НийгмийнНИЙГЭМЯрилцлага

Монгол соёлоос алсарч буйд эмзэглэж, “Хаан бичиг” номын дэлгүүрээ нээсэн Өвөрмонгол хүүтэй ярилцлаа

Монгол улсад анхны Монгол бичгийн номын дэлгүүр энэ сард нээлтээ хийжээ. Энэ номын дэлгүүр хэд хэдэн онцлогтой. Гаднаас нь харвал энгийн нэг номын мухлаг шиг. Харин дотроо том агуулга, тоолж ирэх хугацааны эхлэл буйг дотогш морилж, номын хуудсыг имэрч байж л мэдэх аж.

Гаднаа “Хаан бичиг” хэмээн үндэсний бичгээр дармалдаж, номын дэлгүүр хэмээн тодотгожээ. Энэ дэлгүүрийн гадна дотно хана нь нилдээ цагаан бөгөөд монгол ахуй эд хогшил бүрт нь шингээстэй. Таван хошуу мал, эмээл, арьсан хөхүүр, морин хуур, монгол улсын соёмбо, есөн хөлт цагаан туг, ном уншиж буй хүн гээд олон жижиг баримал номын тавиур бүрт байрлана. Таазнаас унжсан сүүн гэрэл тавиур дээрх номыг гэрэлтүүлэн тодотгоно. Хэдийгээр биднийг очих үед номын тавиурууд сийрэг ч хоосон нүд үгүй, тавиур бүр номтой байлаа. Үүдэн хэсэг дэх гурван цонхны хөшиг бүр босоо бичигтэй. Энд Бямбын Ринчений номуудаас эхлээд Чингис хаан хүүхдийн цуврал, Л.Түдэвийн “Хорвоотой танилцсан түүх” зэрэг Утга зохиол, “Болор цом” гээд олон төрлийн ном байв.

Ийм нэгэн анхдагч номын дэлгүүрт манай сурвалжлах баг саатсан юм.

-Та олонд өөрийгөө дэлгэхийг хүсэхгүй байгаа юм байна. Гэхдээ уншигчдад маань товчхон танилцуулаач.

-Би Өвөрмонгол хүн. Монголд хуулийн дагуу амьдарч байгаа. Өөрийн бага насны мөрөөдлөө биелүүлж монгол бичгийн “Хаан бичиг” номын дэлгүүрийг нээгээд арваад хонож байна. Гэхдээ албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлээгүй л байна.

-МОНГОЛ УЛС ХОС БИЧИГТЭН БОЛОХОО ЗАРЛААД ЗУРГААН ЖИЛ ӨНГӨРЧ БАЙХАД НЭГ Ч ҮНДЭСНИЙ БИЧГЭН НОМЫН ДЭЛГҮҮР НЭЭГДЭЭГҮЙ-

-Бага насны мөрөөдөл гэлээ. Яагаад заавал монгол бичгийн номын дэлгүүр нээе гэж бодох болов?

-Би багаасаа монгол бичгийн ном уншиж өссөн. Гэхдээ урд амьдарч байх сүүлийн үеүдэд Монгол бичиг, хэлнээсээ холдож байгаагаа анзаарсан юм. Тийм учраас монголдоо ирээд дахин сурч байна. М.Батчимэг тэргүүтэй УИХ-ын зургаан гишүүн Монгол хэлний тухай хуулийн төслийг 2015 онд санаачилж хос бичигтэн байх зайлшгүй шаардлагатай гэж хэлж байсан. Тиймээс Монгол улс хос бичигтэн болоход дөрөв хүрэхгүй жил үлдээд байна. 2015 онд энэ төсөл баталснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Талаас илүү хугацаа нь өнгөрчхөөд байхад Монгол улсад нэг ч монгол бичгийн номын дэлгүүр нээгдэхгүй байгаад би эмзэглэсэн. Тэгээд л за, би үүнийг хийе гэж шийдсэн. Бас хар бага насны мөрөөдлөө энэ улсынхаа ирээдүйтэй холбон, “Хаан бичиг” дэлгүүрээ нээж чадлаа.

Хамгийн гол нь Монгол улсад үндэсний бичгийн хөтөлбөр явуулж байгаа. Энд зайлшгүй хэрэгцээтэй, шаардлагатай зүйлсийн нэг бол монгол бичгээр хэвлэсэн номын дэлгүүр гарцаагүй мөн гэж үзэж байна.

-Танай дэлгүүрт орж ирэхэд үүднээсээ эхлээд л түүх, ахуйн зүйлс ажиглагдлаа. Тухайлбал, эвтэй дөрвөн амьтан биш таван хошуу мал, хэн нэгэн философич бус харин Чингис хаан, дээлтэй хүүхэд, морин хуур зэрэг байна. Энэ надад ямар нэг зүйлийг хэлэх гээд байх шиг санагдлаа?

