НийгмийнСПОРТСурвалжилга, Нийтлэл

Одоо ч босоо яваа О.Бурмаа гавьяатад олимпын медаль л дутуу

Монгол Улс жүдо, чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс гурван медаль хүртсэн тавхан хүчтэнтэй. Тэдний нэг нь Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Гавьяат тамирчин Очирбатын Бурмаа (бусад нь Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх, З.Ойдов, М.Уранцэцэг, Д.Сумъяа). ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальтай, Азийн аварга тэрбээр Монголын чөлөөт бөхийнхнөөс дэлхийн дэвжээнд үзүүрлэсэн анхны эмэгтэй тамирчин.

Эл спортын хүнд жингийн тамирчдыг сүүлийн 20-иод жил тахалж яваа О.Бурмаа Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, Азийн наадмын хошой хүрэл, Азийн АШТ-ий алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медальтай, улсын 10 удаагийн аварга. Саяхан болсон олимпын эрхийн тэмцээнээс 39 насандаа “Токио-2020” олимпод зодоглох эрх авсан түүнийг энэ удаа онцоллоо.

19 НАСАНДАА ЧӨЛӨӨТ БӨХТЭЙ АМЬДРАЛАА ИНГЭЖ ХОЛБОВ

Их спортоос нэлээд хожим хичээллээд, амжилт гаргасан цөөхөн тамирчдын нэг нь О.Бурмаа. Түүний бага нас “Сэлбэ” зуслантай салшгүй холбоотой. Тэнд хурга ишиг хариулж өссөн. Цөөнгүй аймгийн бөх наадмын бэлтгэлээ Сэлбэд базаана. Хурга ишиг эргүүлж явангаа тэдний бэлтгэлийг харах дуртай байж. Тэр бүхэн түүнийг спортод хорхойтой, дуртай болоход их нөлөөлжээ.

О.Бурмаа гавьяат эхээс наймуулаа. Ах нь түүнээс “Сургуулиа төгсөөд ямар мэргэжилтэй болох вэ” гэхээр нь цагдаа, эмч, эсвэл бөх барилдана гэдэг байсан юм билээ. Түүний чөлөөт бөхөөр хичээллэхийг шүүгч Сэрээтэх их зөвлөсөн гэдэг.

2001 оны Азийн АШТ-ээс Ц.Энхжаргал Гавьяат мөнгөн медаль хүртэн, анхдагч болсныг хүмүүс андахгүй. Тэгэхэд түүний барилдааныг зурагтаар үзээд эмэгтэй хүн чөлөөт бөхөөр барилддагийг О.Бурмаа гавьяат анх мэдсэн гэнэ. Тэгж 19 насандаа Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, ОУХМ Т.Дамбарагчаа нараар чөлөөт бөх заалгаж, эл спорттой амьдралаа холбожээ.

Тэрбээр анхандаа мундаг тамирчин болно, олимп, ДАШТ-ээс медаль хүртэнэ гэж бодоогүй гэдэг. Чөлөөт бөхөөр барилдахад ээж нь дургүйцэн, ах нь эрс эсэргүүцсэн гэнэ лээ. О.Бурмаа гавьяатын дүү мөн чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан. Харамсалтай нь, хөлний бэртлийн улмаас амжилтын төлөө эгчтэйгээ хамт зүтгэж чадаагүй.

ЧӨЛӨӨТ БӨХИЙН ДАШТ-д ҮЗҮҮРЛЭСЭН МОНГОЛЫН АНХНЫ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН

Монгол эмэгтэй хүн чөлөөт бөхийн спортоор барилдан, дэлхийн аваргын төлөө өрсөлдөж чадахыг анх үлгэрлэсэн хүчтэн бол О.Бурмаа гавьяат. Чөлөөт бөхийн ДАШТ-ээс медаль хүртсэн анхны эмэгтэй тамирчин бол Ц.Энхжаргал гавьяат гэдгийг хүмүүс сайн мэднэ. Тэгвэл анхны мөнгөн медалийг О.Бурмаа 2009 онд хүртэн, дэлхийн дэвжээнд үзүүрлэсэн юм. Азийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа үзүүрлээд байсан (2004, 2006, 2008) тэрбээр ДАШТ-ээс анхны медалиа хүртэхдээ шигшээд шалгарсан.

Тэр жил цаг агаарын улмаас хүнд жинд барилддаг зарим эрэгтэй бөх тэмцээнээс хоцрон, барилдаж чадаагүй. ДАШТ-д оролцсон манай бөхчүүд ялагдан, сүүлчийн найдвар болж Б.Одончимэгийн хамт үлдсэн байлаа.

