НийгмийнСПОРТЯрилцлага

АНУ-ын шигшээ багийн тамирчин У.Бат-Оюун: Өдий насандаа дэлхийн аварга болно гэж ёстой төсөөлөөгүй

Харийн нутагт амьдран, монгол хүний ур чадвар, авьяасыг шагшуулж, Монгол Улсынхаа нэр хүндийг өргөж яваа олон эрхэм бий. Тэдний нэг нь Уранчимэгийн Бат-Оюун. Тэрбээр мөсөн дээрх шатар гэгддэг кёрлингийн спортоор хичээллэхийн сацуу АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан, тэр ч битгий хэл B ангиллын ДАШТ-д түрүүлж, дэлхийн аварга болсон гэвэл уншигч та итгэх үү.

Тэргэнцэртэй кёрлингийн АНУ-ын шигшээ багийн топ таван тамирчны нэгт багтан, одоо “Бээжин-2022” паралимпийн наадмын эрх авах нь бараг тодорхой болсноор нь бахархахгүй байхын аргагүй.

АНУ хэдэн зуун сая хүн амтай билээ. Тэднээс монгол хүн онцгойрч, шалгараад, шигшээ багт нь багтан, америкчуудыг төлөөлж тив, дэлхийн тэмцээнд өрсөлдөж яваа нь үнэхээр том амжилт. Хэдхэн хоногийн өмнө багийнхныхаа хамт дэлхийн аварга болсон У.Бат-Оюунтай цахимаар холбогдон ярилцлаа.

-Юуны өмнө B ангиллын ДАШТ-д багаараа түрүүлж, дэлхийн аварга болсонд нь баяр хүргэе. “Бээжин-2022” паралимпийн эрх авахад улам ойртож очив уу?

-Баярлалаа. Тэргэнцэртэй кёрлингийн B ангиллын ДАШТ уг нь 2020 онд болох учиртай байсан юм. Гэвч цар тахлын улмаас хоёр удаа хойшлоод энэ сарын 10-15-нд боллоо. Миний тоглодог АНУ-ын шигшээ баг ДАШТ-д түрүүлснээр 2021 оны ДАШТ-д оролцох эрх авлаа.

ДАШТ, паралимпийн наадамд ердөө 12 орны баг оролцдог. Үүнд багтахын тулд жил бүрийн ДАШТ-д дор хаяж эхний VIII байрт орсон байх шаардлагатай. Тэгж байж дараа дараагийн ДАШТ-д өрсөлдөх эрх авна. Харамсалтай нь, АНУ-ын баг 2018 оны Сочигийн паралимп, 2019 оны ДАШТ-д доороосоо III байрт жагсан, ДАШТ-д оролцох 12 багт багтаж чадаагүй. ДАШТ-ий эрх авахын тулд өөр нэг гаргалгаа байсан нь B ангиллын ДАШТ-д амжилт гаргах байлаа. Тус тэмцээнд эхний гурван байрт шалгарвал А ангиллын дэлхийн аваргад өрсөлдөх эрх авна. Өнгөрсөн жил B ангиллын ДАШТ-ээс манай баг эрх авч чадаагүй. Энэ удаа дэлхийн аварга болсноор 2021 оны ДАШТ-д өрсөлдөх эрх авлаа.

АНУ-ын тэргэнцэртэй кёрлингийн шигшээ баг найман гишүүнтэй. Тэдний топ тав нь улсаа төлөөлж паралимп, ДАШТ-д өрсөлддөг. Бусад гурван тамирчин нь сэлгээний тоглогч. Топ таван тамирчин бэртвэл сэлгээгээр өрсөлддөг. Би дэлхийн аваргад анх удаа оролцлоо.

-Одоо танай баг “Бээжин-2022” паралимпийн эрх авахад тун ойрхон байгаа юм билээ. Болзлыг нь хэрхэн хангах боломжтой байгаа вэ?

-Тэргэнцэртэй кёрлингийн 2021 оны ДАШТ аравдугаар сард болно. Тус тэмцээнд эхний VIII-д багтах, эсвэл шинээр орж ирж буй Италийн багаас илүү амжилт гаргаж байж “Бээжин-2022” паралимпийн эрхийн болзлыг бүрэн хангана. Ер нь манай багийнхан паралимпийн эрх авч чадна гэсэн бүрэн итгэлтэй байгаа.

