Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумаас гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлалаа

Баян-Өлгий аймгийн Онцгой комиссоос Цэнгэл сумаас гарах, орох хөдөлгөөнийг зогсоолоо.
Учир нь энэ сарын 13-ны өдөр Цэнгэл суманд үйл ажиллагаа явуулдаг алтны уурхайд очиж ажиллаад, 14-ний өдөр буцсан “Б” гэх иргэнээс Улаанбаатар хотод очсоны дараа “Ковид-19”-ийн халдвар авсан болох нь шинжилгээгээр батлагдаад байна.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр батлагдсан тохиолдол Улаанбаатар хотоос гарахдаа PCR шинжилгээ өгөхөд сөрөг гарч, орон нутаг руу зорьжээ. Ингээд 13-ны өдрийн 11 цаг 32 минутад Шар нуурын постод бүртгүүлж Баян-Өлгий аймагт ирсэн байна.
Аймагт ирэхэд хурдавчилсан оношлуураар шинжилгээ авахад мөн сөрөг гарч, улмаар 12 цаг 40 минутад Цэнгэл сум руу явж, тэнд нэг хоног ажиллаад 14-ний өдрийн 07 цаг 15 минутад Баян-Өлгийгээс Улаанбаатар хот руу шар нуурын постоор гарсан тухай мэдээллээ.
Батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтал болох уурхайн ажилтнуудыг тусгаарлаж шинжилгээний сорьц авч PCR шинжилгээ хийлгэхээр Ховд аймаг руу явуулсан ба шинжилгээний хариу 48 цагийн дараа гарах юм.
Аймгийн Онцгой комиссоос эхний ээлжид сумын хөдөлгөөнийг зогсоох чиглэл өгсний дагуу тус сумын Онцгой комисс сумаас гарах, орох хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар тус тус хязгаарлаад байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.