Нийгмийн

ХӨНДӨХ СЭДЭВ: “Хоригдсон” иргэд гудамжнаас биш гэрээсээ эрүүлжүүлэгдэж, хүчирхийлэгчид “галзуурч” байна

Гэр бүл амар амгалан, аз жаргалтай байхын хэрээр бидний амьдарч буй нийгэм тогтвортой, төдий хэрээр хөгжин цэцэглэж байдаг. Өөрөөр хэлбэл айл бүрийн аз жаргал, баяр гуниг тухайн нийгмийнхээ өнгийг тодорхойлж байдаг гэхэд болно. Гэтэл манай улсад жил ирэх тусам гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн архидалт нэмэгдэж, нөхцөл байдал дордсоор. Ялангуяа жил дамнасан коронавирусийн хямрал, хөл хорио, ажилгүйдэл нь айл өрх бүрийг "намагт шигдүүлж” , цаашлаад амийг нь авсаар байна. Эрх чөлөө, санхүүгээ боомилуулсан иргэд сэтгэл санаагаар унахын хэрээр архинд автаж, цоожтой хаалганы цаана үйлдэгдэх хүчирхийллийн тоо, түүний хохирол улам бүр даамжирсаар байна.

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс нийслэл Улаанбаатар хотод хатуу хөл хориог тогтоосон. Мэдээж урьдын л адил аж ахуй нэгж, үйлчилгээнүүдийг хааж, иргэдийн хөлийг хорьсноор ил бүртгэгдэх гэмт хэргийн тоо буурсан. Гэвч ил тоо буурахын хэрээр олны нүднээс далд, хаалттай хаалганы цаана үйлдэгдэх гэмт хэрэг нэмэгддэг нь бичигдээгүй хууль гэлтэй. Хэчнээн хүүхэд, эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийллийн золиос болж, өдөр хоногийг өнгөрүүлж буйг бурхан ч таашгүй.

Өдөрт таван эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг гэх гашуун судалгаа хүртэл бий. Ялангуяа хорио цээрийн дэглэмтэй эдгээр өдрүүдэд ахуйн хүрээний архидалтаас үүдэлтэй гэр бүлийн хүчирхийллийг анзаарахгүй өнгөрөхийн аргагүй.

Хэдийгээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон ч, шагийн архинаас улбаатай зөрчлүүд цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байдаг. Үүнийгээ дагаад гэр бүлийн хүчирхийлэл, согтуугаар машин жолоодох, эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн тоо нэмэгдсээр байна.

-ХӨЛ ХОРИОНЫ 20 ХОНОГТ ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ХОЁР ХУВИАР ӨССӨН-

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөн

-Гэр бүлийн хүчирхийлэл нь хувь хүн болон нийгмийн амьдралаас шууд шалтгаалдаг. Үүнд архидалт, ядуурал, ажилгүйдэл тодорхой хэмжээгээр нөлөөлж байдаг. Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 10-наас хойш цагдаагийн байгууллагад 15811 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үүний 344 нь гэмт хэргийн шинжтэй, 9212 нь зөрчлийн шинжтэй дуудлага байсан. Гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээллээс хулгайн 54, эрүүлжүүлэгдсэн 2042, гэр бүлийн хүчирхийллийн 1889, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 547 зөрчил бүртгэгдсэн. Хөл хорио тогтоохоос өмнөх 19 хоногтой дээрх тоог харьцуулахад, нийт дуудлага мэдээлэл 29 хувь, гэмт хэргийн дуудлага 34 хувь, хулгайлах гэмт хэрэг 60 хувь, зөрчлийн дуудлага мэдээлэл 7 хувь, эрүүлжүүлэгдсэн хүн 26 хувь, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үзүүлэлт 22 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өмнөх 19 хоногтой харьцуулбал, 43 дуудлага буюу 2 хувиар өссөн үзүүлэлттэй.

Зөрчлийн шинжтэй дуудлага 9212 бүртгэгдсэний 20 хувь нь ахуйн хүрээнд архидан согтуурсан, хүчирхийлэл үйлдсэн  дуудлага юм. Эрүүлжүүлэгдсэн дуудлага мэдээлэл нь өөрөө ахуйн хүрээний архидалттай холбоотой. Тэгэхээр 2042 хүн эрүүлжүүлэгдсэн нь ахуйн хүрээнээс л ирсэн гэсэн үг. Гудамж талбайд архидан согтуурсан хүн байхгүй” гэв.

-НТТТ: ХӨЛ ХОРИОНД АХУЙН ХҮРЭЭНИЙ АРХИДАЛТ, ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ДУУДЛАГА ЭРС НЭМЭГДСЭН-

Харин НТТТ-ийн дэд захирал С.Ариунболд: “Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 10-наас 25-ныг хүртэлх 15 хоногийн хөл хорионы хугацаанд НТТТ-д ирэх дуудлага 25 хувь нэмэгдсэн.

Яагаад дуудлагын тоо нэмэгдсэн бэ гэхээр хөл хориотой холбоотой ахуйн хүрээний архидалт, түүнийг дагасан гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдсэнтэй холбоотой.