-Монгол хүн америкчуудыг төлөөлөөд дэлхийн аварга болсон, одоо паралимпэд өрсөлдөх нь бараг ойлгомжтой гээд бодохоор танаар үнэхээр бахархаж байна. Та өөрөөрөө бахархдаг уу?

-Мэдээж сайхан санагдалгүй яах вэ. Паралимп, ДАШТ-д Монголынхоо нэрийг мандуулж чадахгүй ч монгол хүн гэдэг утгаараа сайхан санагдаж байна.

-Ийм амжилт гаргасан, америкчуудыг төлөөлж паралимпэд өрсөлдсөн монгол хүн байдаг болов уу. Та анхных нь уу?

-Энэ талаар нарийн судалж байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Хэрвээ байсан бол монголчууд бидний сонорт аль хэдийнэ хүрэх л байсан болов уу.

-Та кёрлингийн спорттой амьдралаа холбосон дурсамжаасаа хуваалцана уу?

-Би АНУ-ын Миннесота мужид амьдраад 21 жил болж байна. Хоёр хүүхэдтэй. Хүү минь 26, охин минь 21 настай. Би 2000 оны долдугаар сард АНУ-д ирээд долоохон хоноод байхдаа харамсалтайгаар авто машины осолд орсон. Азаар амьд үлдсэн ч нугасны гэмтлийн улмаас суумгай болсон юм.

Хүний нутагт ирээд хэдхэн хоноод хүнд гэмтэл авч, үлдсэн амьдралаа тэргэнцэр дээр өнгөрөөнө гэдэгтэй эвлэрэх эхэндээ үнэхээр хэцүү байсан. Цаашдаа хаана, яаж амьдрах, юу хийх, хоёр хүүхдээ яаж авч ирэх гээд зөндөө л асуудлуудтай тулгарсан. Гэр бүл, найз нөхөд болон сайхан сэтгэлтэй таних, танихгүй олон хүний тус, дэмжлэгээр, өөрийнхөө хичээл зүтгэлээр тэргэнцэртэй амьдралаа тохинуулаад, бусдын жишгээр л амьдарч явна даа.

-Өөрийгөө нээх, улам хүчтэй эргэн босоход кёрлингийн спорт танд туслаж, итгэл өгсөн үү?

-Тэгсэн. Үнэнийг хэлэхэд 40 гарсан хойноо тамирчин болоод, олон улс, дэлхийн хэмжэний тэмцээн уралдаанд оролцоод шуугиулж явна гэж ёстой төсөөлж байсангүй ээ. Бүр дэлхийн аварга болоод, одоо паралимпийн эрх авах гээд зүтгэж явна. Амьдралаа яаж хүний дайтай авч явах вэ, үр хүүхдээ яаж юм юмаар дутаачихалгүй аятайхан өсгөж, хүмүүжүүлэх вэ л гэж  явсан юм шүү дээ. Дэлхийн аварга болж, АНУ-ын шигшээ багт багтана гэж зүүдлээ ч үгүй явлаа.

Хүний амьдралд сайн, муу зүйл тохиолдохыг урьдчилан харж чадахгүй юм даа. Осолд ороод насаараа тэргэнцэртэй амьдарна гэж 27 нас хүртлээ төсөөлж явсангүй. Үүнтэй адил АНУ-ын үндэсний шигшээ багийн тамирчин болж, паралимпийн эрх авах гээд бэлтгэлээ базаагаад явна гэж 2016 хүртэл төсөөлж явсангүй. Санамсаргүй байж байгаад ийм боломжтой учирсан гэх юм уу даа.

-Тэгэхээр та осолд орсноосоо хойш 15 жилийн дараа кёрлингоор хичээллэсэн юм байна. Энэ спортод хөл тавихад юу нөлөөлөв?

