ВИДЕО КОНТЕНТНИЙГЭМЯрилцлага

Улсын алдарт уяач Э.Цолмон: Цолоо авахаар Төрийн ордонд очиход “Алдарт эх” болохоор ирэв үү” гэж асуусан

“Цолоо хүртэхээр Төрийн ордон руу орохын өмнө үүдний харуулууд “Та “Эхийн алдар” одон авах гэж байгаа юм уу” гэж асуусан. “Улсын алдарт уяач цол хүртэнэ” гэхэд их гайхсан” гээд инээмсэглэх түүнийг Эрдэнэ-Очирын Цолмон гэдэг.

Тэрбээр бүсийн наадмаас найман айраг, түрүү хүртсэн амжилтаар хэдхэн хоногийн өмнө улсын алдарт уяач цол хүртсэн юм. Монгол Улсын түүхэнд улсын алдарт болсон хоёр дахь эмэгтэй уяач, түүнээс өмнө ганцхан бий нь Д.Хорлоодой агсан гэж бодохоор Э.Цолмонгийн амжилтаар бахдахгүй, бахархахгүй байхын аргагүй.

Эмэгтэй хүн морь уях нь битгий хэл уяан дээр ирэхийг ч хүлцдэггүй өвгөдийн цээрийг эвдэн, бүсгүй хүн морь уяж болохыг, амжилт гаргаж чадахыг үлгэрлэж яваа түүнтэй ярилцлаа.

-Юуны өмнө Улсын алдарт уяач болсон танд баяр хүргэе. Монгол Улсын түүхэнд эмэгтэй хүн энэ эрхэм цолыг хүртсэн хоёр дахь тохиолдол юм билээ. Улсын алдарт уяач цолны болзлыг та хэрхэн хангав?

-Баярлалаа. Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын алдарт уяач цол хүртсэндээ үнэхээр их баярлан, үүгээрээ бахархаж байна. Энэ бол ганцхан миний амжилт биш. Надтай хамт олон жил морь уяж яваа, зааж, зөвлөдөг олон хүний амжилт юм шүү. Бүгдийнх нь гавьяаг үнэллээ гэж ойлгож сууна.

Би бүсийн наадмаас найман, айраг түрүү хүртсэн амжилтаараа Улсын алдарт уяач цолны болзлыг хангалаа.

-Эмэгтэй хүн улсын алдарт уяач цол хүртэхээр Төрийн ордонд очиход хүмүүс хэр их гайхсан бэ?

-Үнэхээр их гайхсан. Төрийн ордон руу орохын өмнө харуулууд шалгаад “Та “Алдарт эх”-ийн одон авах гэж байгаа юм уу” гэж асуусан. “Үгүй ээ, би улсын алдарт уяач цол хүртэх гэж байгаа юм” гэж хариулахад их гайхна лээ.

Өмнөх орой нь Ерөнхийлөгчийн Тамгын газраас холбогдоод Улсын алдарт уяач цол олгох болсноо хэлсэн. Тэгэхдээ “Та Эрдэнэ-Очирын Цолмон мөн үү” гэж нэлээд гайхаад лавлав. “Мөн, мөн” гэсэн чинь “Аан, та эмэгтэй хүн байсан юм уу. Эрэгтэй хүн байх болов уу гэж бодсон юм” гээд гайхсан.

Манайх 2004-2014 онд айраг, түрүү олныг хүртсэн. Тэр үеийн уяач нар намайг илүү сайн мэднэ. Сүүлийн үеийн уяач нар төдийлөн мэдэхгүй байж магадгүй. Эмэгтэй хүн улсын алдарт болоход Ерөнхийлөгч ч мөн гайхсан байх.

-Ерөнхийлөгчөөс цолоо хүртээд зогсож байхад юу бодогдож байв?

