НийгмийнСПОРТТОКИО-2020

Өнөөдрийн ОНЦЛОХ ТАМИРЧИН: Риогийн олимпын дутуугаа гүйцээхээр мэрийж буй Л.Отгонбаатар

“Eguur.mn” сайт өдөр бүр Монголынхоо нэг тамирчныг онцолж байгаа билээ. Зарим хүн “Тэмцээнд оролцохынх нь өмнө битгий магт. Цагаан хэл ам хүрчихнэ” гэж шүүмжилж магадгүй. Энэ тамирчин ийм амжилт гаргаж, ингэж хөдөлмөрлөж яваа гэдэг тодорхой мэдээлэлтэй тэмцээнийг нь үзвэл уншигчдад илүү өгөөжтэй байх болов уу гээд онцолж буйг тодотгоё.

Бид өмнө өдрүүдэд Гавьяат тамирчин М.Уранцэцэг, ОУХМ Л.Сосорбарам, Монголын тамирчин болсон Саид Моллаеи, олимпод оролцсон Монголын анхны эмэгтэй боксчин М.Мягмаржаргал нарыг онцолсон. Токиогийн дэвжээнээс ДАШТ-ний алт, хүрэл медальт Саид Моллаеи мөнгө, ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт М.Уранцэцэг, Азийн аварга Ц.Цогтбаатар нар хүрэл медаль хүртэн, монгол түмнээ баярлуулаад байгаа билээ.

Өнөөдөр бидний онцлох тамирчин бол ДАШТий хүрэл медальт, Гавьяат тамирчин Лхагвасүрэнгийн Отгонбаатар.

Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хорооны бөх Лхагвасүрэнгийн Отгонбаатар өнөөдөр “Токио-2020” олимпын дэвжээнд барилдана.

ДАШТ-ээс МЕДАЛЬ ХҮРТСЭН 15 ДАХЬ МОНГОЛ ЖҮДОЧ

28 настай тэрбээр 2018 оны ДАШТ-д гурав дахь удаагаа зодоглосон. Дэлхийн дэвжээнд барилдахдаа хагас шигшээд олимпын мөнгө (2016), ДАШТ-ий хошой мөнгө (2013, 2017), хүрэл (2014, 2015) медальт, Европын гурван удаагийн аварга, Гүржийн жүдоч Варлам Липартелианид дийлдсэн.

Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд өмнө жилийнх нь дэлхийн аварга, Японы бөх А.Вольфыг цэвэр ялсан юм. Тэгснээр Л.Отгонбаатар ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын 15 дахь жүдоч болсон билээ. Үүний сацуу тэр жил ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Ө.Дүүрэнбаяр мөн Архангай аймгийн Батцэцэнгэл сумынх. Нэг нутгийн, бүр нэг сумын хоёр жүдоч нэг ДАШТ-ээс хамтдаа медаль авсан нь содон тохиолдол.

Яг өмнөх жил нь буюу 2017 онд жин өгсөн, -100 кг-д барилдаад байсан Л.Отгонбаатар Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярын амжилтыг үргэлжлүүлж явааг нь тодотгоё. Учир нь эл жинд Н.Түвшинбаяр аварга олимпоос алт, мөнгөн медаль хүртэн, монгол түмнийхээ магнайг тэнийлгэсэн билээ.

Түүнийг дэлхийн медальтан болсон баярт мөчөөс нь хуваалцахад ийн өгүүлж байлаа

-ДАШТ-д оролцохоор явахынх нь өмнө аав, ээж нь танд юу гэж захиж, зөвлөв?

-Ер нь тэмцээнд зодоглохоор явахад ээж “Хичээгээрэй, сайн барилдаарай” гэдэг. Гэтэл энэ жил ДАШТ-д оролцохоор Азербайжаныг зорихын өмнө “Заавал медаль авна шүү. Аав, ээж хоёр нь тэгээсэй л гэж хүсэж байна” хэмээхэд нь их бэлгэшээсэн, сайхан санагдсан.

 -Эх хүний зөн хамгийн мэдрэмжтэй нь гэдэг. Хүүгээ медаль хүртэхийг зөгнөсөн байх.

-Харин тийм ээ. Би ч бас тэгж бодож байна.

