ЭРҮҮЛ МЭНД

Зүрх, судасны өвчний эмчилгээ хийлгэвэл зардлынхаа 15-30 хувийг л төлнө

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ээлжит хэвлэлийн хурлаар зүрх, судасны өвчний үеийн эмчилгээний талаар мэдээллээ. Монгол улсад зүрх, судасны өвчний үед эмийн болон мэс заслын тусламж үйлчилгээний зардлын 70-80 хувийг эрүүл мэндийн даатгалаас хөнгөлдөг байна.

Энэ талаар УГТЭ-ийн Зүрхий хэм судлалын төвийн эрхлэгч Х.Мөнгөн-Өлзий:

Бидний зүгээс зүрхний цохилтын тоо олшрох эсвэл цөөрөх гэсэн үндсэн хоёр чиглэлд үйлчилгээ явуулдаг. Мөн зүрхний дутагдалтай гэж оншлогдсон өвчтөнүүдэд зүрхний ажиллагааг дэмжих, гэнэт зогсохоос сэргийлэх суулгац тавьдаг. Арав орчим жилийн өмнө дээрх эмчилгээний төлбөр гэж 11-15 сая төгрөгийг иргэд хувиасаа төлдөг байсан. Ийм ч учраас эмчилгээ, мэс засалд орох хүмүүсийн тоо тэр үед одоогийнхоос хамаагүй цөөхөн байсан. Эмчлүүлэгчийн амь тэнссэн яаралтай нөхцөлд өвчтөний ар гэрийнхэн эмчилгээний өндөр зардлыг хурдан хугацаанд олоход хүндрэлтэй байсан хэрэг. Тэгвэл одоо Эрүүл мэндийн даатгалаас төлбөрийн ихэнх хувийг гаргадаг болсон учир эмчлүүлэгсдийн тоо харьцангуй ихэссэн гэлээ.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 03 дугаар тогтоол гарснаар ЭМДС-аас эмчилгээний 70-85 хувийг төлдөг болсон. Ингэснээр зүрх, судасны өвчний эмчилгээ хийлгэгсэд хувиасаа ойролцоогоор 1,5 сая төгрөг төлөхөөр болсон юм. Хэрэв тухайн иргэн эрүүл мэндийн даатгал төлдөг бол ямар нэг бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүйгээр дээрх эмнэлгийн үйлчилгээг авах боломжтой аж.

Үүнээс гадна зарим бүлгийн эмчилгээний зардлыг төрөөс 100 хувь даадаг. ХБНГУ тэргүүтэй гадаадын улсад зүрхний хэм алдагдлын төрлөөс хамаарч эмчилгээ 30 мянган доллар хүрдэг бол монгол иргэд гадаад улсаас хэд дахин хямд зардлаар эх орондоо эмчлүүлэх боломжтойг эрхлэгч Х.Мөнгөн-Өлзий онцоллоо.

О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button