ВИДЕО КОНТЕНТНийгмийнЯрилцлага

Т.Маргад-Эрдэнэ: Бэлгийн боловсролыг эерэгээр харуулахын тулд эротик зураг зурдаг

Уран зураг тэр дундаа эротик төрлөөр уран бүтээлээ туурвидаг нэгэн өвөрмөц бүсгүйг бид энэ удаагийн ярилцлагын зочноор онцолж байна. Өөрийн ертөнц, үзэл бодолтой бөгөөд ямарваа хэлбэрт баригдахыг хүсдэггүй түүнийг Т.Маргад-Эрдэнэ гэдэг. Хувцас загвар, тавилгын дизайн мэргэжлийг хослуулахын сацуу зав чөлөөгөөрөө гэр урландаа уран бүтээлээ туурвидаг байна.

Бид түүний гэр урланд зочилж уран бүтээл хийгээд хувь уран бүтээлчийн мэдрэмжийн тухай халуун яриа өрнүүллээ.

-МОНГОЛД БЭЛГИЙН БОЛОВСРОЛЫГ ЭЕРЭГ БАЙДЛААР ХАРУУЛАХЫН ТУЛД ЭРОТИК ЗУРАГ ЗУРДАГ-

-Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг Т. Маргад-Эрдэнэ гэдэг. Чөлөөт уран бүтээлч. Хувцас загварын мэргэжилтэй. Одоогоор тавилгын дизайн чиглэлээр ажилладаг.

-Та Твиттер орчинд идэвхтэй юм билээ?

-Уран бүтээлээ хүмүүст хүргэхийн тулд идэвхтэй байдаг.

-Хэзээнээс эхэлж цахим ертөнцөд идэвхтэй болсон бэ?

-Монголд ирснээсээ хойш гэхээр 2019 оноос эхлэн цахимд идэвхтэй болж эхэлсэн юм уу даа.

-Авангард, эротик төрлийн уран бүтээл туурвидаг учир бусад уран бүтээлчдээс ялгардаг байх?

-Би 100 хувь мэргэжлийн уран бүтээлч биш шүү дээ. Сургуульд нь сураагүй. Гэхдээ өөрийн дотор байгаа зүйлийг хүмүүст илэрхийлж, аль болох эерэг, чөлөөтэй, зөв хандлагыг түгээхийг хичээдэг. Эротик зургийн хувьд Монголд бэлгийн боловсролыг эерэг байдлаар харуулахыг зорьдог. 

-Эмэгтэй уран бүтээлчийн хувьд эротик төрлийн уран бүтээл туурвихад хүмүүсээс ирэх масс хандлага нь ямар байна вэ?

-Дэмжих нэг нь дэмжинэ. Сөрөг хүмүүс мэдээж бий. Өөрөө туршлагагүй, үзэж харсан зүйлгүй байж чи юугаа мэдэж хүмүүст заадаг юм бэ гэхчлэн шүүмжлэлүүд ирдэг. Миний хувьд зааж байгаа биш бухимдалтай нийгэмд уран бүтээл, зургаараа дамжуулан тайвшрал, сайхан зүйлийг түгээхийг хүсдэг.

-Багадаа ямар хүүхэд байсан бэ?

-Би их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. “Одод болохын хүслэн” тэмцээнд оролцож байсан. Бүжиглэх дуртай. Багаасаа л урлагийн хүн болохыг мөрөөдөж ирсэн.

-ГЭР БҮЛИЙН МААНЬ ХАНДЛАГА НАДАД ӨӨРИЙН ҮЗЭЛ БОДОЛДОО БАТ ЗОГСОХ, ЗОРИГТОЙ БАЙХЫГ ТӨЛӨВШҮҮЛСЭН-

-Хэзээнээс эхлээд уран зураг зурах болсон бэ. Гэрийнхэн нь дэмжиж тусалж байсан уу?

