УЛС ТӨР

Засгийн газартай үгсэж, МАН-д үйлчлэгч парламент дахь хаврын чуулганы сүүлийн өдрүүд

УИХ-ын чуулганы хаврын чуулган энэ долоо хоногт хаана. Үүнээс өмнө тэд дахиад л чухал цөөнгүй хуулийн төслийг амжиж хэлэлцэхээр “улайрна”.

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулган ажлын таван өдөр, өдөр бүр хуралдсан. Ингэж Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хаалттай хэлэлцсээр баталж авлаа. Гадаадын улсуудад суух 25 элчин сайдын томилгоог хэлэлцэж, Кино урлагийн тухай болоод Соёлын тухай хуулиудыг ч мөн эцэслэн баталлаа.

Харин энэ долоо хоногт 2021 оны төсвөө тодотгож, Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх гэж байна. Сүүлдээ УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлэхгүй зарим гишүүний тавьсан саналыг авч хэлэлцэх ч үгүй “машиндах” техниктээ хэдий нь орсон гэлтэй.

ӨРШӨӨЛИЙН ХУУЛИЙГ МЯГМАР ГАРАГТ ӨРГӨН БАРИАД БААСАН ГАРАГТ БАТЛАВ

Өнгөрсөн долоо хоногт шууд даваа гарагтаа Засгийн газар ээлжит бусаар хуралдсан. Ингэхдээ 2021 оны төсвийн тодотголыг болоод Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар хэлэлцчихэж байгаа юм. Маргааш нь буюу мягмар гарагт тус хууль УИХ-ын даргад өргөн баригдаж, байнгын хороод хаалттай хэлэлцэж эхэлсэн. Хаврын чуулганы хэлэлцэх асуудлуудын дараалалд багтаагүй тус хуулийн төсөл ингэж гэнэтхэн дараалал дайрч орж ирээд, баасан гарагт нь шууд батлагдсан.

Энэ жил МАН-ын 100 жилийн ой тохиож буй тул үүгээр өршөөлийн хууль батлах нь багагүй хугацааны өмнөөс яригдаж ирсэн. Өөрөөр хэлбэл энэ хууль цэвэр МАН-ын эрх ашиг гэсэн үг. Гэтэл үүнийгээ Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-ын хаврын чуулганыг хаахаас өмнө дараалал дайрч, батлуулсан нь Монголын төрд дэг жаяг гэж байхаа больсон гэлтэй.

ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ҮНДСЭНДЭЭ ХИЙЛЭЭ

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Наадмаас өмнө төсөв тодотгоно” гэж ам алдсан нь анхаарал татаж байв. Засгийн газраар ч яригдаагүй, УИХ-аар хэлэлцээд ч амжихааргүй ийм том асуудал эрх баригч намын бүлгийн хуралдаан дээр яригддаг болсон уу гэдэг асуултыг ингэж дагуулсан. Үүнийх нь дараа Сангийн сайд Б.Жавхлан “Төсөв тодотгох нөхцөл үүсээгүй, Засгийн газар энэ тухай яриагүй” гэж мэдэгдэж байв.

Гэтэл өнгөрсөн долоо хоногт мөн л 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар өргөн барив. Эрх биш олон байнгын хороод дамжих хэлэлцэх учиртай тул “машиндаж” амжсангүй. Гэхдээ эхний хэлэлцүүлгийг хийгээд авсан. Иймд энэ долоо хоногт нүдээ аниад л төсвөө тодотгочих юм байна. Гол нь төсөв тодотгох нь Засгийн газарт ч биш, У.Хүрэлсүхийн халамжийн амлалтуудад л хэрэгтэй байгаа. МАН-ын бүлгийн дарга үүнийг тэгж “зөгнөсөн” нь хоржоонтой ч, эрх баригч нам төрийн ажлыг дэндүү дураараа төлөвлөж, явуулдаг болсныг харуулна.

ДЭГ ЖАЯГ, ХАРИУЦЛАГА АЛГА БОЛОВ

Ядах нь аа гишүүдийн асуулт асууж, үг хэлэх, сөрөг хүчнүүд шүүмжлэлт байр сууринаас хандах, сонгодог мэтгэлцээний зарчмаар ажиллах тэр бүгд гэнэн материализм гээч болов. “Цаг авах гээд байна, тийм учраас хамгийн сүүлд таны асуултыг авъя” гээд мурьчихаж байх жишээтэй. Эсвэл автоматаар “Гишүүд үг хэлж, асуулт асуух шаардлагагүй гэж үзсэн учир шууд санал хураая” гээд алх цохичихно.

25 элчин сайдын томилгоог хэлэлцэж байхад УИХ-ын гишүүн Т.Доржханд “Элчин сайдууд ядаж тухайн орныхоо хэлээр ярьдаг байх ёстой. Өөрсдийгөө тухайн хэлээрээ 15 секундэд багтаан танилцуулаач” гэдэг санал гаргасан. Ингэхэд хуралдааныг түр даргалж байсан С.Одонтуяа гишүүн сөрөг хүчний төлөөлөл мөртлөө “Цаг авах гээд байна” гэж цааргалж байснаа “За, ГХЯ-наас томилогдож буй улс нь хэл, устай байж таарна. Улс төрийн шугамаар орж ирсэн хүмүүс нь гялс танилцуулаад явчих” болгож гүрийв. Ингээд АНУ-д очих гэж буй Ө.Батбаяраар салхи хагалуулж, хоёр өгүүлбэр хэлүүлээд бусдыг нь орхичихсон. Энэ мэтээр асуудалд хариуцлагатай, дэг жаягтай хандах гэдэг асуудал ч үгүй боллоо.

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр УИХ эзэнгүй болсон гэхэд хилсдэхгүй. АН-ын гишүүд нь ажилгүй шахуу сулдаа ганхаж, МАН-ынхан нь У.Хүрэлсүхийн сурталчилгааг хийж, тойрог тойрогтоо ажиллангаа амарсан. Энэ хооронд ажлын лав 20 орчим хоног хийдсэн. Одоо чуулган хаах дөхөхөөр нэг их ажил хэрэгч улсын дүрд тоглохоос гадна эрх ашигтай хуулиудыг ингэж хэлэлцэнэ.


СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Яг нэг бүрчлэн сөхөж харвал энэ хугацаанд олон нийтэд төдийлөн ил болж амжаагүй олон нарийн асуудал гарч ирнэ. БНХАУ-аас олноор нь татаж авчирсан коронавирусийн вакциныхаа төлбөрийг хийх зээлийн хэлэлцээрийг ч хийгээд амжсан байгаа.

Энэ долоо хоногт төсвөө тодотгохоос гадна нөгөө л Онцгой албан татварын тухай хууль болоод цоо шинэхэн Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга орж иржээ. Үүгээр Нийслэлийн харьяанд томоохон ТӨХК-иудыг авах тэргүүтэй чухал асуудлууд яригдаж буй.

Зарим гишүүдийн өргөн барьсан хууль хоёр, гурван жил хэлэлцүүлэгт орж чадахгүй гацдаг. Гэтэл хаврын чуулган хаахын өмнөх хоёр долоо хоногт УИХ нь Засгийн газартайгаа нийлээд эрх баригч намд үйлчилж буй гэлтэй энэ дүр зургийг л харин жагсаж, эсэргүүцмээр.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button