НийгмийнЯрилцлага

А.Анударь: Монголд таван эмэгтэй тутмын нэг нь бэлгийн дарамтад өртсөн гэх судалгаа бий

Сүүлийн үед олны анхааралд өртөөд буй ажлын байран дахь бэлгийн дарамт, энэ нь охид бүсгүйчүүдийн сэтгэлзүй, цаашдын амьдралд хэрхэн нөлөөлдөг асуудлаар "Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ын тэргүүн А.Анударьтай ярилцлаа.

-БЭЛГИЙН СЭДЭЛТЭЙ ОНИГОО ЯРИХ, УДААН ШИРТЭХ, ДОРОМЖ ҮГЭЭР ДУУДАХ НЬ БЭЛГИЙН ДАРАМТ-

-Бэлгийн дарамт гэж юу вэ?

-Энгийндээ хүнийг хүсээгүй байхад бэлгийн сэдлээр тэр хүнтэй харилцах, хандах, хувийн орчин болон бие махбодод халдах үйл хөдлөл, үг хэл нь бэлгийн дарамт юм. Бэлгийн сэдэлтэй эсвэл доромж үгээр дуудах, шүгэлдэх, биед нь хүрэх, зохисгүй удаанаар ширтэх, бэлгийн сэдэвтэй онигоо ярих, хошигнохоос эхлээд мөрдөх мөшгих, зурвас илгээх, биед хүч хэрэглэж халдах, хүчирхийлэхийг завдах, хүчиндэх бүх үйлдэл "бэлгийн дарамт” юм. Бэлгийн дарамт гудамж талбай, сургууль, үйлчилгээний газар, ажлын байр гээд бүх газарт гарч болно.

-Ажлын байрны бэлгийн дарамт гэхээрээ ямар онцлогтой вэ?

Ажил үүргээ гүйцэтгэхтэй холбоотой харилцаанд дээрх дарамтууд учирч байвал энэ нь ажлын байрны бэлгийн дарамт болно. Ажлын орчинд, ажлын харилцаанд гэдгийг хааяа явцуу ойлгож, ажлын газар, оффис дээр биш байсан, эсвэл дарамтлагч этгээд нь ажлын газрынх нь хүн байгаагүй, өөр байгууллагын хүн байсан гэх нь өрөөсгөл юм. Ажлын байр гэдэг оффис, үйлдвэр, үйлчилгээний орчноос гадна ажлын томилолт, ажлын амралт зугаалга, цэнгээн гээд бүгд багтана. Бид бүхэнд, эдгээр орчинд гарсан дор хаяж нэг тохиолдлыг сонссон, мэддэг, хөндлөнгөөс гэрчилсэн гэхэд хилсдэхгүй байх. Ихэнхдээ хов жив, явган яриа хэлбэрээр түгж, хохирогч нь илүү ичгэвтэр байдалд орж, бэлгийн дарамт үйлдэгчид ямар ч хариуцлага хүлээхгүй, харин ч илүү гаарч байдаг.

-ӨНДӨР БАЙР СУУРЬТАЙ ХҮНИЙГ ЭСЭРГҮҮЦЭХ, ТЭМЦЭХ ХЭЦҮҮ ТУЛ ХОХИРОГЧ ДУУГҮЙ ӨНГӨРӨХ НЬ ЭЛБЭГ-

Мөн ажлын байрны бэлгийн дарамт /АББД/ нь эрх мэдлийн харилцаанаас шууд хамаардаг. Давуу эрх мэдэлдээ дулдуйдаж, урвуулан ашиглаж АББД-ыг үйлдэх тохиолдол нь их. Тиймээс хохирогч дээд албан тушаалтан эсвэл өөрөөсөө илүү өндөр байр суурьтай этгээдтэй ил тэмцэх хэцүү, заналхийлэлд ч өртөх нь элбэг тул дуугүй өнгөрөх нь элбэг. Тэр бүр бэлгийн дарамт байна гэж таниагүй эсвэл тэр дор нь арга хэмжээ авах хууль, дүрмийн хамгаалалтгүйгээр маш олон эмэгтэйчүүд энэ дарамтад өртсөөр ирсэн.

Монголд таван эмэгтэй тутмын нэг нь амьдралдаа дор хаяж нэг удаа ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн судалгаа бий. Тиймээс бүх нийтээр бэлгийн дарамтыг мэддэг, таньдаг, улмаар үл тэвчдэг өөрийгөө болон бусдыг өртөхөд дуугүй өнгөрдөггүй соёл төлөвших нь чухал байна. Үүнд ахиц гарч байгаа нь сүүлийн үеийн үйл явдлуудад хүмүүс хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгаагаас харагдаж байна гэж бодож байна.

-Хүсээгүй сэдвээр ярилцах, өөрөө хүссэн ч удирдлагын зүгээс ажлаас гаргахгүй байх нь бэлгийн дарамт мөн үү?

-Хүсээгүй сэдвээр, бэлгийн дотно харилцааны сэдвээр ярилцах нь бэлгийн дарамт мөн. Бэлгийн сэдлээр харилцаж, эрх мэдлээрээ далайлгаж хүний барьдаг, заналхийлдэг, сүрдүүлдэг бол энэ нь маш ноцтой бэлгийн дарамт.

-Ажлын байрны бэлгийн дарамтад зөвхөн эмэгтэйчүүд өртдөг үү. Хүйсийн судалгаа байдаг уу?

