Сурвалжилга, Нийтлэл

CУРВАЛЖИЛГА: Иргэд хуучин өрөө дараагүй байж 300.000 төгрөгөө барьцаалан, шар айраг зээлдэж байна

-ЦАГДААГИЙН НҮДНЭЭС ДАЛД, САРАВЧИНД ГУРВАН ХҮН ПИВО УУЖ ХАРАГДЛАА-

Бага зэрэг жиндүүхэн салхитай ч, дулаахан өдөр. Хөл хорионы өдрүүд үргэлжилж, алба хаагчид хүлээсэн үүргийнхээ дагуу замаар явах автомашин бүрийг шалгаж, жолооч зорчигчдийн биеийн байцаалтыг үзнэ. Гудамжаар холхих иргэдийн хөдөлгөөн санаснаас их. Ажвал тэдний ихэнх нь  ямар нэг зорилгогүй байх бөгөөд цагдаагийн нүднээс далдхан сүүдрэвчинд хоёр гурваараа суусан харагдана. Яаж зүгээр байх вэ, мэдээж дундаа нэг том пивотой. Нас нь 40-50 орчим гэмээр, хоёр эмэгтэй, нэг эрэгтэй гээд гурвуул хаврын салхинд уусан зүйлдээ халсан шинжтэй. Басхүү хүний хараа хүрэх газраас урдах пиво хэрэндээ нууж харагдана. Биднийг ажиглаад байгааг харсан эгчмэд эмэгтэй нь бусдыгаа гараар дохиж, удалгүй гудамж уруудан алга болов. Энэ бол Шар хадны эцэс, Монель орчим түгээмэл харж болох үзэгдэл аж. Гэвч хөл хориотой учир олноор гудамжинд явах нь харьцангуй хомс байлаа.

-ХӨЛ ХОРИО ТОГТООСОН ЭХНИЙ ГУРАВ ХОНОГТ 495 ХҮН ЭРҮҮЛЖҮҮЛЭГДЭЖ, ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН 429 ДУУДЛАГА БҮРТГЭГДСЭН-

Өнгөрөгч Баасан гараг /2021.04.09/-т Засгийн газраас иргэн бүрт 300.000 төгрөг өгөх болсноо мэдэгдсэн. Уг мөнгө нь өдрийн орлогоороо амь зуудаг иргэдийн хөл хоригдох хугацааны хоол хүнс, амь зуулга болно гэж тооцсон нь энэ. Олон ч хөл хорионы ард бүсээ чангалан орсон ард түмний хувьд Засгийн газраас өгсөн 300.000 маш шинэлэг, басхүү хэрэгтэй тусламжуудын нэг байлаа. Гэвч архины хамааралтай, ажил хийж ахуй амьдралаа авч явах сонирхолгүй залхуу иргэдийн “архины тэтгэмж” болсон гэхэд нэг их буруудахгүй. Учир нь хамгийн эхэнд олгосон хүүхдийн тэтгэмжийн араас олон иргэд ахуйн хүрээнд архидаж, эрүүлжүүлэгдсэн билээ. Тодруулбал, ЦЕГ-ын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баттулга:

“Хөл хорио тогтоосон сүүлийн гурван хоногийн хугацаанд 495 хүн эрүүлжүүлэгдэн, гэр бүлийн хүчирхийллийн 429 дуудлага бүртгэгдсэн. Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 32 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа” гэсэн юм.

Иймд бид Засгийн газраас олгосон 300.000 төгрөг иргэдийн амьдралд бодит тусламж болсон эсэх, цаашлаад пивоны борлуулалт нэмэгдсэн эсэх асуудлаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шархадны эцэс, Монель, Дарь-Эх, Дамбадаржаа орчмын хүнсний дэлгүүрүүдээс дараах сурвалжилгаа бэлтгэлээ.

-ХУДАЛДАГЧ: НЭГ АВАЛТААР ИХДЭЭ ГУРВАН ТОМ, 10 ГАРУЙ ЛААЗ ПИВО АВЧ БАЙНА-

Бид эхлээд Шархад орчим байрлах нэгэн супермаркет руу орсон юм. Биднийг орохтой зэрэгцээд 30 орчим насны залуу хэд хэдэн лаазтай болон хоёр том пиво дэлгүүрийн кассанд бичүүлээд, камерын барааг харуут гялс гүйж гарав. Түүний араас бид худалдагч залуугаас зарим зүйлийг тодруулсан юм.