-Хамгийн түрүүнд тод манлай уяач Ц.Дуламсүрэн багшийгаа бодлоо. Би энэ хүний ачаар өдий хэрийн уяач болсон. Мэдээж хань, хүүхдүүд маань, хамаатан садангууд, найз нөхөд, уяачид гээд намайг дэмждэг хүн олон. Яагаад багшийгаа онцолж бодсон бэ гэдэг учиртай. Би Улаанбаатар хотын хүүхэд. Уяач болохоосоо өмнө морь, малны талаар мэддэггүй байсан. “Эмэгтэй хүн морь уяж болохгүй” гэж дургүйцэлгүй намайг дэмжиж, морь уях арга ухааныг зааж өгсөн ачтан байхгүй юу, багш маань. Улсын алдарт уяач болонгуутаа багштайгаа уулзъя, баярт мөчөө хуваалцъя гэж яарлаа. Даанч яг тэр үеэр багш маань хөдөө байж таарлаа.

Төрийн ордны хаалгаар орохоос эхлээд л би их догдолсон. Тухайн өдөр уяачдаас гадна эхчүүд “Эхийн алдар” одонгоо хүртсэн. Намайг Төрийн ордны хашааны гадна очиход маш олон эх орох гээд дугаарлан зогсож байлаа. Би “Алдарт эх”. Тэр олон эхчүүдийг “Алдарт эх” болж буйд, улсын алдарт уяач цол хүртэхээр яваа өөрийнхөө өмнөөс баярлаж байлаа.

-Монгол Улсын түүхэнд танаас өмнө ганцхан эмэгтэй хүн улсын алдарт уяач болсон нь Д.Хорлоодой агсан. Ийм ховор амжилтын эзэн болоод сүрдмээр санагдах юм уу?

-Сүрдсэн гэхээсээ илүү улам их хичээж, хөдөлмөрлөх хэрэгтэйг ухамсарлаж сууна. Улсын алдарт уяач цолдоо эзэн болж, дааж явна гэдэг хэцүү. Би хичээнэ ээ.

-“Улсын алдарт уяач Цолмон” гээд цоллуулан, хүлэг морьдоо сойх мөчийг хэрхэн төсөөлж, догдлон хүлээж байна вэ?

-Мэдээж сэтгэл догдлон хүлээлгүй яах вэ. Тэр мөчид баяр, бахдалтай байх нь мэдээж. Би өөрөөрөө, уяач болсноороо бахархана. Маш олон уяач улсын цол хүртэхийг зорьдог, мөрөөддөг. Улсын алдарт уяач гэж цоллуулах хувь надад тохиосонд их баярлаж, бахархаж байна.

-Та 17 жил морь уяж байгаа юм билээ. Улаанбаатар хотод төрж, өссөн таныг морь уяхад, уяач болоход юу нөлөөлөв?

-Монгол хүн морь харахаар сэтгэл хэчнээн тайвширч, тэнийдэг билээ. Морь барианд орох мөч хэчнээн сайхан гэж санана. Уяач болсонд маань нөлөөлсөн олон шалтгаан бий. Мэдээж адуутай амьдралаа холбоход хамгийн чухал нь хүсэл, тэмүүлэл.

Ханийг минь Товуугийн Энхбат гэдэг. Монгол Улсын манлай уяач цолтой. Намайг уяач болоход хань минь их нөлөөлсөн. Нөхрөө дагаад л морь уяад явдаг байлаа. Хань минь ажил ихтэй. Ажлаа хийхийнхээ хажуугаар морь уяж амжихаа болив. Тэгэхээр нь би арыг нь даагаад, морь уядаг болсон. Хань минь “Арвагар хээр” холбооны тэргүүн болоход нь би нөлөөлсөн болов уу гэж боддог. Учир нь Өвөрхангайд болсон уралдаанд шарга азаргаа сойхдоо “Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Т.Энхбатын шарга азарга” гээд цолыг нь дуудуулсан юм.

Хань минь адуунд их дуртай, нүдтэй. Гэр бүлийн хоёр хүн нэг хүсэл, зорилготой, тэмүүлэлтэй байхаар илүү их амжилтад хүрдэг юм байна. Миний хувьд морь уях бол хобби бус дуртай хийдэг ажил маань.

-Анх ямар морь уяж байв?

-Би 2004 оноос хойш өнөөг хүртэл морь уяж байна. Анх нэг шарга азарга худалдаж аваад, уяж билээ. Тухайн үед миний бие муу, их тэнхээрхдэг байлаа. Морь уяхын хэрээр миний бие сайжирсан. Ийм сайхан хийморьлог амьтны буян заяа түшдэг юм билээ.

