ВИДЕО КОНТЕНТНийгмийнНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

ҮТРЭЭ ДАСГАЛЖУУЛАГЧ: Аарцаг ёроолын булчин чангалах дасгалыг хосууд хамтдаа хийх ёстой

Нөхөн үржихүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмэгтэйчүүдийн "La sante”, эрэгтэйчүүдийн "La Salute” эмнэлгүүдийн үүсгэн байгуулагч, кегель трайнер С.Болормаатай ярилцлаа.

Тэрбээр 2016 оноос зорилгынхоо төлөө Итали , Франц, Орос , Хятад, Солонгос улсуудыг зорьж, бүх насны хүмүүсийн аарцаг ёроолын булчин буюу кегель булчин хөгжүүлэх "кегель дасгал”-ын ахисан түвшний сургалтуудад хамрагдсаны дараа Монголын анхны эмэгтэйчүүдийн аарцаг ёроолын булчин сэргээн засах эмнэлгүүдээ үүсгэн байгуулжээ.

-КЕГЕЛЬ БУЛЧИН ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ХҮМҮҮСТ ХОЁУЛАНД НЬ БАЙДАГ-

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Нөхөн үржихүйн эмнэлгүүд нь хэзээ, хэрхэн байгуулагдсан түүхээс хуваалцаач?

-"La santе” эмнэлэг үүсгэн байгуулагдаад зургаан жил болж байна. Ингэснээр 2016 онд Монголд анхны аарцаг ёроолын булчин сэргээн засах төв нэвтэрсэн гэхэд болно. Энэ талын боловсрол 2016 онд дутуу байсан ч, тасралтгүй зургаан жил уйгагүй ажиллахдаа эмэгтэйчүүдээр дамжуулан тухайн гэр бүлийн гишүүн бүрийг эрүүл, сэтгэл ханамжтай амьдрах боломж нээгдсэн.

-Таны хувьд тэс өөр мэргэжилтэй юм билээ. Яагаад энэ салбар руу орох болсон бэ?

-Эмэгтэй хүний амьдрал хоёр зурааснаас эхэлдэг гэдэг шүү дээ. Хоёр зураас харснаас хойш тулгамдсан асуудлууд их гарах болсон. Ингээд л тухайн асуудлыг шийдэж, Монголд нөхөн сэргээлтийн аппаратыг нэвтрүүлэх боломж гарсан юм. Ингэж л анх энэ салбар руу эргэлт буцалтгүйгээр орсон доо. 2016 оноос гаднын олон улсуудад очиж, сургалтад суусан. Итали Франц, Москва, Солонгос зэрэг орнуудад сургалт судалгааны ажлаар баг хамт олноороо явж мэдлэгээ дээшлүүлдэг.

-Та эмнэлэгтээ багшилдаг уу?

-Яг одоогоор трайнер чиглэлээрээ багшийн курс төгссөн. Сүүлд йогаг сонгож, хичээллэж байна. Монгол хүмүүсийн биеийн онцлогыг судалж, судалгааны ажил хийсэн. Үүнийхээ дагуу аарцаг ёроолын булчинг сулруулдаг суурь шалтгааныг тогтоож, нөхөн сэргээх эмчилгээг гардан хийж байгаа.

Би мэргэжлийн эмч биш учир эмнэлэгтээ эмчилгээ үйлчилгээ хийдэггүй. Харин 90 мянга орчим гишүүнтэй цахим бүлгийг үүсгэж, түүгээрээ дамжуулаад сургалт явуулах, танхимаар хичээллэх зэргээр аль тохиромжтой хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байна.

-Судалгааны ажлаа 2016 оноос хийж эхэлсэн гэлээ. Таны анзаарснаар тухайн үед эмэгтэйчүүд тулгарсан асуудлаа шийдэхийн тулд гарц олох, мэдээлэл авах боломж нь хэр нээлттэй байсан бэ?