Тэрбээр зургаа даруулахыг хүссэнгүй. Харин иргэдийн худалдан авах чадвар, шар айрагны борлуулалт хэр байгаа тухай бидний асуултад “Нэг үеэ бодоход иргэдийн худалдан авалт сайжирсан. 5000, 10000 төгрөгтөө тааруулан хүнсээ авдаг байсан бол одоо бүхэл мөнгөтэй, аль эсвэл картаар 30000 хүртэлх дүнтэй худалдан авалт торохгүй хийж байна. Мэдээж шар айргийг худалдаалахыг хориогүй учир залуус мэр сэр авч байгаа. Гэхдээ их бол биш. Нэг авахдаа ихдээ гурван том, эсвэл 10 орчим шил, лаазтай пиво авч байна” гэв.

Харин тус дэлгүүрийн хажуугийн дэлгүүрээс мөн л 30 гаруй настай эмэгтэй хоёр гартаа том пиво аваад явж буй нь харагдав. Ийнхүү бид цааш Шархад орчмын гэр хороолол доторх хэд хэдэн дэлгүүр рүү орлоо. Иргэд хиам, талхаас эхлүүлээд том цагаан тор дүүртэл хүнс, ахуйн зүйлс авч байх юм. Худалдагч нь мөн зургаа авахуулахаас татгалзав. Тэрбээр:

“Хүмүүсийн худалдан авалт сайн байна. Энэ удаагийн бараагаа бэлэн мөнгөөр авах нь их ч, өмнөх зээлийнхээ талыг нь ч дарж чадахгүй байгаа. Өмнөх зээлээ хэдийгээр авмаар байв ч, өнөөдрийн хүнсний хэрэгцээг нь тасалж зүрхлэхгүй. Тийм л хүнд байдалд ороод байна даа. Гэхдээ мэдээж талхаа, хүнсээ сэтгэл тэнэгэр авч байгааг нь харах сайхан байна. Пиво бол хаа нэг л авч байгаа. Хөл хорионоос өмнө бөөний цэгээс аваад гэртээ нөөцөлчихсөн юм болов уу гэж хараад байна. Орж ирсэн үйлчлүүлэгчдийн ярианаас тэгэж л ойлгосон” гэв.

Ийнхүү дараагийн дэлгүүр рүү явах замд, нэлээн халамцаж согтсон хэд хэдэн хүн замд таарлаа. Хувцас нь урагдаж ноорсон, байр байдлыг харвал сүүлийн хэдэн өдөр шимтэй хоол идэж, тухтай унтаагүй л илт байлаа. 60 гаруй насны аххүү юуг ч бодох цаашлаад хөлөө ч өргөх тэнхэлгүй урдах замаа харан урагшилна.

-ХУДАЛДАГЧ: ӨРӨӨ ӨГӨӨГҮЙ ХЭР НЬ ПИВО ЗЭЭЛЭЭР АВЬЯ ГЭЭД ОРООД ИРДЭГ-

Төд холдоогүй байхад мөн л төв замын хашааны буланд 40 орчим насны халамцуу эрэгтэй жишим ч үгүй шээх гээд зогсож байх юм. Хажуугаар өнгөрөх хүмүүс түүний санааг чилээгээгүй нь илт байв. Тэрбээр зорилгоо биелүүлсний дараа зам гарч, гудамж өгсөн явлаа.

Монелийн гэр хороолол дундах “Эрхэст Номин” хэмээх дэлгүүр рүү орвол 60 орчим насны эгч кассын ард зогсоно. Бид түүнтэй хэсэг ярилцсан юм.

-Иргэдийн 300.000 бууснаас хойш худалдан авалт хэр байна вэ, сайжирсан уу?

-Үгүй яах вэ. Эхнээсээ бууцгааж л байх шиг байна. Буулаа гээд бичүүлсэн өрөө өгөхгүй юм л даа. Өрийн дэвтэр дүүрэн урт жагсаалт байна. Манайд хүмүүсийн тавьсан өр 600.000 гарсан шүү. Ядаж талыг нь өгөх болов уу гэсэн таг. Өрөө өгөөгүй байж л эхнээсээ зээл авна гээд орж ирэх юм. Хүмүүс зээлээ өгөхгүй болохоор эгч нь эргээд бараагаа зээлээр татаж таарна. Гэхдээ бас хүнсээ мөнгөөрөө авч байгаа хүмүүс байна аа байна.