 -Бүсийн наадмын анхны айраг, түрүүгээ хэзээ хүртэж байв?

-2008 онд Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд болсон өвлийн даншиг уралдаанд “Төгс” хүрэн азарга маань аман хүзүүдэн, анхны айргаа хүртэж байлаа. Тэр зунаа Алтан овооны наадамд айргийн дөрөвт давхисан. “Төгс” хүрэн азаргын амжилтыг 2009 онд “Босоо” хүрэн морь маань үргэлжлүүлсэн.

Нээрэн “Босоо” хүрэн морь маань надад ирсэн түүх их сонин. Уяач нар морь зарахаар Өлзийтийн хашаанд маань түр байлгасан юм. Өнөөх хүлгүүд дундаас шигшигдэж, шигшигдэж нэгэн хүрэн үлдэв. Яах аргагүй нүдэнд өртөөд байлаа. Манай уяач “Их сайхан хүлэг юм” гэхээр нь шинжиж байгаад авч билээ. “Босоо” хүрэн маань манайд тэгж ирсэн түүхтэй. Уг нь бүр ч илүү амжилт гаргах хүлэг байсан юм. Даанч хөл нь бэртчихсэн. Сэлэнгэ аймагт болсон даншиг наадамд айргийн гуравт ороход нь үнэхээр их баярлаж билээ.

Хань, бид хоёр нийлээд одоогоор хэчнээн улс, бүсийн хэчнээн айраг, түрүү хүртээд буйгаа тоолж байгаагүй. Ер нь хань минь амжилтаараа тод манлай уяач цолны болзлыг хангачихсан.

-Жилийн дөрвөн улиралд морьдоо та өөрөө гардаж уядаг уу?

-Үнэнийг хэлэхэд сүүлийн хэдэн жил эрүүл мэндийн шалтгааны улмаас тэгж чадахгүй байна. Өмнө нь яг жилийн дөрвөн улирлын турш уядаг байсан. Мэдээж би ганцаараа уяхгүй. Уяач нартай зөвлөлдөөд уядаг.

-Морь уях арга ухааныг Ц.Дуламсүрэн манлайгаар заалгасан гэж ярилцлагынхаа эхэнд та хэлсэн. Одоо ер нь хэр сайн уяач болж байна гэж өөрийгөө дүгнэх вэ?

-Мэдээж ямар ч зүйлийг төгс сурна гэж үгүй. Би суралцсаар яваа. Сайн суралцаж байгаа болов уу. Багш маань “Сайн байна” гэсэн.

-Эмэгтэй хүн морь уяж болохгүй гэх хэвшмэл ойлголт монголчуудад бий. Бүсгүй хүн морины уяан дээр ирэхийг хүртэл цээрлэдэг. Монгол түмний ийм ойлголт, хандлага таныг морь уяхад хэр их хүндрэл болдог вэ?

-Монголчууд, монгол уяачид ийм тогтсон хандлагатай байгаа. Тиймээс би танихгүй айлын уяан дээр очдоггүй. Эмэгтэй хүн морь уяж болохыг, амжилт гаргаж чадахыг анх баталсан хүн бол Д.Хорлоодой агсан. Хүн бүхэн эмэгтэй хүнээс төрдөг. Эмэгтэй хүүхэд хурдан морийг хэчнээн адтай унадаг гэж санана.

Олны тогтсон ойлголт, хэвшмэл хандлага заримдаа надад хэцүү санагддаг. Би аль болох тоохгүй байхыг хичээдэг.

-Бүсгүй хүн уяан дээр ч хүлцдэггүй өвгөдийг цээрийг эвдээд та морь уяж байна. “Эмэгтэй хүн морь уявал тэгнэ, уяанд ойртвол ингэдэг” гэх мэт цээрлэдэг зүйлс таны амьдралд тохиолдсон уу?

-Юу гэж тохиолдох вэ. Яалаа гэж тэгэх вэ. Монголд цөөнгүй эмэгтэй уяач бий. Улсын алдарт болоод, олны хараанд өртсөн нь л би.

-Монголд морь уядаг хэчнээн эмэгтэй уяач байдаг бол?