-Анхан шатны мэдлэгтэй болох ямар ч гарц байгаагүй. Тиймээс гадагшаа явсан. Монголд нөхөн үржихүйн боловсрол үнэхээр юу ч байхгүй. Эмэгтэйчүүд нь корсетоо зөв зүүж чаддаггүйгээс эхлээд эрчүүд нь ч мөн фитнест төмрөө хэрхэн өргөхөө сайн мэддэггүй. Учир нь иргэд мэргэжлийн эмчээс зөв мэдлэгийг авч чаддаггүй байсан. Тиймээс л би гэр бүл, сексийн боловсрол өндөр хөгжсөн улсуудаас мэдээлэл авч эхэлсэн.

2016 онд Монголд аарцаг ёроолын булчин суларлыг мэс заслын аргаар л шийддэг байсан. Энэ нь 50 хувийн эрсдэлтэй. Эргээд тодорхой хугацааны дараа үйлчилгээ нь буурна. Учир нь асуудалтай хэсгийг лазераар түлсний дараа хэсэг хугацаанд торгоогоод эргээд үтрээний цусан хангамж, мэдрэлийг гэмтээдэг. Үүнийг олон улсад хүлээн зөвшөөрдөггүй. Гэвч үүнийг монголд одоо ч хийсээр байна.

Кегель булчин эрэгтэй эмэгтэй хүмүүст хоёуланд нь байдаг. Ханиаж найтааж, хүнд юм өргөхдөө дүлдэг буруу хэвшилтэй хүмүүс булчинг зөв болгоогүй хэр нь хиймлээр бариу болгож, оёдол хийх, лазераар түлэх нь буруу. Энэ нь эрүүл зүйл биш. Эрүүл гэдэг нь өөрөөрөө төрчхөөд буцаад хэвийн байдалдаа очихыг хэлнэ. Францад эмэгтэй хүний үтрээг лазердах, оёх, түлэх нь маш өндөр хариуцлага, шийтгэлтэй байдаг.

2016 онд Монголд кесар хагалгааг хүчээр хийлгэдэг байсан. Төрөлт өөрөө булчин сулрах шалтгаан биш. Энэ нь дандаа буруу хэвшилтэй холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл хүмүүс зөв суугаад шээж ч чаддаггүй. Булчин сулраад байгаа гол шалтгаанаа олоогүй хэр нь аарцаг ёроолын булчингийн эзлэхүүн багасгах, хиймэл үтрээ үүсгэх үйлчилгээг сонгож хийлгэдэг. Энэ нь наанадаж гэр бүлийн бэлгийн амьдралаас таашаал авах мэдрэмжийг бууруулж, нөгөөтэйгүүр эрүүл үтрээний чийгшлийг арилгаж, гэр бүлийн харилцаанд сөргөөр нөлөөлдөг. Цаашлаад удмын сэдэв хүртэл хөндөгдөнө. Гаднын бэлгийн боловсрол ихтэй улсад үүнийг бодлогоор хориглож, урдаа барьдаг. Нөхөн үржихүйн бодлогын гол төв нь эрүүл ажиллагаагаар булчинг сэргээх юм. Эрчүүд ч ялгаагүй. Бэлэг эрхтэндээ буруу зүйл суулгуулж, тариулж байна. Энэ нь Монгол улсын хүн ам, удам зүйтэй шууд холбоотой.

-Дээрх шалтгааны улмаас эрчүүдийн эмнэлгийг нээх болсон уу?

