СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

Сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг 50 хувь танажээ

Бүтэн өнчин оюутан, сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжид хамрагдахаар суралцаж буй сургуульдаа шаардлагатай материалуудыг бүрдүүлж өгчээ. Гэтэл буцалтгүй тусламжийг танасан гэх шалтгаанаар сургалтын төлбөрөөс нь 600 мянган төгрөг л чөлөөлж өгсөн байна. Мөн цахилгаан дулааны мөнгийг Засгийн газраас хөнгөлсөнтэй холбогдуулан сургууль нь 1 сая төгрөг хөнгөлжээ. Харин одоо тухайн оюутан сургалтын төлбөрийн үлдэгдэл болох 1 сая 600 мянгыг өөрөө төлөх сонголттой тулжээ.

Тухайн охины эгч тусламж хамгийн их хэрэгтэй оюутнууддаа төр, засаг анхаарахгүй “хашааны гадна” орхиж буйд бухимдаж буйгаа илэрхийлэн манай редакцад хандсан юм.

Иймд бид Төрийн сангийн буцалтгүй тусламжаар суралцаж байгаа оюутнуудад зориулж улсаас энэ жил хэр хэмжээний хөрөнгө төсөвлөснийг, дээрх асуудал үнэн эсэхийг БШУЯ-ны боловсролын зээлийн сангийн захирал Ж.Ариунболдоос тодруулав.

Тэрбээр “Дундажаар 6 мянга орчим оюутан сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж авдаг. Жилд 12 тэрбум төгрөг төсөвлөдөг ч энэ жил танагдаад 6 тэрбум болсон. Гэхдээ сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж авдаг бүх хүүхдүүдэд 6 тэрбум төгрөг тэнцүү хувааж өгсөн. Энэ оны хоёрдугаар сарын 18-нд их дээд сургуульд нь өгчихсөн байгаа. Энэ асуудал дээр яам арга хэмжээ авах гэж байх шиг байна” гэв.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

Монгол улсын дээд боловсролын сургалтын аттестатчилагдсан байгууллагын өдрийн ангид хичээлийн жилийн нэг улиралд 12-оос доошгүй багц цагийн хичээл судалж буй дараах суралцагчид сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгодог.

  • Бүтэн өнчин суралцагч
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч
  • Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч
  • Багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авсан бол сургалтын төлбөрийн 100 хувь
  • Нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд 1 хүүхдэд буцалтгүй тусламж олгоно.
Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button