-Олон бий. Дундговь аймагт нэг уралдаанд морьдоо сойж явахад нэг мундаг эмэгтэй уяачтай таарч билээ. Сүхбаатар аймагт Ариунзаяа гэдэг аймгийн алдарт уяач бий. Би түүнийг удахгүй улсын цол аваасай гэж ерөөж суудаг.

-Улсын алдарт болсноор тань олон хүн бахархаж байна. Үүний сацуу “Морио яг өөрөө уядаг уу. Хүнээр уяулаад улсын цол авчихлаа” гэх мэт шүүмжлэл гарсныг та анзаарсан байх.

-Анзаарсан, анзаарсан. “Эмэгтэй хүн морь уяач, эрчүүдийн хийморийг гутаалаа. Худалдаж авчихаад уралдуулдаг биз” гэх мэт шүүмжлэл гарсан байна лээ. Манайх адуутай амьдралаа холбохын өмнө анхандаа адуу худалдаж авдаг байсан нь үнэн. Одоо өөрийн гэсэн адуутай, олон сайхан хурдан хүлэгтэй болсон.

Ер нь яагаад эмэгтэй хүн морь уяж болохгүй гэж. Үндэсний бөх, хурдан морь, сур харваа гурав бол эрийн гурван наадмын төрлүүд. Эмэгтэй хүн сур харваад, улсын наадамд цэц сорьдог шүү дээ. Үүнтэй адил эмэгтэй хүн яагаад морь уяж болохгүй гэж. Би энэ талаар их боддог. Хүмүүсийн шүүмжлэл болгонд “Тэгж хэлж, ингэж шүүмжилж” гэвэл би юу болох вэ. Ямар ч байсан давж гарсаар өдийг хүрлээ. Намайг мэдэх хүмүүс сайн мэднэ. Мэддэггүй байсан хүмүүс одоо мэдэж авсан байх.

-Та ер нь улсын наадамд морио сойж байсан уу?

-Нэг жил хонгор соёолонгоо улсын наадамд сойхоор уяж байсан юм. Наадмын өмнө манай адуу алга болоод ирж амжаагүй.

-Морь уяхын хамгийн сайхан нь юу вэ?

-Уяж буй морьтойгоо холбогдох, мэдрэх. Хэдийгээр хүлэг морьдтой хоёулаа ярьж буй шиг харилцаж чадахгүй ч сэтгэл, зүрхээрээ, үйлдлээрээ ойлголцдог.

-Уяаны арга барил тал дээр эмэгтэй хүн эрчүүдээс юугаараа ялгаатай вэ. Эмэгтэй хүн арай зөөлдөх, хайрлах тал бий юү?

-Байдаг. “Тэгчих вий, ингэчих вий” гэж болгоомжлох, эргэлзэх үе гардаг. Морины хөл бэртчих вий гэхээс би их айдаг.

-Уясан хүлэг нь түрүүлж, айрагдах шиг жаргал уяач хүнд үгүй. Тэрхэн мөчид танд юу бодогддог вэ?

-Морьд бариа руу орох агшныг би харж чаддаггүй. Бариан дээр очих нь битгий хэл зурагтаар ч үзэж чаддаггүй юм. Нүдээ тас аньчихаад, залбираад суучихдаг.

Ханийн минь уясан нэг хүрэн морь соёолондоо улсын наадамд айрагдсан юм. Бариа ойртох тусам сэтгэл догдлоод л. “Яана аа, яана аа” гээд нүдээ аниад, чихээ таглачихаж билээ. Айрагдахад өөрийн эрхгүй уйлчихаж билээ. Бариан дээр би байсан бол ёстой гүйж очоод, хүрэн морио тэврээд уйлах байсан байх.

-Танай адуу хаана байдаг вэ?

-Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд.

-Улаанбаатар жаахан удахаараа адуун дээрээ очих гээд хэр яарч, догдолдог вэ?

-Энд жаахан л удахаар сэтгэл тогтддоггүй. Аль болох ойр, ойрхон очих сон гэж догдолдог. Олон хоногийн дараа адуун дээрээ очихоор яг л хамгийн хайртай хүнтэйгээ, гэр бүлийнхэнтэйгээ уулзаж байгаа юм шиг санагддаг.

