ТОДРУУЛГА: 150 тонн түлш асгарч, хөрс 50 см гүн бохирдсон

Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлд шатахуун тээвэрлэж явсан ачааны галт тэрэг Сэлэнгэ аймгийн Орхон-туул сумын Шар-Ус багийн нутагт унасан. Энэ осол өнгөрсөн сарын 22-нд болсон юм. Их хэмжээний шатахуун асгарч, ойр хавийн хөрсөнд нэвчсэнээр Орхон голыг бохирдуулсан байж болзошгүйг холбогдох байгууллагынхан мэдээлсэн.
80-100 тонн түлш асгарч, ойролцоогоор 3 га газарт тархсан гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан бөгөөд мэргэжлийн байгууллагын дүгнэлт, шинжилгээнд үндэслэн хөрсний бохирдлыг саармагжуулах, нөхөн сэргээх арга хэмжээг даруй авахаа мэдэгдсэн юм.
Одоогоор энэ ажил ямар шатанд явааг Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Ононгоогоос тодруулахад:
“Шатахуунтай долоон вагоны дөрөв нь хоосорч 150.5 тонн түлш гурван га газарт шингэсэн. Лабораторид хийсэн шинжилгээгээр хөрсний өнгөн хэсгээс 50 см хүртэлх гүнд шатахуун нэвчиж, байгальд хохирол учруулсныг тогтоосон. Хөрс, усны дээжийн хариуг эцсийн байдлаар хүлээж аваагүй. Одоогоор бохирдсон хэсгийн хөрсийг хуулж, хорт бодисыг саармагжуулах, ариутгах ажлыг технологийн дагуу хийж байгаа” гэсэн юм.
Э.ҮҮРИЙНЦОЛМОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.