-Тэргэнцэртэй кёрлингийн спорттой анх 2016 оны зун танилцсан. Монголд ажиллаж байсан нэг америк танил маань эндхийн “Four Season’s Curling” дээр хүрээд ир гэж намайг урьсан юм. Тэр өдөр АНУ-ын тэргэнцэртэй кёрлингийн шигшээ багийнхан тэнд бэлтгэл хийж байсан юм билээ. Өөр, өөр мужид амьдардаг тамирчид сардаа нэг удаа цугларан, тэнд хамтдаа бэлтгэл хийж байж л дээ. Найз маань намайг сонирхож магадгүй гээд урьсан юм байна лээ. Тухайн үед тэргэнцэртэй кёрлингийн спортын талаар ямар ч мэдээлэлгүй, ойлголтгүй байсан. Өвлийн олимпийн үеэр зурагтаар үзэж байснаас цаашгүй. Мөсөн дээр нэг юм гулгуулаад, замыг нь цэвэрлээд үрээд байгааг нь харснаас өөр мэдэх юм үгүй.

Анх тэр клуб дээр тэргэнцэртэй тамирчдын бэлтгэлийг харахаар очсон намайг тамирчин, дасгалжуулагч нар нь мөсөн дээр гарахыг урин, чулуу түлхээд үз гээд. Хэдэн чулуу түлхээд үзсэн чинь их сонирхолтой санагдлаа. Тэр шигшээ багийн дасгалжуулагч нь “Хэрвээ чи спортыг сонирхон тууштай бэлтгэл хийвэл 2022 оны паралимпийн наадамд өрсөлдөх боломж олдоно” гэж хэлсэн. Тэр үг намайг өөрчилсөн. “Үзээд алдвал ямар вэ” гэсэн бодол төрж, тэр орой нь тэргэнцэртэй кёрлингийн 2014 оны паралимпийн тоглолтуудыг Youtube-ээс үзэж, судлав.

Тэгээд энд “Adaptive Curling Program” гэж байдгийг мэдээд, хоёр клубт гишүүнээс элсэн, бэлтгэл хийх нөхцлөө бүрдүүлж эхэлсэн. Эхний жил долоо хоногт нэг удаа хоёр цагаар “Adoptive Curling program”-ын сонирхогчийн түвшний таван хүнтэй хамт чулуу түлхэн, зүгээр л тоглож сурсан. 2017 оноос хувиараа голду бэлтгэл хийж эхлэв. 2018 оны тавдугаар сард АНУ-ын үндэсний шигшээ багийн сонгон шалгаруулалтад анх удаа оролцон, 12 хүнээс эхний дөрөвдүгээрт шалгарсан. Улмаар дараагийн шатны сорилтод орох эрх авсан юм. Дараагийн сорилтонд нь тэнцэн, үндэсний шигшээ багийн найман тамирчны нэг нь болж байлаа.

-АНУ хэдэн зуун сая хүн амтай билээ. Монгол хүн тэднээс шалгараад, улсынх нь шигшээ багт багтана гэдэг өндөр босготой нь мэдээж. Ямар шалгуурыг даван, АНУ-ын шигшээ багт багтаж байв?

-АНУ-ын тэргэнцэртэй кёрлингийн шигшээ баг найман гишүүнтэй гэж би түрүүн дурьдсан. Багийнхаа бүрэлдэхүүнийг шалгаруулах сорилт паралимпийн наадмаас эхлээд гурван жил дараалан явагддаг. Шалгарсан баг нь паралимпийн наадамд өрсөлдөх АНУ-ын шигшээ багийг бүрдүүлдэг.

Би 2018 оны сорилтод тэнцсэнээр АНУ-ын тэргэнцэртэй кёрлингийн шигшээ багийн найман гишүүний нэг нь болж байлаа. Дараа жил нь сорилтод дахин тэнцэж, багийнхаа бүрэлдэхүүнд үлдсэн. 2020 оны сонгон шалгаруулалт коронавирусийн халдварын улмаас хойшилсоор энэ оны зургаадугаар сард болохоор болсон. Уг нь өдийд паралимпийн наадамд оролцуулах багийн бүрэлдэхүүнээ сонгочихсон байдаг юм. Тэгэхээр зургаадугаар сард болох сонгон шалгаруулах сорилт надад төдийгүй манай багийн гишүүдэд давж гарах маш том шалгуур болоод байна.