-Бид 2016 онд эмэгтэйчүүдийн эмнэлгээ байгуулчхаад нэг зүйлийг бодож олсон. Ер нь нөхөн үржихүйн асуудал нэг хүний асуудал биш юм байна. Харилцаа үүсгэж буй хосуудын аль алиных нь асуудал болохыг ойлгосон. Зөвхөн эмэгтэйчүүдийг бэлгийн боловсролтой болгож, сэргээж өгсөн ч асуудал нь гэр бүлийн түвшинд шийдэгдэхгүй байна. Эмэгтэй хүн шээс задгайрал, булчингийн сулралтай, сексийн харилцаанд бага орж байна гэдэг нөхөр ч мөн давхар асуудалтай болчихсон байгаагийн илрэл. Өөрөөр хэлбэл, илэрсэн илрээгүй, мэдэгдсэн мэдэгдээгүй эл асуудал нь янз бүрийн хэлбэртэй байдаг. Иймд нөхөр асуудалтай байх магадлал маш өндөр. Эхнэрийг гоё болгоод, сэргээчихлээ гэхэд нөхөр давхар үүнд анхаарахгүй бол бүр ч том асуудалтай тулгарч мэднэ. Магадгүй гэр бүл салах ч эрсдэлтэй. Ийм асуудлууд олон гарч ирсэн. Эхнэрийн сексийн таашаал нэмэгдчихээд байхад нөхрийн сэрэл хөдлөхгүй бол гэр бүлээс гадуурх харилцаа үүсч болзошгүйг мэдэрсэн учраас гэр бүлээр нь хамт сэргээх ёстойг ойлгосон.

Ингээд Итали улсаас эрүүл болгох маш чухал төхөөрөмжийг оруулж ирээд 2019 оны арван нэгдүгээр сараас албан ёсоор ажиллагаагаа явуулж эхэлсэн.

-ХҮҮХДҮҮДЭД Ч МӨН ААРЦАГ ЁРООЛЫН БУЛЧИНГИЙН СУЛРАЛ ЯВАГДДАГ-

-Танай эмнэлгийн бусдаас ялгарах онцлог нь юу вэ?

-Манай эмнэлэг аарцаг ёроолын булчинг үнэлж, оношилж, сэргээн засах эмчилгээ хийдгээрээ онцлог. Мэдээж нарийн мэргэжлийн эмчилгээ давхар хийгдэнэ. Гэхдээ яг нарийн чиглэл нь аарцаг ёроолын булчингийн сэргээн засал юм. Эрчүүдэд тохиолддог өвчинг шийддэггүй. Цоо эрүүл эрчүүд ч ирэх боломжтой. Аарцаг ёроолын булчинг сайжруулах гол зорилготой.

-Бэлгийн үйл ажиллагаа кегелийн булчинтай холбоотой юм уу?

-Аарцаг ёроолын булчингийн эмч гэж бэлтгэгдэх ёстой байтал урологи, андрологи гэж нарийсдаг. Энэ нь дэлхийн анагаах ухааны хамгийн том алдаа гэж Францын эрдэмтэд хэлсээр байна. 1985 оноос хойш аарцаг ёроолын булчингийн нарийн мэргэжлийн эмчийг бэлтгэж байгаа. Бүр анагаахын том сургуультай. Үүгээр юуг хэлэх гээд байна вэ гэхээр шалтгаанууд маш их. Даавар, бусад төрлийн өвчлөлүүдтэй ч хамааралтай. Гэхдээ хамгийн гол суурь нь аарцаг ёроолын булчин. Үүнийг нөхөн үржихүйн бүх эрхтний суурь гэж үзээд байгаа.

Кегель булчин гээд байгаа нь аарцаг ёроолын булчин л гэсэн үг. Энэ булчинг эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай бид удирдаж чадсанаар маш олон давуу талтай. Бид өнөөдөр удирдаж чадахгүй байгаа. 2016 онд энийг мэддэг хүн байгаагүй. Яах вэ гадарладаг байсан хүмүүс нь шээсээ таслах зэргээр хярзангийн амсрын түвшинд л арга авдаг байснаас үтрээний гүнд хүртэл чангалж мэддэггүй байлаа. Үтрээний булчин мөн л бидний эрхтэн учир, гараа атгаж суллахтай адил бүрэн удирдаж чаддаг байх ёстой.

-Кегель булчинг гараа атгаад суллах шиг удирдах нь боломжтой гэсэн үг үү?