-Дунд сургуульд байхаас л анзаарагдаж эхэлсэн дээ. Нүцгэн эмэгтэй хүн зурах гэж оролддог байсан. Яваандаа тэр байдлыг маань эцэг эх маань анзаарч эхэлсэн. Тухайн үед сөргөөр хүлээж авч байгаагүй. “Миний охин өөрийн хүссэнээрээ л бай. Зоригтой бай. Яагаад бусдаас өөр сонирхолтой байж болохгүй гэж гэхчлэн зоригжуулдаг байсан. Эцэг эхийн маань тэр хандлага надад өөрийн үзэл бодолдоо бат зогсох, зоригтой байхыг төлөвшүүлсэн. Зургаа зураад сууж байхад саад болдоггүй.

-Ихэнх хүмүүс эротик зургийг нүцгэн хүмүүсийг зурах, магадгүй зарим нь “Nude art” хэмээн ойлгож хүлээн авдаг байх?

-Эротик зургаараа би хүний амьдралд эерэг мэдрэмжийг төрүүлээсэй гэж хүсдэг. Нүцгэн хоёр хүн зүгээр л орооцолдоод байгаадаа биш, тухайн үеийн сексийн гоё агшинг мэдрүүлэхийг хичээдэг. Би ямар байвал хүмүүст гоё мэдрэмж, таашаалыг өгдөг бол хэмээн их боддог л доо. Цэвэр өөрийн төсөөллөөрөө л зурдаг. Туршлагын хувьд мэдээж дутмаг.

Тэглээ гээд би туршлагагүй, мэдэхгүй гээд зүгээр суувал утгагүй. Тиймээс уран бүтээлч байхыг хүссэн л бол аль болох дотроосоо шатаж, хүмүүст ямар нэг зүйлийг хүргэж л байх хэрэгтэй. Шүүмжлэл авсан ч зорьсон зүйлийнхээ төлөө тэмцэж чаддаг байх нь чухал.

-Хаанаас уран бүтээлийн онгод, эротик зургийг төсөөллийг авдаг вэ?

-Миний хувийн амьдрал чухал байж болно. Гэхдээ би яалт ч үгүй найз залуутай болж амждаггүй байсан. Нэг л болж өгдөггүй. Маш гоё хайрыг хүсэж хүлээдэг. Тиймээс түүнийгээ л хүлээж байгаа. Гоё хайрыг хүсэх, хүлээх мэдрэмж нь өөрөө уран бүтээлийн онгод болж өгдөг. “Ийм зүйл зурвал гоё юм уу” гээд л дотроос мэдрэгдсэн мэдрэмжээ цаасанд буулгадаг.

-НҮЦГЭН ЗУРГАА ЗУРУУЛАХЫГ ХҮСДЭГ ХҮМҮҮС БИЙ-

-Бодит хүнийг нүцгэнээр харж зурж байсан уу?

-Нүцгэн зургаа зуруулахыг хүсдэг хүмүүс бий. Олон ч санал ирж байсан. Гэхдээ санал тавьсан хүн бүрийг зурна гэдэг утгагүй. Надад тохирсон, миний мэдрэмжид таарсан натурыг олох нь өөрөө их чухал.

-Нэг уран бүтээлийг зурахад хэр их цаг хугацааг зарцуулдаг вэ?

-Тухайн үеийн мэдрэмжээс л шалтгаалдаг. Гэхдээ эхлүүлсэн зургаа аль болох хурдан дуусгахыг л хичээдэг. Нуршуу, удаан байхаар миний тухайн үеийн мэдрэмж, хүсэл буурах болно. Хүсэж, шатаж байгаа үедээ л аль болох түргэн зургаа дуусгахыг хичээдэг.

-Хэзээнээс эхэлж эротик уран зургийг эрчимтэй зурж эхэлсэн бэ?

-Өмнө нь мэр сэр зурдаг л байсан. Гэхдээ яг идэвхтэй үе нь 2019 он.

-Таныг уран бүтээлийн хажуугаар тавилгын дизайн хийдэг гэж сонссон. Зөвхөн уран бүтээлээ туурвиад явах нь ямар бэрхшээлтэй вэ?

