НийгмийнСПОРТ

БАЙР СУУРЬ: “Амь нас, эрүүл мэндээс чухал амжилт гэж үгүй. Улсын наадмыг өнжвөл дэмжинэ”

Өнгөрсөн жил улсын наадмаа үзэгчгүй тэмдэглэсэн монголчууд энэ удаа хэрхэх нь олны анхаарлыг ихээхэн татаж буй. Одоогийн нөхцөл байдал 2020 оныхтой харьцуулахын аргагүй хүндэрсэн, улам дордсон. Хэдийгээр Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож буй ч өдгөө өдөрт 2000-аас дээш халдвар бүртгэгдэн, нас барагсдын тоо таваас буухгүй байгаа билээ. Монгол Улс тэр аяараа улаан бүс болж, хэн ч хаана ч халдвар авах эрсдэл отож байгаа өнөө цагт улсын наадмыг хийх нь зөв эсэхэд иргэд эргэлзсээр, талцсаар.

“Улсын наадмыг ямар ч үед тасалдуулах учиргүй. Тэгээд бүр тэгш ойн жил бүр ч болохгүй. Бөх, харваач, уяач бүхэн жилд нэг удаа л цолоо ахиулдаг. Олон олон хүчтэн, харваач бүтэн жилийн хөдөлмөрөөрөө хохирно” гэх нэгэн байхад “Улсын данс улайчихсан, эдийн засаг элгээрээ мөлчихсөн байхад наадам хийх буруу. Халдварын тоо нэмэгдэнэ, эдийн засаг улам доройтно. Харин тэгэхийн оронд наадам хийх олон тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт, халдвар авсан иргэдийн эмчилгээнд зарцуулсан нь дээр” гэж шүүмжлэх хүн ч бий.

МАН-ын 100 жилийн ой гээд эрх баригч нам хэчнээн бярдавч нөхцөл байдал тэдний эсрэг байгаа. Гэхдээ өнгөрсөн жилийнх шиг үзэгчгүйгээр хийнэ гээд чичрэхийг байг гэх газаргүй. УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан “Улсын наадмыг хойшлуулж, өнжсөн ч болно” гэж мэдэгдсэн нь битүүхэн нэг зүйл хэлээд байх шиг. Үнэндээ улсын наадмыг өнжихөөс аргагүй нөхцөл байдал үүссэн үү гэвэл үүссэн. Одоо хаана, хаанаа төр, засгийн шийдвэрийг хүлээсээр. Хэрвээ хийнэ гэвэл наадмын бэлтгэлээ чамбайруулах, өнжихөөр болвол амьдралаа бодох гээд дэмий л төрийн шийдвэрийг хүлээж сууна.

Өнөө жилийн наадмыг өнжих нь зөв үү, буруу юу. Бөхчүүд, харваачид ийм байр суурьтай байна.

С.МӨНХБАТ: ЭРҮҮЛ Л БАЙВАЛ ИРЭХ ЖИЛИЙН НААДАМД БАРИЛДАХ БОЛОМЖ БИЙ

(Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, улсын аварга)

Төр засаг яаж шийдэх нь үү. Өнжинө гэвэл дэмжинэ. Наадмаа хийхээр болвол барилдана. Төрийнхөө шийдвэрийг л дагна. Тэгэхээс ч өөр аргагүй. Бөхчүүд бүтэн жилийн хөдөлмөрийнхөө үр шимийг жилд ганцхан удаа улсын наадмаар үздэг. Цолоо ахиулах боломж жилд ганцхан удаа тохиодог нь улсын наадам.

Би одоо хэдэн настай билээ. Дахиад хэдэн жил түрүү, үзүүр булаалдах хэмжээнд барилдах вэ. Энэ жилийн наадмыг өнжихөөр болвол надад хайран. Харамсалтай байлгүй яах вэ. Гэхдээ амжилтаас чухал амь нас, эрүүл мэнд гэж юу байх вэ. Эрүүл л байвал ирэх жилийн наадамд зодоглох боломж бий.

