Нийгмийн

СУРВАЛЖИЛГА: Шатахууны үнэ нэмэгдсэний маргааш талх, хүнсний бүтээгдэхүүнүүд 300 төгрөгөөр өсчээ

Өнгөрөгч баасан гараг /2021.07.02/-ийн оройн 21.00 цагийн үед станцууд шатахууны үнээ 300 төгрөгөөр нэмж, нэг литр шатахуун 1450-аас 1740, зарим газарт 1800 хүртэл нэмэгдсэн. Өнгөрөгч оны аравдугаар сард Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон шатахууны үнэ болон нөөцийн талаар мэдээлэл өгөхдөө:

“Иргэдийн өргөн хэрэглээний шатахуун АИ92-ийг 2020 оны тавдугаар сараас санхүүгийн үүсмэл хэрэгслээр үнийг 1450 төгрөгт барьж ирсэн. Вакцинжуулалт дуусаад, эдийн засаг сэргээд ирэхээр шатахууны үнийг нэмнэ” хэмээж байсан. Түүний хэлсэнчлэн шатахууны үнэ нэг л шөнө, ямар ч хэл чимээгүй нэмэгдэв. Магадгүй өдрийн цагаар, урьдчилж мэдэгдсэний дараа нэмсэн бол иргэдийн хэл ам, тэмцэл ирэхээс эмээсэн гэлтэй. Шатахууны үнэ нэмэгдээд удаагүй байтал, өргөн хэрэглээний бараа нэн ялангуяа талх, боорцогны үнэ 300 төгрөгөөр нэмэгджээ гэх яриа иргэдийн дунд гарав.

Бид тухайн мэдээллийг лавшруулах үүднээс хэд хэдэн дэлгүүрт орж үзлээ. Баянзүрх дүүрэг, 16-р хороолол орчмын дэлгүүрт ороход иргэд кассан дээр худалдан авалт хийж байлаа. Гэвч талх, барааны үнэ нэмэгдсэнийг нэг их анзаараагүй байв. Кассан дээр суух 40 гаруй насны худалдагч эмэгтэй Т-гээс барааны үнэ нэмэгдсэн эсэх асуудлаар товч яриа өрнүүлэв.

-ХУДАЛДАГЧ: ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМЭГДЛЭЭ ГЭЖ МЭДЭЭЛЭЛ ТАВИГДСАНЫ МАРГААШ НЬ БАРААНЫ ҮНЭ НЭМЭГДСЭН-

-Талхны үнэ нэмэгдсэн гэх юм. Танайд хэдэн төгрөгөөр худалдаалж байна вэ?

-Талхны үнэ 250 төгрөг нэмэгдсэн. Хуучин Атар талхыг 1450 төгрөгөөр худалдаалж байсан. Харин одоо 1700 төгрөгөөр зарж байна. Үйлдвэрээсээ нэмэгдсэн тул бид нэмэхээр өөр аргагүй.

-Үнэ хэзээ нэмэгдсэн бэ?

-Ерөөсөө л шатахууны үнэ нэмэгдлээ гэж мэдээлэл тавигдсаны маргааш нь нэмэгдсэн. Хагассайн өдөр байсан. Дугуй талхаа дагаад зүссэн талхууд, боов боорцгууд ч мөн нэмэгдсэн. Өнөөдөр/2021.07.04/ Сүү ХК түгээлт ирэхэд үнэ нэмэгдээгүй, хуучин үнээрээ ирсэн. Харин Тесо-гийн бараанууд нэмэгдэж ирсэн. Бууз, баншаас эхлүүлээд жижиг йогурт тарагнууд хүртэл үнэ нэмэгдсэн.

-Иргэд барааны үнэ нэмэгдсэнийг анзаарч байна уу. Хэр бухимдалтай байна вэ?

-Ихэнх нь нэг их анзаарахгүй. Зарим хүмүүс харин талонаа харчихаад үнэ яагаад нэмэгдчих вэ гэж асууж байна. Шатахууны үнэ нэмэгдсэн болохоор аргагүй биз гэж байгаа хүмүүс ч бий. Харьцангуй хүлээцтэй хүлээж авч байна уу гэж харсан” гэв.

-ЦАЛИН НЬ ХУУЧИНДАА, БАРАА НЬ ӨСӨӨД БАЙХААР АМЬДРАХАД ХҮНД БАЙНА-

Касс дээр бараа худалдаж авч буй 30 гаруй насны эрэгтэйтэй хэсэг ярилцлаа.

-Талх өргөн хэрэглээний бараа нэмэгдсэнд ямар байр суурьтай байна вэ?

-Нэг шөнийн дотор л үнээ нэмчих юм. Одоо тэгээд нэгэнт нэмсэн хойно өөр юу хэлэх вэ. Гол нь цалингаа ч мөн хамт нэмэх хэрэгтэй шүү дээ. Цалин нь хуучиндаа, бараа нь өсөөд байхаар амьдрахад хүнд байна.

-Таны хувьд хэдэн төгрөгний цалин авдаг вэ?

-Би хувийн байгууллагад ажилладаг. Сард 800.000 төгрөгийн цалин авдаг.

-Цалин тань амьдралд хэр хүрэлцээтэй байна вэ?

-Манайх ам бүл тавуулаа. Гурван хүүхэдтэй. Ковид гээд эхнэр ажлаа хийж чадахгүй байгаа. Миний цалингаар таван ам бүл арай хийж л амь зууж байна. Байрны лизингээ төлөөд сард 400.000 төгрөгөөр хоол хүнс, байрны мөнгөө төлж байна” гэв.

40 гаруй насны эмэгтэй:

“Шатахуун, талх, хүнсийг нэг шөнийн дотор л нэмчих юм. Ард иргэдийг яах амь зуу гээд байгааг ойлгохгүй байна. Ядаж үе шаттай нэмж болно шүү дээ. Шатахуунаа дагаад бүх юмны үнэ нэмэгдэнэ. Цалин мөнгөө ч гэсэн нэмэх хэрэгтэй. Ядарсан ард иргэдийнхээ боломж бололцоог судалсны дараа үнээ нэмж болохгүй л байсан юм байх даа” гэв.

20 гаруй насны залуу:

“Шатахуун нэмэгдэнэ гэж бүр дээр л хэлж байсан. Одоо тэгээд нэмэхээс өөр аргагүй бол яалтай ч билээ. Албанынхан үнэ нэмсэн асуудлаа мэдэж л байгаа байлгүй” хэмээн нэг их тоосонгүй.

СЭТГҮҮЛЧИЙН ДҮГНЭЛТ: Үүнээс харахад ихэнх иргэд талх, барааны үнэ нэмэгдсэнийг нэг их анзаараагүй байлаа. Харин анзаарсан иргэд нь амьжиргаа залгахад хүнд болж байгааг хэлж, цалин урамшууллыг ч мөн дагаад нэмэх хэрэгтэйг онцлов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button