Нийгмийн

СУРВАЛЖИЛГА: “Зар тавиад ч эмч олдохгүй байна”

Манай улс улаан бүс болж, халдвар авсан иргэд өөрийгөө эмчилдэг болоод удаж байна. Халдвар авсан, ойрын хавьтал болсон иргэд өрхийн эмнэлэгтээ хандаж, ямар эм ууж, цаашид хэрхэх вэ хэмээн зөвлөмж авч буй. Гэвч иргэд “Өрхийн эмнэлэг утсаа авахгүй байна” хэмээн цахим сүлжээнд бухимдлаа илэрхийлж байна. Иймд бид өрхийн эмнэлгийг үнэхээр ачаалалтай байгаа юу? гэх асуултад хариулт хайн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны өрхийн эмнэлгийг зорилоо.


Өрхийн эмнэлгийн хажуу талын сүүдрэвчид эмнэлгийн цагаан хувцас өмссөн гурван хүн шинжилгээ авч байлаа. Хүүхдээ дагуулж ирсэн аав, ээж олон байв. Орон сууцны хоёр давхарт байрлах өрхийн эмнэлэг рүү орвол эмчилгээ, үйлчилгээ авч буй 20 гаруй хүн байлаа. Тэдний зарим нь бага насны хүүхэдтэй ээжүүд. Бид өрхийн эрүүл мэндийн төвийн даргатай уулзаж, сурвалжилга бэлтгэж яваагаа хэллээ. Нэг асуулт асуув уу, үгүй юу өрхийн эмнэлгийн утас хангинана…утсаар ярьсных нь дараа асуулт тавьж, хариулт авсаар... бидний дунд ийм яриа өрнөв.

“УЛСААС 70 МЯНГАН ТӨГРӨГИЙН БАГЦ ӨГЧ БАЙГАА ГЭЖ ЯРИАД БАЙГАА. ТИЙМ ЮМ БАЙХГҮЙ”

“Өрхийн эмнэлгүүд голомтын шинжилгээ авч байгаа. Манай өрхийн эмнэлэг орон сууцны хоёр давхарт байдаг болохоор тусгаарлах өрөөгүй, гадаа хавьтлын шинжилгээ авч байна. Дулаахан байгаа болохоор уурлаж, уцаарлах нь бага байна.

Манай өрхийн эмнэлгийн тухайд, нэг эмч маань эмнэлзүй, тусгаарлалт хариуцдаг юм. Харин нийгмийн ажилтан маань хавьтал хариуцдаг. Программ дээр халдвар авсан хүмүүсийн нэр нь шивэгдээд ороод ирэхээр утас руу н залгаж, биеийн байдлыг нь үнэлдэг. Тэгээд бусад эмч нартаа хуваагаад, хуваарлаад өгчихдөг юм. Хариуцсан эмч өдөрт нэг удаа холбогдож, биеийн байдлыг нь асууж, дүгнэлт хийнэ. Биеийн байдал нь хүндэрч буй хүмүүсийнхээ мэдээллийг статистикийн эмч рүү өгнө. Статистикийн эмч тандалт, хариу арга хэмжээний багтай холбогдож, эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай байгааг хэлдэг.

Мөн бид өдөр бүр биеийн байдалд нь үнэлгээ хийгээд, суурь өвчинтэй, хүндэвтэр хүмүүсийнхээ гэр рүү үдээс хойш нэг эмч томилон явуулдаг. Манай өрхийн эмнэлэг унаагүй учир эмч нар маань үзлэг хийх айл руугаа алхаад оччихдог юм. Өнгөрсөн бямба гарагт л гэхэд нэг эмч маань 10 гаруй айлд очсон. Заа тэгээд, өрхийн эмнэлгийн утас бол амрахгүй. Хагас бүтэн сайнгүй залгана. Иргэд эмийн сангаас нэг тест авч үзчихээд, “эерэг гарчихлаа одоо яах вэ” гээд залгадаг болчихсон. Ямар сайндаа бид хагас, бүтэн сайнд өрхийнхөө эмнэлгийн хаалгыг хааж, хүнд үйлчлэхгүйгээр нэг эмч суулгадаг болсон. Тухайн эмч маань өрхийн эмнэлгийн утас руу залгасан иргэдэд мэдээлэл өгч, хүмүүсийнхээ биеийн байдлыг үнэлдэг юм” гэлээ.