Сая Улсын алдарт болсныхоо дараа адуун дээрээ оччихоод ирлээ. Энэ жил улс, аймаг, бүсийн наадамд аль, аль хүлгээ уях талаар ярилцлаа. Ямар ч байсан нэг азарга, хоёр их нас, хоёр соёолон, гурван шүдлэн уяхаар боллоо. Даагаа уях эсэх дээр жаахан эргэлзлээ. Өнөө цагт сайн унаач хүүхэд нүдний гэм болсон. Уяачийн маань хоёр хүүхэд манай морьдыг унадаг. Манай бага хүү одоо 12 настай, энэ жилээс жингээр хасагдчихлаа.

-Та энэ улсын наадамд морьдоо сойх уу, нутагтаа наадах уу?

-Улсын алдарт уяач болсон тул төр, түмнээ хүндлээд улсын наадамд морьдоо сойно. Одоогоор уяхаар төлөвлөсөн 10-аад морь бий. Ямар ч байсан улсын наадамд хонгор азаргаа сойно.

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
гоё
гоё
2021-06-10 11:32

морь уяж байгаа зургаа нийтлүүлвэл гоё доо

иргэн
иргэн
2021-06-10 15:22

ХҮНЭЭР УЯУУЛААД ЦОЛ АВДАГ БАЙСНАА ОДОО БҮҮР ЭХНЭРТЭЭ АВЧ ӨГДӨГ БОЛЖЭЭ ....................

Зочин
Зочин
2021-06-10 16:06

Sochi yavah tuhai ta yu gej bodoj baina ? Tani bodliig sonsoy.Bas minii neg huselt bn ene 6 sardaa butschihval.

уи
уи
2021-06-11 00:48

атаархуу монгол зан гэж

Уясан хүний нэрийг наадамд дуудаж байх хэрэгтэй
Уясан хүний нэрийг наадамд дуудаж байх хэрэгтэй
2021-06-11 12:05

Дарга нар хүнээх уяуулчаад �##�дарт цол авдагаа харин болиоч Ээ. Монгол сайхан эрчүүдийг доошоо хийж зүгээр эргэж тойрч мөнгө өгч уяуулчаад л �##�дарт гээд цоллуулдаг. Морины эзэн нь Ажнайн Батэрдэнэ, Уясан уяач нь ( уясан хүний нэр ) гээд хэлдэг байх ёстой. Уясан хүн хөдөлмөрөө дуудуулж үнэлүүлж наадв�##� маш үнэн наадам болно. Их хурлын гишүү морь уяаад явахгүйг түмэн олон мэдэж байгаашдээ.

Jenko kinony fan 1mgl huuhed
Jenko kinony fan 1mgl huuhed
2021-06-11 17:59

Battulga eronhiilogchoos buuhynhaa omno oirtoialdart rh aldart judochin aldary jijig garyn korrupvhin sta uyachin aldart eronhiilogch geed bugdiig ogvol bi 2 garaaraa demjine tegeed nahodkad konsul bolgoh heregtei

Jenko kinony fan 1mgl huuhed
Jenko kinony fan 1mgl huuhed
2021-06-11 18:01

Battulga eronhiilogchoos buuhynhaa omno oortoo aldart eh aldart judochin aldart jijig garyn korrupchin sta uyaachin aldart eronhiilogch geed bugdiig ogvol bi 2 garaaraa demjine tegeed nahodkad konsul bolgoh heregtei

Зочин
Зочин
2021-06-13 22:05

Эрийн хийморь шингээсэн хурдан морьны уяан дээр эмэгтэй морь уяна гээд очих нь байтугай хажууд нь очдоггүй л гэдэг дээ гэтэл сайн юм саарна муу юм гаарна гэгч л энэ байхдаа

Zochin
Zochin
2021-06-22 22:06

Jinhene yaach hun mori m#ltaigaa hamt baij tejeej, uslaj, soij geh met m#lchin hunii ajliig m#liin dergedees ni hiideg. Iim hudulmur ni hunii umnuus shagnal avsan hereg geltei. M#lchin hunii une tsene hudulmur unuudur jinhemne utgaaraa inelegdehee bolijee. Gesen iim humuus ichih heregtei duursagdahgui unemshilgui shagnal m#l medehgui haruul hurtel gaihsan bn

Холбоотой мэдээ

Back to top button