-Тийм ээ, Манай номын дэлгүүрт орж ирсэн хүн монгол ахуйг мэдрээд гараасай гэж хүссэн юм. Учир нь монголчууд монгол ахуй соёлоосоо холдоод байгаа нь надад ил харагдаж байна. Хүн амын тал нь хотдоо шавжээ. Хотод монгол ахуй жинхэнэ утгаараа байхгүй байх шиг. Тиймээс маш өчүүхэн зүйлээс ч болов дэлгүүрээр маань ороод гарсан хүн монгол ахуй, соёл, түүхээ мэдрээд гараасай гэж хүссэн юм.

-Монголд монгол бичгээр хэвлэсэн ном тийм ч түгээмэл биш. Энэ номын дэлгүүрийг цаашид авч явахын тулд сан бүрдүүлж байгаа байх. Фондыг хаанаас цуглуулж байна вэ?

-Одоогоор энд байгаа номууд дотоодын хэвлэлийн цуглуулга. Гэхдээ бид номын сангаа бүр баяжуулахын тулд Өвөрмонголоос номоо татаж байна. Ачаа бараа тээвэрлэлт улс даяар саатаад байгаа учраас ном маань ирэхгүй жаахан удаж байгаа. Гэхдээ номоо иртэл бид дотоод орчин, бичиг цаас бүхнээ бэлэн болгохыг зорьж байна. Миний төлөвлөж байгаагаар 60 мкв энэ номын дэлгүүр маань өнцөг булангүй бүгд дүүрнэ. Уран зохиол, яруу найраг, бичгээ сурч байгаа анхан шатны хүүхдүүдэд зориулсан ном, түүхийн ном гэсэн чиглэлээр номоо авч ирж буй. Мөн манай дэлгүүрт номоо тавьж зарах хүсэлтэй байна гэсэн хүмүүс ирсэн. Тэдний номыг ч авч байна.

-ӨВӨРМОНГОЛЧУУД ДУНД ҮНДЭСНИЙ БИЧГЭЭ МЭДЭХГҮЙ, УНШИЖ ЧАДАХГҮЙ ОЛОН ХҮН БИЙ-

-Өвөрмонголчууд монгол бичгээр хэвлэсэн ном бичгийг хэр уншдаг вэ?

-Бараг уншдаггүй. Өвөрмонголд монгол бичгээр бичсэн номыг унших нь маш цөөхөн болсон. Би гэхэд л дундаж зузаантай 300, 400 орчим хуудастай Хятад номыг 30 минутад уншина. Харин үндэсний бичгээр бичсэн номыг маш удаан хугацаа зарж уншдаг. Хүмүүст өөрсдөд нь учир бий. Багачууд монгол бичгээр унших сонирхолгүй, монголоор ярих хүсэлгүй болсон. Өвөрмонголд үндэсний бичгээ мэдэхгүй, уншиж чадахгүй олон хүн бий.

СУДАЛГАА: ӨВӨРМОНГОЛЧУУДЫН ДУНД ЦАХИМ ОРЧИНД ЯВУУЛСАН СУДАЛГААНД 79 ХҮН ОРОЛЦОВ.

-Номнуудын хувьд ямар үнэтэй вэ?

-Номуудын үнэ янз бүр. Хүүхдийн номууд гэхэд 8000 төгрөг, түүнээс дээш үнэлгээтэй. Цагийн хуваарийн тухайд 10:00-20:00 хооронд бүх өдрүүдэд ажиллана.

-Номоос гадна уран бичлэгийн хэрэгсэл, эсгий, бийр, бэх зэрэг байна?

-Сүүлийн үед монгол бичгийг сурахаасаа илүүгээр уран бичгээр бичих хүсэлтэй хүмүүс их байх шиг. Тиймээс уран бичлэг түүний хэрэгслийн булантай байхаар төлөвлөсөн. Үндэсний бичигтээ хайртай хүн ирээд өөртөө хэрэгтэй зүйлээ авах гэхэд бүх юмс нь нэг дор байвал тэдний ажлыг хөнгөлж буй нь тэр шүү дээ.

-ХҮНИЙ СЭТГЭЛД УРАМ, ХҮСЛИЙН ДӨРӨӨ БОЛОХ ҮГ ГЭЖ БИЙ-

-Дэлгүүрийн нээлтэд нь олон хүн ирсэн үү?

-Манай номын дэлгүүрийн нээлт долдугаар сарын 08-ны өдөр болсон. Номын дэлгүүрийн нээлтэд СГЗ, зохиолч, сэтгүүлч Л.Мөнхтөр, СГЗ, зохиолч, яруу найрагч Л.Нямаа, СГЗ, “Хүмүүн бичиг” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга, хэл бичгийн ухааны магистр Б.Элбэгзаяа нар саатан ирж үг хэлсэн юм. Бас миний зохиолч нөхөд ирсэн. Б.Элбэгзаяа ах хэлэхдээ “Ах нь бүх хүчээрээ дэмжинэ ээ” гэж хэлсэн юм. Монгол улсад цорын ганц монгол бичгээр хэвлэж байгаа сонины нарийн бичээч дарга ингэж хэлсэнд сэтгэл ихэд баярлаж, хүч орлоо. Тэр үг миний сэтгэлд урам, хүслийн дөрөө болж үлдсэн.

