СПОРТ

Г.Отгонцэцэг Казахстаны нэрийн өмнөөс олимпод хоёр дахиа зодоглоно

Иргэншлээ солин, Казахстаны тамирчин болсон Галбадрахын Отгонцэцэг казахстанчуудыг төлөөлөн Токиогийн олимпод оролцохоор боллоо.

Олимпын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Казахстан улсын  Гавьяат тамирчин түүнийг эмэгтэйчүүдийн 48 кг-д дахин сойхоор болов. Г.Отгонцэцэг IJF-ийн чансаагаар 3673 оноо авч, жиндээ 14 дүгээрт бичигдэн, олимпод оролцох болзол хангасан юм. Улмаар казахстанчууд түүнд дахин итгэл хүлээлгэн, өөрсдийгөө төлөөлүүлэхээр боллоо.

КАЗАХСТАНЫ ЖҮДО БӨХИЙН НҮҮР ЦАРАЙ Г.ОТГОНЦЭЦЭГ

JUDOKA G.OTGONTSETSEG SPEAKS ABOUT CHANGING CITIZENSHIP

Монголын жүдо бөхийн 48 кг шилдэг бөхчүүдээрээ дэлхийд алдартай. Энэ жинд дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг, ОУХМ Г.Отгонцэцэг нарын хооронд гол өрсөлдөөн болдог байлаа.

Гэхдээ ДАШТ, Азийн АШТ зэрэг томоохон тэмцээнд оролцох боломж М.Уранцэцэгт хараахан илүү бүрддэг байсан гэхэд хилсдэхгүй. Олон улсын тэмцээнд өндөр амжилт гаргадаг, Г.Отгонцэцэгийг үргэлж ялдаг байсан нь М.Уранцэцэгт тийм боломж бүрдүүлж байсан хэрэг. Нэг үгээр хэлэхэд Г.Отгонцэцэг Монголын 48 кг-ын №2 тамирчин байсан юм.

Спорт бол залуу насны ажил. Мэдээж хэн ч ид, торгон ирэн дээрээ томоохон амжилт гаргаж, тив, дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгахыг хүсдэг. Улсдаа №2, М.Уранцэцэг гавьяатын дараа үнэлэгддэг байсан Г.Отгонцэцэг зөвхөн олимп гэлтгүй Азийн АШТ, ДАШТ-д оролцох хамгийн том боломж нь Казахстан байлаа.

Гэхдээ тэр нэг л өдөр гэв гэнэт “Би Казахстан улсын нэрийн өмнөөс тэмцээнд оролцлоо. Иргэншлээ солилоо” гээд явчихаагүйг онцлох нь зүйтэй байх.

2015 оны нэгдүгээр сард Монголын жүдо бөхийн холбоо, Казахстан улсын жүдо бөхийн холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тус гэрээний хүрээнд Казахстан улс Г.Отгонцэцэгийг өөрийн улсынхаа нэр дээр барилдуулах санал тавьсан. Ийнхүү тэрбээр дасгалжуулагч Д.Энхбаатарын хамт Казахстаныг зорьсон билээ. Харийн оронд очин, бүр эх орныг нь төлөөлж олимпод оролцох эрх авах амаргүй байсан нь мэдээж.

“Хэрвээ өндөр амжилт гаргаж чадахгүй, миний оронд өөр тамирчин олимпод оролцохоор болчихвол яана” хэмээх сэтгэлзүйн дарамттай бэлтгэл хийх түүнд ямар их хэцүү байсныг төсөөлөхөд ч бэрх. Дөнгөж очсон жилээ буюу 2015 оны ДАШТ-д эхний тойрогт БНСУ-ын Жэн Бо Кеонд ялагдаж, тэмцээндээ дуусгахад Г.Отгонцэцэгт юу бодогдож байсан бол.

Олимп, ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнийх нь дараа буюу 2017 онд Г.Отгонцэцэгээс ярилцлага авахад энэ талаар ингэж өгүүлсэн юм.

JUDOKA G.OTGONTSETSEG SPEAKS ABOUT CHANGING CITIZENSHIP

-Казахстаны жүдо бөхийн холбоо МЖБХ-той албан ёсоор гэрээ байгуулж, тамирчнаа болгох санал танд тавьсан. Тэдний саналыг хэрхэн хүлээж авч байв?

