Сурвалжилга, Нийтлэл

Саналаа өгөх яагаад чухал вэ: Анх удаа сонгуульд оролцох Л.Дөлгөөн ба нийслэлчүүд

Өнөөдөр бид Төрийн тэргүүнээ сонгох гэж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шинэ Ерөнхийлөгч маань зургаан жил ажиллана. Манай улсыг, биднийг олон улсын тавцанд төлөөлөх, нийгэм, эдийн засгийн амьдралыг цаашид зөв улс төрөөр залж, чиглүүлэх том зангараг тэднээс гарах учиртай.

Харин тэр зөв хүнийг бид л сонгоно. Сонголт гэдэг эрх чөлөө. Харин эрх чөлөөний цаана хариуцлага бий. Иймд бүхий л сэжмээр хүйн холбоотой эх орныхоо ирээдүйн өмнө хариуцлага хүлээж, бид заавал сонгуульдаа оролцох учиртай.

Санал хураалтын өмнөх өдөр, бороо шиврэх цагаар бид Нийслэлийн гудамжаар явж буй олон, олон өнгө төрх бүхий хүмүүсээс “Сонгуульдаа идэвхтэй оролцох нь яагаад чухал вэ?” агуулгыг асуулаа. Тэд өөр, өөрсдийн өнцгөөс хариулж, итгэл үнэмшил, урам зориг цацруулж байна.

Мөн түүнчлэн энэ жил анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх гэж буй 20 настай Л.Дөлгөөнтэй товч ярилцлаа. Тэрбээр МУИС-ийн Сэтгүүл зүйн ангийн гуравдугаар түвшний оюутан юм.

Эхлээд түүний байр суурийг танд сонирхуулъя.

-ЗӨВ СОНГОЛТ ХИЙВЭЛ ЗӨВ ИРЭЭДҮЙ РҮҮГЭЭ ЯВНА-

-Анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөхийн өмнө юу бодогдож байна вэ?

-Энэ жил би анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгнө. Миний хувьд эх орныхоо өмнө хүлээсэн өөрийн үүргийг биелүүлж, ирээдүйдээ хувь нэмрээ оруулж буй үйлдэл гэж харж байгаа. Залуусын сонгуулийн ирц хамгийн бага байдаг. Энэ маш хариуцлагагүй зүйл. “Нэг хүний ирц дутахгүй” гэж бодоод татгалзах, “Залууст улс төр хамаагүй” гэж бодох хандлага гаргадаг. Миний бодлоор залуус оролцож байж, ийм хэлбэрээр ирээдүйдээ анхаарч байж сонголтыг өөрсдийн гараар хийж чадна. Иймд залуу үеийнхэндээ хандаж уриалахад, саналаа заавал өгөөрэй. Нэг хүний санал л нийт саналыг бүрдүүлдэг, маш чухал нөлөөллийг үзүүлж чадна шүү гэдгийг хэлье.

-Сонгууль, улс төр гэх мэтийг чухалчилж үздэггүй хүн үеийн хүрээлэлд нь байна уу?

-Байгаа. Манай зарим найзууд улс төрийг чухал зүйл гэж авч хэлэлцдэггүй. Хоёрдугаарт, нэр дэвшигч таалагдахгүй байна гэх шалтгаанаар саналаа өгөхгүй гэж боддог. Яагаад таалагдаж буй нэр дэвшигч тань байхгүй байсан ч саналаа өгөх ёстой вэ гэхээр, таны ирц дутна. Үүнээс болж татвар төлөгчдийн төлсөн мөнгөөр дахиад сонгууль явуулна. Гэтэл энэ мөнгөөр илүү хэрэгтэй бүтээн байгуулалт хийх боломжтой. Дахин сонгууль болох нөхцөл үүсвэл маш харамсалтай. Монгол Улсын иргэн болж төрсөн залуусын хувьд хариуцлагатай, бахархалтай зүйл юм шүү гэж хэлье.

-Бусдын нөлөөнд автаж сонгууль өгөх тухай асуудлыг хэрхэн хардаг вэ?

-Миний хувьд саналаа яг өөрийн сонголтоор өгнө. Гэр бүлийнх нь МАН-ыг эсвэл АН-ыг дэмждэг хүмүүс нөлөөлөх, уриалах оролдлого хийх нь элбэг байдаг шүү дээ. Мөн манай үеийнхэн “Би тэр хүний сурталчилгаанд явж байгаа”, “Тэр хүнээс мөнгө авсан” гэх хэлбэрээр бусдыг уриалдаг. Ингэлээ гээд бид саналаа худалдаж болохгүй. Яг өөрийн шийдвэрээр, өөрийн гэсэн сонголтдоо хариуцлагатай эзэн байхын тулд саналаа өгөх хэрэгтэй. Сонголт бол хувь хүний үндсэн эрх. Тэгэхээр эрх чөлөөгөө эдэлж, үүргээ ухамсарлаж саналаа өгөх хэрэгтэй.

-Залуусын дунд нэгнээ улс төрийн үзэл баримтлал, сонголтоор нь ялгаварлах асуудал ажиглагдаж байна уу?