Бидий яриа ийнхүү өндөрлөлөө. Учир нь ажлын утас болон өөрийнх нь утсанд давхар дуудлага орж ирлээ. Дээрх хоёр дуудлага мэдээлэл авах гэсэн иргэдээс ирсэн нь илт. Тэд “Вакцинд хамрагдсан бичгээ хаанаас авах вэ?, Түргэвчилсэн тестээр эерэг гарчихлаа одоо яах вэ?” гэж асууж байгаа бололтой. Хариултанаас нь юу гэж асууж байгааг нь мэдэж болохоор байлаа. Тэрбээр утас руу нь залгасан иргэний овог нэр, гэрийн хаягийг бичиж аваад “Өрхийн эмнэлгээс витамин С, Д, парацетамол өгөөд удаж байна. Улсаас 70 мянган төгрөгийн багц өгч байгаа гэж яриад байгаа. Тийм юм байхгүй. Арбидол л цөөн тоогоор хэдэн удаа өгсөн. Тэр нь дуусчихсан байгаа шүү” гэж хэлээд утсаа салгалаа. Үргэлжлүүлэн утас дугаарлаа…

Иймд бид хажуу талын өрөө рүү орлоо. Тус өрөөнд их эмч Э.Эрдэнэцэцэг, нийгмийн ажилтан нар байдаг аж. Тэд өрхийн эмнэлэг рүү залгаж буй иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч, ойрын хавьтал болсон иргэдэд ирж, шинжилгээ өгөх цагийг нь утсаар мэдэгддэг юм байна. Нийгмийн ажилтан гадаа иргэдээс шинжилгээ авч байсан тул бид их эмч Э.Эрдэнэцэцэгтэй ярилцлаа.

Мөн адил ярилцаж байх хугацаанд залгасан бүх дуудлагыг тэрбээр авч, зогсолтгүйгээр зөвлөгөө мэдээлэл өгнө. Би ч тэвчээртэйгээр хүлээв…

“МАНАЙ ЭМЧ НАР ДАНДАА ҮДЭЭС ХОЙШ АЖЛЫН БУС ЦАГААР ГЭРТЭЭ ХАРЬЖ БАЙНА”

-Өдрийн цайгаа ууж амжиж байгаа юу. Их ачаалалтай ажиллаж байх шиг байна?

-13:00 цагаас арайхийж нэг хаалгаа түгжиж байгаад 30 минут хоолоо иднэ. Гэрээсээ хоол хийж ирээд цахилгаан зууханд халааж иддэг.

-Сүхбаатар дүүргийн 11 хорооны тухайд нийт хэчнээн иргэн гэрийн тусгаарлалтад байгаа вэ?

-Гурван сарын 22-ноос хойш халдвар авсан, биеийн байдал нь хөнгөн байгаа иргэдийг гэрт нь тусгаарлаж байгаа. Зургадугаар сарын 18-ны байдлаар, өрхийн хэмжээнд 1064 хүн халдвар авсан байна. Ихэнх нь эдгэрсэн. Одоо 345 хүн гэрийн тусгаарлалтад байгаа. Дээр хэлсэнчлэн эдгээр иргэдийг 6 эмч маань хувааж аваад өдөр болгон ярьж биеийн байдлыг нь асуудаг. Батлагдсанаас хойш 7 хоног өнгөрч, шинж тэмдэг нь арилаад биеийн байдал нь тогтворжоод ирэхээр өвчтөнүүд рүү сувилагч нар холбогддог. Бид дотроо ийм зохицуулалт хийж ажиллаж байна.

-Өдөрт ойрын хавьтал болсон, шинж тэмдэг илэрсэн гэсэн хэчнээн дуудлага ирж байна вэ. Залгаж байгаа иргэд ямархуу хандлагатай байх юм?

