Б.Ариунаа: Дүү минь энд тэнд унаж татаад, бие нь муудсан байх вий гэхээс эмээж байна

Зүрх уулын орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн С.Нэргүй гэрээсээ төөрч, сураггүй алга болсон тухай мэдээллийг ар гэрийнх нь зүгээс өнгөрөгч долдугаар сарын 19-ны өдөр цахим орчинд түгээгээд буй. Тухайн иргэн нь алга болох үедээ саарал өнгийн подволка, малгай, хар өмд, хүрэн сандаалтай байжээ.
Ар гэрийнх нь тодорхойлсноор тухайн иргэн нь хүнд ямар нэг гэм хоргүй, унаж татдаг өвчтэй, өөрийгөө илэрхийлэх чадвар сул байна. Мөн гэрийнхэн нь түүнийг Шаваанаа гэж дууддаг тул С.Нэргүй гэдэг нэрээ сайн мэдэхгүй аж. Би тухайн иргэний төрсөн эгч Б.Ариунаатай утсаар холбогдож, эрлийн ажиллагаа хэрхэн үргэлжилж буй тухай мэдээллийг авлаа.
-Дүүгээ хайх эрлийн ажиллагаа хэрхэн үргэлжилж байна вэ?
-Ар гэр төрөл төрөгсөд нь онцгой байдлын ерөнхий газар, цагдаагийн алба хаагчидтай хамтран хоёр дахь өдрөө эрлийн ажиллагааг хийж, ойр орчмын газрын самнаж байна. Одоогоор эрлийн ажиллагаа үр дүн муутай байна.
-Зарлал харсан иргэд холбогдож мэдээлэл өгөх нь хэр байна вэ?
-Ярих нь ярьж байгаа ч, худал мэдээлэл өгөх, утсаар тоглох нь их байна. Тиймээс иргэдээс ирсэн мэдээлэл гэхээс илүү өөрсдөө хөлөө хүрэх газар хүртлээ явж, алга болсон орчмыг самнаж эхэлсэн. Одоо ч зуслангийн орчим бид хайгаад л явж байна даа. Яргайт хүртэл самнаж хайсан.
-Дүү нь хаанаас хэрхэн алга болсон бэ?
-Манай нагац эгчийнх гэртэй ойрхон байдаг юм. Тухайн өдөр дүү маань ээжтэй хамт нагац эгчийнд очоод, буцаад гурвуулаа гэр рүү харих замд алга болсон. Дүү маань урд гараад алхаж байсан гэсэн. Ээж, эгч хоёрыг түр амсхийх зуур алга болсон байсан. Гэр рүүгээ түрүүлээд харьчихсан байх гээд очтол байгаагүй. Тэгээд л ойр орчмоо самнаад, эрлийн ажиллагааг эхлүүлсэн.
-Дүү нь өөрийгөө илэрхийлэх чадвар хэр вэ. Төөрсөн нөхцөлд гэрээ олоод ирж чадах уу?
-Дүү минь бүр багалаа хөгжлийн бэрхшээлтэй болсон. Сэтгэцийн өөрчлөлттэй гэдэг оноштойгоор 79 хувиар групп тогтоолгосон. Сэтгэцийн хувьд эрүүл биш. Өөрийн нэр, нас, гэрийн хаяг, утасны дугаар мэдэхгүй. Тиймээс л санаа их зовж байна. Энд тэнд унаж татаад бие нь муудсан байх вий гэхээс л эмээж байна даа.
-Өмнө нь алга болж байсан уу?
-Үгүй ээ. Алга болж байгаагүй.
-Дүү нь гэр бүлтэй юу?
-Үгүй ээ. Гэртээ ээжтэй хамт амьдардаг.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.
Хэрэв тухайн иргэнийг харсан хүн байвал доорх утсаар холбоо бариарай.
ХОЛБОО БАРИХ ДУГААР: 99091592, 95081592, 88125964, 93020454, 88108997
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хурдан олдоосой
Ивий хөөрхий тус�##�гаагаад шэйрлээд өгье