УЛС ТӨР

У.Хүрэлсүхийн захиалга “Хатуу самар” уу, “Зөөлөн зууш” уу

Хоёр АН-ын хэнийх нь нэр дэвшигчийг СЕХ бүртгэх вэ гэдэг нь улстөрийн хүрээнд гол анхаарал татаж байна. Угтаа бол У.Хүрэлсүх хэнийг нь өрсөлдөгчөөрөө сонгох вэ гэдэг л асуулт юм. Шуудхан хэлэхэд У.Хүрэлсүхийн хувьд Н.Алтанхуяг “хатуу самар”, С.Эрдэнэ “зөөлөн зууш”. Ямартай ч тоглоомын дүрмийг МАН зохиож буй. Тэр ч зохиолоор өдий хүрч ирлээ. Гэтэл АН доторх зохиол ч тааварлашгүйгээр өрнөв.

-Н.АЛТАНХУЯГ БҮЛЭГТ ОРСОН НЬ АЛДАА ЮУ-

Өчигдөр гэхэд л АН-ыг УИХ-д төлөөлж буй 11 гишүүн Н.Алтанхуягийг дэмжиж бүлэгтээ элсүүлсэн. Гэвч энэ нь шүүмжлэл хүлээв. Учир нь бүлэгт зөвхөн тухайн нам, эвслээс албан ёсоор нэр дэвшиж сонгогдсон гишүүд орох хуультай. Мөн УИХ-д суудалтай нам нэр дэвшүүлэх болохоос намын бүлэг дэвшүүлэх ёсгүй гэгдэж байна. Мөн гишүүнчлэлийн асуудалтай. Өөрөө АН-ын гишүүнчлэл хэвээрээ байгаа гэдэг ч 2019 онд С.Эрдэнэ түүнийг намаас дөрвөн жилийн хугацаатай түдгэлзүүлж байсан удаатай.

НАМЫН ТАМГААР РЕЙТИНГЭЭ PR-ДАГЧ

Харин нөгөө талд С.Эрдэнэ УИХ-д төлөөлөлгүй болж үлдсэн. Түүний хувьд “Улсын бүртгэлийн гэрчилгээнд Ардчилсан нам болон миний бие даргаар бүртгэлтэй байгаа` гэж томордог. Намаа “шалбаагт хутгаж”, өнөөдрийн энэ уналтад хүргэсэн хүн. Гэвч хариуцлага хүлээхдээ Ц.Туваанд өгсөн тамга тэмдгээ хүчингүй болгуулчихсан. М.Тулгатыг даргаар сонгогдоход гардуулаад өгчихсөн тамга тэмдгээ минийх гэж ярьж явах. Тиймээс өөр дээрээ хуулийн хүрээнд “жинхэнэ” АН-ын талаас нэр дэвшигч гэсэн п маркетинг наачихсан яваа хүн.

Намаа ялагдалд хүргээд уучлал гуйгаад явсан, намаасаа хөөгдөөд явсан хоёр. Жингийн туухай дээр жинлэсэн ч нэр хүндийн хувьд биенээсээ дээрдээд байх зүйлгүй.

Гэвч намаа шалбаагтай хутгаад зайгаа тавьж өгсөн С.Эрдэнээс Н.Алтанхуягийн нэр хүнд нийгэмд хамаагүй сайн. Рейтинг өндөртэй. Энэ утгаараа Н.Алтанхуяг У.Хүрэлсүхийн хувьд “хатуу самар”. Гагцхүү “хатуу самар” -аа СЕХ-ны бүртгэлийн шатнаас няслах уу гэдэгт л асуудал байгаа юм. Мөн С.Эрдэнийг МАН-ын халаасанд орчихсон гэх бор шувуу улстөрийн хүрээнд дунд ”нисэж” буй. Энэ үүднээс Н.Алтанхуягийг няслах магадлал бүр нэмэгдэнэ. Эсвэл СЕХ аль алиныг нь бүртгэхгүйгээр АН-аас нэр дэвшигчгүй болгож ч мэдэхээр.

Харин ХҮН хэзээ ч МАН-ын саналыг хуваахгүй. ХҮН-ын нэр дэвшигч хичнээн мундаг, боловсролтой, сэхээтэн байлаа ч АН-ын саналаас хувааж МАН-д ялалт өгөх магадлал хамгийн өндөр гэсэн прогноз сошиал орчинд хөвөрч байна. Уг нь АН дотооддоо учраа олоод хамгийн сайн хүнээ түлхсэн бол ард түмэн жингийн туухайг тэнцүүлэх байв.

Сонгуулийн тухай хуулийн 48.1.7-д “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулахыг хориглоно” гэж заасан учир сэтгэгдлийг хаав.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button