Боломжтой. Угаасаа энэ булчинг олж мэдэрч, хөгжүүлснээр бүрэн удирдана. Энэ чинь бидний нэг л эрхтэн шүү дээ. Үүнийгээ тархиараа удирдаж болно. Удирдах бүх боломжийг манай эмнэлэг зөвлөж өгдөг. Би 90.000 гаруй гишүүдтэй "Үтрээний фитнесс” цахим группд гегель дасгал заадаг. Тун удахгүй эрчүүдийн группээ идэвхижүүлнэ гэж бодож байгаа. Энэ хоёр группд энэ талын ойлголт, зөвлөгөө мэдээллүүдийг маш сайн өгдөг. Ер нь эмэгтэйчүүдийн групп бол маш давуу талтай. Нөхөн үржихүйн, бэлгийн боловсрол олгох, зөв хэвшилтэй болгох, бэлгийн эрүүл ахуйн талаас нь зөвлөдөг. Энэ группын админууд бүгд эмч нар. Гадны орнуудаас мэдээлэл авч, судалгааг нь хийгээд мэдээллүүдийг өгч байдаг.

-Ер нь танай эрэгтэй, эмэгтэй эмчилгээний арга барилуудыг харахад Франц стандартыг ерөнхийдөө голчлон барьдаг юм байна. Тоног төхөөрөмжөө ч мөн гадны улсуудаас оруулж ирсэн гэлээ. Гадаад харилцаа холбоог хэрхэн үүсгэсэн бэ?

-Ер нь нилээн судалгаа хийж байж албан ёсны тоног төхөөрөмжүүдийг авч байсан. Аппаратын хувьд "Сор глобал” компани манайд хамгийн анх санал тавьж байсан. Яг Францаас нь мэдээллээ авч судлаад Монгол улсад анх нэвтрүүлэхийг санал болгосон. Ингээд 2016 онд манайх энэ талын эмчилгээ үйлчилгээг анх нэвтрүүлэхэд бидэнд зөвлөх түвшний хүн байгаагүй л дээ. Учир нь Монгол улсад энэ талын ямар ч мэдээлэл байгаагүй. Жишээлбэл, Франц стандартын эмчилгээг хийхэд үтрээ, цаашлаад эрэгтэйчүүдийн аарцаг ёроолын булчингийн хүчийг оношлох стандарт байгаагүй. Нарийн мэргэжлийн эмч нар ч үүнд бэлтгэгдээгүй байлаа.

Бидний судалгаанд үндэслээд эх барих эмэгтэйчүүдийн тэнхимийн багш нар, зөвлөх эмч нар "олон улсын Оксфордын үнэлгээ, оношилгоо гэх зүйлийг нэвтрүүлж стандартыг нь аваад ажиллана гэдэг нь маш чухал асуудал” хэмээн сайшааж байсан. Ингээд "Сор глобал” сантай хамтраад эмнэлгийн тоног төхөөрөмжийг анх нэвтрүүлж байсан.

Түүний дараа 2019 онд бид энэ компанитайгаа гэрээлж албан ёсны дистирбютер эрхийг нь авсан. Иймд манайхаас зөндөө олон эмч нар тоног төхөөрөмж нийлүүлэлтээ хийж байгаа. Цааш цаашдаа орон нутаг болон Улаанбаатар хотод энэ чиглэлийн эмч нарт аппарат, тоног төхөөрөмж, гадны сургалтуудад зуучлах бүх зүйл нээлттэй байгаа.

-Тэгэхээр танайх бусад нөхөн үржихүйн эмнэлэгүүдтэй бас холбоотой ажилладаг гэсэн үг үү.

Үүнийг эмнэлгийн ажлаар бус, хувь хүнийхээ тухайд группын ажлаар гаргаж ирж байгаа юм. Бид нар ямар ажлуудыг эхлүүлээд, эхний санамж бичгээ байгуулсан бэ гэхээр өргөө амаржих газартай кегелийн кабинет нээе гэсэн байгаа. Ер нь бид ямар нэгэн байдлаар өвчлөлийг гаргаад байгаа хамгийн том агуулга, ерөөсөө тэр өвчнийг үүсгээд байгаа шалтгааныг нэгдүгээрт алга болгохыг зорьдог. Түүнээс биш мянга гаднаас нь сайн оёод ч юм уу, сайн үйлчилгээ хийгээд тэр шалгаан үүсгээд байгаа зүйлийг алга болгож чадахгүй. Иймд тухайн хүн дахиад л өвдөнө. Тэгэхээр бид ч гэсэн нөхөн сэргээх эмчилгээг түлхүү хийдэг.