-Ёстой тоогоо алдсан. Барагцаалдвал, өрхийн эмнэлгийн утас руу өдөрт 200-300 гаруй хүн залгаж байгаа байх. Гэртээ тусгаарлагдаж байгаа иргэд өдөр, шөнөгүй л эмч нар руу залгана шдэ. Өдөр нь үзлэг хийж байхад нь хүртэл зогсоо зайгүй залгачихна. Хүн үзэж байгаа болохоор утсаа аваад ярих хэцүү. Утсаа авсангүй гээд ирж загнана. Гэхдээ зарим хүмүүс маш эелдэг сайхан хандлагатай байдаг. Зарим нь харааж, ерөөнө.

Үүнээс болоод зарим эмч маань шантраад гарч байна. Нэг эмч маань ажлаа хаяад гарсан. Бас нэг эмч маань халдвар аваад, эдгэрсэн. Өнөөдрөөс ажилдаа орж байна. Гэтэл өнөөдрөөс нэг сувилагч маань өвдөөд явчихлаа.

-Ажиллах хүч дутагдаж байна гэж ойлгож болох уу?

-Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, статистикийн эмч, нийгмийн ажилтан, зургаан эмч, долоон сувилагч ажиллаж байна. Зургаан эмч маань ирж байгаа бүх хүмүүст үзлэг хийнэ. 0-2 настай хүүхдүүдийг вакцинд хамруулна. Нярай, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ эргэж, өрхийн эмнэлгийнхээ үйл ажиллагааг тасалдуулахгүй явуулна. Мөн гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүсээ хянаж, зөвлөгөө мэдээлэл өгч байна. Сувилагч нар маань ойрын хавьталуудаас шинжилгээ авч байна.

Ер нь бол хүн хүчний нөөц дутагдаж байна. Долдугаар сарын 1-нээс хоёр эмч маань гарна гэсэн. Зар тавиад ч эмч олдохгүй байна.

-08:30-аас орой 17:30 хүртэл ажиллах хуваарьтай байсан. Цагтаа тарж байгаа юу?

-Бидний ачаалал хэд дахин нэмэгдсэн ч юм бүү мэд. Одоо гадаа 117 хүнээс шинжилгээ аваад зогсож байна. Хэдээс нь халдвар илрэхийг мэдэхгүй. Өчигдөр 48 хүнээс шинжилгээ авахад 28 нь эерэг гарсан. Бид үзлэг хийхийнхээ хажуугаар “таны шинжилгээ хариу эерэг гарч, батлагдсан тохиолдол боллоо” гэж хүн болгонд залгаж хэлэх үнэхээрийн боломжгүй байна.

Одоо манай эмч нар дандаа үдээс хойш ажлын бус цагаар гэртээ харьж байна. Хамгийн эртдээ 19:30 гэж харьцгааж байна. Гэртээ очсон ч утас нь байнга дуугарчихна. Утсаа авахгүй болохоор элдвээр дарамтална. ЭМЯ, УОК-т хэлнэ гэнэ. Аягүй хэцүү. Үүнээс болж, гэр бүлийнх нь гишүүд бухимдана.

Амралтын өдөр хүртэл дотоод зохицуулалт хийж, нэг эмч жижүүрлээд эндээ сууж байхад хүмүүс ойлгохгүй байгаа байхгүй юу. Өнгөрсөн амралтын өдөр жижүүрлэж байсан эмчийг “Бусад нь яагаад амардаг юм. Та нар юу хийж байгаа юм” гэж загнасан гэсэн. Уг нь бид хагас, бүтэн сайн өдөр амрах ёстой. Энэ утсыг авах ёсгүй байхгүй юу.

-Халдвар авахгүй тулд хүн бүхэн өөрсдийгөө тодорхой хэмжээнд хамгаалж, дархлагаа дэмжиж буй. Эмч нарын тухайд дархлаагаа хэрхэн дэмжиж байна вэ?

-Өдрийнхөө цайнд ч орж чадахгүй байгаа хүмүүс яаж дархлаагаа дэмжих вэ дээ.

