу болсноо бичээд буцааж авах банкны дансаа бичээд нэр ус хаягаа утастайгаа сайн бичихэд гадаадад бол хариу нь нэг өдрийн дотор ирээд буцаагаад шилжүүлчихдэг. Ийм ####даа бараг гардаггүй ч хааяа ховор гардаг. Манайд бол их гардаг юм байна. Заав#### сайжруулах шаардлагатай бас хүмүүсийг хохиролгүй болгох шаардлагатай юм байна. Мөн ингэж хаах нь буруу. Цаад хүнтэйгээ зөв он сар өдрийн тухай ярьж байна уу гэдгээ сайн ш####гаж байх ёстой байдаг. Зарим ажилчид онс араа буруу өдөр цаг харчихаад тийм юм болоогүй байна гэдэг. Тиймээс он сараа сайн ш####гаж харах хэрэгтэй. Уг нь болсон цагаа хэлэхэд камертай тул ш####гаад буцааж өгөх бүрэн боломжтой эд л дээ. Камернаас гадна ийм машинд өөрийнх нь хөтөлдөг журн#### лог гэж нэг юм байдаг. Түүн дээр уг машин мөнгө з####гисан юм хэвлээгүй гээд хийсэн бүх үйлдэл нь гардаг тул маргах аргагүй. Мөнгөө хийхээс өмнө мөнгөнийхөө дугаартай хэсгийн зургийг аваад хийж болно. Дараа нь зарг####дахад хэрэг болно. Зүгээр орхиж болохгүй заав#### мэдэгдэж буцааж авах хэрэгтэй. 1000 төгрөгтөө байгаа юм биш. Наадуул чинь үүнийгээ засах ёстой.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button