УЛС ТӨРХУУЛЬ

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Б.Хурц нарт холбогдох шүүх хурал маргааш үргэлжлэхээр болов

НЭМЭЛТ: 19:55 ЦАГТ

-Б.ХУРЦ НАРТ ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ МАРГААШ ҮРГЭЛЖИЛНЭ-

Төв аймгийн Шүүхэд өнөөдөр өглөө эхэлсэн Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хуралдаан үргэлжилж байна. Хуралдаан өдөр нэг цагийн хугацаатай завсарлан үргэлжилж байсан бөгөөд дөнгөж сая хуралдааныг завсарлуулж, маргааш 09.00 цагт үргэлжлүүлэхээр болсон байна.

Өнөөдрийн хуралдаанд Б.Хурц нарын есөн шүүгдэгч нараас гадна С.Зориг агсны эхнэр Б.Булган, С.Зориг агсны амь насыг хохироосон Б.Содномдаржаа нар оролцсон юм.


hurts хурц

НЭМЭЛТ: 14:50 ЦАГТ

-ШҮҮХ ХУРАЛ ДАХИН ЭХЭЛЛЭЭ-

ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарын есөн хүнтэй холбогдох шүүх хурал 13 цаг 54 минутанд завсарлаж, шүүгчид үдийн цайндаа орохоор танхимаас гарсан. Харин 14 цаг 45 минут болсноор шүүх хурал үргэлжилж эхэллээ.

Одоогоор ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын 9 хүн шүүгдэгчээр, С.Зориг агсны гэргий Б.Булган гэрчээр оролцож буй.


хурц hurts

НЭМЭЛТ: 13.54 ЦАГТ

-ЦАЙНЫ ЦАГ БОЛСОН ТУЛ ШҮҮХ ХУРАЛ ЗАВСАРЛАВ-

Дөнгөж сая шүүх хурал нэг цаг завсарлахаар болж, шүүгдэгчид болон шүүгчид цайндаа орохоор хуралдааны танхимаас гарлаа. Уг хуралд УИХ-ын түр хорооны гишүүд оролцох хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн татгалзсан. Харин одоогоор ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын 9 хүн шүүгдэгчээр, С.Зориг агсны гэргий Б.Булган гэрчээр оролцож байгаа.


bulgan булган

НЭМЭЛТ: 12:17 ЦАГТ

-ХОЁР ТАЛААС 17 ӨМГӨӨЛӨГЧ АЖИЛЛАЖ БАЙНА-

ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүний шүүх хурал Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд өнөөдөр болж буй.

Шүүх хуралдаан дөнгөж сая 15 минут завсарлаж, эргэн орсон байна. Шүүх хурал хаалттай явагдаж байгаа бөгөөд танхимаас хэвлэлийнхнийг гаргаад байгаа юм.

Шүүх хуралдаанд С.Зориг агсны гэргий Б.Булган оролцож байна. Тэрбээр хэвлэлийнхэнд ямар нэгэн тайлбар өгөлгүй шууд шүүх танхим руу орсон юм.

Хэргийг хоёр талаас 17 өмгөөлөгч өмгөөлөл үзүүлж байгаа бөгөөд Цагдаа, Тагнуулын байгууллага шүүх хуралдааны явцад хяналт тавьж байна.


НЭМЭЛТ: 11.15 ЦАГТ

-Ц.НЯМДОРЖ НАРЫН ХҮСЭЛТИЙГ ШҮҮХ ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ-

Б.Хурц нарт холбогдох шүүх хурал Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна. Өнөөдрийн шүүх хуралд Ц.Нямдорж сайд нарын хүмүүс ажиглагчаар оролцох хүсэлтээ явуулсан байсан ч хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэдгийг мэдэгджээ.


НЭМЭЛТ: 09:50 ЦАГТ

-Ц.НЯМДОРЖ САЙД ШҮҮХ ТАНХИМД ИРЭЭГҮЙ БАЙНА-

ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүний шүүх хурал Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дөнгөж сая эхэллээ.