 -Та бөхийн удамтай, хүргэн ах тань улсын гарьд Б.Гончигдамба. +100 кг-д медаль хүртсэн Ө.Дүүрэнбаяр ч бас хоёр талаасаа бөхийн удамтай, хүргэн ах нь улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ. Түүгээр ч үл барам нэг аймаг, нэг сумын хоёр бөх нэг жилийн ДАШТ-ээс медаль хүртсэн нь ховор тохиолдол шүү.

-Би ч бас анзаарсаан. Замдаа Дүүрээтэй энэ талаар ярилцсан.

-Монгол түмэн 2015 оноос хойш медаль хүртэх бөхчүүдийн таамагт таныг багтаан, дээлийнх нь захыг мушгисан. Бэртэл нь бүрэн эдгэрч, жиндээ сайн дассан нь ДАШТ-ээс медаль хүртэхэд нэлээд нөлөөлсөн байх.

-Тамирчны хамгийн том дайсан бол бэртэл, гэмтэл. Үүний сацуу жиндээ орох, дасах гэж айхтар зүйл бий. Би Риогийн олимпоос хойш -100 кг-д барилдаж байна. 2017 онд ДАШТ-д бэртэлтэй өрсөлдсөн. Уг нь бэртлээ сэдрэхээс болгоомжлон жил гаруйн хугацаанд тэмцээнд оролцолгүй байж байгаад зодоглосон ч амжилт гаргаж чадаагүй.

Өнгөрсөн жилийн ДАШТ-ээс хойш биеэ сайтар илааршуулж, бэлтгэлээс гадна сэтгэл зүйгээ сайн бэлдсэний үр дүн гарлаа. Хэдийгээр түрүүлж чадаагүй ч чамлахгүй ээ. Хүссэн хүчтэн бүхэн гаргадаг амжилт биш болохоор тэр.

“Рио-2016”-гаас хүртэж чадаагүй хүрэл медалиа ДАШТ-ээс авлаа. Сайхан байна аа. Олимпын дараах хамгийн том зорилго маань энэ байлаа. Мэдээж үүнд хүрэхийн тулд зүгээр нэг мөрөөдөж суух бус, өмнө нь гаргасан алдаа, оноогоо сайтар дүгнэж, урьдынхаасаа ч уйгагүй хөдөлмөрлөн, бүр их хичээлээ.

Нөгөө талаар дэлхийн дэвжээнд тааруу амжилт гаргавал монгол түмнийхээ итгэлийг алдана. Тиймээс өдөр бүр хичээж, хөдөлмөрлөх хэрэгтэй. Ялж, ялагдах бүхий л мөчид хамт байдаг монгол түмнийхээ сэтгэлийн хүч, “Хамтын хүч амжилт” уриатай жүдочдынхоо дэмжлэгээр энэ амжилтад хүрлээ.

-Хагас шигшээд олимпын нэг, ДАШТ-ий гурван мөнгөн медальтай, Европын гурван удаагийн аварга, Гүржийн бөх Варлам Липартелианитай барилдсан. Та түүнд өмнө нь хоёр удаа дийлдсэн, барилдаан таардаггүй өрсөлдөгч. Энэ удаа гүрж эртэй хэрхэн барилдахаар төлөвлөв. Санасан барилдаанаа бүрэн гаргаж чадсан уу?

-Тэмцээний өмнөх бэлтгэл дээр түүнтэй хэрхэн барилдах арга, мэхээ багш нартайгаа нэлээд ярилцаж, төлөвлөсөн. Түүнийхээ дагуу барилдаж чадсаан, уг нь. В.Липартелианитай тэнцүү өрсөлдсөн ч цаг дуусахын өмнө гаргасан жижигхээн алдаанаасаа болоод ялагдчихлаа. Цаг сунгаад барилдсан бол дийлчих ч байсан юм бил үү.

-Хэдхэн барилдааны дараа хүрэл медалийн төлөө өнгөрсөн жилийн дэлхийн аварга, Японы бөх Аарон Вольфтой барилдсан. Гүржийн бөхөд ялагдсан хүнд байдлаас гарах амаргүй байсан нь мэдээж. Та түүнээс юугаараа илүү байв?