-Үйлчлүүлэгчид хэр байна вэ?

-Хүмүүс манайхыг нээгдээгүй байхад холоос зориод ирсэн. Утасдаад ном асууна. Наадмын амралтын өдрүүдэд ч хүмүүс ирж сонирхож байна лээ. Зарж эхлээгүй байхад л ном аваад байсан. Сургууль соёл цугларч, тахал намжихаар бүр л олон хүн ирэхээр харагдаж байгаа. Мөн Фэйсбүүк пэйж болон гар утас руу залгаад хүмүүс сонирхсон номоо нээлттэй асууж болно. Гэхдээ одоогоор бүх захиалсан монгол бичгийн төрөлжсөн номууд хараахан ирээгүй байна. Номууд маань бэлэн болохоор дэлгүүр маань нүд дүүрээд л ирнэ байх аа.

-Цаашид номын дэлгүүрийн ирээдүйгээ хэрхэн харж байна вэ?

-Хөвсгөл аймагт салбар дэлгүүрээ нээхээр бичиг баримтуудыг бүрдүүлж буй. Цаашлаад улсынхаа 21 аймаг бүрт монгол бичгийн номын дэлгүүр нээхийг зорьж байна.

М.МӨНХСАЙХАН: ХААН БИЧГИЙН ХҮҮ ЭНЭ УЛСЫН ИРЭЭДҮЙД ИХИЙГ НЭМЭРЛЭЖ БУЙ. ТИЙМДЭЭ Ч БИ ӨНӨӨДӨР ТҮҮНД ЯМАРВАА АВЛАГАГҮЙГЭЭР ТУСАЛЖ БАЙНА

Мөн энд түүнд туслан тавиур, тавилга тогтоолцож буй өөр нэгэн байлаа. Түүнийг М.Мөнхсайхан гэдэг. Тэрбээр “Хаан бичгийн хүүтэй хоёр жилийн өмнө 21 аймгаар сургалт, уулзалт хийж явахад нь танилцсан. Монгол улсад 21 аймгаа тойроогүй олон хүн байдаг. Гэтэл энэ хүү бүгдээр нь орж сургалт хийж байсан юм. Аймаг бүрийн монгол бичгийн багш нартай уулзалт хийсэн. Энэ улсын ирээдүйн төлөө ихийг хийж буй нэгэн. Тиймдээ ч би өнөөдөр ямар ч цалин хөлс гэхгүйгээр түүнд тусалж байна” гэлээ.

Э.ОЛОНЦЭЦЭГ: ХААН БИЧГИЙН ХҮҮГИЙН ОРСОН СУРГАЛТЫН ДАРАА ХҮҮХДҮҮД МААНЬ ИХЭД БАХАРХАЖ, ОМОГШСОН

Бүх аймгаар явж сургалт хийсэн түүний тухай Монголын хамгийн жижигхэн аймаг болох Говьсүмбэр аймгийн Үндэсний лаборатори тавдугаар сургуулийн Монгол хэл, бичгийн багш Э.Олонцэцэгээс Хаан бичгийн хүү сургалт орж байсан талаар лавлавал “Тийм ээ, манай аймагт ирж хэл бичгийн багш нартай уулзахаас гадна шавь нартай маань нэг өдрийг хичээллэж өнгөрүүлсэн. Тэр үед сурагчдад зориулаад хичээл өөрөө бэлдээд ирчихсэн байж билээ. Монгол бичгээ сурах, судлахын ач холбогдлыг хүүхэд бүрийн сэтгэлд мэдрэгдэж, нүдэнд харагдтал ярьсан нь сурагчдын сэтгэлд хүрч, түүнтэй халуун дулаан яриа өрнүүлэхдээ үнэхээр их бахархаж омогшиж буйгаа илэрхийлж, Энэ өдрөөс эхлээд үндэсний бичгийн хичээлээ шамдан сурна хэмээн зоримог хэлж байсан юм.

Тэр өдрийн хичээлийн дараа надтай уулзаж хүүхүүдэд тусгайлан унших амт, шимтэй үндэсний бичгээр хэвлэсэн ном алга хэмээж байсан. Тиймдээ ч шинээр үүдээ нээгээд буй номын дэлгүүр нь тэр үеийн уулзалтаас сэдэлтэй байх гэж бодож байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 20, 2021 08:16

Хаяг нь хаана вэ?

Нэргүй
Нэргүй
7 сар 20, 2021 08:47

монгол өв соёлоо өвөрмонголчуудаас долоондор авч явдаг ар монгол юм даа

Зочин
Зочин
7 сар 21, 2021 01:52

5н тэрбум юу ч биш

beene
beene
7 сар 25, 2021 19:14

ymar goyo ym be

Холбоотой мэдээ

Back to top button