НИЙГЭМ

Нийслэл рүү тарваганы мах оруулахыг аравдугаар сарын 30-ныг хүртэл хориглолоо

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд өнөөдөр /2019.08.13/ нийслэлийн нутаг дэвсгэр дээр болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай болон хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар холбогдох байгууллагууд мэдээлэл хийлээ.

ТАРВАГАН ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ НАЙМДУГААР САРЫН 15-31 ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ

НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Б.Мягмардорж:

“Нийтдээ 2293 удаагын гамшиг, аюулт үзэгдлийн дуудлагаар ажилласан. Энэ хугацаанд 900 гаруй иргэний амь насыг аварч, 27 тэрбум орчим төгрөг бүхий иргэдийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан. Хэрэгжүүлсэн томоохон ажлуудын нэг бол Үер уснаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд Нийслэлийн засаг даргын захирамжаар Туул гол дагуу завьт эргүүлийг зохион байгуулсан. Мөн үерийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрчимжүүлэх тухай албан даалгаварууд гарч, мэргэшилтийг хангуулаад явж байна. Нийслэлийн цагдаагийн газартай хамтран усны эргүүлээр ажиллаж буй. Өнөөдрийн байдлаар 1676 ажилтан, албан хаагч нар, 178 техник хэрэгсэгтэйгээр туул гол дагуу эргүүлийн ажлын зохион байгуулсан. Энэ жилийн усны эргүүлийн онцлог бол зургаан дүүрэгтэй хамтран Туул голоо хуваарилан авч эргүүл хийсэн. Өнөөдрөөс Улаанбаатар хотын  хэмжээнд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгууж байна. Энэхүү ажил нь наймдугаар сарын 15-наас аравдугаар сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ” хэмээв. 

ЗУРГААН АЙМГААС 23 ШИРХЭГ ТАРВАГНЫ НОЙТОН ТУЛАМ НЭВТРҮҮЛЭХ ГЭЖ БАЙСНЫГ ОЛЖ ИЛРҮҮЛСЭН

НМХГ-н байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзориг:

“Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мод, байгалийн баялаг, ан амьтан барих үйл ажиллагаа явуулж, Улаанбаатар хот руу тээвэрлэсэн иргэн, ААН-үүдийг шалгасан. Шалгалтаар цөөнгүй зөрчил илэрсний дотор Булган, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Ховд, Завхан аймгуудаас нийт 23 ширхэг тарвагны нойтон тулам тээвэрлэж байсан зөрчлийг илрүүлсэн. Эдгээр зөрчилд 600 мянган төгрөгийн торгууль, нэг сая 20 мянган төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, нэг иргэнд зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Түүнчлэн Хөвсгөл аймгаас бэлтгэсэн 500 кг бугын ясан эвэр, Орхон, Төв аймгийн Борнуур сумаас түүж бэлтгэсэн мансууруулах төрлийн нийт 10 уут ургамалыг илрүүлэн цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгаж байгаа” гэв.  

30-40 ОРЧИМ ТӨРЛИЙН ХАЛДВАРТ ӨВЧНИЙГ ХҮНД ХАЛДААХГҮЙ БАЙХ АЖЛЫГ ХАРИУЦДАГ

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн нийгмийн эрүүл мэнд, тандалт, шуурхай удирдлагын албаны дарга Б.Дэлгэрмаа:

“Зоонозын өвчин судлалын өвчин судлалын төв нь 30-40 орчим төрлийн халдварт өвчнийг мал амьтнаас хүнд халдаахгүй байх ажлыг хариуцдаг. Он гарсаар 930 зоонозын халдварын дуудлагад үйлчилсэн байна.

Үүнээс тарваган тахал өвчний хувьд 14 хувиар сэжигтэй тохиолдол нэмэгдсэн байна. Тэр дундаа нэг голомтод хоёр тохиолдол гарсан нь анхаарал татаж байгаа. Мөн Улаанбаатар хотоос хоёр сэжигтэй дуудлага бүртгэгдсэн. Тэр хоёр хоёулаа тарвагны боодог идсэн гэсэн. Тиймээс Засаг даргын захирамжийн дагуу хяналт шалгалт сайжруулах шаардлагатай байна" хэмээсэн юм.

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА 183 АЛБА ХААГЧИЙГ ТАРВАГАН ТАХЛЫН ЭСРЭГ ВАКЦИНД ХАМРУУЛСАН

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Лхагважаргал:

"Тээврийн цагдаагийн албанаас 183 алба хаагчийг тарваган тахлын эсрэг вакцинд хамруулж, ажил үүргээ гүйцэтгэхэд бэлдсэн. Нийслэлд найман байнгын пост бэлдсэн. Мөн хөдөлгөөнт эргүүлийн хуваарийг батлаад явж байна. Дээрх зөрчил нь тээврийн хэрэгслээр зөөгдөн нийслэлд орж ирдэг учир хяналт шалгалтыг нэлээд сайжруулж байна" гэлээ

Тарваган тахал өвчний гаралт өмнөх оны мөн үеэс 14 хувиар нэмэгдсэнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга захирамж гарган энэ сарын 15-наас аравдугаар сарын 31-нийг хүртлэх хугацаанд Улаанбаатар хотод энэхүү халдварт өвчинтэй тэмцэх чиглэлд анхаарч ажиллахаар болсон байна.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button