ХӨНДӨХ СЭДЭВ: Вакцин хүний генийн мэдээлэл, сарын тэмдгийн хугацааг өөрчилдөг үү

Өнөөдрийн байдлаар Монгол улс нийт хүн амынхаа 90 орчим хувийг коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд, харин 50 гаруй хувийг бүрэн тунд нь хамруулаад буй. Одоогийн байдлаар вакцины туйлын эсрэг заалттай л биш бол иргэдийг дархлаажуулах цэгт ажиллаж буй мэргэжлийн эмч мэргэжилтнүүдэд үзүүлсний дараа вакцинд хамрагдахыг зөвлөж байна. Түүнчлэн дархлаажуулалт эхэлж байх үеэр эрүүл мэндийн байгууллагаас жирэмсэн болон жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүдийг дархлаажуулалтад хамрагдахгүй байхыг зөвлөж байв. Гэвч хожим жирэмсэн болон жирэмслэхээр төлөвлөж буй ээжүүдийг дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг уриалж эхэлсэн билээ.
Гэвч албаныхны энэ мэт зөрүүтэй мэдээллээс болж олон эмэгтэйчүүд эргэлзээнд амьдарч, тэр бүү хэл эрүүл мэндээрээ хохирсон гэх асуудал гарчээ. Олон нийтийн сүлжээнд БНХАУ-ын вакциныг тариулснаас хойш сарын тэмдэг ирэлгүй хоёр сар болж байна хэмээх иргэн пост оруулсан нь ижил асуудалтай олон эмэгтэйчүүдийг нэгтгэжээ. Бид тухайн пост оруулсан эмэгтэйтэй холбогдож дараах мэдээллийг авсан юм.
-ИРГЭН С: БНХАУ-ЫН ВАКЦИН ТАРИУЛСНААС ХОЙШ САРЫН ТЭМДЭГ ИРЭХЭЭ БОЛЬЧИХЛОО-
-Сайн байна уу. Юуны өмнө та бидэнд өөрийгөө товч танилцуулаач?
-Би 32 настай, нэг хүүхэдтэй эмэгтэй. Одоогоор ажилгүй гэртээ байна.
-Та вакциндаа хамрагдсан уу?
-Хамрагдсан. БНХАУ-ын вакциныг хийлгэсэн.
-Бүрэн тун уу эсвэл эхний тун уу?
-Давтан тунгаа хийлгээд хорь гаруй хонож байна.
-Коронавирусийн вакцины бүрэн тунд хамрагдсаны дараа таны биед ямар нэг өөрчлөлт мэдрэгдсэн үү?
-Эхний тунгаа хийгээд л өөрчлөлт гарсан. Сарын тэмдэг ирэхээ больсон. Хоёр дахь тунгаа хийлгэсэн ч ирэхгүй байгаа. Сарын тэмдэг ирэхээ болиод хоёр сар болох гэж байна. Эхний тунгаа гуравдугаар сарын дундуур хийлгэсэн. Миний сарын тэмдэг сүүлээр нь ирэх ёстой байсан. Мөчлөг нь тогтворжсон, үргэлж хугацаандаа ирдэг байсан. Гэтэл дөрөвдүгээр сарын 7-нд ирсэн. Дөрөвдүгээр сарын 7-ноос хойш сарын тэмдэг огт ирээгүй байна. Тийм болохоор би Хятад вакцин хийлгэсний дараа эмэгтэйчүүдэд өөрчлөлт гардаг юм байна гэж бодоод байгаа. Би өөрийн байдаг ээжүүдийн группд өөртөө тулгарсан асуудлаар пост бичихэд олон эмэгтэйчүүд сарын тэмдэг алдагдсан тухай бичсэн байсан.
-ЭНЭ ЖИЛ ХҮҮХЭДТЭЙ БОЛОХООР ТӨЛӨВЛӨСӨН БАЙСАН Ч, ЭМЭЭЖ БАЙНА-
-БНХАУ-д үйлдвэрлэгдсэн вакциныг жирэмслэхээр төлөвлөж буй ээжүүдэд хийхгүй гэж байсан ч, хийж эхэлсэн. Таны хувьд дараагийнхаа хүүхдийг төлөвлөсөн байсан уу?
