НийгмийнНИЙГЭМУРЛАГЯрилцлага

“Moеlluеx” брэндийг үүсгэн байгуулж, 6 настай охиноо модель болгосон Д.Булганжавтай ярилцлаа

Ээжийнхээ оёсон хувцсыг амилуулдаг зургаан настай Б.Мишээл охины тухай бид өмнө мэдээлж байв. Тэгвэл энэ удаа бяцхан охины ээж “Moеlluex Mongolian Brand”-ийг үүсгэн байгуулагч Д.Булганжавыг онцолж байна.

Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй ч, охиноо төрүүлсний дараа 2015-нд өөрийн сонирхлоор хувцас оёж эхэлжээ. Улмаар долоон сарын өмнө брэндээ үүсгэн байгуулж, хувцас загварын амьдрал руу эргэлт буцалтгүйгээр ханцуй шамлан орсон байна. "Хүүгээ алдсаны дараа сэтгэлээс нэг л зүйл уяатай, хүүхдийн хувцас л оёх ёстой мэт мэдрэмж төрөөд байсан” хэмээн түүний санааширангуй ярьсан нь сэтгэлд тод үлджээ.

-ЦАР ТАХЛЫН УЛМААС ОЁДЛЫН ЦЕХЭЭ ГЭРТЭЭ НҮҮЛГЭЭД ИРСЭН-

-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Завгүй ажлынхаа хажуугаар ярилцахыг зөвшөөрсөнд тань баярлалаа. Зураг авалттай байх шиг байсан?

-Тийм ээ. Шинэ загварын хувцасныхаа зураг авалтыг хийж байлаа. Долоо хоногийн 1-2 өдөрт гадуур зурганд явдаг. Гэртээ зураг дарах боломжгүй учраас сайхан орчинтой газруудаар явж зураг авалтаа хийдэг юм.

-Маркетинг болон зурагчинг найз нь хийгээд байх шиг?

-Тийм ээ. Үйл ажиллагаа эхлээд удаагүй байтал цар тахлын нөхцөл байдал хүндрээд оёдлын цехээ хаахад хүрсэн. Тиймээс гэртээ цехээ нүүлгээд ирчихсэн байгаа. Маркетинг, брэнд хөгжүүлэлтэд тусгай баг, мөнгө зарах боломжгүй нөхцөлд орсон л доо. Тиймээс сул зардлаа танах үүднээс найзтайгаа хамтарч байгаа. Материалын үнэ өссөн учир, маркетинд их мөнгө хаявал бүтээгдэхүүний нэгжийн үнэ дагаад өснө. Тиймээс үнээ хадгалах, нэмэхгүйн тулд бүхнийг л боломжит хувилбараар хийж байгаа нь энэ юм л даа.

-Өнгөрөгч хөл хорио бизнест нь хүнд туссан юмаа даа?

-Нэлээд чанга байсан. Гэнэт л нэг өдөр шууд хаачихсан шүү дээ. Манайх уг нь хөөрхөн үйлдвэрийн байртай болоод тохижсон байсан. Түрээслэгч талаас хөнгөлөлт үзүүлэх боломжгүй гэсэн учраас ингээд өрхийн үйлдвэр рүүгээ шилжээд байна. Бүх оёдлын машин, материалаа гэрийнхээ нэг өрөөнд байршуулсан. Анх боломжгүй гэж бодсон ч, байгаа нөөцөө ашигласан нь буруудсангүй ээ.

-Байр нь хэдэн өрөө билээ?

-Гурван өрөө. Гэртээ цехээ хийж болдог л юм билээ. Би болохгүй байх гэж бодсон харин ч хамаагүй тухтай, сайхан байгаа шүү. Тиймээс шинээр бизнес хийж байгаа залуус шинэ оффис гэхгүйгээр байгаа газраасаа эхлээрэй гэж зөвлөх байна.

-БИД ЭХ ОРОНДОО ЕВРОПЫН ХУВЦАСНААС ДУТАХГҮЙ ЧАНАРТАЙ ХУВЦСЫГ ХЯМД ӨРТГӨӨР УРЛАЖ ЧАДНА-

-Тэгэхээр “Moеlluex Mongolian Brand”-ийг хэзээ, яагаад байгуулах болсон нь сонирхол татлаа?

-Би 2015 онд сонирхлоороо хувцас хийж эхэлсэн. 2016 оноос охидын хээнцэр даашинз урлая гэж бодох болсон. Ингээд 2016-2019 онуудад Герман явж, дунд нь завсарласан. Өнгөрсөн өвлөөс хувцасныхаа ажилд ханцуй шамлан орсон доо.

