УРЛАГ

Уран бүтээлч Б.Дөлгөөний “SYNCHRONICITY” буюу “УТГА УЧИРТАЙ ДАВХЦАЛ”

Уран бүтээлч Б.Дөлгөөн хувцас дизайнер мэргэжилтэй бөгөөд сүүлийн жилүүдэд уран зураг, мөн хувцас болон даавуун материалыг контемпорари хэллэгт хөрвүүлэн орон зайд байрлуулах буюу инстолляцийн бүтээлүүд хийх болсон. Энэ нь хувцас загвар гэгч зүйл зөвхөн тайзан дээр амьдардаг бус бидний дэргэд ч урлаг хэлбэрээр оршин байдаг гэсэн контекст юм.

Түүний анхны бие даасан үзэсгэлэн 2013 онд “Үргэлжлэл бий” нэртэйгээр олны хүртээл болж байсан бол дараагаар нь “Би хэн бэ?”, “Бүрхүүл”, “Өчигдрийн тэмдэглэлүүд” гэх нэртэйгээр үргэлжилж байсан. Харин энэ удаа тэрээр чухам ямар учраас зургаа дахь бие даасан үзэсгэлэнгээ “Synchronicity” буюу “Утга учиртай давхцал” хэмээн нэрийдэх болсон учир холбогдлыг дор сийрүүлье.

1920-д онд психоаналист Карл Густав Юнг (1875-1961) Синхронизм, Синхронисити гэх философийн нэр томьёог гарган ирсэн байдаг. Утгачилбал; хүний амьдралд шинжлэх ухаанаар тайлбарлаж, мөн ойлгохын аргагүй олон зүйл тохиолддог. Ихэнх хүмүүс ийм тохиолдлуудын талаар уншиж, эсвэл сонсоод хэсэг гайхсан болоод л мартагнадаг. Өөрөөр хэлбэл хувь тавилан, сансар огторгуй, бурхан хийгээд чөтгөрийн цаана орших нууцлаг зүйл нь бидэнд илгээсэн дохио, мөн нэг талаараа өөрийн зөн билэгтээ итгэх асуудал нь шинжлэх ухаанч бус санагдах байх. Гэсэн хэдий ч бидний амьдрал тохиолдлын, санамсаргүй гэж нэрлэдэг зүйл аль эрт синхрон үзэгдэл гэсэн нэршилтэй байсаар ирсэн гэдгийг бид төдийлөн мэддэггүй. Ингэснээр Юнг гайхамшиг ер бусын үйл явдал гэж бодитой байдаг төдийгүй тодорхой хэмжээгээр хүний оролцоотойгоор үүсдэг гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг болж таарна. Юнг синхрон үзэгдлийг гурван шалгуур дээр үндэслэсэн бөгөөд учир шалтгааны холбоогүй, нэгэн зэрэг тохиолдсон, утга учиртай зүйл хэмээсэн байдаг. Нэг үгээр хэлбэл хоёр ба түүнээс дээш үйл явдал нэгэн зэрэг тохиолдохыг синхронисити буюу учир утгатай давхцал хэмээн тайлбарлаж болно.