GOLD 72 KG QIN , Xiaoqing (CHN) vs BURMAA, Ochirbat (MGL)

Монгол бөхчүүдийн түрүүч нутаг буцахад тухайн үед МЧБХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Л.Чинбат “Хэн нь ч ярилцлага өгч болохгүй шүү. Би араас чинь очоод албан ёсны тайлбар хийнэ” гэж. Хоёрын хоёр бөх барилдаагүй, медаль хүртэх найдвар дуусаагүй байхад тэгж хэлсэн байгаа юм. О.Бурмаа гавьяат нэлээд гайхан, эвгүйцээд “Дарга аа, бүх зүйл дуусаагүй. Барилдах хүн байгаа шүү дээ” гэж хэлэн барилдаад, маргааш нь ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн түүхтэй. Тэр жил Б.Одончимэг мөн хүрэл медаль хүртсэн. Сүүлчийн найдвар болон үлдээд байсан тэд монгол түмнийхээ итгэлийг амжилтаар хариулж, дэлхийн дэвжээнд Төрийнхөө далбааг мандуулсан юм.

ДЭЛХИЙН АВАРГА Л БОЛОХЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭСЭН ОН ЖИЛҮҮД

Түүнээс хойш О.Бурмаа зөвхөн дэлхийн аварга болох, амжилтаа ахиулахын төлөө барилдсаар өдий хүрсэн. ДАШТ-ээс дахиад хоёр медаль хүртсэн нь чамлах бус чангаас чанга атгах амжилт. Ийм амжилт гаргасан их спортын тамирчин хэд билээ гээд тоолоход хуруу дарам.

Дэлхийн аварга цолонд хамгийн дөхөж очсон тэмцээнүүдээс тэрбээр 2014 оны ДАШТ-ийг дурсах дуртай. Тэрбээр тэр жил шөвгийн наймд жингийнхээ гол өрсөлдөгч, олимпын хошой мөнгөн медальт, дэлхийн таван удаагийн аварга, Болгарын бөх С.Станкатай учраа таарлаа. Түүнд өмнө нь таван удаа өвдөг шороодоод байв. О.Бурмаа өрсөлдөгчөө 2:0-ээр ялагдаж байлаа. Станка байсхийгээд л “Бурмаа, давай, давай” гэж түүний шарыг малтана. Тэрбээр тохиромжтой мөчийг хүлээгээд л байсан. Тэгж байгаад толгойг нь эргүүлж дараад дөрвөн оноо авав.

Энэ тухайгаа О.Бурмаа гавьяат “Дэвжээнээс дөнгөж буугаад шахам дараагийн тойрогт барилдсан. Хамаг хүчээ шавхчихсан байсан би сэргэж ер амжаагүй. Бразилын тамирчин Алине Феррейраг ялна гэдэгтээ ялимгүй бардан, гол өрсөлдөгчөө яллаа гэж арай эрт сэтгэл амарсан нь миний алдаа болсон. Хэрвээ түүнийг ялсан бол өдгөө жиндээ босоо яваа, дэлхийн дөрвөн удаагийн аварга, АНУ-ын Аделине Грэйтэй түрүү булаалдах байв” гэж дурссан юм.

“ТОМ БУРМАА”

Чөлөөт бөхийн ДАШТ-ээс дөрвөн медаль хүртсэн Монголын анхны хүчтэн, Гавьяат тамирчин О.Насанбурмаа, О.Бурмаа гавьяат хоёр адилхан овогтой. Хоёулангийнх нь аавыг Очирбат гэдэг. Тэгээд бас хоёулаа нэг багшийн шавь. Зарим хүн тэднийг хооронд эндүүрч, төрсөн эгч, дүүс гэж андуурдаг юм билээ. Спортын хорхойтнууд түүнийг “Том Бурмаа” гэдэг.

Монголчууд тамирчдынхаа амжилтад ханан, ДАШТ-ий мөнгө, хүрэл медалийг бараг тоохоо байж. Хэчнээн олон удаа Төрийнхөө далбааг дэлхийн дэвжээнд мандуулсан ч дэлхийн аварга болоогүй л бол анхаарлын гадуур үлдэх нь бий. Тиймэрхүү хандлага О.Бурмаа гавьяатыг ч мөн тойроогүй.

ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэхэд нь Хууль зүйн яамнаас хоёр өрөө байр бэлэглэн, Төв аймгийнхан сая төгрөгөөр шагнасан гэнэ лээ. Түүнээс хойшхи амжилтыг нь ер үнэлээгүй. 2013, 2014 оны ДАШТ-ээс хос хүрэл медаль хүртэхэд төдийлөн тоогоогүй, чимээгүй өнгөрсөн юм билээ.  