Бэлтгэлээ сайн хийсэн шинэ тамирчид ирээд, бидний байрыг булаахгүй гэсэн баталгаа үгүй. Тиймээс бэлтгэлээ маш сайн хийж, сорилтод эхний тавдугаарт багтаж байж паралимпийн багийн бүрэлдэхүүнд орох эрхээ албан ёсоор авна гэсэн үг. Паралимпийн наадамд оролцох зам тийм ч амаргүй. Гэхдээ сая ДАШТ-ээс алтан медаль авсан багийн бүрэлдэхүүн бараг хэвээрээ байх болов уу гэж найдаж байгаа. Би хувийн бэлтгэлээ шаргуу хийж, хувийн гүйцэтгэлээр эхний дөрөвт жагсах зорилготой байна. Би сүүлийн жил ер нь бэлтгэлээ маш сайн хийж байгаа. Долоо хоногт гурван өдөр, нийтдээ есөн цаг бэлтгэл хийдэг. Ажилтай болохоор ихэвчлэн баасан гаригт, амралтын өдрүүдэд хувийн бэлтгэлээ хийдэг.

-Та багтаа ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

-Тэргэнцэртэй кёрлингийн баг хүйсийн хувьд холимог байх шаардлага тавьдаг. Хэдэн эрэгтэй, хэдэн эмэгтэй байх нь хамаагүй. Холимог байх учиртай. Ихэнх баг нэг эмэгтэй, гурван эрэгтэй тоглогчтой байдаг. АНУ-ын түүхэндээ ихэвчлэн нэг эмэгтэй тоглогчтой байсан. Эмэгтэй тоглогч нь эхний хоёр чулууг түлхэх үүрэгтэй. Би багтаа мөн ийм үүрэг гүйцэтгэж, эхний хоёр чулууг түлхдэг. Тэргэнцэртэй кёрлингийн тоглолт найман тойрог тоглодог. Тойрог бүрт нэг тоглогч хоёр чулуу түлхэх үүрэгтэй.

-Монгол хүн кёрлингийн спортоор хичээллээд, АНУ-ын шигшээд тоглодог гэхээр тэд хэрхэн хүлээж авдаг вэ?

-АНУ-д угаасаа янз бүрийн улс үндэстний гаралтай тамирчид байдаг. Тийм болохоор нэг их онцолж хүлээж авдаггүй. Намайг “Монгол юм уу” гээд нэг их гайхаж байсныг санахгүй байна.

Тэргэнцэртэй кёрлинг дотроо холимог хосын төрөлтэй. Би багийнхаа нэг эрэгтэй тамирчны хамт паралимпийн олимпод оролцох төлөвлөгөөтэй байгаа. Дүрмийн хувьд багийнхаас арай өөр. Холимог хосын төрөл 2026 оны паралимпэд шинээр багтахаар болсон спортын төрөл.

-Кёрлингийн спорт танд юугаараа илүү тохирдог вэ?

Кёрлинг гүйцэтгэлийн хувьд их нарийн мэдрэмж шаарддаг спорт. Тоглох стратегийн хувьд оюун ухаан шаардсан спорт гэж хэлж болно. Мөсөн дээрх шатар гэдэг нь тийм учиртай.

Нэг их хурдан хөдөлгөөн, хүч чадал шаардахгүй. Гол нь нарийн мэдрэж болон онилгоо шаарддаг нь надад илүү тохирдог байж магадгүй. Би багадаа, залуудаа спорт хөөж байгаагүй. Дунд сургуульд ангийнхаа нуруулагт ордог байсан болохоор манай сургуулийн захирал хэдэн өндөр охидыг волейболын дугуйланд хүчээр оруулж байсныг санаж байна. Би нэг их сайн байгаагүй. Ерөнхийдөө дэмий гонзгой л байсан. Гэмтсэнийхээ дараа жил нь Миннесотагийн “Rolling Timberwolves” гэдэг сагсан бөмбөгийн багт нэг улирал тоглосон. 2002 онд тэр багтайгаа тэргэнцэртэй сагсан бөмбөгийн АНУ-ын үндэсний аварга шалгаруулах тэмцээнд оролцон, гуравдугаар байрт шалгарсан.

