Ярилцлага

СУРАГЧ Э.Билгүүнтөр: Аав, ээжээсээ мөнгө авч болох ч өөрөө хөдөлмөрлөх нь надад үнэ цэнэтэй

Эрдэнэсүхийн Билгүүнтөр. Арванхоёрдугаар ангийн сурагч тэрбээр өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд хүргэлтийн ажил хийж буй юм. Унадаг дугуй унаж, шар хувцас өмссөн түүнтэй та их хотын хаа нэгтээ таарч байсан ч байж мэдэх юм.  Бид энэ удаа түүнийг онцоллоо.

-ААВ ЭЭЖЭЭСЭЭ МӨНГӨ АВЧ БОЛНО Л ДОО. ГЭХДЭЭ БИ ТЭГЭХИЙГ ХҮСЭЭГҮЙ-

Ангийн найзуудтайгаа хамт

-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг Эрдэнэсүхийн Билгүүнтөр гэдэг. 18 настай. 52-р сургуулийн сурагч. Ам бүл дөрвүүлээ. Айлын том хүү. Аав, ээж хоёр маань хүнсний технологич мэргэжилтэй.

-Хүргэлтийн ажилтнаар ажиллаад хэр удаж байгаа вэ?

-Би 2020 оны зун аяллын хөтөч хийж, хэлний мэдлэгээ сайжруулахыг хүсэж байсан. Гэсэн ч коронавирусийн халдварын улмаас гадаадаас жуулчид ирээгүй. Тэгээд л ажил хайсан даа. Сошиалаас “дугуйтай хүргэлтийн ажилтан” авах зар олж хараад анх Ток Ток-д ярилцлагад орж, тэнцсэн.

Анхны ажлын өдөр зургадугаар сарын 30 байсныг маш сайн санаж байна. Маш сонирхолтой өдөр байсан. Их том цүнх үүрчхээд, цүнх нуруу нухаад л. Яахав эхний өдөр хаягаа мэдэхгүй асуудалтай тулгарсан. Одоо бол асуудалгүй ээ.

-Хүргэлтийн ажлын хажуугаар хичээлээ хэрхэн зохицуулж байна вэ?

-Би 2020 оны аравдугаар сар хүртэл ажиллаад ажлаасаа гарсан. Унадаг дугуйгаар өвөл хүргэлт хийхэд хүндрэлтэй байсан юм. Харин өнгөрсөн сарын 5-нд ажилдаа буцаад орсон. Элсэлтийн ерөнхий шалгалт өгч, өндөр оноо авахын тулд сургалтад явах шаардлагатай болсон тул өөрөө хөдөлмөрлөж мөнгө олохоор шийдсэн. Аав ээжээсээ мөнгө авч болно л доо. Гэхдээ би тэгэхийг хүсээгүй. Долоо хоногийн таван өдөр хичээлтэй тул амралтын хоёр өдөр л ажиллаж байгаа.

-Ямар, ямар хичээл элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бэлдэж, сургалтад сууж байгаа вэ?

-Нийгэм, математик, англи хэлний хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бэлдэж байна. Одоо нийгэм болон математикийн хичээлээ давтаж, сургалтад сууж байгаа. Хөл хорио тогтоочихсон байгаа болохоор сургалтууд онлайнаар орж байна.

-Ямар мэргэжлээр, аль сургуульд суралцахаар зорьж байгаа вэ?

-Ямар чиглэлээр сурахаа тодорхой шийдээгүй л байна. Ямартай ч маркетинг, бизнесийн удирдлагын чиглэлээр МУИС-д суралцана. Тэгээд 35 нас хүртлээ л ажиллана. Харин 35 наснаасаа 50 нас хүртлээ сэтгэл зүйчээр ажиллана. Учир нь сэтгэл зүйчээр төгссөн 22 настай залууд асуудлаа ярих хүн байхгүй. Үнэн шүү. Тиймээс 35 хүртлээ мөнгө хуримтлуулж, цуглуулна. Түүнээс хойш мөнгөний төлөө биш, хүний төлөө ажиллана. Угаас хүнтэй сэтгэлийн гүнээсээ ярих их тухтай, дулаахан байдаг.

-Алсдаа сэтгэл зүйч болохыг зорьж байгаа гэлээ. Өөрөө сэтгэл зүйчид хандаж байсан уу?

-Албан ёсоор бол хандаж үзээгүй. Гэхдээ “Discord” чат платформд үүсгэсэн сэтгэл зүйчид болон энэ чиглэлээр сурч буй оюутнуудын өрөөнд орж байсан. Тэгээд нэг сэтгэл зүйчээс сэтгэлзүйн болон энэ мэргэжлийн талаарх зөвлөгөө авсан.

-СҮҮЛИЙН ГУРВАН ЖИЛ ЗУНЫХАА АМРАЛТААР АЖИЛЛАЖ, ЦАЛИНГАА ӨӨРТӨӨ ЗАРЦУУЛЖ БАЙНА-

-Э.Билгүүнтөр өмнө нь ямар, ямар ажил хийж байсан бэ?

-Зуны амралтаа дэмий өнгөрүүлдэггүй ээ. Сүүлийн гурван жил зуныхаа амралтаар ажиллаж, цалингаа өөртөө зарцуулж байна. Анх 2018 оны зун нагац эгчтэйгээ цуг нэг сар уран баримал хийж байсан. Өвөө маань уран барималч хүн л дээ. Нагац эгч маань мэргэжлийг нь өвлөж авсан юм.

Харин үлдсэн хоёр сар нь эмээгийн ажиллуулдаг бэлэг дурсгалын дэлгүүрт ажилласан. Бараагаа гадаадын жуулчдад англиар тайлбарлаж өгдөг байсан. 2019 оны зун мөн л хамаатны ахынхаа эхлүүлсэн нэг төсөлд туслах ажилтнаар нь ажилласан.