-Өмнөх ялагдлаа бодохгүй байхыг хичээлээ. “Дэлхийн аваргатай барилдана” гээд сандран, өөрийгөө голбол амжилтад хүрч чадахгүй. Адилхан л хөлтэй, гартай, мэхтэй, хүчтэй жүдочид тул юунаас нь айж, бэргэх вэ. Санасан мэхээ зоригтой хийгээд, урагш давшиж барилдсанаараа би түүнээс илүү байсан юм болов уу.

-Япон бөхийг даралтаар, эсвэл өчиж ялах амаргүй. А.Вольфыг богино хугацаанд даралтаар цэвэр ялсан нь таны амжилт, ялалтыг бүр ч “амттай” болгосон болов уу?

-Тийм ээ. Япончууд энэ жил ДАШТ-ээс долоон алт, таван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн. Тэднээс ганцхан бөх медалиас мултарсан нь А.Вольф.

-Ерөнхийлөгчийг Азербайжанд очсон өдөр та медаль хүртсэн. Спортын зарим шооч хорхойтон “Дараа жилээс Ерөнхийлөгчийг эхний өдөр очуулъя” гэж байна лээ. Ерөнхийлөгч жүдочдынхоо барилдааныг очиж үзсэн нь юу юунаас илүү нөмөр, түшигтэй байсан нь мэдээж.

-Ерөнхийлөгчийн сүлд, хийморь биднийг ивээж, амжилтад хөтөлсөн нь лавтай. Барилдахад хавьгүй түшигтэй байлаа. Тэмцээний дараа Ерөнхийлөгчтэй уулзахад хүрэл медалийг нэлээд чамлаж байна лээ. Төрийн тэргүүн маань ДАШТ үзэж байгаа, амжилт гарган ачийг нь багахан ч атугай хариулъя гээд эрвийх дэрвийхээрээ зүтгэлээ, бид. Дэлхийн медальтан болсон баярт мөчөө Ерөнхийлөгчтэйгөө, монгол түмэнтэйгээ хамт хуваалцана гэдэг яалт ч үгүй ховор хувь заяа.

2018 оны ДАШТ-ээс медаль хүртсэн нэг нутгийн хоёр жүдоч болох Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр өнөө жил хамтдаа гавьяат тамирчин цол хүртсэн юм.

АЛДАРТ УЯАЧИЙН АВЬЯАСЛАГ ХҮҮ

Аймгийн алдарт уяач Н.Лхагвасүрэнгийн хүү Л.Отгонбаатар бөхийн удамтай. Аймгийн заан цолтой түүний төрсөн ах нь улсын начин Л.Шинэбаатар, аймгийн арслан Л.Үйтүмэн нар юм.

Л.Шинэбаатар 2016 онд улсын начин цол хүртсэн бол Л.Үйтүмэн төрийн наадамд хоёр удаа зодоглохдоо тус бүрт нь гурав давж, нэгд нь улсын арслан Х.Мөнхбаатарт, нөгөөд нь улсын аварга Д.Сумъяабазарт өвдөг шороодсон. Улсын гарьд Б.Гончигдамба түүний хүргэн ах бол үеэлүүд нь аймгийн цолтой Ц.Нямдорж, Ц.Баасандорж нар билээ.

Ц.ШИЙРЭВ БАГШИЙН ШИЙРТЭЙ ШАВЬ

Багадаа хөдөө өсөж, эмнэг хангал сурган, дээл гутлаа ханзартал барилдаж өссөн Л.Отгонбаатар Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвийн удирдлагад 2007 оноос хичээллэн, өдгөө ч амжилтын төлөө хамтдаа зүтгэж явна. Тэрбээр “MN-25 дугаар суваг” телевизээс зохион байгуулсан сүмогийн “Өглөөний хөх луу” тэмцээнд оролцож байхдаа багштайгаа танилцаж, шавь нь болсон түүхтэй. Тус тэмцээнд түрүүлж, анхны амжилтаа жүдогоор бус, сүмогоор гаргасан гэдэг.

