СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА: Нэр дэвшигчдээс “АЙДАГ” корона

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өчигдөр эхэлсэн. Хөдөөх суурингийн иргэдэд танигдахаар, тэдэнтэй хийх ажлаа ярилцахаар МАН-аас нэр дэвшиж буй У.Хүрэлсүх Дорнод аймаг руу, АН-аас нэр дэвшиж буй С.Эрдэнэ Хэнтий аймаг руу, Зөв хүн элекрот эвслээс нэр дэвшиж буй Д.Энхбат Хөвсгөл аймаг руу хөдөлжээ. Сонгуулийн сурталчилгааны хоног богино тул тэд аймгууд руу онгоцоор очиж байгаа бололтой. Цахим сүлжээнд тавигдсан зураг бичлэгээс харахад театр, соёлын төвүүдэд хөл гишгэх зайгүй хүмүүс цуглаж тэдний яриаг чих тавин сонсож байна. Гэхдээ уулзалтад ирсэн иргэдийнх ихэнх нь суудал бөглөн сууж буй. Яаж мэдэж байгаа юм бэ гэж үү, ямаагаа самнаж, хурга ишгээ эмнэхээс эхлээд чөлөө завгүй ажиллаж буй малчдыг шууд л машиныхаа кабинд чихэж очоод сандлын тоо бөглүүлэн суулгах бол энүүхэнд. Бараг л тогтсон жишиг.
Гэхдээ энэ жил цар тахалтай онцгой нөхцөлд сонгууль болох гэж байгааг ухамсарлаж, нэр дэвшигчид сурталчилгаагаа зурагтаар хийж болох байсан. Хөдөөний айлууд бүгд зурагттай, ихэнх нь гар утастай шүү дээ. Гэтэл тэд айл болгоны хойморт “суух” боломжоо ашигласангүй. Хөдөөгүүр явж, хүмүүстэй тэврэлдэн гар барихыг илүүд үзжээ. Уг нь орон нутгийн иргэдэд хоёрхон өдрийн өмнө эхлэн вакцины хоёр дахь тун хийж эхэлсэн, дийлэнх олонх нь хамрагдаж ч амжаагүй байгаа. Өөрөөр хэлбэл орон нутагт цар тахлын эрсдэл өндөр хэвээр буй гэсэн үг. Гэхдээ нэр дэвшигчид “хаан” болж л байвал ард түмэн яахав гэж тэд бодсон бололтой. Эсвэл энэ коронавирус гэх тахал сонгуулийн сурталчилгаанаас айдаг юм болов уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.