-Бэлтгэл, хувийн амьдрал хосолсон таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

 -Би “University of St. Thomas” гэдэг их сургуулийн сэтгүүл зүйн тэнхимийн туслахаар ажилладаг. Энд ажиллаад зургаан жил болж байна. Өмнө нь “Hamline University” сургуульд төстэй ажил хийж байсан. 2002 оноос хойш их, дээд сургуулийн орчинд ажиллаж байгаа. Би даваагаас баасан гаригт, 08.00-17.00 цаг хүртэл ажилладаг. Тиймээс өдөр бүхэн бэлтгэл хийх боломжгүй.

Манай багийн топ гишүүдийг Matt Thums, Steve Emt, David Samsa,Pam Wilson. Хамгийн шинэ гишүүн нь би. Бид өөр, өөр мужид амьдардаг болохоор багийн бэлтгэлээ сард нэг удаа 3-4 хоног хамтдаа хийдэг. Багаараа бэлтгэл хийх өдрүүдэд ажлаасаа 3-4 хоногийн чөлөө авдаг. Ажлын маань хамт олон намайг ойлгож, дэмждэг болохоор одоохондоо чөлөө их авлаа гээд ажлаасаа халагдаагүй л байна. Би хувийн дасгалжуулагчтай. Дасгалжуулагчтайгаа долоо хоногт нэг удаа бэлтгэлээ базаадаг. Бусад хоёр өдөр нь би голдуу ганцаараа бэлтгэл хийдэг.

-АНУ-ын шигшээ багт тоглоод, паралимп, ДАШТ-д өрсөлдөнө гэхээр иргэншлийн асуудал сөхөгдөнө. Та иргэншлээ сольсон уу?

-Би кёрлингийн спортоор хичээллэхээсээ олон жилийн өмнө буюу 2008 онд иргэншлээ сольж, АНУ-ын иргэн болсон.

-Тэргэнцэртэй кёрлинг тоглодог монгол хүн АНУ-д танаас өөр бий юү?

-Би лав мэдэхгүй.

-АНУ-д халдварын нөхцөл байдал ямар байна вэ. Та халдвар авах эрсдэлээс өөрийгөө бүрэн хамгаалж чадаж байгаа юу?

-АНУ-ын муж бүрт халдварын нөхцөл байдал өөр байгаа. Миний амьдарч буй Миннесота мужид халдварын нөхцөл байдал гайгүй байна. 16-гаас дээш насны бүх хүнийг вакцинжуулалтад хамруулаад гурван долоо хонож байна. Би вакцин хийлгэсэн.

-Монголд хөл хорио тогтоон, тэмцээн, уралдаан, бэлтгэлийг түр хориглочихсон байгаа. Та бэлтгэлээ тогтмол хийж байгаа юу?

-Манай мужид хөл хорио одоохондоо гайгүй байна. Нэгдүгээр сараас эхлээд хорионууд тавигдсан. Дахиан хорио тогтоогоогүй. Кёрлингийн клубүүд хэвийн ажиллаж эхлээд хэдэн сар болж байна. Би бэлтгэлээ тасалдуулалгүй хийж байгаа.

-АНУ-д азичуудыг ялгаварлах, биед нь халдах давалгаа өрнөж, нөхцөл байдал хүнд байгаа. Танд ямар нэгэн аюул, заналхийлэл тохиолдсон уу?

-Энд амьдарч буй Ази иргэдэд тийм зүйл тохиолдол буйг цахим ертөнцөөс л олж мэддэг. Одоогоор надад тийм зүйл тохиолдоогүй, аюул, заналхийлэлд өртөөгүй. Битгий өртөөсэй л гэж найдахаас.

-Та ойрын хугацаанд Монголдоо ирэх үү. Хэзээ хамгийн сүүлд ирсэн бэ. Эх орноо хэр их санаж байна вэ?

-Бэлтгэл сургуулилалт, тэмцээн уралдаан гээд ажлаасаа их чөлөө авч байгаа болохоор цаг гаргаж Монголдоо очих боломж одоохондоо алга. 2022 оны зун, паралимпийн наадмын дараа эх оронлоо очиж магадгүй. Санаснаар болдог сон бол Монголдоо жил бүр очмоор санагдалгүй яах вэ. Даанч тэр бүр боломж гарахгүй юм аа. Хамгийн сүүлд эх орондоо 2015 онд очсон. Тэргэнцэртэй болохоор Монголд удаан амьдрахад жаахан хүндрэлтэй байдаг. Ийш тийшээ явах, энд тэрүүгээр орж гарахад заавал хэн нэгний туслалцаа хэрэгтэй болдог.