-Таныг эдийн засагч мэргэжилтэй гэж сонссон. Яагаад мэргэжлээсээ тэс өөр салбар болох хувцас загвар руу орсон юм бэ?

-Хүүхэд байхаасаа л хувцас урлах, оёх дуртай хүүхэд байсан. Тухайн үед гэр бүлийн нөхцөл байдлаас шалтгаалаад хувцас загварын чиглэлээр суралцаагүй. Гэвч хожим 2015 онд охиноо төрүүлсний дараа гэртээ байх хугацаандаа хувцас оёё гэж бодох болсон. Оёдлын машингүй байсан учраас ээжээсээ "Гар машин аваад өгөөч” гэж гуйгаад авахуулж байлаа. Тэгээд л нэг нэгээр нь авч хийсээр өнөөдрийг хүргэсэн дээ. Би уйдамтгай зантай. Эхлүүлсэн зүйлээ хэсэг байж байгаад хаячихдаг. Гэтэл энэ удаа их өөр байсан. Германд оччихоод хүртэл хувцас хийх ажлаа мартаж чадахгүй, дотроос уяатай явсан. Очсоныхоо дараа гоё хувцас хийх юмсан гэж их боддог байлаа.

-Германд байхдаа хувцас оёхыг оролдов уу?

-Оролдсон. Оёдлын машин аваад хийх гэж үзсэн л дээ. Гэвч өртөг өндөртэй орон учир хийсэн хувцас нь өөрөө маш үнэтэй гарах гээд байсан. Мөн борлуулах зах зээл нь хомс юм билээ. Тиймээс Монголдоо очсоныхоо дараа л хийе, энд байх хугацаандаа суралцая гэж бодсон. Ялангуяа Франц орны тухайд загварын эх орон гэдэг учир хувцас загварыг нь судлах үүднээс зорьсон. Дүү маань Францад амьдардаг юм. Хэд хэдэн удаа дүүдээрээ зочилж, алдартай брэндүүдийн хүүхдийн хувцасны дэлгүүрүүдээр зочилсон.

Тухайн дэлгүүрүүдэд үзсэн загваруудаас санаа аваад түүнийгээ эх орондоо хийж болох юм байна гэж бодсон. "Монголд гэхээрээ л яагаад заавал ээжүүд хүүхдэдээ чанар муутай хувцас өмсгөх ёстой гэж? Хямд үнээр чанартай хувцсыг хийгээд эцэг, эхчүүдэд борлуулъя” гэж бодсон. Монголд ялангуяа Европын чанартай хүүхдийн хувцаснууд маш үнэтэй байдаг юм билээ. Бид эх орондоо Европын хувцаснаас дутахгүй чанар, гоёл чимэглэлтэй хувцсыг хийж чадна.

-ХИЙСЭН ХУВЦСАА ӨӨРСДӨӨ ӨМСӨЖ ТУРШСАНЫ ДАРАА БОРЛУУЛДАГ-

-Үйлдвэрлэгчдийн хувьд түүхий эд маш чухал байдаг. Дотоодод худалдаалагдаж байгаа даавууны материал, гоёл чимэглэлийн чанар, үнэ сэтгэлд тань хэр нийцэж байна вэ?

-Ялангуяа одоо даашинз, хувцасны маш гоё чимэглэлүүд элбэг болсон байна. Тиймээс ч манай хувцаснууд хэрэглэгчдэд төдий хэрээр хүрч байгаа. Намайг 2015 онд хувцас хийх гэж оролдож байхад гоё чимэглэлүүд олддоггүй байсан. Тэр үеийг бодвол одоо материал, чимэглэлийн сонголт сайжирсан. Мөн үнэ нь ч гэсэн боломжийн санагддаг. Гэхдээ даавууны хувьд сонголт хийхэд хэцүү. Ижил загварын хэр нь өөр өөр чанартай байх нь бий. Тиймээс хийсэн хувцасныхаа материалыг зайлшгүй өөрсдөө өмсөж туршсаны дараа хэрэглэгчдэд борлуулдаг.

-Ямар материал хувцас хийхэд эвтэйхэн, эдэлгээнд чанартай байдаг вэ?