-Би энэ жил хүүхэдтэй болохоор төлөвлөсөн байсан. Гэвч эрүүл мэндээ бодсоны үндсэн дээр вакцины бүрэн тундаа хамрагдсан. Тиймээс ойрын нэг жилийн хугацаанд хүүхэдтэй болж болохгүйг ойлгоод байна. Мэргэжлийн байгууллагынхан ч гэсэн зургаан сараас дээш, жилийн дараа хүүхэдтэй болохыг зөвлөөд байгаа шүү дээ. Тиймээс тэр зөвлөмжийг нь дагана л гэж бодоод байна. Гэвч сарын тэмдэг алдагдсанд гайхаж сууна. Хаана хандах, яахаа сайн мэдэхгүй байна. Одоогоор эрүүл мэндийн байгууллагад хандаж үзээгүй.
-Та жирэмснээс хамгаалах эм бэлдмэл, дааврын үйлчилгээтэй тариа хэрэглэдэг үү?
-Үгүй. Огт тийм зүйл хэрэглэдэггүй.
-Өөртөө тулгарсан асуудлаар эмэгтэйчүүдийн эмч дээр очиж зөвлөгөө авсан уу?
-Энэ тухай зөвлөгөө аваагүй. Дааврын эм тарианы тухай бол эмчээс зөвлөгөө авч, ганц нэг л хэрэглэж байсан. Тогтмол бол биш. Коронавирусийн эсрэг тариа тариулснаас хойш эмч дээр очоогүй” гэв.
Мөн түүний постонд ижил шалтгаан хэлсэн эмэгтэйтэй холбогдож мэдээллийг тодруулахад:
"Хүүхдээ төрүүлсний дараа вакцин хийлгэсэн. Би гурван хүүхэдтэй. Төрөлт бүрийн дараа сарын тэмдэг хүүхэд хоёр сар хүрэхэд л ирж байсан. Гэвч энэ удаа өөр байна. Сарын тэмдэг ирэхгүй хоёр сар орчим боллоо. Эмчдээ үзүүлэхэд төрөлтөөс шалтгаалсан гэж байгаа ч вакцинтай холбоотой байж магадгүй гэж бодоод байна. Ижил шалтгаантай хэд хэдэн эмэгтэй байсан” гэв.
-ВАКЦИНЫ НЭГ САЯ ХАТГАЛТ ТУТАМД 10-12 ХҮНД СӨРӨГ УРВАЛ ИЛЭРЧ БОЛНО-

Бид вакцинжуулалтын явц болон дээрх асуудлаар тодруулга авахаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхантай ярилцлаа.
-Орон нутаг болон нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын явц ямар байна вэ?
-Иргэдийн дархлаажуулалтад хамрагдах идэвх сайн байна. Одоогийн байдлаар сая 800 мянга гаруй иргэн дархлаажуулалтад хамрагдсан байна. Энэ нь нийт хүн амын 80 гаруй хувь гэсэн үг юм. Харин нийт иргэдийн 30 хувь нь хоёрдугаар тундаа хамрагдсан байна. Улаанбаатарт нийт иргэдийн 94 хувь нь дархлаажуулалтын нэгдүгээр тундаа хамрагдсан бол 50 хувь нь хоёрдугаар тундаа хамрагдсан.Орон нутгийн эмч, эмнэлгийн ажилчид буюу тэргүүн фронтод ажиллаж буй мэргэжилтнүүдийн хамруулсан бол тавдугаар сарын 1-ны өдрөөс эхлээд 50 болон түүнээс дээш насны иргэдийг дархлаажуулалтад хамруулж, тавдугаар сарын 7-ноос эхлээд 18-аас дээш насны иргэдийг дархлаажуулж байна.
-Дархлаажуулалтад хамрагдаж болохгүй, сөрөг заалттай гэх иргэд нийт хүн амын хэдэн хувийг эзэлж байгаа вэ?
-Туйлын эсрэг заалттай иргэдэд вакцины найрлагад харшилтай, халдварт өвчтэй, бөөрний цочмог дутмагшилд орсон, зүрхний шигдээс үүссэн иргэд багтана. Хорт хавдартай иргэдийн хувьд яг одоо химийн эмчилгээ хийж байгаа бол мөн дархлаажуулалтад хамрагдаж болохгүй.
-ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ДАРХЛААЖУУЛЖ БОЛОХ ЭСЭХ ТУШААЛ ГАРААГҮЙ-
-Вакцинд хамрагдсан иргэдэд сөрөг цочмог урвал үзүүлсэн иргэд бий юу?