АНУ-д байдаг шиг өөрөө дураараа ийш, тийшээ орж, гарах боломжгүй болохоор нэлээд хэцүү. Монголд заавал хүнээр өргүүлж байшин руу ордог. Лифттэй байр байсан ч лифт рүү орохын тулд заавал хэдэн шат өгсөх шаардлага гардаг.

Гудамжаар ганцаараа явах аргагүй. Тэргэнцэртэй хүнд зориулсан явган хүний зах ховор. Зарим байр, байшингийн гадна тавьсан налуу зам нь тэргэнцэртэй хүн өгсөж, уруудахын аргагүй налуу байх жишээтэй. Ер нь тэргэнцэртэй иргэн биеэ даан амьдрах боломж, нөхцөл Монголд байхгүй. Заавал хэн нэгэн асран хамгаалах хүнтэй хамт явах шаардлага гардаг нь харамсалтай.

У.БАТ-ОЮУНЫ ГАРГААД БУЙ АМЖИЛТ:

  • 2016 US National Wheelchair Curling Bonspiel, September 2016, Blaine, MN – (Түүний хамгийн анхны тэмцээн)
  • 2017 US National Wheelchair Curling Bonspiel, October, 2017, Waussau, WI
  • 2018 US National Team Selection Pre-trial, May 2018, Denver, CO – advanced to final trial
  • 2018 National Wheelchair Curling Bonspiel, June 2018, Denver, CO
  • 2018 US Open International Wheelchair Curling Summer Spiel, July 2018
  • US National Team Selection Trail for 2018-19 season – joined the national team of 8.
  • 2019 International Wheelchair Curling Tournament, October, 2019, Wetzikon, Switzerland- (Энэ тэмцээнд түрүүлэхдээ 2018 оны паралимпийн аварга Хятадын багийн хожжээ)
  • Ilderton Wheelchair Mixed Double’s Bonspiel, October 2019, Ontario, Canada – 5th place
  • 2019 US Open Wheelchair Curling Bonspiel, December 2019
  • Ability 360 Wheelchair Curling Double’s Spiel, March 2020, Phoenix, AZ – 1st place (gold)
  • 2020 Southern Mixed Double’s Spiel, December 2020, Charlotte, NC
  • 2020 World Wheelchair Curling B Championship, April 2021, Lohja, Finland – Team USA qualified for 2021 World Wheelchair Curling Championship and Paralympics and won the gold.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-21 08:43

Yнэхээр дайчин мундаг биширмээр эмэгтэй байна. Бахархаж байна . Олон з�##�уучууд vлгэр дуури�##� аваасай.

Зочин
Зочин
2021-04-21 09:04

амжилт хүсье! супер

Зочин
Зочин
2021-04-21 12:27

үүдэл эсийн тусламжтайгаар нугасны гэмтсэн дарагдсан эсийг сэргээн төлжүүлэх эмчилгээ гарсан шүү дээ. Тиймээс АНУ-д байгаа юм чинь тун удахгүй эрүүл болно доо.

ЗОЧИН
ЗОЧИН
2021-04-21 13:05

амжилт хүсье мундаг эмэгтэй байна_

Дашка-29
Дашка-29
2021-04-21 14:53

Уранчимэгдээ баяр хүргэн, спортын цаашдын амжилтанд т�##�архая. Монгол Ул�####�а ирж энэ спортыг хөгжүүлэн, дэлгэрүүлэхийг хүсье Хамтдаа шүү! Амжилт хүсье

Ангийн анд
Ангийн анд
2021-04-21 21:40

Ангийн охиндоо амжилт хүсье . . .Бага байхын авъяаслаг охин байсандаа. . .

Зочин
Зочин
2021-04-21 23:02

Мундаг юм аа. Баяр хүргэе!

Холбоотой мэдээ

Back to top button