Жүдо, үндэсний бөхийн бэлтгэл хослуулан хийдэг Л.Отгонбаатар 2013 онд наадмын сорилго барилдааны нэгийн даваанд улсын арслан Э.Оюунболдыг өвдөг шороодуулан, олны хараанд өртсөн. Тэр жилдээ Архангай аймгийнхаа наадамд зодоглон, Баянхонгор аймгийн арслан Б.Бат-Оршихоор тав давж, начин цол хүртжээ.

Мөн “Чингис хаан” гран пригээс хүрэл медаль хүртэн, жүдогоор ч юм дуулгахаа харуулав. Дараа жил нь амжилтын арвин “ургац” хураасан. Өмнөговийн наадамд аймгийн заан П.Баярхүүд өвдөг шороодон үзүүрлэхдээ аймгийн заан болж, самбо бөхийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэн, “Чингис хаан” гран прид түрүүлжээ.

Эх орныхоо дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлэхдээ шигшээд БНХАУ-ын Чэн Жухог үүрэх мэхээр ялсан барилдаан нь тус тэмцээний шилдгээр шалгарсан юм. Түүгээр ч үл барам “Инчон-2014” Азийн наадамд анх удаа зодоглохдоо хүрэл медаль хүртэн, олимп, дэлхийн аваргуудын залгамж халаа болохуйц хүчтэн бойжиж буйгаа мэдрүүлэв.

И.ИЛИАДИСЫГ ӨВДӨГ ШОРООДУУЛСАН МОНГОЛ ЖҮДОЧ

Үүрэх дархан мэхтэй Л.Отгонбаатар “Чингис хаан” гран прид завсаргүй гурван удаа түрүүлсэн юм. Тэрбээр 2015 онд аймгийнхаа наадамд дахин үзүүрлэж, цолоо баталсан төдийгүй дэлхийн дэвжээнд шуугиулсан. Казахстанд зохион байгуулсан ДАШТ-д зодоглохдоо олимпын алт, хүрэл, ДАШТ-ий гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальт И.Илиадисыг өвдөг шороодуулсан нь онцлохгүй байх аргагүй ялалт.

Мөн багийн төрөлд хүч сорихдоо олимпын мөнгө, ДАШТ-ий алт, хүрэл медальт Э.Гонзалес, олимпын хүрэл, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт, БНСУ-ын бөх Гвак Дон Хан нарыг ялж, Монголын хоёр дахь “Аюултай монгол” гэгдэх болсон юм. Тэр жил ДАШТ-ээс Монголын эрэгтэй жүдочид багийн төрөлд анхны медалиа хүртэхэд түүний дээрх ялалтууд их нөлөөлсөн нь мэдээж. Тухайн үед Монголын жүдо бөхийн холбооныхон “Цагаан хэл амны нэмэр. Чимээгүйхэн харж байгаад олимп, дэлхийн медальтан болгоодохъё” хэмээн Л.Отгонбаатарыг хэвлэлд ярилцлага өгөхийг эрс “хориглож” байв.

ҮЗҮҮРЭЭС НЬ АТГААД АЛДСАН ОЛИМПИЙН МЕДАЛЬ

Гурван жилийн өмнө үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан тэрбээр “Рио-2016” олимпод зодоглохдоо харамсалтайгаар медалиас мултарсан. Ийн тодотгосон нь учиртай. Тэрбээр хоёрдугаар тойрогт дэлхийн аварга, Кубын алдарт бөх Э.Гонзалесыг ялахдаа шагайгаа бэртээжээ. Хөл нь хавдаж, тэсэхийн аргагүй өвдсөн ч сайтар боон, өвчин намдаах тариагаар тариулан байж дараагийнхаа учраа болох Гүржийн бөх, олимп, дэлхийн дэд аварга В.Липартелианитай (2018 оны  ДАШТ-д ялагдсан) барилдсан ч дийлдсэн.

Улмаар дагах тойрогт Азербайжаны тамирчин Маммадали Мехдиевийг ялж, хүрэл медалийн төлөө барилдах эрх өвөртлөв. Ингээд Л.Отгонбаатар олимпын медальтай болохын төлөө БНХАУ-ын бөх Шин Жаотой барилдлаа. Хоёр бөхийн өрсөлдөөн эн тэнцүү эхэлж, түүний шагайны бэртэл барилдаанд нь нэг их нөлөөлөхөөргүй харагдаж байсан ч мөр нь бэртэх нь тэр. Айхтар хавдсан хөлөө яая гэж байхад өрөөсөн гараараа барилдахаас өөр аргагүй болж, байдал улам дордов.

