Нийгмийн

Мутацид орсон вируст ямар вакцин үр дүнтэй вэ

Засгийн газар өчигдөр хуралдаж, хатуу хөл хориог дахин 14 хоногоор сунгах шийдвэр гарсан. Шийдвэрийг танилцуулах үеэрээ коронавирусийн шинэ хувилбар гарсан байж болзошгүйг хэлсэн юм.

Эргэн сануулбал, PCR-т суурилан мутацид орсон хувилбарыг илрүүлэх шинжилгээнд 33 сорьцыг хамруулахад Турк улсаас ирсэн гурван иргэнд “UK variant” буюу Британи хувилбар байна гэж гарсан. Эдгээр иргэд нь Турк улсаас ирээд 10 гаруй хонож буй бөгөөд одоо ХӨСҮТ-д эмчлүүлж буй аж.

Мөн хүн амын дундаас түүврийн аргаар шинжилгээ авахад хоёр иргэнээс мутацид орсон вирус илэрчээ. Тухайн хоёр иргэн нь нэг гэр бүлийн хүмүүс юм байна.

Хариуг баталгаажуулахаар энэ оны хоёр, гурав, дөрөвдүгээр сард бүртгэгдсэн тохиолдлуудын сорьцыг Япон, Солонгос руу явуулсан байна. Хариу хараахан ирээгүй бөгөөд хэрэв мутацид орсон вирус илэрч, батлагдвал тухайн үед нь эрүүл мэндийн яамнаас мэдээлнэ гэсэн юм.

Мутацид орсон хувилбарт вакцин үр дүнтэй юу?

Манай улс хүн амаа дархлаажуулж буй АстраЗенека, Синофарм, Спутник V, Pfizer-BioNTech вакцинууд урьдчилсан байдлаар илрээд буй Их Британи хувилбарт үр дүнтэй юу. Бид энэ асуултад хариулт хайлаа.

Британи, Бразил, Өмнөд Африкийн хувилбарууд нь бусад хувилбаруудаасаа илүү хор хөнөөлтэй байж магадгүй хэмээн судлаачид үзэж байна. Герман, Их Британи, Израйль, ОХУ, БНХАУ болон АНУ-д хийгдсэн судалгаагаар “COVID-19”-ийн вакцинууд, тэр дундаа Монгол Улсын дархлаажуулалтын хөтөлбөрт ашиглагдаж буй дөрвөн вакцин “B.1.1.7” буюу “501Y.V1” мутацийн эсрэг үр дүнгүй гэх нэг ч дүгнэлт хийгдээгүй.

Израиль улсад хийгдсэн судалгааны үр дүнд “Pfizer/BioNTech” вакцины хоёр тунд хамрагдсан хүмүүст Их Британийн “501Y.V1” мутацийн эсрэг хангалттай хамгаалалт үүсгэж байна гэх сайн үр дүн үзүүлсэн бол Зимбабвед хийсэн судалгаагаар Хятадын “Sinopharm” вакцин нь Их Британийн мутациас салбарласан Өмнөд Африкийн илүү аюултай мутацилагдсан хувилбаруудаас хамгаалах үр дүнтэй гэх судалгаа гараад байгаа юм.

Харин “Sputnik-V” вакцины мутацилагдсан хувилбаруудын эсрэг үр нөлөөг тодорхойлох судалгаанууд үргэлжилж байна.

Түүнчлэн хараахан батлагдаагүй байгаа Новавакс, Жансен нэртэй вакцинууд зарим хувилбараас хамгаалах боломжтой гэсэн байна.

Шинэ хувилбарууд илүү аюултай юу?

Шинэ хувилбарууд анхны хувилбарын адил өндөр настай эсвэл эрүүл мэндийн суурь өвчтэй хүмүүст өндөр эрсдэлтэй аж. Британи хувилбарын тархалтын хурд их, хүндрэх магадлал өндөр байж магадгүй хэмээн зарим судлаачид үзэж байгаа юм.

Иймд та бүхэн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд гараа тогтмол угааж, зайгаа барьж, маскаа зүүгээрэй.

Эх сурвалж: bbc.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-04-24 16:18

Манайхан юмыг нуух дуртай. Тэгээд аргагүй үнэнд гүйцэгдээд ирэхээрээ илчлэх юм. Энэ бол аюултай.

Холбоотой мэдээ

Back to top button