За, одоо үзэсгэлэнгийнхээ тухай өгүүлье. Үзэсгэлэнд зураг, даавуун материалыг ашиглан коллаж маягаар хийсэн холимог техникийн ажил, инстолляц, хувцас-ихэвчлэн даашинз, медиа артын бүтээлүүд тавигдсан байна. Тэрбээр даавуу гэх зүйлийг орчин үетэй хослуулан сүлэлдүүлж Синхронисити үзэсгэлэнгийнхээ гол концептээ гаргажээ. Зарим үед даавууг холимог техник болгон ашиглаж, даашинзыг дээр таазнаас өлгөж эсвэл дор байрлуулсан нь өөрийн санаа, бодлоо текстжүүлэх гэсэн мэт. Угаас Синхрон бүтээл нь уран бүтээлчийн сэтгэл зүйтэй холбоо хамааралтай болохыг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Тэрбээр өөрийн зурсан зургийн өмнө мөн хажууд элдэв чимэг үгүй энгийн даавуугаар урласан хувцсыг зэрэгцүүлэн байрлуулсан нь тухайн зурагтайгаа ямар нэгэн учир холбогдлоор холбогдсон байх нь өнөө л учир утгатай давхцал гэлтэй. Түүний бүтээлүүдийн ерөнхий өнгийн тоглолт нь зөөлөн эмзэг, анир үгүй, гэхдээ бүтээл бүр өөрийн хэллэгтэй, ямар нэгэн зүйлийн хүүрнэл мэт машид өгүүлэмжтэй. Магад энэ үзэсгэлэнд нэг час улаан, тод шар өнгө орж ирсэн бол үзэсгэлэнгийн ерөнхий өнгөтэй зөрчилдөх нь гарцаагүй.

            Түүний “Kites” нэртэй ажил нь цаасан шувууны тухай өгүүлнэ. Хүмүүс цаасан шувуунд хүслээ дайн агаарт нисгэдэг. Үүний мөн адил тэр ч энэ түүхийг бүтээлдээ дүрсэлжээ. Эл зурганд бараан дэвсгэр дээр өнгө өнгийн цаасан шувуу эргэлдэн ниснэ. Ерөнхийдөө саарал өнгийн колориттой ганц нэг час өнгө харагдана. Цаасан шувууны эргэлдэх хөдөлгөөн нь чанх дэргэд орших Англи хэв маягийн банзал өмсгөсөн муляжны хормойн эргэлттэй холбогдох мэт. Төд удалгүй цаасан шувуу цааш гүн орон зай руу нисэн замхран алга болжээ. Харин өнөөх муляжны хормой эргэлдсээр хоцорно. Энд дүрслэгдсэн цаасан шувуу нүүртэй, мөн хамар бас амтай. Угтаа энэ хоёрын учир холбогдол нь юу вэ? гэсэн асуулт гарч ирнэ. Цаасан шувуу өөрийн төрхтэй бол муляжинд биенээс өөр зүйл үгүй нь нэг нь нөгөөгөө нөхцөлдүүлж буйг илтгэнэ.  Эл зурганд мөн муляж хоёул царай төрхтэй, бие хаатай байж болох ч тэрбээр үүнээс татгалзсан байна. Энэ бол дүрсийн мэдрэмж, мөн хэллэгийн илэрхийлэл юм.

Үзэсгэлэнгийн бүтээлийн тухай цааш үргэлжлүүлбэл, эдүгээ цагийн урлагийн бүтээлүүд нь зотон даавуунаас хальж, 3D орон зайд илүүтэй өрнөх болсоны нэг жишээ нь үзэсгэлэнгийн нэрээр нэрлэгдсэн “Синхронисити” бүтээл юм. Энэ 3D дүрслэлтэй медиа бүтээлээ тэрбээр уран бүтээлч Б.Соёлтой хамтран хийсэн. Эхэнд төмөр утас зангидаж хийсэн эмэгтэйн дүр, дунд нь даавуун торон дээр уг дүрс хоёронтоо тусаж, ард талын зотон дээр гурвантаа илүү томоор тусах нь эгээ л бүтэн болсон гэлтэй. Видео ажил дотор цацрах гэрэл нь эмэгтэй хүний дотор орших түмэн бодол хийгээд түүний сэтгэлийн чанадад нуугдах уйтгар гуниг салют шиг цацарч, ор мөргүй арилж замхарна. Одоо л нэг тайвшралыг олж гэмээн асгартал уйлж дууссан мэт гүн сэтгэгдэл төрүүлнэ. Дээр өгүүлсэнчлэн хоёр ба түүнээс дээш үйл явдал нэгэн зэрэг тохиолдохыг синхронисити гэж нэрлээд байгаан адил энэ бүтээлд гурван дүрс нэг дор давхцах нь учир утгатай давхцал энд биеллээ олжээ хэмээн тайлж болно.