“18 ХҮНД ШААРДЛАГАТАЙ ЭМ ӨГЧХӨӨД ЭМИЙН БАГЦ ӨГСӨН ГЭЭД ЗУРАГТААР ЯРИАД СУУХ ЮМ”

-Иргэд “Их олон газар руу залгаж байна. Нэг нь ч утсаа авахгүй юм. Эмнэлэгт хэвтэх хүртэл их олон шат дамжлагатай юм” хэмээн бухимдаж байгаа харагдсан. Шат дамжлагын тухайд нэгдсэн нэг ойлголттой болох нь зүйтэй байх. Аль шатанд тэгж их удаад байдаг юм бол?

-Өрхийн эмнэлгээс эхлээд халдвар авсан хүнтэй холбогдож, биеийн байдал, архаг, хууч өвчнийг нь тодруулна. Тэгээд Сүхбаатар дүүргийнхээ тандалтын баг руу холбогдож, манай хороонд биеийн байдал нь хүнд ийм хүн байна, энэ хүнийг орны эмнэлэгт хэвтүүлнэ гэдгээ хэлдэг. Тухайн тандалтын багт зөвхөн манай хорооноос эмнэлэгт хэвтэх шаардлагатай хүний нэр очоогүй нь мэдээж. Сүхбаатар дүүргийн бүх хорооноос иргэдийн нэр очсон байж таарна. Тандалтын баг хүмүүсээ эрэмбэлээд сул ор гарсан бол шуурхай хэвтүүлдэг. Бид аль болох гэрийн нас баралт гаргачихгүй юмсан гээд хаана, хаанаа хичээгээд л байгаа.

-Гэрийн тусгаарлалтад байгаа ямар иргэдэд нь эмийн багц хүргэгдэж байгаа вэ?

-Манай өрхийн эмнэлэг өөрсдийнхөө санхүүжилтээс гаргаж, хүмүүст Д, С витамин, “парацитормон” өгч байгаа. Сувилагч нар маань батлагдсан тохиолдлуудад хүргэж өгдөг.

Нийслэлийн эрүүл мэндийн газар 2021 оноос гарснаас хойш манай өрхийн эмнэлэгт “Арбидол” эмийн 100 мг-тайгаас 475 ширхэг, 200 мг-тайгаас 300 ширхгийг өгсөн. Өндөр тунтайг нь нэг хүнд өдрийн гурваар өгдөг гэхээр аравхан хүний тун ирсэн гэсэн үг. Харин бага тунтайгаас нь давхарлаад өдөрт гурван удаа уудаг. Нэг хүн өдөрт 6 ширхгийг уудаг гэж бодохоор найман хүний тун манай дээр ирсэн гэсэн үг.

Гуравдугаар сараас хойш 1064 хүн халдвар авчхаад байхад 18 хүнд шаардлагатай эм өгчхөөд эмийн багц өгсөн гээд зурагтаар яриад суух юм. Өрхийн эмч нар дунд нь хэцүү байдалд орж байна шдэ. Хүмүүс эмээ авъя гэж нэхээд. Зарим хүмүүс эмч нарыг “70 мянган төгрөгтөө хахаж, цадаж үхээрэй” гээд харааж байх жишээний.

-Халдвар туссан жирэмсэн эхчүүд болон хүүхдүүдэд ямар зөвлөмж өгч байгаа вэ?

-Вирусийн эсрэг эмийг хэрэглэхийг зөвлөж байгаа. Гэхдээ хувь хүнийх нь биеийн онцлогт тааруулан зөвлөнө. Харилцан адилгүй. Гол нь дархлаагаа дэмжихийг зөвлөж байгаа.

“...МАНАЙ ЭМЧ НАР БОЛ АЖЛАА ХАЯАД ГАРАХАД БЭЛЭН БАЙНА”

-Эмнэлэг дээр сэжигтэй тохиолдол, шинж тэмдэгтэй хүн зөвлөгөө мэдээлэл авахаар ирсэн тохиолдолд ямар зохицуулалт хийж байгаа вэ?

-Өрхийн эмнэлэг рүү ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн гэх шалтгаанаар орж, ирж үзүүлэх гэсэн иргэнийг дотогш оруулахгүй дугаарыг нь авч үлдээд буцааж байгаа. Тэгээд утас руу нь холбогдон, зөвлөгөө мэдээлэл өгч, шинжилгээний цагийг нь хэлж өгдөг. Бид өөрсдийгөө ингэж эрсдэлээс хамгаалж байгаа. Хэн нэгэн маань өвдчих юм бол бид хүний нөөцгүй болно.

