КЭЙС: Орон нутгуудад бүртгэгдсэн онц ноцтой гэмт хэргүүд
Орон нутгуудад бүргэгдсэн онц ноцтой гэмт хэргүүдийг сэрэмжлүүлэг болгох үүднээс тоймлон хүргэж байна. Зуны дэлгэр цаг ирж, иргэд орой үдшийн цагаар гадуур зугаалах, өсвөр насны хүүхдээ хараа хяналтгүй орхиж буй нь гэмт хэргийн золиос, хохирогч болгох эрсдлийг дагуулж байна.
-ЦОНХНЫ БАРИУЛААС ГУТЛЫН ҮДЭЭСЭЭР БООМИЛЖ, НАС БАРЖЭЭ-
Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт 36 настай эмэгтэй боомилсон байдалтай нас барсан гэх хэрэг өнгөрөгч сарын 30-нд бүртгэгджээ. Тодруулбал, 36 настай эмэгтэй С нь цонхны бариулаас хар өнгийн гутлын үдээсээр боомилж, нас барсан байна. Хэргийг өдгөө Орхон аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.
-БӨӨЛЖСӨНДӨӨ ХАХСАН БАЙДАЛТАЙ НАС БАРЖЭЭ-

Архангай аймгийн Цэнхэр суманд 48 настай эрэгтэй Г нь ил харагдах гэмтэл шархгүй, бөөлжсөндөө хахсан байдалтай нас барсан гэх хэрэг өнгөрөгч сарын 30-нд гарчээ. Эх сурвалжийн мэдээлснээр хохирогч нь сүүлийн гурван өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн аж. Хэргийг Архангай аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.
-УРГАА МОДНООС БҮСЭЭР БООМИЛЖ, НАС БАРЖЭЭ-
Сэлэнгэ аймгийн Мандал суманд 28 настай эрэгтэй Ц нь ургаа модноос дээлний бүсээр боомилж, нас барсан гэх хэрэг энэ сарын 1-нд болжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач нь гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас амиа хөнөөсөн байж болзошгүй байна. Хэргийг Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байна.
-НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭДТЭЙ БЭЛГИЙН ХАРЬЦААНД ОРЖ, ЖИРЭМСЛҮҮЛЖ, ҮР ЗУЛБУУЛЖЭЭ-

Төв аймгийн Алтанбулаг суманд насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орж, жирэмслүүлж, үр зулбуулсан гэх хэрэг болжээ. Тодруулбал, тус сумд суух 28 настай эрэгтэй Э нь 15 настай эмэгтэй Б-тэй бэлгийн харьцаанд орж, жирэмслүүлсэн төдийгүй үр зулбуулсан аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хохирогч нь эл залуутай хагас жил гаруй хугацаанд үерхсэн гэх бөгөөд таван сартай ураг тээж байжээ. Хэргийг Төв аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.
-ХАМТРАН АМЬДРАГЧАА МӨРГӨЖ ГЭМТЭЭЖЭЭ-
Ховд аймгийн Жаргалант суманд 60 настай эрэгтэй Н нь хамтран амьдрагч 53 настай эмэгтэйг мөргөж гэмтээсэн гэх хэрэг гарчээ. Тодруулбал, Н нь согтуурсан үедээ Hyundai Porter маркийн автомашиныг жолоодож яваад хамтран амьдрагч эмэгтэйг мөргөж, гэмтээжээ. Улмаар хохирогчийг тус аймгийн нэгдсэн эмнэлэгт ухаангүй байдалтай хүргэж, эмчилж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хохирогчийн согтуурлын зэрэг 2.31 хувьтай гарчээ. Хэргийг өдгөө Ховд аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.
О.ЭНЭРЭЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.