ДЭЛХИЙСурвалжилга, Нийтлэл

ТОЙМ: Хаити улсын Ерөнхийлөгчийг хөлсний алуурчид хөнөөсөн талаар

Бүгд Найрамдах Хаити Улсын Ерөнхийлөгч Жовенель Моиз 2021 оны долдугаар сарын 6-ны мягмар гаргаас 7-ны лхагва гарагт шилжих шөнө өөрийн гэртээ бусдын гарт амиа алдсан хэрэг Дэлхийн анхаарлын төвд ороод байна.

ҮЙЛ ЯВДАЛ

Зэвсэглэсэн үл таних этгээдүүд Ерөнхийлөгч Жовенель Моизийг эхнэрийнх нь хамтаар орон нутгийн цагаар шөнийн 01 цагийн орчимд хувийн эзэмшил дэх сууцанд нь буудан халдлага үйлджээ. Ерөнхийлөгч Жовенель Моизийг буудан амийг нь хөнөөсөн бөгөөд Тэргүүн хатагтай Мартин Моиз буудуулан шархдсан. Тэргүүн хатагтайн биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд АНУ-ын эмнэлэг рүү шилжүүлсэн аж.

Хаитигийн эрх баригчдын мэдээлж байгаагаар гэмт этгээдүүд өөрсдийгөө АНУ-ын Хар тамхитай Тэмцэх Газрын ажилтнууд хэмээн танилцуулан Ерөнхийлөгчийн хувийн эзэмшил рүү нэвтрэн орсон байна.

АЛУУРЧИД

Хаитигийн Ерөнхий сайд Клод Жозефын хэлснээр Ерөнхийлөгч Жовенель Моизийн амийг хөнөөсөн алуурчид хэн гэдэг нь үл мэдэгдэх хэсэг бүлэг хүмүүс байсан бөгөөд тэдний зарим нь хоорондоо испаниар ярьж байжээ.

Аллага гарсны маргааш нь буюу долдугаар сарын 8-нд Хаитигийн Цагдаагийн Газрын дарга Леон Шарль хэрэгт холбоотой сэжигтэй гэх ойролцоогоор 20 этгээдийг баривчлан сатуулсан хэмээн мэдэгдэв. Хэргийг хөлсний алуурчид үйлдсэн гэж дүгнэж байгаа бөгөөд саатуулагдсан сэжигтнүүдийн дунд Хаити гаралтай АНУ-ын хоёр ч иргэн байгаа аж. Америкийн хоёр иргэнээс авсан байцаалтад уг халдлагын гол зорилго нь Ерөнхийлөгч Жовенель Моизийг хөнөөх биш, харин түүнийг баривчилж, шүүх зорилготой байсан гэжээ. Тэдний хувьд зөвхөн хэлмэрчийн үүрэг гүйцэтгэсэн хэмээн мэдүүлэг өгчээ.

Ерөнхий сайд Клод Жозефын мэдэгдсэнээр алуурчид Ерөнхийлөгчийг хороохоосоо өмнө түүнийг элдвээр тамлан зовоосон аж. 

Эрх баригчдын мэдээлснээр халдлагыг сайн зэвсэглэсэн, зохин байгуулалттай бүлэглэл үйлдсэн, тэдний дунд Колумб улсын тэтгэвэртээ гарсан цэргийн 26 алба хаагч ч багтаж байгаа гэнэ.

Сэжигтнүүдийн 11-ийг нь долдугаар сарын 9-нд Хаити дахь Тайванийн Элчин Сайдын Яаманд харъяалагдах байршил дээрээс баривчлан саатуулжээ.

Хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах, нэгжлэг хийх ажиллагааг Тайванийн дипломатчдын зөвшөөрөлтэйгөөр гүйцэтгэсэн байна. Энд нэг зүйлийг онцлоход, Бүгд Найрамдах Хаити Улс нь Тайванийг бие даасан, тусгаар  тогтносон улс хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрдөг цорын ганц улс юм. Тиймээс Хаити Улс нь Тайваньтай тун найрсаг дипломат харьцаатай байдаг аж.

Долдугаар сарын 9-ний байдлаар 17 сэжигтнийг баривчилсан ба 3 сэжигтэн баривчилгааны үеэр нас барсан байна. Тэднээс гадна хамгийн багадаа 8 этгээдийг эрэн сурвалжлах ажил үргэлжилж байгаа юм.   

Тэргүүн хатагтай Мартин Моизийн хэлснээр түүний нөхрийг хөнөөсөн алуурчид Жовенель Моизийг Хаити Улсын хөгжлийн төлөө авч хэрэгжүүлж буй үзэл баримтлалд сэтгэл хангалуун бус байдаг хэмээн дайрч давшилсан гэжээ.

ҮР ДАГАВАР

Ерөнхийлөгч Жовенель Моиз бусдын гарт амиа алдсан учир одоо Хаитигийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр Ерөнхий сайд Клод Жозеф ажиллаж эхэлсэн.

Хаити Улсын Үндсэн хуулийн дагуу Төрийн тэргүүн нас барсан, албан тушаалаа хаших чадваргүй болсон, эсхүл огцорсон тохиолдолд тус улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч түр хугацаагаар үүрэг гүйцэтгэгчээр ажиллах ёстой гэсэн заалт байдаг Ерөнхий шүүгч нь саяхан “COVID-19” коронавируст халдвараар нас барсан. Харин дараагийн өндөр албан тушаал бол Ерөнхий сайд. Амиа алдсан Ерөнхийлөгч Моиз 2018 оноос хойш Ерөнхий сайдын албан тушаалд 6 ч удаа өөрчлөлт оруулсан удаатай. Халдлагад өртөж амиа алдахаасаа нэг хоногийн өмнө Ерөнхий сайдын албанд Ариэль Анриг 7 дахь Ерөнхий сайдаар томилсон байсан. Гэсэн ч, Анри Ерөнхий сайдын тангараг өргөж амжаагүй байсан тул Үндсэн хуулийн дагуу одоогийн Ерөнхий сайд Клод Жозеф ийнхүү Ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэх болоод байгаа. Нэг зүйлийг сонирхуулахад, Клод Жозеф 7 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Ариэль Анриг хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж.