-Дархлаажуулалтын дараах урвал хүндрэл гарч болно. Нэг сая хатгалт тутамд 10-12 хүнд шок үүсэх, даралт унах шинж тэмдэг илэрч болно. Урьд нь шок өгч байсан, тарилгын найрлагаас харшилтай зэрэг шалтгаанууд нөлөөлнө. Тэдгээр иргэдийг эмчийн хяналтад дархлаажуулж байгаа.
-Дархлаажуулалт эхэлж байхад жирэмсэн болон жирэмслэхээр төлөвлөж байгаа ээжүүдэд коронавирусийн эсрэг вакцин тарихгүй гэж байсан ч сүүлд болно гэж зөвлөөд байгаа. Мэргэжилтнүүдийн өгч буй энэ мэт зөрүүтэй мэдээлэл иргэдэд эргэлзээг төрүүлөөд байна?
-Эрүүл мэндийн яамны дэргэд Мэргэжлийн салбар зөвлөл гэж байдаг. Чиглэл чиглэлээр ажилладаг. Хүүхдийн, эх барих эмэгтэйчүүдийн салбар зөвлөл гэж бий. Бид мэргэжлийн салбар зөвлөлүүд, эрдэмтэн, профессорууд, эх барих чиглэлийн багш нарыг цуглуулаад хурал хийх гэж байгаа. Мэргэжлийн салбар зөвлөлөөр жирэмсэн эмэгтэйчүүдийн дархлаажуулж болох эсэх асуудлаар зөвлөлдөж, хурал хийнэ. ДЭМБ болон олон улсын байгууллагуудаас энэ асуудалд зөвлөмж өгсөн байдаг. АНУ-ын Ситиси, Их Британийн мэргэжлийн зөвлөл, БНХАУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс гаргасан мэдээлэлд коронавирусийн халдвар нь удмын эмгэг үүсгэхгүй, жирэмсэн эмэгтэйчүүдийг дархлаажуулсан ч сөрөг нөлөөгүй гэдэг мэдээлэл өгсөн. Тухайн мэдээлэлд жирэмслэхээр төлөвлөж байгаа болон вакцинд хамрагдсаны дараа жирэмсэлсэн ч эрсдэлгүй гэж үзсэн. Үүнд эхчүүд, эмэгтэйчүүд санаа зовох хэрэггүй хэмээн зөвлөж байгаа. ЭМЯ-ны сайдын гаргасан тушаалд жирэмсэн эмэгтэйчүүдийг дархлаажуулах, чиглэл байхгүй байна. Түр журамд энэ чиглэлийн заалт байсан. Гэвч энэхүү журам нь нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгдөж байгаа.
-ВАКЦИН ХҮНИЙ ГЕНИЙН МЭДЭЭЛЭЛ БОЛОН САРЫН ТЭМДГИЙН ХУГАЦААГ ӨӨРЧИЛЖ ЧАДАХГҮЙ-
-Цахим орчинд БНХАУ-ын вакцин сав агшаах, үргүйдэлд хүргэх эрсдэлтэй бөгөөд дархлаажуулалтад хамрагдсан зарим эмэгтэйчүүдийн сарын тэмдэг ирэхгүй алдагдах шинж тэмдгүүд илэрч байгааг бичсээр байна?
-Ямарваа вакцин хүний биед орж ирээд тухайн хүний удмын, генийн мэдээллийг өөрчлөх хэмжээнд үйлчлэхгүй. Тэр бүү хэл дөнгөж төрсөн хүүхдэд олон төрлийн вакцин хийдэг. Хэрвээ дээрх мэдээлэл үнэн бол вакцин хийлгэх бүрт хүний удмын мэдээлэл өөрчлөгдөнө гэсэн үг шүү дээ. Удмын нөлөө тэгж хурдан өөрчлөгддөг, эвдэрдэг хэврэг зүйл биш. Коронавирусийн вакцин тариулсны дараа үргүй болох, сав агшина зэрэг нь батлагдаагүй худал мэдээлэл” гэв.
