УЛС ТӨР

Улсынхаа дээр гарч суучихаад “УРЖ ТАСДААД БАЙ”, та хэд минь

БҮГДЭЭРЭЭ Л НЭГ “ГОЁ” ЮМ ЯРЬСАН УЛС

Бүгдээрээ л нэг “гоё” юм ярьсан улс. Масст алга ташуулах сэдэв хаа байна, тэнд давхиад очно.

Хотын дарга С.Амарсайхан албан ажлаа авснаас хойш хичнээн газар эзэмших эрх цуцалж, барилга барих зөвшөөрлийг тас цохив. “Хууль зөрчсөн” гэж газар нь ажиллаж, дүгнээд л шууд шийдвэрээ гаргаж байгаа юм. Хууль зөрчсөнийг уг нь шүүхээр тогтоодог эрх зүйт төртэй билээ, бид. Шийдвэр бүрийн ард ажил олгогч, баялаг бүтээгч ААН-ийн аргаа барьсан үрчийсэн царай хоцорч байгаа.  Дарга нар түүнийг юман чинээ үл тооно.

С.Амарсайханы энэ поп, массаас айдаг имижээс нь бизнес эрхлэгчид нь бүр айчихсан. Бүх зөвшөөрлөө хууль ёсны дагуу аваад, барилгаа барьж буй ААН хүртэл “Ээ, хэдэн хүн гомдол гаргаад, С.Амарсайхан хүрч ирээд зөвшөөрөл цуцалчихвал яах юм” гэж мөнхийн айгаастай. Учир нь тэд барилгад зээлийн хөрөнгөөр асар их мөнгөө оруулаад эхэлчихсэн. Тап гээд зогсоовол тас гэдэргээ савна гэсэн үг.

Саяхан ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ иргэдийг сонсох 11 11 төвд ажиллалаа. Зундаа бүр нэг ард түмэндээ ойр харагдахгүй бол мартагдах гээд байсан юм шиг байгаа юм. Тэр ажлаа аваад хичнээн удав. Одоо л 11 11 төвөө санав. Микорофоны өмнө бол Харвардын боловсролтой залуугийн амнаас дандаа л “Баялгийн тэгш бус хуваарлилт” гэсэн үг  байнга унаастай.

Хөшигний ард бол өөр.  Хавар “Эрдэнэт”  үйлдвэр лүү тоос манаадуулаад л, тусгай хамгаалалтан доор давхиж очоод, баахан өрөө лацадлаа. Шалгалт явууллаа. Нийтдээ 200 гаруй хуудас дүгнэлт. Тэндээс нь иш татаад “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн жил гаруй хугацаанд 1 тэрбум гаруй төгрөгөөр бэлэг авч гар угаасан, 4.7 тэрбумаар Зайсанд үнэтэй хаус авсан баримтыг сөхөж бичлээ. Л.Оюун-Эрдэнэ шалгалтын материалд тийм баримт орсныг ч мэдээгүй явсан гэх. Тэр олигархиудыг ингэж шалгадаг. Зорилготой “намнах” хүмүүсийнхээ асуудлыг л хардаг.

…ПОП УЛС ТӨРЧДИЙНХӨӨ АЧААР БАРАГ Л МАРТАХ ЮМ ШИГ БАЙНА, ЭНЭ ЯНЗААРАА БОЛ…

Өнөөгийн УИХ-ын дарга Г.Занданшатар шинэ жилээр Салхитын мөнгөний ордыг төрд авах гэнэтийн бэлгийг ард түмэндээ задалсан. Бас л ажиллагаа явуулж, тусгай үүргийнхэн сүр дуулиантайгаар ажиллав. Ард түмэн алгаа нижигнэтэл ташсан. Одоо Салхитын мөнгөний ордоо тэд ор тас мартсан. Ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, төсөвт орлого төвлөрөөгүй. Эзгүй тал дээрх эвдэрсэн хашаатай нэг орд л үлдлээ.

Өчигдөр Ерөнхий сайдын өгсөн чиглэлээр Б.Чойжилсүрэн гишүүнд хамаарах Тосон бумбын нуруун дахь лицензийг цуцаллаа. Ард түмэн жинхэнэ утгаараа алга ташлаа. Хөшигний ард баахан мөнгө нэхсэн салбарын минь хүний асуудал яригдаж, талийгч Т.Лхагвасүмбэрэлийн нас барсан асуудлаар хүртэл улс төр хийж, “хүн чанаргүйдэв”. Эцэст нь энэ сэдвийг Ерөнхий сайд өөртөө алга ташуулах хэрэгсэл болгон ашиглав.

ААН хууль зөрчсөн байж болно. Давуу эрх эдэлсэн байж мэднэ. Тэгвэл шүүхээр л тогтоолго. Шүүхийн өмнөөс төр төлөөлөгчид шийдвэр гаргаж, шоуддагаа л болих хэрэгтэй байна. Ийм буруу дэвсгэр дээр нийгмийн уур амьсгалыг бэхжүүллээ гээд  ард түмэн үнэгүй талх идэхгүй.

Эсрэгээрээ нийгмээ, эдийн засгаа чирэгч хэдэн ААН-үүд нь зүрхгүй болж, томчууд нь томрохын хэрээр дунд шатны дарга нарын авлигын сүлжээ улам төгөлдөржинө. Хэдий болтол ТӨР гэдэг гурван үгний өмнө ААН-үүд тань алгаа хавсарч, ажилтнуудынхаа цалинг авлига болгон өгөх юм. Улсынхаа дээр суусан томчууд нь ААН-үүдийг попролынхоо цэг болгож, сөхрүүлээд байдаг буруу жишгийг бид үргэлж алга ташсаар дэмжих үү.

Ямар ч асуудалд туйлын зөв, туйлын буруу гэж байдаг уу. Тэгээд ч хууль зөрчсөн эсэхийг УЛСТӨРЧИД тогтоодоггүй, ШҮҮХ шийддэг. Уг зарчмаа бид поп улс төрчдийнхөө ачаар бараг л мартах юм шиг байна, энэ янзаараа бол.

Ж.МЯДАГБАДАМ

Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

  1. Шүүх чинь Элбэгдорж авилгалын шүүх болгон өөрчилчихсөн. Шүүхээр далайлгаж та нар цаг хожиж баахан сүйтгэсэн. Одоо болно. Хүрэлсүх эрх мэдлийнхээ хүрээнд хуулийн дагуу цуцалсан.

  2. Чимээгүйхэн азнахаар нь юу ч хийсэнгүй цавчсангүй, ам ажил нь зөрлөө! гэж орилолдох, хийхлээр нь урж тастлаа, захиргаадалтанд орлоо, алуурчин нам гээд л орилолдох!
    Энэ хүмүүс үнэндээ муухай амьтад юм доо!
    Шал балай юмнууд, өөрсдөө юу ч хийж чадахгүй хэвтэж!

  3. Бурууд хатуу Зөвд зөөлөн гэх ухаанаар л хандах байх даа,, Та яг юуг зөвтгөх гээд *хорон санаа агуулаад бна, Шүүх , Мядагбадам та 2 нэг зоосны 2 тал уу,

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close