-Анхны цалингаа юунд зарцуулж байв?

-Зуны амралтаараа гурван сар ажиллаад 780 мянга төгрөг авч байсан.Цалингаараа гар утас авч байсан ч сарын дараа усанд унагаачихсан. Азгүй байгаа биз. /инээв/

-ЗАРИМ ХҮМҮҮС ТАВАГТАЙ ЧИХЭР ГАРГАЖ ИРЭЭД ӨГДӨГ-

-Хүргэлтийн ажилтан халдвар авах эрсдэлтэй. Өөрийгөө хэрхэн хамгаалж байна вэ?

-Ажлаас амны хаалт, гар ариутгагч, бээлий гээд хамгаалах хэрэгслээр хангадаг. Тэдгээрийг байнга цүнхэндээ авч явдаг. Дугуйтай хүргэлт хийдэг учраас маш их амьсгаадаж, амны хаалт нордог. Тиймээс хүргэлт бүрийн дараа амны хаалтаа сольж, гараа ариутгадаг.

Халдвар гарчихсан байгаа болохоор аав, ээж дурамжхан л байгаа. Гэхдээ өөрөө хөдөлмөрлөх нь надад үнэ цэнтэй.

-Хөл хорионы үеэр хүмүүс ихэвчлэн юу захиалж байна?

-Өмнө нь хоол маш их захиалдаг байсан бол одоо “bubble tea” захиалж байна. Өдөрт ирж байгаа захиалгын ихэнх л нь “bubble tea” байна.

-Дугуйтай хүргэлт хийхийн давуу талаас сонирхуулбал?

-Замын түгжрэлд гацна гэх асуудалгүй, бүтээгдэхүүнээ хурдан хүргэж өгч чаддаг. Мөн бие бялдар хөгжиж, эрүүл мэндэд эерэгээр нөлөөлж байгаа.  

Миний хувьд хүргэлтийн ажил хийж эхэлснээсээ хойш нэг ч удаа хугацаанаасаа хоцроож үзээгүй. Гэхдээ ресторанаас захиалсан хоол нь удаж гарах ч гэдэг юм уу, надаас хамааралгүй хоцролт бол гарч байсан. Шалтгаанаа нь үнэн зөв тайлбарлахад хэрэглэгчид ойлгодог.

-Бүтээгдэхүүнээ хүргэж өгчхөөд эсвэл хүргэж өгөх гээд явж байхдаа дугуйнаасаа унаж байсан уу?

-Саяхан их хүйтэн өдөр дугуйнаасаа унасан юм байна. Тухайн өдрийн хамгийн сүүлийн захиалгаа хүргэж өгчхөөд ажил руугаа явж байхад гэнэт шөрмөс татаад замын голд уначихсан. Азаар машин зам хоосон байсан.

-Хүмүүсийн хандлага, харилцааг анзаарч байгаа л байх. Хүмүүс хүргэлтийн ажилтантай хэрхэн харьцдаг юм байна?

-Надаас 3-4 насаар дүү хүүхдүүд хүргэлтийн ажилтантай муухай харьцдаг юм шиг санагдсан. Мөн 40-50 насныхан хүргэлтийн ажилтныг өөрсдөө хоол хийгээд авчирсан юм шигээр бодож, харьцдаг. Түүнээс бусдаар бол хүмүүсийн хандлага дажгүй ээ. Зарим хүмүүс бүр тавагтай чихэр гаргаж ирээд өгдөг.

-ЖИВХ ХҮРГЭЖ ӨГЧХӨӨД ӨӨРИЙН ЭРХГҮЙ “САЙХАН ХООЛЛООРОЙ” ГЭЭД ХЭЛЧИХСЭН-

-Илүү цагаар ажиллах тохиолдол гардаг уу?

-Гардаг. Захиалгаа хүргэж өгөхийн тулд илүү цагаар ажиллана. Жишээлбэл, 20:00 цагаас буух хуваарьтай байхад 19:30 гээд захиалга ирвэл заавал хүргэж өгч байж бууна. Гэхдээ илүү цаг ажилласан үед нэмэлт цалин боддог.

-Хүргэлт хийгээд явж байхад тохиолдож байсан хөгжилтэй түүхээсээ хуваалцаач?

-Би өнгөрсөн оны долдугаар сард дандаа хоол хүргэсэн юм. Нэг удаа “Хурд” хороолол руу хүүхдийн живх хүргэлээ. Живхээ хүргэж өгчхөөд өөрийн эрхгүй “Сайхан хооллоорой” гээд хэлчихсэн. Гэрийн эзэгтэй өөдөөс инээснээ “чи ч гэсэн сайхан хооллоорой” гэж хэлж билээ. Ийм л нэг дулаахан харилцан яриа тухайн үед болсон. Үүнийг ер мартдаггүй юм.

-Бидний яриа энэ хүрээд өндөрлөж байна. Өсвөр үеийнхэндээ хандаж хэлэх үг байна уу?

-Үнэхээр ажил хиймээр байгаа бол олдсон ажлыг гололгүй хийх хэрэгтэй. Чадахгүй юм шиг санагдаж байвч чи тэндээс ямар нэгэн зүйл сурна. Тиймээс үнэхээр хөгжье, юм хийе л гэж бодож байвал ажил голохгүй, чин сэтгэлээсээ хийгээрэй. Ингэж л хэлмээр байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Золбаяр
Золбаяр
2021-04-22 17:30

Ямар мундаг хүү вэ

Зочин
Зочин
2021-04-22 23:39

Овоодоо. СҮрхий үр

Холбоотой мэдээ

Back to top button