-Ганц ч хүн танихгүй, хэл, ёс заншлыг нь мэдэхгүй орны тамирчин болно гэж бодохоор анхандаа сэтгэлд багтаагүй. Би гэнэт нэг өдөр “За би Казахстаны тамирчин боллоо” гээд яваагүй. Нэлээд удаан бодож, ойр дотнынхонтойгоо сайтар зөвлөлдөж байж шийдсэн. 2014 оны ДАШТ-д оролцсоны дараа Ерөнхийлөгч Х.Баттулга “Отгоог Казахстаны шигшээ багийн тамирчин болгохоор хөөцөлдөж байгаа” гэж жүдогийнхонд албан ёсоор мэдэгдсэн юм.

Монголын жүдо бөхийн 48 кг-д М.Уранцэцэг гавьяат барилдаж байгаа болохоор алзахгүй. Тиймээс Риогийн олимпод зодоглох зорилгодоо хүрэхийн тулд Казахстаны саналыг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байгаагүй. Зөвхөн надад бус, багш бид хоёрт санал тавьсан нь зөвшөөрөхөд их нөлөөлсөн. Гэрийнхэн ч “Өөрөө л мэд, миний охин. Дахиж ийм боломж олдох ч юм уу, үгүй ч юм уу” гэсэн. Бүх л зүйлд тусалж дэмжин, нөмөр нөөлөг болдог багштайгаа хамт явна гэж бодохоор сайхан санагддаг юм билээ. Хэрвээ Казахстан улс зөвхөн надад санал тавьсан бол татгалзах байсан болов уу. 

-48 кг-ын гол өрсөлдөөн М.Уранцэцэг та хоёрын хооронд өрнөж байна. Дэлхийн чансааг тэргүүлж, гаргасан амжилтаараа Урнаа Риогийн олимпод зодоглох нь бараг тодорхой байсан. Энэ нь таныг шинэ боломж эрэлхийлэхэд нэлээд нөлөөлсөн болов уу?

-Тэгсэн гэхэд хилсдэхгүй. Тамирчин бүхэн олимп, дэлхийн дэвжээнд оролцох, бүр цаашлаад амжилт гаргах зорилготой. Минийх ч бас тийм. Риогийн олимпод өрсөлдөх зорилгодоо хүрэх хамгийн зөв гарц нь яахын аргагүй Казахстаны иргэн болох байсан. 

-“Иргэншлээ солин, Казахстан улсын иргэн болохыг зөвшөөрнө үү” гээд улсынхаа Ерөнхийлөгчид өргөдөл бичих амаргүй байсан нь мэдээж. Эргэлзэж, тээнэгэлзэх гээд юм юм л давхацсан байх.  

-“Айвал бүү хий, хийвэл бүү ай” гэгчээр Казахстан улсын нэрийн өмнөөс олимпод оролцоно, амжилт гаргана гээд нэгэнт шийдчихсэн болохоор өргөдөл бичиж байхдаа эмзэглээгүй ээ. Харин Казахстанд очсоныхоо дараа УАШТ-д өрсөлдөх л хамгийн хэцүү байсан. Учир нь энгэртээ Монголынхоо Төрийн далбаатай өмсгөл өмсөөд дэвжээнд гартал шүүгч хуулах, эсвэл Казахстаны далбаатай өмсгөл өмсөхийг шаардсан. Аргагүйн эрхэнд өмсгөлөөсөө Төрийнхөө далбааг хуулахад хамгийн хүнд байв. “Би монгол хүн. Хатуужилтай, тэвчээртэй байх хэрэгтэй. Хүний нутагт нулимсаа үзүүлж болохгүй шүү” гэж өөрийгөө хэчнээн ирлэж, хичээсэн ч өөрийн эрхгүй уйлчихсан.

Тэр үед “Эх орон, монгол түмэн минь уучлаарай. Би та нарынхаа итгэлийг амжилтаараа хариулна аа” гэж өөртөө хэлж билээ. Дахиж төрийнхөө далбаатай өмсгөл өмсөн тэмцээнд оролцож чадахгүй гэж үү гэж бодохоор л… (уйлав).

-Та Казахстаны УАШТ-д анх оролцоод л түрүүлсэн. Казахстанчууд хэрхэн хүлээж авах бол, аваргалж чадахгүй бол яана гээд эмээсэн үү. Хэрвээ түрүүлж чадахгүй бол ДАШТ-д зодоглох эрхээ авч чадахгүй, тэр ч бүү хэл казахстанчууд танд тавьсан саналаа цуцлах эрсдэлтэй байсан шүү дээ.

