СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

ХӨСҮТ-ийн их эмч Г.Хоролгарав: Гэртээ эмчлүүлж буй иргэд хүүхдүүдээ гаргаж тоглуулснаар эрсдэл үүсгэж байна

Дөрөвдүгээр сарын 18-ны байдлаар 0-18 насны нийт 4,412 хүүхэд коронавирусийн халдвараар өвчилсөн гэдэг мэдээллийг ЭМЯ-наас өгч байна. Тэднийг насаар нь ангилбал:

  • 0-4 насны 1,034
  • 5-9 насны 1,406
  • 10-14 насны 1,356
  • 15-18 насны 616 хүүхэд коронавируст халдвар авчээ.

Түүнчлэн сүүлийн үес хүүхэд хүүхдэдээ халдвар тараах тохиолдол нэмэгдэж буйг албаны хүмүүс онцолсон. Иймд уг асуудлаар ХӨСҮТ-ийн их эмч Г.Хоролгаравтай холбогдож, товч ярилцлаа.


-ЭМЧИЛГЭЭНД ХЭРЭГЛЭДЭГ ДӨРВӨН ЭМНИЙ ГУРАВ НЬ ХҮҮХДЭД ЭСРЭГ ЗААЛТТАЙ-

-Коронавируст халдвар авсан хүүхдүүд ихэвчлэн шинж тэмдэггүй өвдөж байна гэх мэдээлэл байна. Энэ хэр бодитой вэ?

-Миний эмчилсэн хүүхдүүдийн тун цөөн хувьд нь шинж тэмдэг илэрч байсан. Гэхдээ үүн дээр нарийн судалгаа хийж, эцсийн дүгнэлтийг гаргах шаардлагатай. Одоогоор ковидоор өвчилсөн хүүхдүүдийн тоо харьцангуй цөөн байгаа учраас холбогдох судалгаанууд бага хийгдэж байгаа болов уу. Над дээр ирсэн хүүхдүүдийн хувьд цөөн тохиолдол нь уушгины хатгалгаа болж хүндэрч байсан. Ихэвчлэн шинж тэмдэггүй, PCR шинжилгээгээр баталгаажаад ирдэг. Эдгээд, гардаг. Нэг их зовуурилж, халуураад байдаггүй. Ганц нэг хоолой өвдөх, хөнгөн халуурах шинж тэмдэг байх нь бий. Гэхдээ хавсарсан суурь өвчтэй хүүхдүүд илүү хүндээр өвчлөх эрсдэлтэй. Миний хувьд дандаа эрүүл, хавсарсан өвчлөлгүй хүүхэд эмчилж байсан.

-Эмчилгээний хувьд насанд хүрэгчидтэй харьцуулахад ялгаатай зүйл бий юу. Одоо гэрээр тусгаарлагдаж байгаа хүмүүс хүүхдэдээ дураар эмчилгээ хийх тохиолдол гарч магадгүй?

-Эмнэлгийн нөхцөлд ДЭМБ-аас зөвшөөрсөн, вирусийн эсрэг дөрвөн эмийг ковид туссан өвчтөнүүдэд хэрэглэж байгаа. Тэдний нэг болох Арбидол нь зургаагаас дээш насны хүүхдэд хэрэглэж болдог. Бусад нь хүүхдэд хэрэглэх заалтгүй. Иймд хүүхдүүдэд ерөнхийдөө дархлаа дэмжих эмчилгээ хийдэг гэсэн үг. Хэрэв уушгины хатгалгаа болж хүндэрвэл хатгалгааны эмчилгээ хийнэ.

-Витамин Д, С-г адилхан өгөх үү?

-Өгнө. Түүнчлэн дархлаа дэмжих бусад бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг.

-Эдгэрэх хугацааны хувьд ямар байдаг вэ?

-Насанд хүрсэн хүнээс ялгаагүй. Хөнгөн хэлбэрээр туссан өвчтөн 10-14 хоногтоо бүрэн эдгээд гардаг, үүнтэй ижил. Уушгины хатгалгаа болж хүндэрсэн бол амьсгалын дутагдалд ороод ирэхээр эмнэлэгт хэвтэх ор хоног нь ихэсдэг.

-ГЭРЭЭР ЭМЧЛҮҮЛЖ БУЙ ИРГЭД ХҮҮХДҮҮДЭЭ ГАРГАЖ ТОГЛУУЛСНААР ЭРСДЭЛ ҮҮСГЭЖ БАЙНА-

-Хүүхдүүд өмнө нь гэр бүлийн хүрээнд халдвар авч байсан бол сүүлийн үед хүүхэд, хүүхдэдээ халдвар тараасан тохиолдол бүртгэгдэх боллоо гэсэн мэдээлэл байсан. Хүүхдүүд гадаа ихээр тоглож буйтай холбоотой байж болох уу?

-Болно. Хүүхэд шинж тэмдэггүй өвчлөх нь их, халдвар авснаа ч мэдэхгүй гадаа тоглож байж мэднэ шүү дээ. Яг 100 хувь эцэг эхийн хяналтгүй үед хүүхдүүд 1 метрээс дотогш зайнд харьцаж, гараа барилцаж, амны хаалтаа авч л байгаа. Ер хүүхэд гэж онцлох зүйлгүй, халдвартай хүн бусдад халдвар тараадагтай л ижил ойлголт гэж харах хэрэгтэй. Халдвар авсан хүн 14 хоног гэртээ тусгаарлагдах ёстой. Одоо сүүлийн үед ихэнх хөнгөн тохиолдлуудыг гэрт нь тусгаарлан эмчилж байгаа. Гэтэл халдвар хамгааллын дэглэм баримтлалгүй, хүүхдүүдээ гадаа гаргаж тоглуулаад эрсдэл бий болгож байна.

-Тэгэхээр эцэг эхчүүдэд хүүхдүүдээ аль болох гадаа гаргаж тоглуулахгүй байгаарай гэж зөвлөвөл хэт өрөөсгөл болох уу?

-Энэ бол хүн бүрийн хариуцлага. Бүгд хариуцлагатай байж гэмээ нь цар тахлын халдварын дэгдэлтийг даван туулна. Насан туршдаа бид ийм циклээр амьдрахгүй шүү дээ. Улс орон даяар хатуу хөл хорио тавьсан үед хаана, хаанаа хариуцлагатай байх ёстой. Иймд хүүхдүүдээ гадаа гаргаж тоглуулах эсэх асуудал дээр эцэг эхчүүд дор дороо бодолтой л хандан хэрэгтэй.

-Хүүхдүүдийн дархлааг дэмжиж, халдвараас сэргийлэх өөр ямар зөвлөмж байж болох вэ?

-Хүн байгалийн дархлааг нойр, хоол, сэтгэл зүй гурваар дамжуулж авдаг. Хүүхэд сэтгэл зүйн хувьд харьцангуй цагаахан шүү дээ. Тэгэхээр зөв хооллуулж, эрт унтуулах хэрэгтэй. 22.00 цаг гээд л унтуулчихдаг байх нь зөв. Ингэхээр дархлааны болон өсөлтийн даавар нь хэвийн ялгарна. Одоо хөл хорионы үед хүүхдүүд маш их дэлгэцийн хараат болж буй. Тэгэхээр аль болох байгалийн гэрэлд тэмүүлж, гэр бүлээрээ дасгал хөдөлгөөн сайн хийх хэрэгтэй.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button