Гэрэл зурагчин В.Баттулгыг эцсийн замд нь үдлээ

Нэрт гэрэл зурагчин, фото сэтгүүлч Вандандожийн Баттулга 2021 оны тавдугаар сарын 16-нд зуурдаар таалал төгсөж, Монголын сэтгүүл зүйн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиосон билээ. Түүнийг эцсийн замд нь үдэх ёслол өнөө өглөө болов.
В.Баттулга нь 1960 онд Улаанбаатар хотод төрсөн. 1986 оноос гэрэл зураг авч эхэлсэн байна. 1981 оноос МРТУХ-оос ажлын гараагаа эхэлжээ. Монголын үндэсний телевиз, “Ардын эрх” сонин, Улсын гэрэл зургийн газар, “Монголын мэдээ” сонин, “Фотолинк” агентлагт фото сэтгүүлчээр ажиллаж байв. 2008 оноос бие даан уран бүтээлээ туурвиж байлаа. Тэрбээр Москвад Кино урлагийн дээд сургууль суралцсан бөгөөд эх орондоо “Магнум-Дорно дахинд” гэрэл зургийн сургалт, Монголын Хэвлэлийн Хүрээлэн, Andrea Kunzig Lecturer International Institute for journalism InWEnt Berlin “News photography” гэрэл зургийн сургалт, “Загварын гэрэл зураг” сургалт, “Гёте” институт, “Гамма” агентлагаас зохион байгуулсан “Соёл болон уур амьсгалын өөрчлөлт” гэрэл зургийн сургалтад тус тус суралцаж төгсжээ.
Гэрэл зургийн бүтээлээрээ бие даан “Дэл уулын хадны зураг”, “Монгол Улсын одон ба медаль 1924-1992”, “Алтан тэвшт Мөнгөн амсарт Бигэр нутаг”, “Мандан бадарсан Мандах нутаг”, “Мэлмийгээр гийгүүлэгч”, “Монгол орны хадны зураг” зэрэг гэрэл зургийн цомог, “Гэрлээр бичих урлаг 1,2” гэрэл зургийн сурах бичиг зэргийг хэвлүүлж, олонд хүргэжээ. Хамгийн сүүлд буюу 2020 онд “Монголын Гэрэл зургийн Түүхэн товчоо” номыг санаачлан, эмхэтгэн хэвлүүлээд байлаа.
2013 онд бие даасан, бүрэн хэмжээний ”Гэрлээр бичсэн миний Ертөнц” үзэсгэлэнгээ дэлгэсэн. МСНЭ-ийн “Ган үзэгтэн”, МХХ-ийн 2002 оны шилдэг фото сэтгүүлч, Их Монгол-800 жилийн ойн шилдэг фото сэтгүүлч, “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, Их Монгол-800 жилийн ойн Чингис медаль, “Үндэсний сэтгүүлзүйн 100” ойн медаль, Соёлын тэргүүний ажилтан, “Алтан гадас” одонгоор шагнуулжээ.
Гэрэл зургийг урлагийн хэмжээнд бүтээсэн уран бүтээлч, олон арван шавь төрүүлсэн мастер багш, фото сэтгүүл зүйн нэрт төлөөлөл болсон эрхэм хүн Та нийт гэрэл зурагчин, сэтгүүлч, хамтран зүтгэгч биднийхээ зүрх сэтгэлд үүрд орших болно. Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхөд, ажлын хамт олонд нь сэтгүүл зүйн салбарын ажил, мэргэжил нэгт нөхдийнхөө өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
um ma ni bad me hum