-Харин тийм ээ. Юм юм л бодогддог юм билээ. Алдаа гаргах, түрүү алдах эрхгүй маш хариуцлагатай тэмцээн байсан. Иргэншлээ солих хүсэлт гаргаснаасаа хойш таван сар гаруй хугацаанд тэмцээнд оролцохгүй байж байгаад өрсөлдөх амаргүй юм билээ. 

-Яагаад тийм удаан хугацаанд тэмцээнд оролцоогүй юм бэ. Казахстаны иргэн болохыг тань яг хэзээ албан ёсоор зөвшөөрөв?

-Иргэншлээ солиулахын тулд олон бичиг баримт бүрдүүлдэг, нэлээд уддаг юм билээ. Арга ч үгүй байх л даа. Казахстан улсын иргэн болох хүсэлт гаргачихаад 2015 оны нэгдүгээр сард Казахстанд очсон. Иргэншил солих хүсэлт гаргахад иргэний үнэмлэх хураагаад авчихдаг юм билээ. Тэгээд л Казахстан иргэнээ болгохыг зөвшөөрсөн шийдвэр гарахыг хүлээгээд л байлаа. Бичиг, баримтгүй байсан болохоор ямар нэгэн тэмцээнд оролцох боломж байгаагүй. Уг нь Казахстаны улсын аварга болчихсон болохоор дэлхийн дэвжээнд өрсөлдөх эрх авчихсан байдаг.

Гэхдээ иргэншлийн асуудлын улмаас Астанагийн ДАШТ-д зодоглох, эсэх тодорхойгүй, эргэлзээтэй. Хэрвээ ДАШТ-ээс өмнө Казахстаны иргэн болчихвол өрсөлдөнө, тэгэхгүй бол оролцох боломжгүй. Хэдийгээр тодорхой бус байсан ч бэлэн байх шаардлагатай байлаа. Тэгээд л өдөрт гурван удаа бэлтгэл хийж, ямар нэг хариу гарсан уу гээд чих тавина. Багштайгаа нойр хоолоо умартан зүтгэсэн дээ. Тэр хугацаанд суурь бэлтгэлээ маш сайн хангаж чадсан шүү. Астанагийн ДАШТ эхлэхээс долоохон хоногийн өмнө Казахстаны иргэн болохыг албан ёсоор зөвшөөрсөн. 

-2015 оны ДАШТ-д өрсөлдөхдөө хоёрдугаар тойрогт Жеон Бо Кеонд ялагдан, тэмцээнээ дуусгасан. Монголоо төлөөлж оролцоод дийлдсэн бол монгол түмэн, эх орон нь алгаа тосон угтана. Харин хүний нутаг тэс өөр. Тухайн үед казахстанчуудын шүүмжлэл танд хэр их дарамт болсон бэ?

-Астанагийн дэвжээнд казахстанчуудын өмнө өрсөлдөөд дийлдсэн болохоор надад бүр ч хэцүү байлаа. Намайг медаль хүртэнэ, амжилт гаргана гэж зөвхөн казахстанчууд төдийгүй монголчууд маань итгэл хүлээлгэж байсан юм билээ. Иргэнээ болгож, бүхий л талаар дэмжиж байгаа казахстаны ард түмнийг ачийг амжилтаар хариулах сан гэж бодолгүй яах вэ. Уг нь Жеон Бо Кеоныг ялсан бол медаль хүртэх боломжтой байсан гэдэгтээ эргэлздэггүй.

Монголынхоо нэрийн өмнөөс оролцон, тааруу амжилт гаргасан бол хэсэг хугацаанд зэмлүүлээд л өнгөрнө. Хэдийгээр багшаас өөр хүн ингэсэн, тэгсэн бол гээд шүүмжлэхгүй байсан ч гэсэн надад хүнд байсан.

ДАШТ-ий дараа “Монгол жүдочийг 48 кг-д барилдуулаад медаль хүртсэнгүй. Казахстан жүдоч оролцуулсан бол амжилт гаргах байсан ч юм бил үү. Ер нь цаашид амжилт гаргаж чадахгүй бол яах вэ” гэж нэлээд шүүмжлүүлсэн. “Иргэншлээ солин байж Казахстанд ирчихээд зорилгодоо хүрч чадахгүй бол яана аа” гэх бодол өөрийн эрхгүй төрдөг юм билээ. Тэгээд л өмнөхөөсөө бүр их хичээсэн. 10 удаа сунайдаг байсан бол 20 болгоод, бэлтгэлийнхээ ачааллыг ч нэмсэн. Тэр үед багш “Том тэмцээний өмнө ялагдах зүгээр. Тамирчинд алдаагаа ухаарах, засах боломж олгодог. Ялагдлаа аль болох хурдан мартаж, алдаагаа засан, давтахгүй байх нь чухал. Хоёуланд нь одоо хамгийн том даваа үлдээд байна” хэмээн тайвшруулж, хурцалсан. 