Өнгөрсөн жилийнх шиг цахимаар, үзэгчгүй наадам хийгээд дэмий. Үзэгчгүй наадам наадам биш. Надад онцгүй санагдсан. Наадам ч биш юу ч биш хоёрын хооронд юм хийж байхаар өнжсөн нь дээр.

М.ӨСӨХБАЯР: ОЛОН ХҮН ХАЛДВАР АВЧ, НАС БАРЖ БАЙХАД “БИД БАРИЛДМААР БАЙНА” ГЭЖ БОЛОХГҮЙ

(Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, улсын заан)

Энэ жил Ардын хувьсгалын 100 жил, тэгш ойтой. Энэ ч утгаараа аймаг, аймгийн хүчтэнүүд ихээхэн ач холбогдол өгч, бэлтгэлээ улам сайн хийж байгаа нь мэдээж. Би “Хилчин” спорт хорооныхоо бөхчүүдийн хамт Бугын сангийн аж ахуйд наадмын бэлтгэлд гараад долоо хонож байна.

Цар тахалтай, халдвартай байгаа энэ цаг үед бэлтгэл хийхэд хүндрэлтэй байлгүй яах вэ. Халдвар, хамгааллын дэглэмээ аль болох сайн баримтлахыг хичээж байна. Үндэсний бөхийн бэлтгэл өөрөө өвөрмөц. Барилдааны бэлтгэл хийхийн тулд ноцолдохоос өөр аргагүй.

Бөхчүүдийн бүтэн жилийн хөдөлмөр, цолоо ахиулах ганц боломж гэж бодохоор наадам хийхийг дэмжмээр. Тамирчны амжилт залуу насных. Ид үедээ яваа бөхчүүдэд нэг жилийн наадмыг өнжинө гэдэг амжилтад нь их нөлөөлнө.

Нөгөө талаар аалдварын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, хумихад хүндрэлтэй байгаа тул өнжсөн нь дээр. Бөхчүүд бид бусадтай л адилхан амьдралтай, гэр бүлтэй. Наадмын бэлтгэлээ сайн хийхийн тулд гэртээ харихгүй байгаа.

Халдвар айхтар тархаж байна. Ийм цаг үед Төр засгийнхаа шийдвэрийг дагах л хамгийн зөв алхам. Олон хүн халдвар авч, нас барж байхад “Бид барилдмаар байна” гэж болохгүй. Улсын наадам бол зөвхөн бөхчүүд, уяач, харваачдын наадам биш. Монгол даяарын наадам.

Наадам болох нь уу, өнжих нь үү. Тодорхой шийдвэр гарахыг хүлээж сууна. Төр засаг наадам хийх эсэхээ ойрын хугацаанд тодорхой болгочихвол хаана хаанаа амар байна. Хийх эсэх нь мэдэгдэхгүй, учир битүүлэг байхаар ямар олиг байх вэ.

Д.БУМБАЯР: НААДАМ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ГЭХЭД ҮНЭХЭЭР ХҮНД БАЙНА

(Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын заан, Гавьяат тамирчин)

Улсын наадмыг тэмдэглэх эсэхийг шийдэх эрх нь УОК-т бий. Төр засаг ямар шийдвэр гаргах нь уу. Өнжинө гэвэл дэмжинэ. Өнөөдөр халдварын нөхцөл байдал ямар байгаа билээ. Улсын наадмыг хийх хэрэгтэй гэхэд үнэхээр хүнд байна.

Манай аймгийн “Увс нуур” дэвжээний бөхчүүд бүтэн жил бэлтгэл хийдэг. Наадмын өмнөх нэгдсэн бэлтгэлдээ гарчихсан байна. Одоо наадам хийх эсэх тодорхой шийдвэрийг хүлээж сууна.