Зайлшгүй тохиолдолд хэвтрийн, нярай хүүхэдтэй хүмүүсээс шинжилгээг алхаж очоод авчхаж байгаа. 119 рүү залгасан хүмүүсийг өрхийн эмнэлэг рүү холбогд гэнэ. Ер нь хаашаа л ярина өрхийн эмнэлэг рүү ярь гэнэ. Эрүүл мэндийн сайд юу яриад яваад байгааг бид нар өөрсдөө ч ойлгохоо болилоо. Одоо манай эмч нар бол ажлаа хаяад гарахад бэлэн л байна.

-Тэгэхээр Эрүүл мэндийн сайдыг өрхийн эмнэлгүүд дээр ирээд ямар нөхцөл байдалтай ажиллаж байгааг хараасай гэж эмч, сувилагчид хүсэж байгаа бололтой?

-Тэгэлгүй яахав. Өрхийн эмнэлэг дээр ирээд хараасай, нэг хоног ажиллаад үзээсэй гэж хүсэж байна.

-Өрхийн эмнэлгийн ачааллыг цаашид ямар зохицуулалтаар хөнгөвчилж болохоор харагдаж байна вэ?

-Хүн хүч хэрэгтэй байна. Шийдвэр гаргахдаа нэг зүйлийг анхаармаар байгаа юм. Өрхийн эмнэлгүүд дээр батлагдаж байгаа халдварын тоо өөр, өөр байгаа. Жишээ нь, манай өрх дээр ойрын хавьтал гээд 100 гаруй хүнээс шинжилгээ авч байхад зарим дүүргүүд 14 хүнээс шинжилгээ авч байна. Тэгэхээр халдварын тохиолдол олноор батлагдаж буй хороонуудыг судалж, ачааллыг нь тэнцвэржүүлэх хэрэгтэй.

Өглөө болгон Эрүүл мэндийн яам мэдээлэл хийхдээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг танилцуулдаг. Тэдгээр иргэдийн 50-иас дээш хувь нь хөнгөн оноштой байгаа юм билээ. Уг нь бол эмнэлэгт хөнгөн оноштой байгаа тэдгээр иргэдийг гэрээр нь эмчлээд, гэрт байгаа үнэхээрийн хүнд хүмүүсийг эмнэлэгт хэвтүүлмээр байгаа юм. Ийм зохицуулалт хийх боломжтой гэж харж байгаа.

“ВАКЦИН ХИЙЛГЭСЭН ХҮМҮҮС ХҮНДРЭХ НЬ БАГА БАЙХ ШИГ БАЙНА”

-Халдвар аваад гэртээ тусгаарлагдаж байгаа хүмүүсийн /өрхийн хэмжээнд/ хэдэн хувь нь вакцинаа хийлгэсэн хүмүүс байна вэ?

-Ер нь бол бүгд л вакциныхаа бүрэн тунд хамрагдчихсан хүмүүс байна. Архаг хууч өвчинтэй, настай хүмүүс нь хүндрээд байна. Харин вакцин хийлгэсэн хүмүүс хүндрэх нь бага байх шиг байна.

-Ойрын хавьтал болсон хэрнээ хариу нь хэд, хэдэн удаа сөрөг гарч байна. Тэгсэн хэрнээ хоолой нь, цээж нь өвдөөд байгаа хүмүүс байна шдэ. Ийм шалтгаантай хүмүүс хэр их залгаж байна. Ер нь энэ юутай холбоотой юм бол?

-Ийм шинж тэмдэгтэй хүмүүс хоёр, гурван удаа шинжилгээ өгөөд сөрөг гарсан ч дөрөв дахь дээрээ батлагдана. Ер нь гадуур ханиад томууны халдвар гэхээс илүү коронавирус л байна. Коронавирус чинь эхэндээ халуурч, ханиалгах гэсэн шинж тэмдэгтэй байсан. Одоо бол дандаа хоолой хөндүүрлэж байгаа. Толгой өвдөнө. Ядарч, сульдана. Ер нь бол ханиалгах нь нэлээн хэд хоногийн дараах шинж тэмдэг.