Аллага гарсан даруйд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Клод Жозеф болон Сайд нарын Зөвлөлөөс  Хаити Улсад 15 хоногийн хугацаатай цэргийн онц байдал зарлаад байна.

Долдугаар сарын 9-нд тус улсын Намын Харилцаа, Сонгуулийн Асуудал Эрхэлсэн сайд Матиас Пьер улс орондоо дэг журам сахиулах үүднээс   АНУ-аас 500 орчим хүнтэй цэргийн бие бүрэлдэхүүнийг илгээх хүсэлт гаргаад байгаа аж. Гэсэн ч, АНУ цэргээ оруулахаас татгалзсан гэсэн мэдээлэл ирээд байна.     

Үүний зэрэгцээ, Хаитигийн Засгийн газрын зүгээс НҮБ-д мөн хүсэлт илгээн цэрэг дайчдын тусламж хүсчээ.

2021 оны есдүгээр сарын 26-нд Хаитид Ерөнхийлөгчийн болон Парламентын сонгууль зохион байгуулагдах товтой байгаа юм.

Клод Жозеф ард иргэддээ хандан: “Төрийн тэргүүний амийг хөнөөсөн гэмт этгээдүүдийг хуулийн дагуу хатуу шийтгэх болно. Улс оронд тогтвортой байдал тогтоох тэмцэлд нэгдэхийг бүх хүчнүүдэд уриалж байна” гэлээ.

Халдлага гарсантай холбоотойгоор эрх баригчид Туссен-Лувертюрын нэрэмжит Олон улсын нисэх онгоцны буудлыг хааж, нислэгүүдийг цуцлаад байгаа юм.

Хаитигийн Засгийн газраас НҮБ-д хандан Ерөнхийлөгч Жовенель Моизийн амиа алдсантай холбоотой хэргээр олон улсын мөрдөн шалгах үйл ажиллагааг эхлүүлж, улс оронд нь үүсээд буй ноцтой нөхцөл байдлын асуудлаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг хуралдуулахыг мөн уриаллаа.

Жовенель Моиз нь 1968 онд мэндэлсэн (53 настай) бөгөөд 2017 оны хоёрдугаар сараас Ерөнхийлөгчийн албыг хашиж байв. Түүний үзэл баримтлалыг дэмждэггүй олон хүмүүс байдаг бөгөөд албан тушаалаасаа огцрохыг нь тулган шаардсан олон нийтийн эсэргүүцэлтэй удаа дараа тулгарч байсн удаатай. Хаити Улсад үзэл баримтлалаас үүдэлтэй улс төрийн тогтворгүй байдал, эмх замбараагүй байдал, төрийн эргэлт болон хүчирхийллэл нэлээд гаарсан нөхцөл байдалтай байгаа юм.

ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ

Төрийн тэргүүн нь халдлагад өртөн амиа алдсанд ОХУ-ын Гадаад Хэргийн сайд Сергей Лавров Хаитийн ард иргэдэд эмгэнэл илэрхийллээ.

Хаитигийн Ерөнхийлөгч Жовенел Моизийн амийг хороосон аллага бол жигшүүрт хэрэг хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден албан ёсны мэдэгдэлдээ дурьдсаныг Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээллээ. Жозеф Байден тус улсын аюулгүй байдлыг хангах үүднээс аливаа тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа ч амласан байна. Тусламжийн хүрээнд АНУ-ын Төрийн Департаментаас аллагын дараах улс төрийн хямралыг шийдвэрлэхээр өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг Хаити Улс руу илгээхээр боллоо. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Байдены Латин Америкийн асуудал хариуцсан зөвлөх Хуан Гонсалес тэргүүтэй албан хүмүүс багтах юм байна. Тэд Хаитигийн Ерөнхий сайд Клод Жозеф, өөрийгөө Ерөнхий сайд хэмээн зарлаад байгаа Ариэль Анри нартай уулзах юм.

Улс орнуудын Төрийн тэргүүнүүдээс гадна Ромын Пап лам Франциск мөн болсон явдалд гүнээ харамсч буйгаа илэрхийлээд, “Хямрал, мөргөлдөөнийг шийдвэрлэх хэрэгсэлд хүчирхийллийн бүх хэлбэрийг ашигладаг явдлыг таслан зогсоох хэрэгтэй” хэмээн мэдэгдэж, Хаитигийн ард түмэнд “Ах дүүгийн найрамдал, эв нэгдэл, хөгжил цэцэглэлээр дүүрэн ирээдүйг” хүсэн ерөөв.   

Францын Гадаад Хэргийн сайд Жан-Ив Ле Дриан, Евро Зөвлөлийн тэргүүн Шарль Мишель, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон нар мөн Хаитигийн ард иргэдэд гүн эмгэнэл илэрхийлээд байгаа юм.

Түүнчлэн, НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Антониу Гуттериш болсон үйл явдлыг “Жигшүүрт хэрэг” хэмээн нэрлээд Хаитигийн ард түмнийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

О.АНАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
jochin
jochin
7 сар 12, 2021 13:01

ene toim ix zuger sanagdlaa.

Холбоотой мэдээ

Back to top button