Эндээс дүгнэн хэлэхэд тэрбээр Синхрониситиг ашиглан хүний сэтгэцийн байдал ба обьектив үйл явдлууд хоорондын шалтгаан бус хамаарлыг тодорхойлжээ. Шалтгаан гэдэг нь угтаа бидний энгийн сэтгэлгээ юм. Гэхдээ синхрончлол нь санамсаргүй үзэгдэл бөгөөд зөвхөн сэтгэл зүйн хүрээнд хязгаарлагдахгүй. Өөрөө өөртэйгээ зөрчилдөж, дотоод дуу хоолойгоо сонсохоо ч мартсан энэ цагт тухайн нэршлийг сонгосон нь бүр ч олзуурхууштай. Б.Дөлгөөний бүтээлүүд хэт гүн утга агуулгатай бус хэдий ч энгийн зүйлсийг уран бүтээлчийн ертөнцөөр дамжуулан бүхий л зүйлс өөрийн оршихуйтай байх, бүх зүйл өөрийн илэрхийлэлтэй, нэг зүйлийн өөр тусгал юм гэж хэлээд байх шиг. Мөн энэ бүх зүйл хоорондоо хэрхэн холбоотой болох торгон зөөлөн, нандин мэдрэмжийг дагуулахын сацуу, заримдаа сахилгагүй охины хөнгөн аальгүй шинж ажиглагдах нь цаг хугацаа, орон зайн хувьд ихээхэн нууцлаг мэдрэмж төрүүлэхүйц. Түүний бүтээлүүд жил ирэх тусам хэллэгийн хувьд уламжилсан боловч агуулга сэдлийн хувьд шинэчлэгдсээр байна. Түүнээс хашгирсан хурц өнгө, эрчимт дүрсийг хүлээж боломгүй мэт, угаас тэрбээр өөрийн оршихуйтай, өөрийн дотоод мөн чанарыг дөлгөөн, намуун өнгөөр илэрхийлдэг, хувь хүн нь ч мөн адил эгшиг зөөлөн. Эцэст нь тэмдэглэхэд Б.Дөлгөөн, даавуун материалыг урлаг болгож чаддагийн адил, энэ хоёрыг ялгаж салгаж ойлгох ямар ч боломжгүй болсон мэт.

Ерөөс уран бүтээлчийн “хүсэл” болоод “дүрс” хоёрын завсрын талбарт интерпретаци сэргэгддэг гэдгийг хэлэх нь зүйтэй юм. Учир нь ямар нэг зүйлийн цаана энергийн нөлөөлөл байна гэж үзэх орчин үеийн хүмүүсийн фетиш сэтгэлгээ, түүнчлэн жирийн эд зүйлийн цаана төсөөлөгдөшгүй тайлал буйг нийтэд сануулснаар орчин үеийн хүний түм түжигнэсэн бум бужигнасан ертөнцөд байх орчноосоо залхсан, шинийг эрэлхийлсэн, өөрийгөө тусгаарлахыг хүссэн, өөрийн орон зайгаа хадгалах, амар амгаланг үгүйлсэн мөрөөдлийн мэт ертөнцийг энэ үзэсгэлэнгээс мэдэрч болно. Магадгүй, хэлэх боломжгүй ч байж мэдэх мэдрэмж.

Гэхдээ маргаашийн мэдрэмжийг танд үлдээе…

Урлаг судлаач Б.Учрал

Б.Дөлгөөн – “Kites” 2020, холимог техник, 100x100cm

Б.Дөлгөөн – Б.Соёл “Synchronicity” 2021, 3D медиа

Б.Дөлгөөн – “Connection” 2019, dress

Гэрэл зургийг Б.Бат-Оргил

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button