НИЙГЭМ

“Хүүхдийн төлөө сан”-гийн данс нээгдээгүй, хандивын мөнгө ТББ-ын мэдэлд хэвээр байна

Шинэ он солигдохын өмнөхөн “Хүүхдийн төлөө фонд”-д хандив цуглуулах теле тоглолт шууд дамжуулагдаж, олон нийтийн хэлэлцэх сэдэв болсон.

  • Тодруулбал нэгт, Соёлын яамны дэд сайд, найруулагч Б.Баатар, жүжигчин Г.Ундармаа нар хувь эзэмшигчээр бүртгүүлсэн НҮТББ-ын дансанд шууд хандив цуглуулсан нь
  • Хоёрт, социализмын үеийн “Хүүхдийн төлөө фонд”-ын агуулгыг тоглолтын үеэр олонтой давтсан зэрэг нь маргаан дагуулдаг.

Улс төрийн нюансын хувьд анх цэвэр Ерөнхийлөгчийн пи-ар санаачилга байсан ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраас 10 тэрбум төгрөг хандивлаж, фондын НҮТББ биш Засгийн газрыг тусгай сан болгоно гэж мэдэгдсэн.

Найруулагч Б.Баатар нар хуулийн дагуу Засгийн газрын тусгай сан байгуулагдтал удах гээд байсан учир НҮТББ байгуулж, оны өмнө тоглолтоо хийсэн гэж тайлбарлаж байв. Жүжигчин Г.Ундармаагийн хувьд хандивын мөнгө огт үрэгдээгүй, Засгийн газрын тусгай сан байгуулагдахыг хүлээж байна гэж саяхан жиргээд буй.

Тэгвэл одоогоор “Хүүхдийн төлөө фонд” үйл ажиллагаа явуулж эхлэх процесс ямар шатандаа байгааг тодрууллаа.

УИХ-аас “Хүүхдийн төлөө сан”-г нэмж байгуулах агуулгаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, баталсан нь нэгдүгээр сарын 29 юм. Харин өнгөрсөн баасан гарагт Төрийн мэдээлэл эмхэтгэлд хэвлэгджээ. Ингэснээр хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлж буй гэсэн үг.

Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам одоо “Хүүхдийн төлөө сан”-г байгуулах, үйл ажиллагаа явуулах дагалдах журмуудыг батлуулахаар боловсруулж байгаа юм байна. Сангийн нэр дээр данс нээгдэх асуудал ч эцэслэгдээгүй байгаа аж.

ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын Хүүхэд залуучууд, ахмад настан, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Баярмаа энэ тал дээр, “Бид дагалдах журмуудаа боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар оруулахаар бэлтгэж байна. Хууль өнгөрсөн баасан гарагаас эхлэн хэрэгжиж эхэлсэн тул процессын хувьд удсан мэт ойлгогдож байгаа болов уу. Дараа долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд амжиж оруулна гэж төлөвлөж байна” гэж тодруулга өглөө.

Тэгэхээр хандиваар цугларсан мөнгө одоогийн байдлаар “Хүүхдийн төлөө фонд” НҮТББ-ын дансанд байгаа юм байна. Үрээгүй гэдгийг үүсгэн байгуулагчид нь мэдэгдэж буй талаар дээр дурдсан. Харин ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар дагалдах журмууд батлагдвал “Хүүхдийн төлөө сан” нэрийн дор данс нээгдэж, хандивын мөнгө шилжсэнээр үйл ажиллагаа явуулж эхлэх үндэс нь тавигдах нь.

Фонд тэргүүн эгнээнд ямар ажил барьж авахыг үргэлжлүүлэн мэдээлнэ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Энэ ажлын процес нь өөрөө уддаг юм. Холбогдох хууль дүрэм журам гээд шинээр боловсруулах зүйл ихтэй. Тийм болоод удаж байна. Баатар, Батбаяр хоёр итгэхгүй байлаа ч Ундармаад итгэж болно. Яагаад гэхээр энэ эмэгтэй нийгэмд дандаа тус хүргэж явдаг хүн.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button