Нийгмийн

Өнөөдөр яруу найрагч Л.Өлзийтөгсийн төрсөн өдөр

Зохиолч, яруу найрагч Лувсандоржийн Өлзийтөгсийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр 1972 оны оны энэ өдөр Дархан хотод төрсөн бөгөөд өдгөө 49 нас хүрч байгаа юм.

1996 онд Монгол мэдлэгийн их сургуулийг судлаач мэргэжилээр төгссөн. 2002 онд “Эрх чөлөөтэй байхын урлаг буюу шинэ ном”-оороо Алтан өд шагнал, 2004 онд мөн энэ номоороо МЗЭ -ийн шагнал авч байсан билээ.

Түүний шүлгүүдээс…

Хар үсээ улаанаар будаад ч

Хайхарч намайг анзаарахгүй таныг

Үхлээрээ ч болов өөртөө татмаар

Өмнүүр чинь нүв нүцгэн өнгөрмөөр

Өөдөөс чинь харж зогсоод уйлмаар.

Хөмсөг, үсээ үгтээн зулгаагаад ч

Хөлд минь суухгүй, бөхийхгүй таныг

Хөөгөөд ч болов үүрд дагамаар

Дэргэдүүр чинь өнгөрөхөд хашгиран дуулмаар

Дээлээ нөмрөөд зам дээр чинь хэвтмээр

Нэрээр минь дуудахыг ганц л сонсох сон доо.

Нэг удаа, бурхан минь гэж, нэг л удаа нааш хараач!


Чамайг зүгээр л харахыг хүсдэг

Чамайг зүгээр л харахыг хүсдэг

Хармагцаа 

Чамд зөвхөн нэг хуруугаа хүргэмээр санагддаг

Хүргэмэгцээ

Чамайг зүгээр тэвэрье л гэж боддог

Тэвэрмэгцээ

Чиний уруулыг ганц л амсья гэж боддог 

Амсмагцаа 

Одоо ингээд хамтдаа , зүгээр л тэврэлдээд

Оройжийн, шөнөжин бүхнийг ярина даа л гэж боддог 

Бодмогцоо

Яагаад нэг ч үг хэлж амжаагүйдээ гайхдаг

Ямарт шаналсаар бас л дутуу үлддэг


Чиний гар дээр би…

Чив чимээгүй, гэрэлтэй, цэнхэр тэнгэрийн доор
Чиний гар дээр би амьсгал хураахыг хүснэ
Чиний гар дээр л би амьсгал хураахыг хүснэ
Чив чимээгүй алсыг ширтэх модны дор…

Дэргэд маань тэр үед амьдрал дуудах үүлгүй
Дээр нь бас санаа алдах салхигүй
Амьсгал татахад минь араас уйлах шувуудгүй
Аяа, ямар сайхан. Намуухан…

Тэгэхэд чи минь цамцгүй байвал зүгээр
Тэгээд бас инээмсэглэж суувал сайхан
Үргэлж намайг дурлуулдаг
ихэмсэг төрх чинь ч хэвээрээ…
Үсийг минь илэх гар чичрэхгүй байвал зүгээр

Чив чимээгүй, гэрэлтэй, цэнхэр тэнгэрийн доор
Чиний гар дээр би амьсгал хураахыг хүснэ
Чиний гар дээр л би амьсгал хураахыг хүснэ
Чив чимээгүй алсыг ширтэх модны дор

Алсыг ширтэх модны дор, чиний өвөр дээр л
Амьдралыг би гуниггүйхэн үлдээнэ
Үүрд зүрхэнд чинь сонсогдох ганцхан юмыг асууна
Үнэхээр чи надад хайртай юу?

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button