-Манайд хэцүү. Санхүү, цалин мөнгө гээд л. Наад зах нь коронавирус гээд эдийн засаг хямраад байна. Миний өөрийн мэргэжил хувцас загвар зохион бүтээгч. Миний ажилладаг салбар хөл хорио, цар тахлаас болоод уналтад орсон. БНХАУ-д ч мөн 70 гаруй брэндийн 50 орчим нь хаагдлаа. Залуу хүний хувьд туршлага, мөнгөн хуримтлал бага.

Тиймээс хөдөлмөрлөнө. Миний хувьд төлбөр тооцоо, ахуй амьдралаа бие даан авч явдаг. Зөвхөн зургаа зураад суумаар байвч, “Хэн миний хоолыг, зардлыг өгөх вэ” зэрэг асуудал их. Иймд уран бүтээлийн хажуугаар тодорхой орлогын эх үүсвэртэй байх ёстой. Тэр ч хүрээнд тавилгын дизайн мэргэжлээр ажиллаад 10 сар болсон байна.

-Хувцасны загвар бүтээж байсан хүн тавилгын загвар руу шилжих хэр хүндрэлтэй байсан бэ?

-Сонсоход дизайн гэдэг утгаараа төстэй мэт боловч, процессын хувьд өөр байна. Гэвч үйлдвэрийн дамжлага, ажлын туршлага байгаа, дээр нь би аливаад сониуч байдаг учир тэр маань давуу тал болдог. Манай залуучуудад “Би загвар зохион бүтээгч, тэр энэ гэж хэлэхээрээ заавал том албан тушаал горилж, хийх гээд байдаг нь буруу. Хүн боломж байвал бүхнийг эхнээс нь эхэлбэл давуу байдаг. Миний хувьд сайн дизайн гаргахын тулд тавилгын анхан шатны мэдлэгтэй байх нь чухал. Эрэг шургаас эхлүүлээд ерөнхий бүтэц, загварыг нь ч мөн мэдэх хэрэгтэй.

-НЭГ Л ӨДӨР БНХАУ РУУ ЯВАХААР ШИЙДЭЭД ААВДАА ХЭЛЭЛГҮЙ ҮҮРГЭВЧЭЭ ҮҮРЭЭД ГАРСАН-

-Дизайнер болохоосоо өмнө бүр эхнээс нь ажилласан гэсэн үг үү?

-Тийм. Анх ороод л ширээний ард суусан. Ойлголтгүй байсан учир үйлдвэр дээр хоёр сар дагалдаад сурья гэхэд тэр саналыг хүлээж аваад эхнээс нь эхэлсэн.

-Тавилгын компанид яагаад орох болов?

-Хувийн уран бүтээлээ хийж яваад санаандгүй байдлаар орчихсон л доо. Миний хувьд зургийг маань авах хүнд бүтээлээ хүргэж өгдөг. Хүргэлт хийж яваад л санаандгүй тавилгын дизайны хүмүүстэй холбогдсон. Тухайн үед би үндсэн хувцас загварын салбараас хөндийрсөн байсан.

Улмаар уулзсан хүн маань “Манайх нэг шинэ ажил санаачлаад хийж байгаа. Чи нэг оролдоод үзвэл ямар вэ” гэж хэлж байсан. Би тухайн үед айж байсан. Тиймээс “Би залуу, туршлагагүй. Надад суралцах боломж олгох уу” гэхэд “Өгнө” гэхээр нь “За тэгвэл би оролдоод үзье. Яагаад болохгүй гэж” гээд анх эхэлж байсан. Одоо тавилгын модуль загварууд дээр ажиллаж байна.

-Тусдаа гараад хэр удаж байна вэ?

-Анх 25 нас хүрээд гэрээсээ үүргэвчээ үүрээд гарсан. Яагаад ч юм өмнө нь их бүрэг, гэрээсээ гарах дургүй байсан. Гэвч гэнэт нэг л өдөр надад гэрээсээ явах бодол орж ирсэн.