-Даавуун материал гэж хэлнэ. Хүний биед наалдацтай, илүү эвтэйхэн гэж боддог. Нийлэг материалын хольц их бол өмсөж байгаа хүндээ тухгүй мэдрэмж төрүүлдэг. Ялангуяа миний хийсэн хувцсыг хүүхдүүд өдөр бүр тухтай өмсдөг байгаасай гэж хүсдэг. Тиймээс даавуун материалаа дагнаад хувцсаа хийхийг зорьж байна.

-Материалаа үргэлж авдаг дэлгүүр, онцолсон газар бий юу?

-Одоохондоо яг дагнаж авдаг дэлгүүр байхгүй. Дэлгүүр бүрээр явж, шилж авах зэргээр туршаад л явна.

-Хувцасны тань загварууд маш өхөөрдөм харагддаг. Загварын санааг хэрхэн олдог вэ?

-Хүн бүрт өөрийн өнгө байдаг гэж боддог. Миний хувьд классик, зөөлөн өнгөнд дуртай. Охиндоо ч гэсэн зөөлөн өнгийн хувцас өмсгөдөг. Миний хувьд хийх загвараа зурдаггүй. Дотроо төсөөлснөөрөө урладаг. Хамгийн эхлээд материалаа авчихдаг. Дараа нь материалдаа тохируулаад хувцасны загвар, чимэглэлээ гаргадаг гэхэд болно.

-ХЭРВЭЭ 10 ШАТ БАЙГАА ГЭЖ ҮЗВЭЛ БИД ДӨНГӨЖ НЭГД НЬ ЯВЖ БАЙГАА-

-Охиных нь өмссөн хувцасны материал, хийц, загвар нь хөөрхөн юм. Таны сүүлийн загваруудын нэг үү?

-Одоо манай охины өмссөн байгаа хувцас шинэ загвар юм. Анх цулгуй хийчихээд, дээр байгаа гоёлыг нь хоёр өдөр хайж явсны эцэст олсон. Иймэрхүү байдлаар гадуур маш сайн явж судалгаа хийсний дараа хувцсаа оёдог. 2015 онд хувцас оёх гэж оролдож байснаа бодвол одоо ур чадвар хавьгүй сайжирсан гэж боддог.

-Өөртөө тавьсан зорилго зорилтынхоо хаана нь явж байна вэ?

-Одоо бас л болоогүй. Түүхий л байна. Яагаад вэ гэхээр хүнд бас нэг этик байгаад байх шиг. Би өөрөө мэргэжлийн загвар зохион бүтээгч биш учраас бэрхшээл гарч байна. Бага багаар эсгүүрийн анхан шатны сургалтад сууж байгаа л даа. Хэрэв 10 шат байгаа гэж үзвэл манайх одоо нэгд нь л явж байна. Учир нь үүсгэн байгуулагдаад дөнгөж л долоон сар болж байна. Цаашид шат ахиад сайжраад явахыг зорьж байгаа.

-Хүүхдийн хувцас хийж худалдаалдаг багагүй газрууд бий. Таны брэндийн хувьд тэднээс ялгарах онцлог юу вэ?

-Манай брэндийн бусдаас ялгарах онцлог нь өдөр тутам өмсөхөд тохиромжтой тав тух, чанар гэж боддог. Тав тух, чанарыг уриагаа болгон ажилладаг гэхэд болно. Зарим эцэг эхчүүдийн хувьд “хүүхэд маш түргэн өсдөг, хувцсаа удаан өмсөхгүй учир чанартай байх албагүй, эсвэл чанартай л бол загвар хамаагүй” гэдэг. Миний бодлоор багаасаа чамин, чанартай хувцас өмсөж өссөн хүүхэд ирээдүйд ч сайхан амьдрах болно гэж итгэдэг. Тиймээс ч охидыг өдөр тутамдаа ганган, цэвэрхэн, эдэлгээ удаан сайн хувцас өмсөөсэй гэж боддог доо. “Zara”, “Uniqlo” брэндүүд маш боломжийн үнэтэй хэр нь, чанартай байдаг. Монголчууд яагаад “Zara” үйлдвэрлэж болохгүй гэж?

-Том зорилго өвөртөлж буй хэнд ч бэрхшээл гардаг. Ямарваа асуудалд сэтгэл зүйгээ хэрхэн зоригжуулдаг вэ?