-Залуусын хувьд үзэл бодлоо солилцож, нэгтгэж, нэгэнлэг баримтлалтай болох гэдэг үнэхээр чухал зүйл. Гэхдээ хувь хүний сонголт бол эрхтэй нь шууд холбогддог. Бусдын үзэл бодлыг хүндэтгэх, түүгээр нь ялгаварлахгүй байх гэдэг ер хүний ухамсрын асуудал. Хоёрдугаарт, энэ бол бидний ирээдүй. Ирээдүйг өөрчлөх сонголтыг ганцхан өөрөө л хийх ёстой. Чиний сонголт өөр хүний үзэл баримтлалд автсан бол ирээдүйд итгэл бус болно.

-Энэ удаагийн сонгуулиас ямар ирээдүй хүлээж байна вэ?

-Бид улсынхаа эв нэгдлийг хангагч гол хүнийг сонгох гэж байна. Ерөнхийлөгч гэдэг тухайн улсыг дэлхийн тавцанд төлөөлдөг, нүүр царай байдаг, хамгийн чухал хүн. Энэ хүнийг сонгох шийдвэр гаргах нь сонголт ч гэлээ ихээхэн бодож, тунгаах ёстой. Иймд сайтар бодож, зөв шийдвэр гаргацгааж чадвал зөв ирээдүй, зөв замаараа л явна гэж харж байна.


-ГЭРТЭЭ БИТГИЙ УНТААРАЙ-

Одоо Нийслэлийн олон “өнгөт” иргэдийн хэлсэн үгийг түүвэрчлэн хүргэе.

“Сонгуулийг бидний татварын мөнгөөр зохион байгуулдаг. Бидний цалингаар зохион байгуулдаг учир идэвхтэй оролцсон нь дээр байх аа.

Сонгууль бүрээр л өөрчлөлт гарна. Бага ч бай, их ч бай. Ямар ч байсан сонгуулиа өгөх хэрэгтэй”

“Залуус аа, сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Саналаа заавал өгөөрэй гэж уриалмаар байна. Эдийн засаг ийм хэцүү үед саналаа өгч, дахин сонгууль болгуулахгүйн тулд анхаарах хэрэгтэй”

“Сонгуульдаа идэвхтэй оролцоорой л гэж хэлье. Яагаад чухал гэхээр...ёстой мэдэхгүй байна, тэр талаар”

“Зургаан жилд ганцхан удаа болдог энэ сонгуульд сонгуулиа идэвхтэй өгөөрэй. Баярлалаа”

“Сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Гэртээ битгий унтаарай”

“За, залуус аа. Сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Улс орныхоо Ерөнхийлөгчийг сонгох гэж байгаа учраас сонгуулийн ажил маш чухал шүү. Идэвхтэй оролцохыг уриалж байна аа”

“Сонгуульдаа идэвхтэй оролцоорой, битгий гэр гэртээ сууцгаагаарай гэж хэлье. Улсынхаа төлөө бид л сонгуулиа өгөхгүй бол хэзээ ч өөрчлөгдөхгүй. Ийм ирээдүй сэтгэлд нийцэхгүй байх гэж бодож байгаа”

“Мэдээж төрийн тэргүүнээ сонгох энэ хариуцлагатай ажилд оролцох хэрэгтэй. Одоо залуус шал өөр болсон. Залуус минь идэвхтэй оролцоорой. Наадам яах вэ, хамгийн гол нь төрийн тэргүүнээ сонгох л байна. Төрийн тэргүүнээ сонгож байгаа юм чинь санал нэг ч гэсэн хүнээр дутна шүү дээ. Би 52 настай, нэг ч удаа сонгуулиа өгөхгүй өнгөрөөж үзээгүй”

“Ёстой хэлж мэдэхгүй байна аа. Өөрөө мэдээж саналаа өгнө. Сонгуулийн дараа нэг их өөрчлөлт ирэхгүй ч юм шиг. Гэхдээ залуу үе мэдээж илүү идэвхтэй оролцох байх”

“Ерөнхийлөгчийнхөө сонгуульд идэвхтэй оролцоорой гэж уриалъя. Сонгуулиар ямар хүн гарахаас үр дүн шалтгаална гэж бодож байна. Саналаа өгөх нь мэдээж чухал ач холбогдолтой. Бидний хүссэн, ажил хийх чадалтай хүн сонгогдвол улс оронд үнэхээр хэрэгтэй”

“Сонгуульдаа идэвхтэй оролцоорой залуус аа”

“Залуустаа сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж хэлье ээ”


Иргэн бүх өөрсдийн ухамсар, үзэл бодолтой ч гэлээ бид хариуцлагаа ойлгож, “Эх орон” гэдэг нэг цэг дээр зангидагдаж чадвал зөв сонголт хийнэ. Сонгуульдаа ч идэвхтэй оролцоно. Хэрэв ирц хүрэхгүй бол дахиад л төсвийн мөнгө зарлагадаж, дахин сонгууль явуулна.

Бүх сонгогчиддоо амжилт хүсье.

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-09 10:45

З�##�уу сонгогчдоо амжилт хүсье.

Холбоотой мэдээ

Back to top button