ЦАГДАА БОЛОХ МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЭВ

Тэрбээр бөх барилдах төдийгүй цагдаа болох мөрөөдлөө биелүүлсэн хүн. Зэвсэгт хүчний “Алдар”, хилийн цэргийн “Хилчин”, Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хороо зэрэг олон сонголт түүнд байсан гэнэ лээ. Багадаа цагдаа болъё гэж боддог байсан тул гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж байгаад 2007 онд “Хүч”-д орж, тамирчин нь болсон юм. Багаасаа мөрөөдсөн ажлаа хийж яваа болохоор их дуртай. Хамт олонтойгоо бужигнан, эргүүлд гарах сайхан О.Бурмаа гавьяатад сайхан байдаг гэнэ лээ.

Х.Тэмүүжин Хууль зүйн сайд байхдаа “Хүч”-ийг татан буулгаж, шагналын цолыг цуцалсан. Тийм тушаал гарахаас өмнө тэрбээр дэслэгч цолтой байсан. “Хүч”-ийг татан буулгаснаас хойш О.Бурмаа гавьяат Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн II хэлтэст алба хааж байна. Үүний сацуу байгууллагаараа “овоглон” барилддаг.

ҮРИЙН ЗУЛАЙ ҮНЭРЛЭН, СПОРТООС ГУРВАН ЖИЛ ХӨНДИЙРӨВ

Түүний хань нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, аймгийн хурц арслан Д.Цэвэлсодном. Тэд хоёулаа тамирчин болохоор нэгнийхээ жаргал, зовлонг илүү сайн ойлгодог  гэнэ лээ. О.Бурмаа гавьяат 2014 онд ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөхдөө “Риогийн олимпын дараа хувийн амьдралдаа анхаарна” гэсэн. Улмаар Риогийн олимпын дараа үрийн зулай үнэрлэн, спортоос түр хөндийрсөн юм.

О.Бурмаа гавьяат энэ тухай “Өө, нэг их айхтар төлөвлөн, одоо хүүхэдтэй болъё гээгүй ээ. Хувь заяаны тохиолоор л ээж болсон. Амжилтын төлөө зүтгэн, бүх анхаарлаа бэлтгэл, тэмцээнд хандуулан, хувийн амьдралаа хойш нь тавьж явсаар байтал нэг мэдэх нь ээ нас 30 гарчихсан байв. Ойр дотнынхон минь “Төрөх оройтлоо” гэж сануулах болсон.

Спорт залуу насны ажил. Нөгөө талаар хэр баргийн тамирчин дунджаар 10 жил хичээллэж байж амжилтын үзүүрээс атгадаг. Дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх хэмжээнд хүрч, тогтмол амжилт гаргахад дахиад олон жил шаардлагатай. Энэ мэт шалтгаанаар эмэгтэй тамирчид ихэвчлэн 30 гаруй насандаа үрийн зулай үнэрлэдэг. Би ч бас тэглээ. Ээж болоход үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрдөг юм билээ. Хүүхдээ анх тэврэхдээ өөрийн эрхгүй уйлсан. Төрөхөд үнэхээр аймар өвддөг юм байна. Тамирчин болохоор бусдаас тэсвэр, хатуужилтай байх болов уу гэж өөрийгөө бодсон. Гэтэл андуурсан байна лээ” гэсэн юм.

ГУРВАН ЖИЛИЙН ДАРАА ДЭВЖЭНДЭЭ ЭРГЭН ИРГЭЭД ШУУГИУЛСАН НЬ

Түүнтэй 2019 оны нэгдүгээр уулзахад “Надад олимпоос бусад бүх тэмцээний медаль бий. Түүнийгээ 2024 оны олимпод гүйцээнэ гэвэл худлаа ярьсан болно. Үнэндээ Токиогийн олимпын талаар бодсон юм алга. Чамайг асуухаар чинь “Нээрэн юу билээ” гэж бодож сууна” гэж байв.

2016 оны дөрөвдүгээр сард болсон олимпын эрхийн тэмцээнд оролцсоноосоо хойш ганц ч барилдаагүй, бэлтгэл хийгээгүй явсан үе. Риогийн олимпын дараа үрийн зулай үнэрлэн, спортоос түр хөндийрчихсөн явсан юм л даа. Дэлхийн энтэй хүчтэнг дэвжээндээ эргэн ирэх эсвэл зодог тайлах эсэх нь олны анхаарлыг ихээхэн татаж байв. 2019 он гарчихаад байхад “Токио-2020” олимпын талаар ер бодоогүй суусан нь спортын хорхойтнуудыг багагүй эргэлзүүлсэн юм.