-Ирээдүйн зорилгоо л санадаг даа. Том зорилгын төлөө тэмцэж байж, өнөөдрийн жижиг бэрхшээлд бууж өгч болохгүй гэж өөртөө хэлдэг. Өчигдөр л гэхэд өөрөөс шалтгаалахгүйгээр нэг үйлчлүүлэгчээ гомдоочихсон. Тухайн үед асуудлыг хэрхэн зохицуулахаа мэдэхгүй, бүхий л арга чаргыг хэрэглэж үзсэн. Өчигдөр гоёлын даашинзны захиалгатай байсан ч түүнийгээ хойшлуулаад, үүрийн 04.00 цаг хүртэл ажлаа хийлээ. Ядарч байсан ч “Миний эцсийн хүсэл юу билээ. Шантрах зүйл байхгүй. Даваад л гарна. Бос. Хий. Бүтээ” гээд өөрийгөө зоригжуулсан. Бараагаа хүлээж авах үеийн бяцхан хүүхдийн сэтгэгдэл, доглол маш гоё. Тэр мөч л уран бүтээлчийг цэнэглэдэг. Хүүхдүүд хамгийн тэвчээргүй худалдан авагч нар байдаг. Том хүн бол асуудал гарсан үед захиалгаа хойшлуулж болдог бол бяцхан хүүхдүүд хүлээж авахгүй. Авна гэсэн өдрөө л авдаг.

-ОХИНД МААНЬ МОДЕЛИЙН САНАЛ ИРВЭЛ ХҮЛЭЭЖ АВНА-

-Хэрэглэгчдээс ирсэн хамгийн сайхан сэтгэгдэл юу байв?

-Саяхан надад нэг үйлчлүүлэгчээс сэтгэгдэл ирсэн. Манай нөхөр таны хувцсыг сэтгэл шингээсэн гэж дүгнэсэн гэж хэлсэн. Тэгэхэд их баярласан. Эрэгтэй хүн охинд нь хийж өгсөн хувцсыг хараад тэгж дүгнэсэн гэхээр өөртөө “Би бас болж л байгаа юм байна. Хийж чадаж байна” гэж өөрийгөө тоосон. Хийхийг хүссэн зүйлдээ нэг шат ч болов ахижээ л гэж дүгнэсэн дээ. Тэр үг, сэтгэгдлийг долоо хоног бодож явлаа. Яг үүнтэй адил маш олон үйлчлүүлэгчдээс сайхан сэтгэгдлүүд олон ирдэг.

-Охиноо яагаад модель болгоё гэж бодсон бэ?

-Германд байсан гээд ярьж байсан шүү дээ. Тэгэхэд охин маань над дээр ирж байсан юм. Германы Коллин хотын төвд Дом гээд алдартай сүм байдаг юм. Тэр сүмийн урд охиныхоо зургийг авах юмсан гэж их боддог байлаа. Тухайн үед цэнхэр өнгөтэй, саатай дэрвэгэр хормойтой даашинз хийж өмсүүлээд зургийг нь авч байсан. Тэр үеэс л модель болох гараа нь эхэлсэн юм уу даа.

-Бага насны хүүхэдтэй ажиллах, зураг авах хүндрэлтэй байдаг уу?

-Хүндрэл бага. Айлын хүүхэдтэй ажиллахад аашийг нь мэдэхгүй учир хэцүү. Өөрийн хүүхэд учраас тайлбарлах, ойлголцоход илүү амархан байдаг. Охин маань ээжийнхээ хийсэн бүхий л хувцсыг өмсөж модель болдогт нь маш их баярладаг.

-Охин нь “Moеlluex Mongolian Brand”-ийн нүүр царай болж, модель хийж байна шүү дээ. Бусад брэндүүдээс ажлын санал ирэв үү?

-Одоогоор хараахан ирээгүй байна. Санал ирвэл хүлээж авна гэж боддог. Нэгэнтээ л модель хийж, зураг авахуулж чадаж байгаа учраас хориглоод байх зүйлгүй. Охин маань ярихдаа л муу болохоос зураг авахуулахдаа сайн. Үүндээ ч дуртай. Би охиноосоо асууж үзсэн л дээ. "Миний охинд өөр газраас санал ирвэл хүлээж авах уу” гэхэд "Тэгнэ” гэсэн.

-ДОЛОО ХОНОГ НОЙРГҮЙ ЯВСАН Ч БУРХАН БОЛСОН ХҮҮГЭЭ БОДОХООР ХҮЧ ОРДОГ-

-Яагаад заавал “Moеlluex Mongolian Brand” гэж нэрлэсэн бэ?