Мөн осол, гэмтэлтэй холбоотой дуудлага 13 хувь нэмэгдсэн. Зам тээврийн биш, ахуйн, мөн дугуй, скүүтер, ролькноос унасан гэх дуудлагууд гэсэн үг юм. Тухайн өдрүүдэд явган хүний хөдөлгөөн нээлттэй, дээр нь цаг агаар дулаан байсантай холбоотой иргэд дугуй, скүүтэр унах нь ихэссэн шүү дээ. Тиймээс тэдгээр хүмүүс хоорондоо мөргөлдөх, унах зэргээр бэртсэн дуудлагууд их орж ирсэн. Мөн ахуйн хүрээний архидалтын дуудлага нэлээд нэмэгдсэн. Жирийн өдрүүдэд нийт дуудлагын 8 орчим хувийг архидалттай холбоотой дуудлага эзэлдэг байсан бол хөл хорионы хугацаанд энэ тоо буураагүй. Логикоор бодоход архи, дарсыг хорьсон үед уг нь дуудлага багасах ёстой байсан. Гэвч огт буураагүй.

Хөл хорио нэмэгдсэн үед ахуйн архидалт нэмэгддэг.

Эсрэгээрээ ресторан, баар үйл ажиллагаа зогсоосонтой холбоотой гадуурх дуудлага нь багасчихдаг. Мөн зам тээврийн осол, гэмтэлтэй холбоотой дуудлага эрс багассан. Гэвч болгоомжгүйгээс автомашинаа ухраах үедээ хүүхдээ дайрсан, мөргөсөн гэх дуудлагууд ирсэн. Харин дөрөвдүгээр сарын 25-наас хойшхи өдрүүдэд хөл хориогоор цаг агаарын нөхцөл байдал, дээр нь хорио чангарсантай холбоотойгоор дугуй, скүүтерээс унаж бэртэх дуудлага эрс багассан. Архитай холбоотой дуудлага ч мөн багассан. Харин ходоод гэдэсний үрэвсэлтэй холбоотой дуудлагууд нэмэгдэх хандлагатай байна. Мөн угаартсан гэх дуудлагууд тогтмол бүртгэгдсээр байгаа. Вакцины сөрөг урвалтай холбоотой дуудлагууд бас орж ирж байна. Гэвч нас баралт бүртгэгдээгүй. Эмнэлгийн байгууллага өөрөө коронавирусийн голомт болох эрсдэлтэй тул эмнэлэг чиглэсэн хөдөлгөөнийг бууруулахыг л хэлмээр байна” гэв.

-СЭМҮТ: 620 ХҮН ХОЛБОГДОЖ, СЭТГЭЛЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ АВСАН-

"СЭМҮТ-ийн 1800-2000 хэмээх тусгай дугаарын утсанд өнгөрөгч 19 хоногийн хугацаад 620 орчим иргэн холбогдож, зөвлөгөө мэдээлэл авчээ.

Тодруулбал хоногт дунджаар 40 орчим иргэн холбогдсон байна. Тухайн дуудлагуудаас сэтгэцийн тулгамдсан асуудлын дуудлага зонхилж байжээ.

Үүнийг задалбал, сэтгэл түгшил, нойргүйдэл, гэр бүлийн асуудал, дэлгэцийн хэтрүүлэн хэрэглээ зэргүүд нь байна. Мөн бусад асуудлаар зөвлөгөө мэдээллийг хүссэн байна.

-ХӨЛ ХОРИОНЫ ӨДРҮҮДЭД ХОНОГТ ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН 100-150 ДУУДЛАГА БҮРТГЭГДЭЖ БАЙНА-

Гэр бүлийн хүчирхийллийн талаар ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Э.Баярбаясгалан:

“Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 100-150 дуудлага, мэдээлэл хоногт бүртгэгдэж байна. Ялангуяа хөл хорионы эхний өдөр /2021.04.10/ гэр бүлийн хүчирхийллийн 182 дуудлага ирүүлсэн. Түүнээс хойш өдөрт 100-150 дуудлага ирж байгаа. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн нийт хэргийн 60 орчим хувь нь тухайн хүн эрүүл байхад болсон байдаг.

Ажилгүйдэл, архидалт, ядуурал зэрэг нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлнө.

Үүнд гэр бүлийн суурь хүмүүжил ч мөн нөлөөлнө. Эрх мэдлийн хүчтэй, хүчгүй харилцаанаас хүчирхийлэл үйлдэгддэг гэж хэлж болно” гэв.

ДҮГНЭЭД ХЭЛЭХЭД:

Коронавирусийн цар тахлаас үүдэлтэй жил дамнасан хөл хорионоос болж ажилгүйдэл үүрлэж, түүнийг тойрсон сэтгэлзүйн асуудал, гэр бүлийн хүчирхийлэл гаарч, гэмт хэрэгтний тоог нэмэгдүүлж байна. Хөл хорио үнэндээ ил байсан гэмт хэргийг далд хэлбэр рүү шилжүүлж, хохирогчдийг улам том асуудал руу чирсээр байгаа гэхэд болно. Төр засаг дан ганц ковид бус ковидоос ч аюултай хэмжээнд хүрсэн иргэдийнхээ сэтгэлзүй, ажилгүйдэл, хүчирхийллийн гэмт хэргийг бууруулахад дорвитой хөдлөх хэрэгтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
irgen
irgen
2021-04-30 08:19

honogt 100-150 duudlaga geheer ard ni org tsagdaad hanaagui hed bgg bol mongoliin erchuud yagaad iim sadist bolood bna

Зочин
Зочин
2021-04-30 19:42

Хүчирхийлэл гэдэг бизнес түүнээс гарах ашиг нь их болохоор хүчирхийлэлийг байнга өссөнөөр тайлбарлаад байгаа юм

Цэнд
Цэнд
2021-05-01 08:29

Хөл хориогүй бсан ч л гардаг ш дээ. Хэдэн уух бсан архийг гэртээ орж ирээд л уулаа, тэгээд тэндээ бүртгүүлэхээр өссөн л харагдана шүү дээ !

Холбоотой мэдээ

Back to top button