-КОРОНАВИРУСИЙН ЭСРЭГ ВАКЦИН ХИЙЛГЭЭД САРЫН ТЭМДЭГ ИРЭХГҮЙ БАЙХ, АЛДАГДАХ ГЭДЭГ НЬ БОЛОМЖГҮЙ-
Бид үргэлжлүүлэн “Гэр бүл” эмэгтэйчүүдийн эмнэлгийн эрхлэгч, Эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч Т.Доржпүрэвээс сарын тэмдэг ирэхгүй байх нь коронавирусийн вакцинтай холбоотой эсэх тухай лавлахад:
“Коронавирусийн эсрэг вакцин хийлгээд сарын тэмдэг ирэхгүй байх, алдагдах гэдэг нь боломжгүй. Энэ нь вакцинаас бус тухайн хүний биеийн онцлог, сэтгэлзүйн байдал, илүүдэл жин, дааврын нөлөө зэргээс шалтгаалж болно. Одоогоор вакцин хийлгээд сарын тэмдэг ирэхгүй байна гэх асуудлаар холбогдож зөвлөгөө авсан, эсвэл үзүүлсэн өвчтөн алга байна” гэв.

-ЭХ БАРИХ ЭМЭГТЭЙЧҮҮД СУДЛАЛЫН ТЭНХИМИЙН ЭРХЛЭГЧ: СЭТГЭЛ САНАА ХЯМРАХ, СТРЕССЭЭС БОЛЖ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН САРЫН ТЭМДЭГ АЛДАГДАНА, ВАКЦИН ХАМААГҮЙ-
Харин АШУҮИС-ийн Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхимийн эрхлэгч, Анагаах ухааны доктор Д.Мөнхцэцэг:
"Вакцин ямарваа халдварын эсрэг зориулагдсан болохоос өөр үйл ажиллагаанд оролцдоггүй. Вакцин хийлгэснээр сэргийлэх боломжтой маш олон халдварт өвчин бий. Үгүй бол тэдгээр халдварт өвчнийг туссанаар хүний амь нас эрсдэлд орно шүү дээ. Тухайлбал хүнд явцтай томуугийн халдвар, татран, улаан нүд, салхинцэцэг зэрэг аймшигтай халдварт өвчний эсрэг вакцин хийж байж л тэр хүмүүсийг амьд явуулах боломжтой болж байгаа юм.
Хүмүүс гадаад хэлтэй болсон учир гаднын янз бүрийн мэдээллийг уншиж байна. Тиймээс дам ярианд бас итгээд байна. Гаднынхан ч мөн ялгаагүй. Зөвхөн Монголд ийм асуудал, яриа дэлгэрээгүй. Вакцинтай холбоотой асуудлыг дэлхий нийт янз бүрээр л ярьж байна. Шинээр үүссэн вакцин учир яригдаад байгаа юм. Гэвч одоо таригдаж буй вакцинууд бүгд л 3-4 шатлалын судалгаа шинжилгээ хийгдээд, гаж нөлөөг нь судлаад хүнд хийж болно гэдэг гурван шатны судалгааг хийсний дараа ДЭМБ-аас зөвшөөрөл өгч байгаа. Гадаадын орнуудад ч мөн вакцинтай холбоотой энэ мэт ярианууд яригдаж, дархлаажуулалтад бэрхшээл учирч байгаа. Энэ нь ямар нэг эмнэлгийн байгууллагаас вакцинтай холбоотой мэдээлэл өгөхөд иргэд түүнийг нь гуйвуулж ойлгоод, цааш ярихдаа буруу ойлголтыг төрүүлж байдаг. ШУ-ны байгууллагууд эдгээр амаас ам дамжсан яриаг үгүйсгэж байгаа.
Үүсээд буй нөхцлийг онол, шинжлэн ухаанд сууралсан, үндэслэлтэй мэдээлэл итгэх нь зөв. Вакцин үргүйдэлд хүргэх боломжгүй. Үргүйдэл гэж хосууд нэг жил хүртэл хугацаанд тогтмол бэлгийн харьцаанд орсон ч хүүхэдтэй болохгүй байгааг хэлнэ. Вакцин өөрөө таригдаж эхлээд 5 сар гаруй хугацаа болж байна. Тэгэхээр үргүйдэлд орсон эсэхийг мэдэх боломжгүй. Харин сарын тэмдгийн хувьд сэтгэл санаа хямрах, стрессээс болж мөчлөг алдагдах эрсдэлтэй” гэв.
















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Some genuinely terrific work on behalf of the owner of this internet site, utterly great articles.