Б.САЙНБАЯР: УЛСЫН НААДМЫГ ӨНЖИХ НЬ ЗӨВ

(Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат, улсын заан)

Халдварын тоо өдөрт 2000-аас буурахгүй байна. Өдөрт 5-аас цөөнгүй хүн нас барж байгаа өнөө цагт наадам хийхгүй байх, өнжих нь зөв. Улсын наадмыг өнжвөл бөхчүүд бүтэн жилийн амжилтаараа хохирно. Энэ үнэн. Гэхдээ Монгол Улс хэчнээн бөхтэй билээ. Хэдэн хүн амтай билээ. Хэдхэн бөхийн эрх ашиг, амжилтаас болж ард түмнээ эрсдэлд оруулж болохгүй.

Т.БААСАНХҮҮ: ТӨР ЗАСГИЙНХАА ШИЙДВЭРИЙГ Л ДАГНА

(Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын харцага)

Наадмын бэлтгэлдээ гарчихсан байна. Хөдөө байгаа болохоор улсын наадмыг хийх эсэх талаар ямар шийдвэр гарсан, иргэд ямар байр суурьтай байгаа талаар надад тодорхой мэдээлэл алга. Төр засгийнхаа шийдвэрийг л дагна. Бид бэлтгэлээ хийчихээд яг ид амарч байна. Бөхчүүд амарч байгаа тул утсаар ярих боломж алга.

Д.НОРЖМАА: НААДАМ ХИЙХ ЭСЭХИЙГ ЭРТХЭН ТОДОРХОЙ БОЛГОХ НЬ ЧУХАЛ

(Увс аймгийн Тэс сумын харьяат, Даян мэргэн)

Коронавирусийн халдвар зүгээр нэг ханиад, тоохгүй өнгөрөх асуудал биш. Бидний амь нас, эрүүл мэндтэй холбоотой зүйл. Ийм хүнд үед наадам хийх нь зөв гэж муйхарлаж болохгүй. Хойшлуулаад наймдугаар сард ч юм уу, халдвар намжихаар улсын наадмаа тэмдэглэж болно.

 Харваачид түрүүчээсээ наадмын бэлтгэлд гарсаар байна. Одоо наадам хийх эсэхээ эртхэн тодорхой болгох чухал. Яах нь мэдэгдэхгүй, ингээд тодорхой бус байвал хаана хаанаа хэцүү. Эртхэн шийдчихвэл амар. Манай “Алдар” спорт хорооны харваачид наадмын бэлтгэлдээ хараахан гараагүй. Энэ жил 40 гаруй харваач наадмын бэлтгэлээ базаана.

Өнгөрсөн жил халдварын нөхцөл байдал хамаагүй нам жим, Монгол Улс ногоон бүс байсан. Үзэгчгүй наадам хийж боломжтой байсан. Энэ жил тийм биш, нөхцөл байдал тэс өөр. Наадмыг үзэгчгүй хийлээ гэхэд бөхчүүд, харваачид бие биенээсээ халдвар авах эрсдэлтэй. Хэн нэгэн халдвар авсан эсэхийг шууд хараад мэдэх боломжгүй. Коронавирусийн халдвар нь нууц үедээ яваа бол шинжилгээгээр илрэхгүй. Үүнийг мөн бодолцох хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-16 08:40

Бөхчүүд ухамсартай байна

Зочин
Зочин
2021-06-16 09:27

Цагаан сар ба хар нулимас.Наадам ба хар нулимас.муухай биш үү?????ард урдахаа бодмоор юм.хөрш орон дэлхий дахинаас ичмээр юм.гаднаас чинь түгжчихсэн яаж үхэртэх нь вэ гээд хараад байж бгаа шүү!!!

зочин
зочин
2021-06-16 10:36

naadam boli xamaayan duu maan 35 nastai ene kovidood ungurluu bid nar ix aij bsaina eruul l baival bolno shuu ard tumen min emhelguud ix achaalaltai bux ajilchid ix

Зочин
Зочин
2021-06-16 12:24

Цаг үе ийм байхад яаж наадам тэмдэглэж чадна гэж...

Холбоотой мэдээ

Back to top button