Нэг ёсондоо сэргээн засах технологиор аарцаг ёроолын булчинг хэвийн хэмжээнд нь аваачиж эмчлээд байна шүү дээ. Гэсэн хэдий ч бид гегель дасгалыг сурч, зөв хэвшилтэй болох ёстой. Олон буруу зуршлаас болж энэ булчингаа сулладаг. Үүнийг бид кегель дасгалаар л өөрчилж чадна.

Энэ тоног төхөөрөмжүүд нь ямар үүрэгтэй, хэрхэн ажилладаг вэ?

-Ер нь энэ сэргээн засах технологийн механизмыг судлаад үзэхээр массаж суурьтай байдаг. Электрон массаж гэж олон улсад хэлэгддэг. Нэг ёсондоо секундэнд 50 удаа дасгал хийж буй мэт үйлдлийг нэг секундэд гаргаж өгсөн сэргээн засах технологи юм. Хүн бол нэг секундэд 50 удаа массаж хийж чадахгүй шүү дээ. Ингээд бодохоор аппарат нь маш өндөр үр дүнтэй. Тухайн хүний анатом физиологийн үйл ажиллагааг өөрөөр нь сэргээж байгаа учраас уг механизмд ямар нэг сөрөг нөлөө, хориглох заалт байхгүй. Ер нь бол эмчилгээний хамгийн сонгомол арга гэж дэлхийд үнэлэгддэг.

-ЭРЧҮҮД ЗОГСООГООРОО ШЭЭСНЭЭР ӨӨРИЙГӨӨ ОЛОН ӨВЧЛӨЛИЙН ЭРСДЭЛД ОРУУЛЖ БАЙДАГ-

-Эмэгтэйчүүд төрсний дараа арга хэмжээ авна гээд байдаг. Урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа хэрэгжүүлснээр төрөлтийн урагдлаас сэргийлж болох уу?

-Аарцаг ёроолын булчин сулраад байгаа үндсэн шалтгаануудыг олон улсад дөрвөн шалтгааныг нэрлэдэг. Хэвлийн таргалалт, харшил, ханиалгатай өвчнүүд, өтгөн хаталт, хамгийн сүүлд нь хүүхэд тээлт ордог.

Тэгэхээр хийсвэр хагалгаагаар төрсөн эмэгтэйн ч булчингийн үйл ажиллагаа тодорхой хэмжээнд алдагдалд орсон гэсэн үг. Ихээхэн хэвлийн таргалалттай байгаад, эсвэл жилийн дөрвөн улирлын нэгэнд нь маш их ханиалгаад эсвэл өтгөн хаталтаа шийдэж чадахгүй бол уг асуудалтай тулгарна. Хоёр, гурван настай хүүхдийн ч цагаан мах эргэдэг болсон. Аарцаг ёроолын булчингууд суларснаар ямар өвчлөлүүд ирдэг вэ гэвэл нэгдүгээрт ханиаж найтааж, үсрэхэд шээс задгайрлын шинж тэмдэг илрэх, шээс хаагдах, шөнө орондоо шээх, шээсээ хуримтлуулж чадахгүй байх зэргээр давсагны үйл ажиллагаатай холбоотой бүх булчингууд алдагдалд орчихдог.

Үтрээний булчин нэг хэсэгтээ л суларч байгаа. Тэгтэл буцаад цагаан мах эргэх, хуурайшилт, цэвэршилтийн эрт үеийн хам шинж, хатингаршил гээд өөр олон үр дагавруудыг бий болчихдог. Гурван настай хүүхдийн ч цагаан мах эргэж, орондоо шээж байна. Тэгэхээр хүүхдүүдэд ч мөн аарцаг ёроолын булчингийн сулрал явагдаж байгаа гэсэн үг. Үүнээс яаж сэргийлэх вэ гэхээр эхлээд юун түрүүнд зөв хэвшилтэй болгох нь чухал. Өтгөн шингэнийг зөв гадагшлуулах, бага насны хүүхдийн хичээлийг зөв суулгаж хийлгэх зэргээр дотоод булчинд анхаарах нь чухал. Насанд хүрээд бэлгийн харилцаанд орсон эмэгтэй, эрэгтэй хүмүүс гегелийн дасгалыг зөв хийж сурах ёстой.