-Та 2016 оны олимпоос өмнө оролцсон бараг бүх тэмцээнээсээ медаль хүртсэн. Ганцхан жилийн дотор дэлхийд тэргүүлэх хэмжээний жүдоч болсон амжилтын тань нууц юу бол?

-Зорилгоо зөв тодорхойлж, түүндээ хүрэхийн төлөө уйгагүй зүтгэн, хөдөлмөрлөснийхөө үр шимээр л амжилтад хүрч яваа, би. Казахстанд очоогүй байсан бол ингэж хичээн, зүтгээ ч үү, үгүй ч үү. Би бэлтгэлээ ганц удаа ч тасалж байгаагүй. Ганцхан минут хоцрохоор байсан ч багшдаа заавал урьдчилж хэлдэг. Мөн медаль хүртэхэд магнайгаа хагартал баярлаж, тааруу амжилт гаргахад надаас дутахгүй шаналдаг багш минь миний амжилтын нууц.

Би азтай хүн. Багшаараа жүдо бөх заалган, төдийгөөс өдий хүртэл амжилтын төлөө зүтгэж яваагаараа бахархдаг. Багш минь өдгөө Казахстан улсын жүдогийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж буйг спортын хүрээнийхэн андахгүй. Иргэншлээ солиогүй ээ, гэрээгээр ажиллаж байгаа.

2015 оны эхэнд би дэлхийн чансаанд тавдугаарт эрэмбэлэгдэж байсан. Гэтэл иргэншлээ сольсны дараа тэг болсон. Ер нь бүхнийг шинээр эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Казахстанчууд амжилт гаргахад тусалж, дэмжинэ, улсынхаа нэрийн өмнөөс барилдуулна л гэсэн болохоос бүх л тэмцээнд намайг оролцуулна гээгүй. Хэрвээ би бэлтгэлээ тааруу базаан, өчүүхэн л алгуурлавал миний оронд өөр тамирчин №1 болж, түүгээр ч үл барам олимпод оролцох эрсдэлтэй. Тэгвэл олимпод зодоглох зорилгоо хойш нь тавихаас өөр аргагүй. Тиймээс зорилгодоо хүрч, боломжоо бүрэн ашиглахын тулд өдөр, шөнийг умартан зүтгэсэн. Цүнхээ даахгүй шахам ядраад харих үе надад өчнөөн бий. 

-Иргэншлээ сольсон тамирчин тухайн улсынхаа нэрийн өмнөөс гурван жил барилдаж байж олимпод өрсөлдөх эрх авдаг. Та ганцхан жил зодоглоод л “Рио-2016”-д казахстанчуудыг төлөөлөн зодоглосон нь сонирхол татаж байна. Танд яагаад онцгой зөвшөөрөл олгосон юм бэ?

-Олон улсын олимпын хорооноос Казахстан улсын нэрийн өмнөөс гурван жил барилдаагүй болохоор Риогийн олимпод оролцох боломжгүй гэж албан ёсоор мэдэгдсэн. Олимпод оролцох болзлоо хангачихсан байсан болохоор тэр үед үнэхээр хэцүү байв. Токиогийн олимпыг хүлээхээс өөр аргагүй болох нь гэж бодохоор л харамсалтай.

Би Риогийн олимпоос өмнө 12 тэмцээнд оролцохдоо 10-аас нь медаль хүртсэн. Азийн аварга болж, Алматыгийн гран прид түрүүлсний дараа буюу 2016 оны тавдугаар сард ОУОХ-ноос “Богино хугацаанд өндөр амжилт гаргасан тул олимпод оролцохыг зөвшөөрлөө” гэж мэдэгдсэн л дээ. Зөвхөн онцгой үед тийм зөвшөөрөл өгдөг гэнэ лээ. 

-Танаас өөр тамирчинд тийм зөшөөрөл өгч байсан юм болов уу?

-Цөөнгүй хүн надад анхны тохиолдол гэж хэлсэн. Энэ талаар баталгаатай мэдэхгүй байна. 

-Казахстанчуудын шүүмжлэл таныг олимпын медальтан болох хэмжээнд хурцалжээ. “Рио-2016”-гаас хүрэл медаль хүртэхдээ олимпын тэнгэрт эх орныхоо Төрийн далбааг мандуулсан бол гэж харамссан уу?