-Монголд бэлгийн дарамтад өртсөн 10 хүн тутмын нэг нь эрэгтэй байна гэсэн судалгаа бий. 2018 оны судалгаагаар нийт бэлгийн дарамтад өртсөн хохирогчдын 2.5 хувь нь эрэгтэй гэж гарсан. Энэ бол гомдол мэдээлэл гаргасан хохирогчдын дундах судалгаа. Тэгэхээр гомдол, мэдээлэл гаргаагүй, бодит байдал дээр үүнээс ч илүү тоо гарахыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл эрэгтэйчүүдийг хүчирхийлэлд өртлөө гэвэл шоолж, тохуурхдаг, арчаагүй гэх мэтээр доромжилдог шүү дээ. Энэ нийтлэг хандлагаас шалтгаалан эрэгтэйчүүд дарамтад өртсөнөө хэлэхгүй, бүр өөрөө өөртөө хүлээн зөвшөөрөхгүй байх магадлалтай юм.

-БЭЛГИЙН ДАРАМТ, ХҮЧИРХИЙЛЛЭЭС ХҮН ТРАВМА /СЭТГЭЦИЙН БЭРТЭЛ/ АВДАГ. ЭНЭ ГЭМТЭЛ ХЭЗЭЭ Ч ЭДГЭРДЭГГҮЙ-

-Охид өөрт нь тулгарсан ажлын байрны асуудлууд бэлгийн дарамт мөн эсэхийг ялгаж мэддэг үү. Эргээд зөвлөгөө авахыг хүсдэг үү?

-Өмнө хэлсэнчлэн бэлгийн дарамтыг таних нь хамгийн эхний урьдчилан сэргийлэх алхам. Гэтэл ялгаж таньж мэдэхгүй байх нь дийлэнх. “Бэлгийн дарамтгүй их сургууль” төслийн хүрээнд их дээд сургуулийн оюутнуудын дунд хийсэн судалгаагаар 70 гаран хувь нь “хагас дутуу мэднэ”, “сонссон төдий” гэж байсан. Дунд сургуулийн орчинд ч бэлгийн дарамт бий. Насандаа тохирсон хэлээр, аргаар нийгмийн ийм асуудлын талаар мэдлэгтэй болох, биеийн халдашгүй байдал, хувийн орон зайгаа мэддэг, хамгаалж чаддаг, бусдынхыг хүндэтгэдэг чадвартай болох нь ерөнхий боловсролын салшгүй хэсэг. Энэ боловсрол дутмаг байсаар ирсний хүчирхийллийн зарим хэлбэрүүд хэвийн үзэгдэл болж, бид энэ төрлийн мэдээнд бараг дөжрөх шахуу байгаа одоогийн байдал үр дагавар нь.

-Ажлын байрны бэлгийн дарамтад өртсөөр байх нь хохирогчийн сэтгэл зүйд ямар хортой вэ?

-Ажлын байрны бэлгийн дарамт шууд сэтгэл санаа, бие махбодын хохирол учруулаад зогсохгүй тухайн хохирсон хүний амьдралд нөлөөлсөөр байх урт хугацааны уршигтай. Бэлгийн дарамтын хохирогч сэтгэл санааны дарамтад орж, ажлын бүтээмж нь буурч улмаар ажлаас гарахаас өөр гарцгүй болсон тохиолдол түгээмэл. Хохирогч ажлаа орхисон ч гэр бүлд нь хардалт үүсэж, гэр бүлийн хүчирхийллийн золиос болсон тохиолдол ч бий.

Бэлгийн дарамт хүчирхийллээс хүн травма буюу сэтгэцийн бэртэл гэмтэл авдаг. Энэ нь ямар ч хугацаанд үлдэж болно. Ихэнхдээ хүчирхийллийн травма хэзээ ч мартагдахгүй урт хугацаанд үлддэг. Насан туршид дагаж, сэтгэл түгших, айж тэвдэх эмгэгтэй болох нь бий.

-Танай байгууллагын хувьд тус чиглэлд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Манай байгууллага ойлголт мэдээллийг түгээж, бодлогын шийдлийг шаардаж ажилладаг. Бусад иргэний нийгмийн байгууллагуудтай эвсэн, бэлгийн дарамтыг эрүүгийн гэмт хэрэг болгон хуульчлах, зөрчил болгон хуульчлах, Хөдөлмөрийн хуульд тусгуулах зэрэг бодлогын нөлөөлөл хийдэг. Бид 2015 оноос одоог хүртэл их, дээд сургуулиуд бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх дүрэмтэй болгохын төлөө ажиллаж байна. Энэ асуудлыг нэн тэргүүний гэж үзэх, шийдэх хүсэл эрмэлзэл шийдвэр гаргагчид, их дээд сургуулиудын удирдлагуудад бага байсаар ирсэн. Одоо харин олон нийтийн хандлага, шаардлагыг дагаад асуудлыг шийдвэрлэх хүсэл зориг нэмэгдэх болов уу гэж найдаж байна.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-15 15:08

Ажлын байрны бэлгийн дарамт эмэгтэйчүүдэд �##�бан туша�##� ахих боломж олгодог

Зочин
Зочин
2021-04-15 18:02

Бэлгийн дарамтанд өртөөгүй эмэгтэй хүн гэж байхгүй юм байна,бүгдээрээ өмнөх хойдохоо дэлгээд уриа лоозон бариад энэ хүүхнийг урдаа оруулаад жагс!

Зочин
Зочин
2021-04-16 07:28

энэ бэлцийсэн амьтанг хүн тоох уу

Холбоотой мэдээ

Back to top button