Сурвалжилга, Нийтлэл

ФОТО: Анимэ баатрууд “амилсан” өдрүүд

Япон улсын тухай зан заншил соёлыг мэдэхийг хүсдэг болон дуртай анимэ анимэйшнийхээ дүрд хувирах хүсэлтэй хүүхэд залуус цөөнгүй бий. Тэгвэл энэхүү боломжийг бодит болгон өнгөрсөн амралтын өдрүүдэд “Япон поп соёлын өдөрлөг”-ийг Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдсан юм.

Ийнхүү үлгэрийн ертөнцөд ирсэн мэт шинэлэг уур амьсгалтай газарт дуртай дүрдээ хувиран явж буй хүмүүсийн сэтгэгдлийг сонсоход “Жил бүр зөвхөн энэ өдөрлөгийг хүлээдэг. Өмнө жил тэмцээнүүдэд оролцож чадаагүй учраас энэ жил эртнээс хувцас хэрэгслээ бэлдсэн. Маш сайхан байна” зэрэг эерэг сэтгэглүүдийг хэлж байлаа.

Ийнхүү бид “Япон поп соёлын өдөрлөг”-ийг зохион байгуулж буй Японы поп соёлыг сонирхигчдын холбооны гишүүд болох Д.Өнөрбаяр болон М.Хонгорзултай уг өдөрлөгийн онцлог зүйлсийн талаар дараах тодруулгыг авсан юм.

ЯПОН УЛСЫН ТҮҮХ СОЁЛ ЗАН ЗАНШЛЫГ СОНИРХДОГ ХҮҮХЭД ЗАЛУУСЫН УУЛЗАХ БОЛОМЖИЙГ НЭЭДЭГ ГАЗАР

-Нийтдээ хоёр өдрийн турш зохион байгуулагдаж байгаа энэхүү өдөрлөгт хэр их залуус оролцож байна вэ? Ачаалал хэр байна?

-Өдөрлөг зохиогдож байгаа өдрүүдэд үнэхээр ачаалалтай байна.  Асар барих, хүмүүсээ хуваарилах, гэрээ байгуулах, дууны тэмцээн боллоо гэхэд ая хөгжмийг нь тохируулах, бэлдэх гэх мэт бидний зүгээс ачаалалтай ажлууд их бий.

-Бэлтгэлийн үйл ажиллагаа хэр удаан явагдсан бэ?

-Хоёр сар гаруй хугацаанд хоорондоо ярилцаад олон байгууллагууд уулзаж бэлтгэл ажлаа хамт  хийсэн.  Бидний ажил хоорондоо маш уялдаа холбоотой.  Нэг нь завгүй болоход нөгөө хүн нь ажлыг нь нөхөөд хийдэг. Гэхдээ хүн бүр өөрт ноогдсон ажлаа хариуцлагатай чанартай хийхийг хичээж байна.

-Зохион байгуулахад хэр олон хүн оролцож байна вэ?

-Үндсэн зохион байгуулж буй дөрвөн байгууллага бий. Бусдад нь бид чигийг нь өгөхөд өөрсдөө зохион байгуулалттай оролцоод явчихдаг.

-Өмнөх жилүүдэд зохион байгуулагдаж байсан өдөрлөгүүдээс юугаараа онцлог вэ?

-Япон улсын түүх соёл, зан заншлыг сонирхдог хүүхэд залуусын уулзах боломжыг нээдэг газар. Энэ жил хамтран ажиллаж буй байгууллагууд их олон байна. Түүнчлэн өмнөх жилүүдээсээ илүү зохион байгуулалтай явагдаж буйгаараа онцлог юм.

ИВЭЭН ТЭТГЭГЧ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР УЛАМ ТОМ ХҮРЭЭТЭЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

-Хэд хэдэн Япон улсын охидын хамтлаг энэхүү өдөрлөгт ирсэн байна. Энэ тухайд?

-Элчинтэй холбогдсоны дагуу урилгаар ирж дуулж бүжиглэн, хүүхэд залуус шүтэн бишрэгчидтэйгээ зургаа даруулж, гарын үсэг, дууны цомгоо өгч байна. Өдөрлөгийн хоёр өдөрт хүрэлцэн ирж оролцоод, эх орондоо буцна. Япон орноос гурван охидын хамтлаг ирсэн, дотоодын дуучид маань бас урилгаар оролцож байна.

-Япон хувцасны загварын шоу зохион байгуулагдаж байсан?

-Япон улстай холбоотой олон байгууллагууд төвлөрч үйл ажиллагаа явуулдаг. Түүнчлэн өөрсдийн үйл ажиллагаа явуулдаг чигийн дагуу жишээлбэл, автомашин үйлдвэрлэдэг бол мотоцикл, удирдлагатай машин, загварын байгууллага бол хувцас загварын шоу гэх мэт үзүүлбэр үзүүлж байна. Нээлттэй өдөртэй адилхан гэж хэлж болно. Ивээн тэтгэгч хөрөнгө оруулагчид нэмэгдэхийн хэрээр хүрээ маань улам томорч байна.

ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ ДОЛОО ХОНОГ ЯПОН УЛСААР АЯЛАХ ЭРХИЙН ЭЗЭН БОЛНО

-Косплэй тэмцээн жил бүр зохиогддог. Энэ жилийн тэмцээний шагналын сан юу вэ?

-Косплэй тэмцээнээс гадна Япон дууны тэмцээн зохиогдож байна. Ялагч маань Япон улс руу долоон хоног аялах эрхийн эзэн болно. Косплэй тэмцээний хувьд ганцаарчилсан болон хосын гэсэн хоёр төрлөөр оролцогчдоо бүртгэж байна. Нийтдээ таван хүн Япон улсруу явах байгаа. Косплэй хийсэн үе шатаа болон тухайн дүрийн үзүүлбэрийг үзүүлэн энэхүү тэмцээнд оролцдог, 16 наснаас дээш насны, Монгол улсын иргэн байх, асран хамгаалагчгүйгээр Япон улсаар аялах боломжтой залуусыг оролцуулна гэсэн шалгуур бий.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Энэхүү өдөрлөг нь олон сонирхолтой тэмцээн үзүүлбэрүүдээр дүүрэн байсан төдийгүй Япон үндэсний тоглоом, хоол, сумо барилдаан, мэргэжлийн хөлбөгчид, загварын үзүүлбэр гэх мэт уйдах завгүй болж өнгөрсөн юм. Дараа дараагийн жилүүдэд улам шинэлэг өнгө төрхтэйгөөр зохион байгуулсаар байх болно гэдгээ тус өдөрлөгийн зохион байгуулагчид хэлж байлаа.

С.ХОНГОРЗУЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button