“Унгараас дизайнераар ажилд орох уу” гээд урилга ирсэн юм л даа. Тухайн үед би консул дээр ярилцлагад орох болоход аав маань бичиг баримт аваад алга болчихсон. Аав маань геологич хүн л дээ. Хэд хоног хөдөө утсаа унтраагаад явчихна. Тэгэхэд миний их уур хүрч, давхар бодол орж ирсэн. “Энэ хүн нэг өдөр алга болчихвол би яаж амьдрах юм бэ, нэг л өдөр гудманд гарч магадгүй юм байна. Яаж амьдрах вэ” гэх айдас байсан. Тиймээс өөрийгөө сорьж үзье гээд анх БНХАУ руу явж байсан.

Ээж ааваараа тэжээлгэдэг, бусдад найддаг олон залуус бий. Би тэдний нэг байхыг хүсээгүй. Залуусыг ч гэсэн тийм байлгахыг хүсдэггүй. Тиймээс бэрхшээлээс эмээлгүй өөрийгөө сорь л гэж хэлдэг. “Энхийн цагт хөлс их урсвал, дайны цагт цус бага урсана” гэж үг хүртэл бий шүү дээ. Түүнийг бодолцож байгаасай.

-Үүргэвчээ үүрээд явахдаа гэрийнхэндээ хэлсэн үү?

-Хэлээгүй. Хэлэх юм бол зөвшөөрөхгүй шүү дээ. Би нэг сар явчихаад ирсэн. Тэгэхэд аав маань харин ч их сайнаар хүлээж авсан.

-Өөрийн хуримтлалаар явсан уу?

-Тийм. Бага сага цуглуулсан мөнгөөрөө оролдоод үзье гэж бодсон. Ааваасаа мөнгө аваагүй. Одоо бодоход тухайн үед их л гомдсон байгаа юм.

-НАДАД СЭТГЭГДЭЛ ТӨРҮҮЛЖ ЧАДСАН, СЭТГЭЛД НИЙЦСЭН ХҮНТЭЙГЭЭ Л УУЛЗАНА ГЭЖ БОДДОГ-

-Гарсныхаа дараа харамсал, айдас төрсөн үү?

-Би одоо байгаагаасаа илүү зоригтой байсан гэж санагддаг. Хятад хэл сайн мэдэхгүй, танихгүй газар руу шууд явсан. Тухайн үед манай найзын нөхөр нь намайг Хятадад харсан байсан. Тэгээд найзад маань "Танай Маргад чинь, урд явж байна” гэхээр нь "Яана аа ганцаараа янз бүрийн зүйл болоогүй байгаа” гэсэн нөхөр нь хээв нэг "Яг Хятад охин шиг харагдаж байсан. Тэнд ёстой алзахгүй юм билээ” гэсэн байгаа юм.

Ямар ч байсан би Хятадад нэг сар болоод эргэж ирэхдээ аавдаа "Би бол өөрийгөө аваад явчих юм байна. Бололцоотой юм байна” гэдгээ хэлсэн. Мэдээж нэг сар алга болчихоор хүн шоконд орж байгаа шүү дээ. БНХАУ руу эргэж яваад 2-3 жил болсон. Тухайн үед би хөгжөөд өөрийгөө өөр болно гээд бодтол санаанд хүрээгүй. Байр суурь, үзэл бодол өөрчлөгдөхгүй нэг газраа гацчихсан, зогсолт хийсэн учир буцаж ирсэн. Ирснийхээ дараа хувцас загварын чиглэлээр "Торго”-д туслах дизайнераар ажилд орсон.

-Ганц бие залуу эмэгтэй гэртээ ганцаараа амьдрахаар эрчүүд шохоорхдог уу?