Гурван жилийн дараа дэвжээндээ эргэн ирээд, дутуугаа гүйцээхийн төлөө дахиад зүтгэсэн О.Бурмаа гавьяат ердөө гуравхан сарын дараа болсон “Mongolia open”-д түрүүлж, ясны бөх гэдгээ баталсан. Түүгээр ч үл барам дараа нь “Байгаль опен”-оос алтан медаль авч, тэр жилийнхээ УАШТ-ээс ес дэх түрүүгээ хүртэн, ДАШТ-д өрсөлдөх эрх өвөртлөв. Бүхэл бүтэн гурван жилийн дараа дэвжээндээ эргэн ирээд, 37 насандаа дахин шуугиулна гэдэг үнэхээр амаргүй. Яах аргагүй их авьяастай, ур чадвартай, ясны бөхийн л гаргах амжилт, чадах зүйл.

2019 оны эхэнд дахин барилдах эсэхээ шийдээгүй, эргэлзэж суусан О.Бурмаа гавьяат ДАШТ-д зодоглохдоо 2018 оны Азийн наадмын аварга, БНХАУ-ын бөх Киан Жоуд 5:2-оор дийлдсэн. Медалийн өнгөөр хэмжиж, үнэлэхийн аргагүй түүний амжилт олон бөхөд үлгэрлэсэн билээ.

О.БУРМАА ГАВЬЯАТ УЛСЫНХАА ДЭВЖЭЭНД ОДОО Ч БОСОО ХЭВЭЭР

Өдгөө 29 настай О.Бурмаа гавьяат улсынхаа дэвжээнд одоо ч босоо хэвээр. Тэрбээр дэвжээндээ эргэн ирснээсээ хойш УАШТ-д өвдөг шороодоогүй. 2019 онд шигшээд Г.Наранчимэгийг, өнгөрсөн жил ДАШТ-ий хүрэл медальт, улсын 11 удаагийн аварга Б.Одончимэгийг ялж, түрүүлэв.

Улмаар 2020 онд улсын аваргаас 10 дахь түрүүгээ хүртсэнээр хэдхэн хоногийн өмнө Казахстанд болсон Токиогийн олимпын эрх олгох тэмцээнд зодоглох эрх өвөртөлсөн юм.

39 НАСАНДАА ГУРАВ ДАХЬ ОЛИМПДОО ЗОДОГЛОХ ЭРХ АВАВ

Өнөө жил Казахстаны дэвжээнээс олимпын эрх авсан Монголын таван тамирчны нэг нь О.Бурмаа гавьяат байлаа. 39 настай тэрбээр тус тэмцээнээс мөнгөн медаль хүртэн, Токиогийн олимпын эрх өвөртөлсөн юм.

Олимпийн эрхийн тэмцээнд БНСУ-ын бөхийг ялсан барилдаан

Чөлөөт бөхийн олимпын эрхийн тухайн тамирчинд бус улсад нь олгодог. Тэгэхээр хэдийгээр эмэгтэйчүүдийн 76 кг-д О.Бурмаа гавьяат олимпын эрх авсан “Токио-2020”-ийн дэвжээнд хэнийг барилдуулахаа Монголын чөлөөт бөхийн холбоо шийднэ.

4 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Барагцаагаар О.Бурмаа гавьяатыг сойх магадлал өндөр. Учир нь тэрбээр УАШТ-д сүүлийн хоёр жил дараалан түрүүлэн, олимпын эрх авсан нь түүнийг сонгоход нэлээд жин дарах нь тодорхой. Тэрбээр 2004, 2012 оны олимпод зодоглосон туршлагатай.

UWW ТҮҮНИЙГ ОНЦЛОВ

39 насандаа гурав дахь олимпдоо оролцох эрх авсан түүнийг дэлхий даяар ихэд сонирхов. Огт бэлтгэл хийхгүй, барилдахгүй байж байгаад гурван жилийн дараа дэвжээндээ эрээд ингэж шуугиулж яваа нь олны анхаарлыг ихээхэн татаж байна. Казахстаны дэвжээнээс олимпын эрх авахад нь Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо буюу UWW О.Бурмаа гавьяатын барилдааныг ингэж онцолсон юм.

Ийм нэгэн эгэл бус амжилтын эзэн хэрнээ эгэл даруухан нэгэн бидний дунд амьдарч явна. Одоо түүнд олимпын медаль л дутуу байгаа. Дэвжээндээ эргэн ирсэн зорилго нь тодорхой. Түүний сүүлчийн дайралт нь “Токио-2020” олимп. Дутуугаа гүйцээн, дундуураа дүүргэхийг О.Бурмаа гавьяатад ерөөе, өндөр амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-23 09:43

Mundag. Amjilt husye

Zochin
Zochin
2021-04-24 08:34

Amjilt hvsie! Sain boh ymdaa.olimpoos medali avna gej huleeye!

Жамсран
Жамсран
2021-08-01 03:06

Амжилт хүсье !

Холбоотой мэдээ

Back to top button