Ингэснээр ээж болоход эрсдэлгүй, оёдолгүй, хярзан ёроолын булчинг хайчлуулахгүй эрүүл аюулгүй төрөх боломжтой. Эрүүл аюулгүй төрвөл эмэгтэй хүний бие өөрийгөө түргэн нөхөн сэргээж чадна. Монголд төрөлтийн статистикийг харахаар нэг ч оёдолгүй төрсөн тохиолдол маш бага байдаг. Хярзан, ёроолын булчинг хайчилдаг тохиолдол маш их. Ингэхээр өөрөөр төрөлттэй холбоотой булчингийн алдагдал явагддаг зүйл огт байхгүй. Мэдээж оёдолтой төрнө гэдэг нь эргээд биеийн өөрийгөө нөхөн сэргээх байдлыг шууд дарангуйлдаг. Тэгэхээр төрсний дараа шээс задгайрах, цагаан мах эргэх зэрэг асуудлууд эргээд аарцаг ёроолын булчин сулралтай холбоотой байдаг. Эрчүүд ч гэсэн мөн ялгаагүй адилхан. Цагаан мах нь их гарч, эргэж байна гэдэг булчин суларч байгаагийн шинж.

-Хүүхэд гээд ярьсан нь анхаарал их татаж байна. Памперсаас гарч чадахгүй шээгээд байдаг хүүхдүүдийн аарцаг ёроолын булчин суларсан гэж ойлгож болох уу?

-Шээсээ барих, шээд рефлекс зэргийг тархи мэдрэлийн систем, гараа атгаад суллахтай адил зохицуулж байдаг. Шинэ төрсөн хүүхдийн хувьд дөнгөж худалдаж авсан компьютер мэт байдаг. Бид тухайн компьютерт ямар вирусийн програм ашиглаад, хэрхэн унтрааж асааж буйгаас гацах, эвдрэх гэмтэх эсэх нь тогтоогдож байдаг. Түүний адилаар шинэ төрсөн хүүхдийг ямар байдлаар хооллох, шингэнийг зохицуулах зэргээс шалтгаалж аарцаг ёроолын булчин өөрчлөгдөж байдаг. Хүүхдийг унтахын өмнө хэт их шингэн уулгах, доороос нь дааруулах зэргээс хамгаалж байж хүүхдээ давсгийн үйл ажиллагааг хянаж чаддаг, өтгөн шингэнээ зөв гадагшлуулдаг рефлексийг тархинд суулгаж өгнө.

Зарим тохиолдолд мэс ажилбаруудын нөлөөлөл орсноос болох нь бий. Тухайлбал мэдээгүйжүүлэгтэй хагалгаанд орох, нуруу нугасны хагалгаа, түнхний мултралтай байх тэр бүү хэл олон удаа ханиад хүрч байсан зэрэг олон төрлийн асуудал, өвчлөлийн улмаас булчингийн үйл ажиллагаа алдагдаж, доголдож болно. Эдгээр өвчлөлийн дараа заавал сэргээх эмчилгээ хийх хэрэгтэй байдаг юм билээ. Бид нэг ширхэг оёдол тавьсан ч, зайлшгүй сэргээх шаардлагатай. Хөдөлгөөний булчинг сэргээлгүй, нэг оёдол орхисноос таван жил хөл дээрээ зогсож чадаагүй гэх кэйстэй тохиолдож байсан. Тэгэхээр үүнээс юу харагдаж байна вэ гэхээр эл оёдлыг сэргээх аргууд олон байхад орхисон нь буруу болсон. Олгойны хагалгааны оёог бууз чимхэлтийн аргаар сэргээдэг юм билээ. Гаднын оронд үүнийг мэсийн дараах сэргээн засах гэж нэрлэдэг.