-"Чам руу их олон залуу уулзая гэж их бичдэг байх” гэж хүмүүс их хэлдэг. Олон залуу бичлээ гээд би яах ёстой вэ. Надад сэтгэгдэл төрүүлж чадсан, сэтгэлд нийцсэн хүнтэйгээ л уулзана гэж боддог. Түүнээс биш за нэг уулзаад үзье гэж боддоггүй. Тухайн хүний эхний алхам, хандлагыг хараад л "За за энэ хүнтэй цаашид уулзах шаардлагагүй юм байна” гэдгийг мэддэг. Залуус зугаацах, маазрах зүйлс боддог юм шиг.

Миний хувьд тийм биш. 25 наснаасаа эхлээд л биеэ даагаад амьдралын төлөө зүтгэж байгаа учраас гэнэт нэг залуу гарч ирээд олон юм ярьвал таатай санагдахгүй нь лавтай. Аль болох хөдөлмөрч залуусыг үнэлдэг.

-Дурлаж, анхны хайртайгаа учирсан уу?

-Анхны хайр 18 насанд ирдэг гэдэг худал. Магадгүй 18, 28, 38, 48 насанд ч ирж болно гэдэгт итгэдэг. Одоогоор анхны хайртайгаа учраагүй байна.

-Сэтгэлд тань нийцсэн залуутай таарвал, зориглоод эхний алхмыг хийж чадах уу?

-Чадахгүй юм билээ. Юу ч болсон эмэгтэй хүнд бардам зан байх хэрэгтэй гэж боддог. Эрэгтэй хүний ардаас гүйх, алхам хийхтэй санал нийлдэггүй. Тиймээс эмэгтэй хүн хэчнээн ухаангүй дурласан бай, бардам зангаа гээх хэрэггүй л гэж боддог доо.

-Жендерийн хувьд ямар байр суурьтай байдаг вэ. Таны хувьд гэр бүлтэй болохыг төлөвлөж байгаа юу?

-Гэр бүл төлөвлөлтийн хувьд бэлэн биш байна. Намайг ойлгодог, уран бүтээлч талаас нь дэмждэг, хайрладаг, тэр хүн миний нөгөө тал гэж мэдрэгдсэн үед л тухайн хүнтэйгээ гэр бүл болохыг хүсдэг. Хүүхэд бас тоглоом биш. Хүүхдийн асуудалд залуучуудыг хариуцлагатай байгаасай гэж боддог. Зарим эмэгтэйчүүд хэт залуугаараа хүүхэд төрүүлдэг.

Жаахан хүүхэд яагаад нялхаараа томчуудын зовлонг үүрэлцэх ёстой гэж. Үнэхээр бие, сэтгэлзүйн хувьд бэлэн болсон үедээ хүүхэдтэй болох нь зөв. Миний хувьд хэдийгээр 29 настай ч коронавирус тогтворжоод, буураад ирэх үед Европ руу сургуульд сурна гэж боддог. Мэргэжлээ дээшлүүлэх, аль эсвэл энэ улсад нэн шаардлагатай салбарт л суралцана гэж боддог доо.

-АЖЛАА ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХИЙДЭГ ХӨДӨЛМӨРЧ ЗАЛУУС ӨӨРИЙН ЭРХГҮЙ НҮДЭНД ТУСДАГ-

-Эрэгтэй хүний юуг голчилж хардаг вэ?

-Ажлаа чин сэтгэлээсээ хийдэг хөдөлмөрч залуус өөрийн эрхгүй нүдэнд тусдаг. "Хөөх ямар гоё залуу вэ” гээд л. Аль болох шударга, үнэн залуусыг үнэлдэг. Тийм залуус харахад л андашгүй. Гэхдээ их цөөхөн санагддаг. Аль болох хийж буй зүйлдээ дурладаг, чин сэтгэлээсээ хийдэг залуусыг харахаар магадгүй ийм залуу намайг ч гэсэн чин сэтгэлээсээ хайрлах байх гэж бодогддог.

-Хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн эрхийн асуудал анхаарлын төвд байна. Таны хувьд ч мөн өнгөрөгч Мартын 8-ны өдөр "Сүхбаатарын талбай”-д өөрийн дуу хоолойгоо өргөж зогссон шүү дээ.