Шүүх хуралд ТЕГ-ын дарга Б.Хурц, гэрчээр Ц.Содномдаржаа, Т.Чимгээ, Б.Амгаланбаатар нарын хүмүүс оролцож байна. Одоогоор шүүх танхимд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ирээгүй байгаа бөгөөд Улаанбаатараас Төв аймаг руу хөдөлсөн гэх мэдээлэл байгаа юм.

Шүүх танхимын гадаах жагсагчдын зүгээс шүүх үйл ажиллагааг нээлттэй явуулахыг шаардаж байна.


НЭМЭЛТ: 09:40 ЦАГТ

ЖАГСААЛ: Ц.НЯМДОРЖ САЙДЫГ ШҮҮХЭД НӨЛӨӨЛӨХ ГЭЖ БАЙНА ЭСЭРГҮҮЦЭВ

ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүний шүүх хурал Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ӨНӨӨДӨР болохоор товлогдсон.

Шүүх хуралдаанд С.Зориг агсныг хэргийг шалгах УИХ-ын түр хорооны гишүүд оролцох хүсэлтээ шүүхэд гаргаад байгаа юм. Уг түр хороонд Ж.Батзандан, Ц.Нямдорж, Х.Нямбаатар тэргүүтэй гишүүд багтдаг билээ.

Үүнтэй холбогдуулан, шүүх хурлын танхимын гаднах талбайд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг шүүхэд нөлөөлөх гэж байна гэж үзсэн иргэд эсэргүүцлийн жагсаал хийж байна.


ЭХЛЭЛ: 07: 55 ЦАГТ

Б.ХУРЦЫГ Ц.НЯМДОРЖ САЙДЫН “ОРОЛЦООТОЙГООР” ӨНӨӨДӨР ШҮҮНЭ

Наймдугаар сарын 12 буюу өнөөдөр ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүний шүүх хурал Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

10 цагаас эхлэх уг шүүх хуралд хөнлөнгийн хяналт тавьж оролцох хүсэлтээ УИХ-ын 2019 оны 32 дугаар тогтоолоор байгуулагдсан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн тухай асуудлаар санал, дүгнэлтийг боловсруулах ажлын хэсгийн гишүүд болох Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд Ц.Нямдорж болон, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар, А.Сүхбат, Я.Санжмятав, Ө.Энхтүвшин нар тавьсан нь онцлог.

Үүний өмнө, долоодугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралд хохирогч талаас Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар, шүүгдэгч талаас Б.Хурц, Г.Эрдэнэбат нар ирсэн бол талийгч С.Зоригийн эхнэр Б.Булган гэрчээр оролцож байсан юм. Шүүх хурал цагтаа /10:00/ эхэлсэн боловч Ц.Амгаланбаатарыг гэрчээр дуудах гэсэн өмгөөлөгчдийн хүслээр хойшилж 14:00 цагаас дахин хаалттай эхэлсэн. Үүний дараа шүүгдэгч Б.Хурц, Г.Эрдэнэбат шүүхийн бүрэлдэхүүнээс татгалзсан тул ийнхүү наймдугаар сарын 12 хүртэл хойшилсон юм.

Хэргийг эргэн сануулбал, Б.Хурц, Г.Эрдэнэбат нараас гадна ТЕГ-ын мөрдөгч, хурандаа О.Бархасбадь, О.Бямбажав, Гүйцэтгэх албаны ажилтан С.Баяр, Ж.Мөнхгал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэлтсийн дарга, Б.Хурцын хадам дүү, хурандаа Ү.Отгонбаяр, мөн газрын Цагдан хорих ангийн төлөөлөгч С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарыг С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах явцдаа гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэж үзэн ийн шүүж буй.

Х.ЭРХЭС

Г.ИТГЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ А.МАНДУУЛ

Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close