Л.Отгонбаатар хэдийгээр шүд зуун хүч сорьсон ч санасан барилдаанаа гаргаж чадалгүй ялагдан, V байрт шалгарсан. Хэрвээ тэгж бэртээгүй байсан бол түүнийг олимпоос медаль хүртэх байсан гэж монгол түмэн өдгөө ч харамсаж явдаг. Тэрбээр бэртэлдээ төдийгүй өрсөлдөгчдөө бууж өгөлгүй барилдахдаа шагай, мөрнийхөө гэмтлийг улам сэдрээж, хүндрүүлчихсэн юм билээ. Л.Отгонбаатар “Рио-2016”- гийн дараа Бразилд шөрмөс залгах хагалгаанд орж, эх орондоо хагас жил гаруй эмчлүүлсэн юм.

Риогийн олимпын талаар тэрбээр “Ер нь медаль хүртэнэ гэдэгтээ итгэлтэй, бэлтгэл сайтай байсан л даа. Хоёрдугаар тойрогт дэлхийн аварга, Кубын бөх Э.Гонзалесыг ялахдаа шагайгаа бэртээсэн. Хөл хавдаж, тэсэхийн аргагүй өвдсөн ч сайтар боон, өвчин намдаах тариагаар тариулж байгаад барилдахдаа Гүржийн бөх, олимп, дэлхийн дэд аварга В.Липартелианид дийлдсэн. Хүрэл медалийн төлөө Шин Жаотой барилдаж байхад мөр бэртэн, улам хүнд байдалд орсон л доо.

Шагай, мөр бэртчихээр яаж ч хичээгээд нэмэргүй юм билээ. “Өвдөөд байна” гээд больчихвол монголчуудынхаа нүүрийг яаж харах вэ. Тэгээд л гүрийчихсэн. Хэдийгээр барилдаанаа дуусгасан ч үргэлжүүлж өрсөлдөөд бэртлээ бүр сэдрээчихсэн юм билээ.

Бразилд шөрмөс залгах хагалгаанд орсныхоо дараа эх орондоо ирэхэд амаргүй байсаан. Хүндийг өргөлтийн Ц.Хосбаяр дасгалжуулагч “Миний хүү медаль хангалттай авсан. Бурхан л чамд өгсөнгүй. Цаг нь арай болоогүй байсан юм байлгүй дээ. Жаахан л хүлээчих, үр дүн нь гарна” гэж урам хайрласан нь санаанаас ер гардаггүй” гэсэн юм.

Олимпын дараа жил гаруйн хугацаанд тэмцээнд оролцолгүй, бэртлээ илааршуулж, 2017 онд ДАШТ-д өрсөлдөхдөө гавьтай амжилт гаргаж чадаагүй. Харин 2018 онд дэлхийн дэвжээнд дөрөв дэх удаагаа зодоглохдоо олимпод харамсалтайгаар V байрт шалгарсан дутуугаа гүйцээн, хүрэл медалийн эзэн болсон нь тэр.

Ийм нэгэн жүдоч “Рио-2016” олимпод V байрт шалгарсан дутуугаа Токиогийн дэвжээнд гүйцээхээр өнөөдөр барилдана. Энэ оны зургаадугаар сард Гавьяат тамирчин цол хүртээсэн нь түүнд их урам өгсөн нь мэдээж.

“Токио-2020” олимпоос медаль хүртэх магадлалтай гол найдваруудын нэг нь Л.Отгонбаатар мөнөөс мөн. Амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

3 Сэтгэгдэл

  1. Отгонбаатар бол Цогбаатартай л нэгэн үед гарч ирсэн мундаг
    жудоч.Түүнд бяр , мэх , авьяас чадвар бүх юм бий. Одоо ч, юм дуулдуулах ЦАГ нь ч уг нь болсон доо. Харж л байя ! Олимп дуусах болоогүй .

  2. Ийм муу байж яаж мед#### авах вэ? Цаашид жудогоор барилдахаа больж үз үндсээрээ барилдаарай!

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button