-Тухайн үйлдлийг дэмжсэн хүмүүс байр сууриа илэрхийлсэн. Залуус зориггүй байгаа мэт санагдсан. Хүчирхийллийн сэдэв яригдаад, хөндөгдөөд байгаа мэт боловч үр дүн гарахгүй, хангалтгүй байх шиг санагдсан. Тиймээс залуусаа төлөөлөөд тэднийг хэлэх гэснээ хэлдэг, зоригтой байхыг уриалах үүднээс ийнхүү зогссон. Жагсаж байгаа хүмүүсийг энд тэндээс мөнгө авсан мэт санаад байдаг л даа.

Тэр хандлагын эсрэг байр суурьтай байдаг. Тиймээс ч ганцаараа ийнхүү үзэл бодлоо илэрхийлсэн. Тухайн явдлын дараа УИХ-ын зарим эмэгтэй гишүүд Твиттерт фоллов хийсэн. Тиймээс тодорхой хэмжээгээр дуу хоолой хүрсэн болов уу гэж найдаж байна.

Шүүмжлэл их ирсэн ч, би өөрийнхөө хэмжээнд дуу хоолойгоо хүргэхийг хичээсэн. Тиймээс сэтгэл хангалуун байгаа.

-БИ ГУНИГТАЙ ҮЕДЭЭ ЗУРАГ ЗУРАХ, ЮМ ОРОЛДОХ ДУРГҮЙ-

-Сэтгэл зүйн ямар үедээ ихэвчлэн уран бүтээлээ туурвидаг вэ?

-Би гунигтай үедээ зураг зурах, юм оролдох дургүй. Сэтгэл санаа тавгүй үед ганцаараа нам жим байхыг хүсдэг. Тийм үед хөшгөө ч нээх дургүй. Хүмүүст гоё зүйл хүргэхийг хүсэж байгаа учир жаргалтай үедээ уран бүтээл хийх ёстой гэж боддог. Тиймээс сэтгэл санаа тогтвортой, жаргалтай үедээ л зураг зурахыг боддог доо. Миний хувьд уран бүтээлийнхээ хажуугаар бас цэцэг зурдаг байгаа. Түүнийгээ худалдаалдаг. Худалдаалсан зурагны тодорхой хувь нь сайн үйлсийн аянд зарцуулагддаг.

-Зурагнуудаасаа танилцуулаач. Нүдний шилтэй, үс задгайрч намирсан энэ зураг анхааралд их өртлөө?

-Би маш их зүйлийг боддог. Эмэгтэй хүний үсэнд генийн их зүйл агуулагддаг болов уу. Тухайн үснээс салаалаад олон бодлууд орж ирдэг учир түүнийг сансар огторгүйгаар төсөөлж зурсан. Бадамлянхуа цэцэг нь шавар шалбааг, намагт ургадаг хэдий ч хамгийн ариухан цэцэг гэгддэг. Мөн уран бүтээл, зурагтаа үндэсний хэв маягаа шингээж өгөхийг хичээдэг.

-Таны цаашдын зорилго зорилт юу вэ?

-Надад сурах зүйл маш их байгаа. Мэргэжил дээшлүүлэх, сурах мөрөөдөл маань байгаа хэвээр. Нэг л өдөр сурна гэж хичээж байгаа.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.

ГЭРЭЛ ЗУРАГ, ВИДЕОГ: Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2021-04-08 12:54

avyaslag hodolmorch zaluusaa tor zasag maani demjeed ogoosei

Doloo
Doloo
2021-04-10 23:31

Ene ohin ooriinhoo doodohiig zuraad baigaaa yumuu haashaa yum be

Саруул
Саруул
2021-04-11 16:24

Өөрийнхөөрөө хөөрхөн байна шдээ, ийм хөдөлмөр юм хийе гэсэн хүсэл эрмэлзэлтэй з�##�уусаа сайн дэмждэг байгаасай.

Холбоотой мэдээ

Back to top button