СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛУЛС ТӨР

“The Diplomat”: Сонгуулийн өмнөх улс төр Монголын ардчилалд ИНГЭЖ ЗАНАЛХИЙЛЛЭЭ

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхлэхэд нэг долоо хоног үлджээ. Нэр дэвшигчийг бүртгэж авах процесс өрнөхтэй зэрэгцээд улс төр бужигнасан. Цаг хугацааны шахаанд орсон ч Ардчилсан нам учраа олж чадаагүй. Одоо МАН, МАХН-ын нэгдэл эв эеийг үзүүлж, бусад нь чимээ имээгүй байдалд шилжээд байна.

Тэгвэл The Diplomat сэтгүүл, энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгууль Монгол Улсын ардчилалд аюул учруулах уу гэсэн асуудлыг дэвшүүлж, нийтлэл бичжээ. Нийтлэл дээр Нөттингэмийн их сургуулийн профессор Фернандо Касал, Монгол дахь бие даасан улс төрийн аналист А.Бат-Оргил нар ажилласан байна.

Нийтлэлд, Монгол Улс зургадугаар сарын 9-нд ардчилалд шилжсэнээс хойших ес дэх Ерөнхийлөгчөө “өлгийдөн” авах гэж буй тухай дурдаад, харамсалтай нь сонгууль угтсан улс төрийн нөхцөл байдал намын хуваагдал, төрийн тогтворгүй бодлого руу хөтөлж байна гэжээ.

Тэд Испанийн судлаач Хуан Линз, Фридрих Эбэрт нарын улс төрчдийн сонирхол Ерөнхийлөгчийн эрх мэдэлд хэт улайрвал ардчилалд ямар гэм хор учруулж болохыг тайлбарласан хоёр ч номонд суурилж, уг нийтлэлийг бичсэн байна.

НЭГ, НАМУУДЫН ХУВААГДАЛ

Хэдийгээр тогтолцооны хувьд Ерөнхийлөгчийн албан тушаал төдийлөн эрх мэдэл авчирдаггүй боловч хувь улс төрчдийн Ерөнхийлөгч болох амбиц хэзээ ч тасардаггүй. Харин энэ эрмэлзэл улс төрийн намуудын үйл ажиллагаанд нөлөөлж ч болох эрсдэлтэй.

Монголоор жишээ авахад, 2009 онд Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших боломжгүй болонгуутаа МАХН-ыг салгаж байгуулсан явдал. Өөрөөр хэлбэл хувь улс төрчид зөвхөн Ерөнхийлөгчийн сонгуульд өөрөө нэр дэвшихийн тулд улс төрийн намуудыг салган тусгаарлаж, шинээр байгуулдаг, эсхүл тоглоомын нам толгойлдог жишиг байдаг аж. Нийтлэлд “Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАН, МАХН хоёр эргээд нэгдэж буй нь сонирхолтой тохиол юм” гэж онцолжээ.

ХОЁР, НАМ ДОТОРХ ЗАДРАЛ

Дараагийнх нь улс төрийн нам доторх задрал, хуваагдлын асуудал. Үүнд 2010 оноос хойших МАХН ба АН-ыг жишээлж болно гэжээ. Бүр тухайлбал одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын намаасаа сонгуульд дэвшихийн тулд АН-ыг дотоодод нь “эвдэлсэн” нэг жишиг.

Хуулиар зөвхөн парламентад суудалтай улс төрийн намууд л Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож болдог. Энэ нь хамгийн төвөгтэй нөхцөл байдлыг үүсгэдэг бөгөөд нэр дэвших хүсэлтэй хувь улс төрчдийн зарим нь намын гишүүнчлэлээ сонгууль угтан сэргээх, эсвэл нам солих зэрэг нүүдлүүдийг хийж эхэлдэг. Энэ намын дотоод дэг журамд халтай.

Ардчилсан намын жишээ бол Ерөнхийлөгчийн сонгууль Монголын улс төрийн намуудад “хараал” болж болдгийг үзүүлж буй гэх. Мөн ҮХЦ-ийн шийдвэрийг энд дурдаад, эхний раундад МАН-д ялалт авчирсан хэмээн онцолжээ.

ГУРАВ, ТУЙЛШРАЛ

Асуудал улс төрийн намуудаас гадна үзэл санааны түвшинд хурцдаж болно. Энэ бол хэт туйлшрал бөгөөд иргэдийн саналыг авахын тулд хэтийдсэн суртал ухуулгууд хийж эхлэх нь бий. Монголд өрсөлдөгчийнхөө эсрэг кампанит ажиллагаа явуулдаг, хэт популист уриа лоозон өлгөдөг зэрэг нь ялалтын төлөөх туйлшралын жишээнүүд.

Үүнд Х.Баттулгын “Монгол ялна” уриаг жишээлжээ. Энэ логикоор эсрэг нэр дэвшигчээ Монголын биш, өөр тал хэмээчихэж буй хэрэг. Гэх мэтчилэнгээр туйлшраад явчихаар улс төрийн бодлого, идеологи гэдэг зүйлс ард хоцордог.

ДӨРӨВ, ТӨРИЙН ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ

Ерөнхийлөгчийн сонгууль төр тогтворгүй ажиллахад ч хүргэж болно. Нэг жишээ нь У.Хүрэлсүх Засгийн газраа огцруулсан явдал. Монголын ардчиллын түүхэнд дахин сонгогдсоноосоо хойш Засгийн газраа хамгийн богино хугацаанд удирдсан Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх нэрлэгдэнэ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө өөрийн хүслээр огцорч, Засгийн газраа тараасан нь нэр дэвших сонголт хийсэн байсныг нь өдгөө илтгэж буй. Дэлхийн бусад орнуудад ч ийм үйл явдал болдог аж. Улс төр хэчнээн улайссан ч Засгийн газар тэднээс өчүүхэн ч хараат бусаар, зөвхөн урдах ажлаа л хийж байх ёстой.


Судалгаагаар батлагдсан дээрх үр дагаврууд Монголд ч тодорхой жишээнүүдээр нотлогдож буйг нийтлэлчид төгсгөлд нь онцолсон байна. Өөрөөр хэлбэл энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгууль ардчилалд халтай болж буй. Энэ үүднээс дэлхийн улс орнууд Ерөнхийлөгчийн сонгууль угтсан “галзуурал”-аас болгоомжилж, хуульдаа хаалт, түгжээ бүхий заалтуудыг сайтар суулгаж өгдөг байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button