-PCR шинжилгээнийх нь хариу эерэг гарснаас хойш 10 хоногийн дараа нийгмийн амьдралдаа хэвийн оролцож болно гээд байгаа шүү дээ. Шинжилгээ авахгүйгээр нийгмийн амьдралд нь оролцуулах хэр зөв юм бэ?

-Шинжилгээ авсан ч эерэг гарна. Яагаад гэвэл тэр чинь эсрэг биеийг нь л үзэж байгаа учраас.

Ер нь бол халдварт өвчин нууц үедээ халдвар тараадаг. Дээрээс нь шинж тэмдэг илэрч байгаа үедээ л халдвар тараадаг. Шинж тэмдэггүй болчихсон бол халдвар тараахгүй. Угаасаа халдварт өвчний явц нь тийм.

СЭТГҮҮЛЧИЙН ДҮГНЭЛТ: Өрхийн эмнэлгийн эмч, ажилчид үнэхээр туйлджээ. Иргэдийн бухимдал, уцаар тэднийг улам бүр туйлдуулж, ядраадаг аж. Шөнө, өдөргүй залгаж, утсаа авсангүй, ЭМЯ, УОК-т хэлнэ гэж сүрдүүлдгийг сонсох жигшилтэй. Иргэдийн энэ мэт хандлага даамжирвал алсдаа эрүүл мэндийн салбарын ажилчдын дунд гэр бүл салалт нэмэгдэх аж. Тэдний дунд хумсаа будуулсан нэг гар байсангүй. Харин чөлөө завгүй амьдралын хэмнэл дунд ороод ирснээ л анзаарлаа. Биднийг 16:00 цагт гарахад зарим нь дөнгөж, өдрийн хоолоо идэж байв. Тэд ус уух, хоол идэх ч завгүй, дуудлага болгонд хариулж, ирсэн хүн бүхэнд тусламж үзүүлж, шинжилгээ авч, гэрээр эм тарааж байна. Эрүүл мэндийн салбарын ажилчдаа хүндэтгэж, ажлын бус цагаар аль болох залгахгүй байцгаая. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эмч
Эмч
2021-06-22 09:53

Үнэхээр хэцүү мэргэжил сонгожээ

Иргэд
Иргэд
2021-06-22 11:55

Өрхийн эмч гэдэг бол ард иргэдтэй яг тулж ажилладаг эрүүл мэндийн төлөө бор зүрхээрээ яг л ард иргэдийнхээ төлөө гэсэн хүн байдаг. Эдгээр хүмүүсийнхээ ц�##�ин нь ханг�##�ттай байдаг бол зүгээрсэн.

Zochin
Zochin
2021-06-22 19:04

Urhiin emnelgiig huvichilsan nertei tusvuus tsalinjdag utgagui togtoltsootoi. Huviinh geed ajlaa dugnuuleh durgui muurtluu tsalin nemehiig shaarddag irgediin dund ner hund muutai. 90 onii umnuh shig ulsiin emneleg bolgohoor yrigdahad urhoin emnelgiin emch suvilagchid eserguutseed boliulsan. Negent tusvuus tsalinjdag ym chini ulsiin emneleg bolgoh heregtei.

лдп
лдп
2021-06-22 19:46

өмнөх сайд ажиллаж байгаагүй. битгий хуцацгаа. доод �##�бан тушаадтнууд нь яацын дэд сайд төрийн нарийн газар хэлтсийн дарга нийслэлийн эрүү мэндийн газөр гээл өч төчнөөн юм бий ... Захи�##�гаар хүнхарлуулааа болиорой

