ДЭЛХИЙ

ТАНИЛЦ: Бага насандаа коллеж, их сургууль төгссөн гоц сурагчид

Ихэнх сурагчид 18 настайдаа ахлах сургуулиа төгсөөд их сургууль, коллежид элсэж ордог. Гэхдээ зарим сурагчид нэг анги дэвшин, 17 эсвэл 16 настай үедээ их сургуульд орсон тохиолдол ч байдаг билээ. Тэгвэл энэхүү нийтлэлээр бид өсвөр нас нь дөнгөж эхэлж байсан буюу 10 гаруй настай байх үедээ коллежид элсэн орж, эрдмийн зэргүүдээ маш эрт авсан  хүмүүс танилцах болно.

Майкл Керни

Майкл Керни арван настайдаа буюу 1994 онд Өмнөд Алабамагийн их сургуулиас антропологийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан байна. Майкл түүхэн дэх хамгийн залуу коллеж төгсөгч болж, Гиннесийн номд оржээ. Тэрбээр Хавай мужийн Хонолулу хотод төрсөн бөгөөд түүнийг ээж нь гэрээр сургасан байна. Майкл ADHD буюу анхаарлын хомсдол, хэт хөдөлгөөний эмгэгтэй гэж оношлогдсон ч тэрбээр арван настайдаа уншиж сурчээ. Мөн ахлах сургуулийн боловсролоо нэг жилд дүүргэсэн бөгөөд одоо нэг бакалавр, хоёр магистрын зэрэг эзэмшдэг байна.

Майкл хэлэхдээ “Ихэнх хүмүүс зургаан настайдаа сургуульд ороод 22 эсвэл 23 настайдаа төгсдөг. Бусад хүмүүс сургуульд сурж байх үед би коллежид цагаа өнгөрөөдөг байсан” хэмээжээ.Тэрбээр машин барих эрхтэй болохоосоо өмнө коллежид хичээл зааж эхэлсэн юм.

Моше Кай Кавалин

Моше Кай Кавалин 2008 онд, арван настайдаа Баруун Лос Анжелесийн коллежид математик хоёр дахь жилдээ судалж байжээ. Тухайн үедээ түүний дүнгийн голч A+ байсан аж. Моше “UCLA”-д элсэн орж 15 настайдаа математикийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалжээ.Тэрбээр эхэндээ астрофизикч болохыг хүсдэг байсан ч дараагаар нь компьютерын шинжлэх ухаанд сонирхолтой гэдгээ илрүүлсэн байна. 2015 онд Моше Брандеис их сургуулийн цахим аюулгүй байдлын онлайн сургалтад сууж эхэлсэн аж. Гэвч тэрбээр цахим аюулгүй байдлыг судлахаас түр завсарлаж НАСА-д ажилласан байна.

Алиа Сабур

Алиа Сабур найман сартай байхдаа уншиж сурсан байна. Тэрбээр бага сургуулиа таван настайд байхдаа төгсөж аравтайдаа Стони Брук их сургуульд элсэн орж суралцан хэрэглээний математикийн зэрэгтэй болжээ. Сабур 17 настайдаа инженерчлэл болон материаллаг шинжлэх ухааны чиглэлээр магистр хамгаалсан байна.

Тэрбээр 19 нас хүрэхээсээ өмнө дэлхийн хамгийн залуу профессор болсон юм. Өмнө нь дэлхийн хамгийн залуу профессорын рекордыг Шотланд гаралтай математикч, Исак Ньютоны шавь Колин Маклавр 300 гаруй жилийн турш эзэмшсэн байна.

Шо Яано

Шо Яано дэлхийн дээрх хамгийн өндөр IQ-тэй хүмүүсийн нэг. Түүний IQ 200 бөгөөд хоёр настайдаа уншиж, гуравтайдаа бичиж сурсан аж. Тэрбээр бага байхдаа Мирман сургуульд суралцдаг байжээ. Найман настайдаа Коллежийн элсэлтийн шалгалтад 1600-с 1500 оноо авсан аж. Есөн настай байхдаа Чикаго хот дахь Лойола их сургууль элсэн орж 12 настайдаа ангийнхаа шилдэг сурагчдын нэг болж төгссөн байна.

Үүний дараа тэрбээр Притзкерийн анагаах ухааны сургуульд элсэн орж, тэндээс 2009 онд буюу 18 настайдаа молекул генетикийн чиглэлээр докторын зэрэг хүлээн авсан аж. Тэрбээр 21 настайдаа Анагаах ухааны докторын зэрэг авч, дэлхийн хоёр дахь хамгийн залуу АУ-ны доктор болжээ.

Эх сурвалж: Insider, New York Times, Chicago Tribune, Irish Times

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button