-Надад амар байгаагүй.  Хэрвээ иргэншлээ солиогүй бол медаль хүртэх нь байтугай Риогийн олимпод оролцож чадахгүй байсан гэж бодохоор тайвширдаг. Урнааг хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдахад үнэхээр их харамссан. Олимпоос хүрэл медаль хүртэн, казахстанчуудын ачийг хариуллаа гэж бодохоор сэтгэл уужирсан шүү. Олимпын наадамд анх удаа зодоглосон болоод ч тэр үү, медаль хүртлээ гэж бодохоор зүүдэлж буй мэт мэдрэмж төрсөн. “Нээрэн үү” гээд л итгэж ядсан. “Олимпоос медаль хүртэх их л хол санагддаг байж билээ. Ийм сайхан өдөр ирдэг юм байжээ” гээд багшийгаа баярын нулимс дуслуулан зогсохыг харах хамгийн сайхан байлаа.

Уг нь 2016 онд оролцсон ихэнх тэмцээндээ түрүүлсэн болохоор олимпын аварга болох зорилготой байсан. Японы жүдоч А.Кондог ялсан бол түрүүлэх боломжтой байсан гэж бодохоор харамсалтай.

“Мандсан далбаа нь харийнх ч 
Мандуулсан бүсгүй нь Монгол
” гээд монгол түмэн таны амжилтаар өдгөө ч бахархаж байна. Монголчууд хэрхэн хүлээж авах бол, “Иргэншлээ солиод медаль хүртлээ” гээд шүүмжлэх болов уу гэж эмээсэн үү?

-Янз бүрээр төсөөлөөгүй ч гэсэн нэлээд эмээж байснаа нуугаад яах вэ. Бразилын олимп үзсэн монголчууд уухайлан баяр хүргэж, хулган байж фэйсбүүктээ орох нь ээ хүмүүс урмын сайхан үгтэй баярын мэндчилгээ бичиж, бүр зарим нь баярын нулимс унагасан тухайгаа нийтэлснийг нь хараад дотор онгойсон доо. Сэтгэл дотроос том чулуу аваад хаячих шиг л болсон.

Би монгол түмэн, тамирчидтайгаа аль болох хамт байхыг хичээдэг. Олон улсын тэмцээнд оролцохоор очингуутаа хамгийн түрүүнд “Манайхан хаана байна” гэж сурагладаг. Гадаадын буудалд ороход мах үнэртвэл “Монголчууд байрлаж” гээд баярлан, хурдхан уулзах гэж яардаг. Тэмцээн болж буй танхимд оронгуутаа “Монголчууд хаана сууж байгаа бол” гээд хайдаг. Олж харангуутаа яг л аав, ээжээ харсан мэт баярлан, догдолдог.

2017 онд ДАШТ-д барилдаж байхад монголчууд маань “Отгоо, Отгоо” гээд дэмжихэд хэчнээн их урам, эрч хүч авсан гэж санана. Монголчуудынхаа өмнө дийлдэж болохгүй, намайг дэмжиж байгаа сайхан сэтгэлд нь ялалтаар хариу барья гээд хичээлээ. Барилдааны дараа багштайгаа хамт монголчууддаа хүндэтгэл үзүүлэхэд сайхан мэдрэмж төрсөн.

Монгол, Казахстаны жүдочид өмнөхөөсөө ч дотно харилцаатай болсоор байна. Казахстанчууд лапша гоймонд дуртай. Хамтарсан бэлтгэлийн үеэр борцтой, гоймонтой шөл хийгээд л иддэг, бид. Манайхан ч бас казанд дуртай болоод байгаа. Багш бид хоёрыг Казахстан руу явахад “Нөгөөхөө мартав аа. Ахиухныг аваад ирээрэй” гээд захидаг юм

Казахстан улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэг 2018 онд ДАШТ-ээс хоёр дахь медалиа хүртэн, хошой медальтан болсон юм. Олимп, дэлхийн дэвжээнээс гурван медаль авна гэдэг яах аргагүй том амжилт, хүрэхэд бэрх “оргил”. 2019 онд ДАШТ-д VII байрт шалгарсан түүний найз залуу тэшүүрийн спортоор хичээллэдэг. Тэрбээр Г.Отгонцэцэгт тэг, ингэ гээд зөвлөн, гоомой мэх хийгээд дийлдвэл зэмлэдэг гэнэ лээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-06-24 17:03

хасгууд нь энийг их муулдаг юм билээ

Холбоотой мэдээ

Back to top button