Зочин
Зочин
2021-06-23 03:34

Эцэст нь хэлэхэд яамны одоогийн сайд нь попорсон ,нөхөр байх юм.Урьдахь сайд ЕС жудагтай эр хүн байжээ.Өрхийн эмнэлэг дээр яамаараа нэг өдөр ажлаад үзээч ээ.Ажил ихтэй хүмүүст ажил багатай попроо ихтэй ,намчирахсан сайд хэрэггүй.Хүн ардаа ч гэрт нь зөндөн хаячихсан бүх ажлаа өрхөд даатгачихсан төр засаг,яамны сайд нар л байх юм.Болоогүй бу�####�ас буруугаа хайсан нөхөд байна.Удахгүй бидний буруу биш бусдын/ард түмний буруу гэсэн намчирахсан .пээдийсэн насаараа дарга хийх юм шиг цүнх баригч нар олшрох нь ээ.тэдний нэг нь эрүүл мэндийн сайд.Хараажаар эм �##�га,эмч сувилагч нар нь хүрэлцэхгүй байхад ийм ийм эм тэдэн төгрөгөөр олгож байгаа хүн болгонд үйлчилж байна гээд худ�##� ярьдаг сайд хэрэггүй шүү

emch
emch
2021-06-23 22:45

өохмйн эмнэлэгийн дарга нар ханг�##�ттай ц�##�интай. Худлаа гэвэл та нао нийслэлийн 146 ӨЭМТ-ийг судлаад үз. 70-80 хувь нь 15-20 жил дарга хийсэн хүмүүс. Сайн сжтгэлээсээ ажиллаж бгаа өрхүүд бий ч дийлэнх нь сэтгэлгүй з�##�хуу өдөр өнгөрөөсөн эмч нарын нэр хүндийг унагаасан хүмүүс бдаг. Өдөр нийслэлд 1500-1600 тохиолдол илэрлээ гэж бодьё. Үүнийг зөвхөн төвийн 6 дүүрэгт хувааж үзье. 267 тохиолдол за үүнийг хамгийн цөөн хороотой дүүрэг 18 хороотой үүнд хувааж үзэхэд 1 өрхөд дундажаар 15-20 хүн л ногдож байна. Өрх стандартаар 8000 хүн амтай бж эмнэлэг болдог дор хаяж 3-4 эмчтэй байх ёстой. Ингээд үзвэл 2 эмч эмнэлэгтээ үзлэг хийгээд 2 нь ковиддоо анхаараад үнэнчээр истори нээгээд үзээд явахад юу нь болохгүй бгаан. Дандаа зовлон тоочдог. Санхүүжилт болохгүй бна гээд нэмж өнсөн л байна. Одоо тэгүүл хийгээд үзэл дээ. Сая ЭМДЕГ -с мэдээлэл тавьсан 3 сараас хойш 146 өрхөөс 84 нь 17-504 хүний санхүүжилт нэхэмжилсэн байна. Ингээд харахаар дийлэнх нь з�##�хуу эсвэл ямар 1 ш�##�тгаанаар н
л ажиллахгүй бна ш дээ. Байрын хороололын өрхүүп харьцангуй ача�##��##� бага л бна лээ. Их тохиодол бүртгэгдээд бгаа өрхийн эмнэлэгтээ туслаад дэмнээд явж бно ш дээ. Сав�##� хийвэл бие биерүүгээ дайрна. Өрхийн эмнэлэгийг эсвэл улс буцааж авмаар....

хариулт
хариулт
2021-06-23 22:51

уучлаарай ковидоос өмнө л өрхийн эмнэлгүүд эмч суви�##�гч дутуу бсан. Сайд яаж худлаа хэлсийн харин ч ача�##��##� их ирж бгаа гээд зөвхөн ковидтой хүнийг даатг�##�аас санхүүждэг болгож өгсөн. Зүгээр мөнгө өгөхгүй ш дээ. Өөрөө хийж бж хийснээ шадгуулж бж мөнгөө авна биз дээ. Өрхийн дарга нарын болон өөрийн хүнийх нь ц�##�инг очоод үзээрэй. Монголд Хамгийн өндөр ц�##�интай эмч бх шүү. Жижүүр хоноггүй... Мэдэхгүй бж мэддэг юм шиг бурахаа боль

Зочин
Зочин
2021-06-27 23:03

Хагассайнд хүртэл з�##�гаж бие асууж байсан. Ядаж нэгжний мөнгө нтр г байгууллагаас нь өгдөг юм болов уу? гэж бодож байлаа. Саяхан ороход хүн багатай л байна лээ. Хороо бүрийн ача�##��##� өөр гэж үнэн байх

Холбоотой мэдээ

Back to top button