-Уг үг нь өөрөө Франц үг л дээ. Нэрний утга нь "Зөөлөн, Дөлгөөн” гэсэн утгатай. Францад байгаа дүү маань надад санал болгоод, найзад маань ч гэсэн таалагдаад энэ нэрийг өгсөн. Миний охин дээрээ ахтай байсан. Даанч бурхан болчихсон. Хүүгийнхээ дурсгалд зориулаад брэндээ ингэж нэрлэсэн юм. Эх хүн чинь зүрхэндээ үргэлж хүүгээ дурсаж, хэзээ ч мартахгүй шүү дээ. Тиймээс хүүдээ зориулаад ямар нэг зүйл хийх хэрэгтэй мэт мэдрэгддэг. Зөн зовин, бодол гэх үү намайг хүүхдийн хувцас хий л гээд дотроос маань хатгаад байсан. Долоо хоног нойргүй явсан ч бурхан болсон хүүгээ бодохоор хүч ордог. Бурхны оронд очоод дараа төрөлдөө сайн хүн болоосой л гэж хүсдэг дээ.

-Эрэгтэй хүүхдийн хувцас хийдэг үү?

-Манайх одоогоор эрэгтэй хүүхдийн хувцас хийхгүй байгаа. Учир нь бие физиологи нь охин хүүхдээ тэс өөр шүү дээ. Би хүүгүй учраас хувцсаа яаж хийвэл биед нь эвтэйхэн суулттай байхыг сайн мэдэхгүй байгаа. Охины хувцас бол хийснийхээ дараа хүүхдэдээ өмсүүлээд хэдэн өдөр ажиглаад, цааш цаашдаа сайжруулаад явдаг. Хүүгийн хувцас хийхэд өвдөг хэчнээн нугалаа хийвэл эвтэйхэн байх вэ гээд л жижиг деталь бүр нь чухал л даа. Хийхийн хувьд бол мэдээж хийж чадна. Гэхдээ хараахан туршлага дутуу байгаа.

-Хань ижлээ танилцуулаач?

-Би ганц бие ээж. Хүүгээ бурхан болсны дараа нөхрөөсөө салсан. Тэр маань гэр бүлтэй болсон. Хэдий тийм ч одоо найзын харилцаатай байдаг. Охинтойгоо хүссэн үедээ уулзаж, шаардлага гарвал хоорондоо зөвлөлддөг.

-Хэчнээн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ?

-Одоогоор ээж, аав, найз болон оёдолчдынхоо тусламжтай ажиллаж байна. Ээж маань ажилд маань зөвлөж, аав хүргэлт хийдэг. Хүргэлтийн тухайд 3000 төгрөгтөө л үнээ барихыг хичээдэг дээ.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.

ГЭРЭЛ ЗУРАГ, ВИДЕОГ: Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Аялагч
Аялагч
2021-03-16 16:34

Дэлхий ...ядаж азид танигдсаныхаа дараа Brand гэж яридаг л даа. Манайхан нэг маск оёоод л ийм тийм Brand гэчих юм. Болоогүй ээ �##�дрыг эзэн нь биш түмэн олон гадаад ертөнц өгдөг юм аа.

Зочин
Зочин
2021-03-17 04:06

Ёстой эгдүүтэй охинтой юмаа улам өндөр амжилт хүсье

Зочин
Зочин
2021-03-17 05:51

Гое загвартай чанартай хувцас урладагт баярл�##�аа. Мундаг сэтгэлийн тэнхээтэй юмаа.

Балиар өөдрөг нэгэн
Балиар өөдрөг нэгэн
2021-03-17 05:54

Битгий ийм тамын тогооны улгэр шиг бай л даа. Хэрэглэгчдийн тухайд нэрнээс илуу чанар, эдэлгээ нь чух�##� гэж бодож бна. Хун еерийнхее нандин гэсэн нэрийг егсен бхад та яагаад бухимдаад бгаан.

Жирийн хүн.
Жирийн хүн.
2021-03-17 12:31

Ийм з�##�уус маш олон байгаасай. Одоо Монгол улсад болж өгвөл бүгдийг, чадах бүхнээ дотооддоо үйлдвэрлэх хэрэгтэй байна. Аль болгон бусдын юмыг зардаг лангуу шиг байх билээ дээ. Дотоодын жижиг дунд гэртээ үйлдвэрлэл хийж байгаа хүн бүрийн бизнесыг төрөөс асар сайн дэмжээд өгвөл чад�##� ур дүй сайтай з�##�уус ихийг бүтээж чаднаа.

Zochin
Zochin
2021-03-18 06:53

Zorilgo baigaad ajillah husej temuulel baihad ajil butne ee minii duu zutgeed bai. Burhan iveeg

Холбоотой мэдээ

Back to top button