-Танайх найман нэрийн дэлгүүр юм байна шүү дээ. Хүмүүс пиво авч байна уу?

-Авч байна. Энэ хүн хүртэл пиво зээлье гэнэ /хэмээх 60 гаруй насны эрэгтэй рүү хуруу заав. Харин ах бага зэрэг ичимхийрч, буланд зогсох нь тэр/. Одоо тэгээд өгөхгүй бол гуйгаад салахгүй, бүр гарахгүй шүү дээ. Өгч л байгаа юм даа. 300.000 орохоор өгье л гэдэг юм. Бүх хүмүүсийнх бас ороогүй байх шиг байна гэсээр хуруу заасан эрэгтэйд хоёр том пиво авч өгөв.

-ХУДАЛДАГЧ: ИРГЭД ХОРИОНЫ ӨМНӨ БӨӨНИЙ ТӨВӨӨС АРХИ, ПИВО НӨӨЦӨЛСӨН БОЛОЛТОЙ-

Эл дэлгүүрээс гарсны дараа Дарь-эхийн орчим явлаа. Замын урд байрлах шилэн хаалгатай супермаркет орох гэтэл 40 орчим насны эрэгтэй нэлээн шартсан байдалтай пиво ууж суухтай таарав. Ингээд дэлгүүр рүү орж худалдагчаас зарим зүйлийг асуусан юм.

-Иргэдийн худалдан авалт хэр байна вэ?

-Дажгүй сайхан л байна. Нэг хэсэг иргэд ургамлын тосоо хүртэл граммлаж байсан шүү. Харин одоо бас ч гэж мах, ногоогоо овоо ахиу авч байна. Гэхдээ бас хорионы өмнө зах, бөөний төвүүдээс цуглуулсан бололтой байна. Учиргүй ихээр хүнсээ аваад байгаа иргэд алга.

-Согтууруулах ундаа худалдан авах нь хэр их байна вэ?

-18 градусаас доош согтууруулах ундааг худалдаалж байгаа. Хэт ихээр бол авахгүй. Ганц нэгээр л авна. Ихдээ хоёр том пиво авдаг. Ер нь гайгүй болчихсон юм уу гэж хараад байгаа” хэмээв.

ДҮГНЭЛТИЙН ОРОНД

Ийнхүү бид тус орчмын дэлгүүрүүдээр орж, нөхцөл байдлыг сурвалжлаад буцав. Буцах замд ч мөн хэд хэдэн халамцуу иргэдтэй таарсан юм. Үүнээс харахад зарим иргэд хоногийн хоолоо зогоохоос илүү Засгаас өгсөн 300.000 төгрөгийг согтууруулах ундаанд зарцуулсан гэхээр. Гэхдээ мэдээж амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж буй иргэдэд эл мөнгө ахуйд нь том дэмжлэг хүргэснийг хэлэх нь зүй. Хөл хорионы эхний гурав хоногт зуслан чиглэсэн болон ахуйн архидалтын дуудлага мэдээлэл НТТТ-д багагүй ирснийг эх сурвалж хэлсэн юм. Тэгэхээр төвийн гэхээс илүү захын, зуслангийн орчим ахуйн хүрээний архидалт багагүй бүртгэгдэж, эмнэлэг болон цагдаагийн байгууллагынханд төдий хэрээр ачаалал нэмжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-14 08:06

Сар болгон өрх бүрт 200000 төгрөгийн ваучэр өг гээд байхад мөнгөө хэтрүүлж өгчихөөд араас гоншигноод .....

Zochin
Zochin
2021-04-14 13:48

Ene chin xubi xvnii uxamsar shvde,

Зочин
Зочин
2021-04-14 15:03

Яахав дээ Монгол хүн болж төрснийх нэг удаа ч болов баярлаг дээ, энэ их баялгийн эзэд нь юм шүү дээ уг нь. Даанч...

Зочин
Зочин
2021-04-14 15:21

Үхэж д�##�д орсон ардчиллын гай. Энэ бузрын ардчиллыг яар�##�тай устгаж, архины дэлгүүрүүдээ цөөл. Архи юиво зээлээр өгсөн дэлгүүрүүдийг хааж хариуцлага тооц.

зочин
зочин
2021-04-14 22:36

Монголчууд архи пивогүйгээр амьдарч чадахаа больсон

Холбоотой мэдээ

Back to top button