Гэтэл монголд үүнийг төдийлөн анхаарч тоодоггүй шүү дээ. Өндөр хөгжилтэй орнуудын эмчилгээний арга барилыг харахаар “Хэрэв та үүсээд буй өвчлөлийг эдгээе” гэж бодвол өвчин үүссэн шалтгааныг тодруулж, түүнийг алга болговол таны өвчин эдгэрсэн гэж үзэж болно гэдэг. Бидний салбараас жишээ татан ярихад шээс задгайрдаг, цагаан мах эргэсэн, үтрээний орчин хуурайшилт үүссэн, эрэгтэйчүүдийн тухайд бэлгийн хөвчрөл алдагдсан, дур тавилтын контролгүй бол өдөр тутмын үйлдлээ анзаарч, буруу хэвшлээ засах нь хамгийн чухал. Ингээд гегель дасгалаар нэг сарын турш хичээллэснээр уг асуудал, өвчлөлүүдээс бүрэн салж, ангижрах боломжтой. Жирэмслэхээр төлөвлөж байгаа болон жирэмсэн үедээ кегель дасгалыг зөв техникээр хийхэд эрүүл, оёдол урагдалгүй төрж байгаа кэйс олон.

Хүний бие физиологи нөхөн сэргээгддэг учир буруу хэвшлээ алга болгож хэвшвэл бид анхан шатны шинж тэмдэг илрээд буй өвчний асуудлаа шийдэж чадна. Манай онлайн хэлбэрт хамрагдаад маш гоё таашаал авдаг боллоо, хуурайшилт бүрэн шийдэгдлээ, гэр бүлийн харилцаанд өөрчлөлт орлоо гэж буй кэйсүүд олон. Мөн бид ээжүүдээр нь дамжуулаад хүүхдүүдийг зөв хэвшилд оруулах, зөв бие засаж сургах чиглэлд сургаж байна. Эрчүүд зогсоогоороо шээснээр өөрийгөө олон өвчлөлийн эрсдэлд оруулж байдаг. Тиймээс хөвгүүдээ багаас нь сууж шээлгэх аргад суралцуулах хэрэгтэй.

-Эрэгтэй хүн сууж шээх нь зөв юм байна тийм үү?

-Тийм. Сууж шээх нь чухал. Гэр бүлийн гишүүн бүр зөв дадалд сурч, зөв бие засаж сурах нь олон асуудлаас ангижруулж чадна.

-Хүүхдэд аарцаг ёроолын булчины шинж тэмдэг илэрсэн үед ямар арга хэмжээ авах вэ?

-Хүүхэд шээрэнгэ болох орондоо шээдэг асуудлыг Монголд эмчилж буй газар байхгүй. Манай эмнэлгийн тухайд нэлээн сайн зөвлөгөөг өгдөг. Хүүхдийн тухайд бие физиологийн булчингийн алдагдал, сэтгэл санаанаас шалтгаалж орондоо шээдэг. Иймд хүүхдийн сэтгэл зүйг сайн дэмжиж, аль болох загнахгүй байх, цаашлаад уулгах шингэнийг зохицуулж өгөх хэрэгтэй.

-Ярилцлагынхаа төгсгөлд таны цаашдын зорилго, зорилтыг асууя?

-Монгол улсын иргэн бүрт аарцаг ёроолын булчин буюу кегель булчингийн бүтэц үйл ажиллагаа, үүрэг ач холбогдлыг сурталчлан таниулж, гэр бүлийн гишүүн бүрийг аз жаргалтай, элэг бүтэн эрүүл амьдрахыг зорилт болгон ажиллаж байна.

-Бидэнтэй цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-05 01:05

Лазер эмчилгээ хэр түлснээс ш�##�тга�##�ж булчин суларна

muugii
muugii
2021-07-21 11:14

Amidraldaa xeregtei zvilee olj awaad nasan turshiin bolowsrol ezemshsendee mash ih bayrtai ywdag shvv mash ih bayrlalaa

Холбоотой мэдээ

Back to top button