Японд онц байдал зарлалаа

Өчигдөр /2021.07.30/ оройноос Япон улс онц байдал зарлалаа. Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ улс оронд нь коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж байгааг Олимпын наадамтай холбоогүй хэмээн мэдэгдэл хийснээс хэдхэн цагийн дараа Токио хот болон хөрш зэргэлдээх хотуудад халдварын тархалт нэмэгдсэн байна. Тиймээс онц байдлын дэглэмийг дахин сунгалаа.
Шинжээчдийн хуралдааны үеэр дээрхи шийдвэрийг гаргасан талаар Япон Улсын Эдийн Засгийн Сэргээн Босголт, “КОВИД-19” цар тахалтай тэмцэх асуудал хариуцсан сайд Нишимүра Ясүтоши мэдэгдлээ.
Пүрэв гарагт коронавирусийн хамгийн их тохиолдол /10,699/ бүртгэгдсэн байна. Тиймээс харгалзах тоо анх удаа 10 мянгаас давсан үзүүлэлттэй гарлаа. Өмнө нь хамгийн ихдээ долдугаар сарын 28-нд 9,576 тохиолдол шинээр бүртгэгдэж байсан юм. Халдварын хамгийн их тохиолдол Токиод гурван өдрийн турш шинээр бүртгэгдсэн ба мягмар гараг /2021.07.24/-т 2,848 халдвар, лхагва гараг /2021.07.25/-т 3,177 харин пүрэв гараг /2021.07.26/-т 3,865 халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн нь хамгийн их тохиолдолд тооцогдож байгаа юм.
Онц байдал зарласантай холбогдуулан баар, ресторануудын ажиллах цагийн хуваарийг богиносгож, архи согтууруулах ундааны худалдаа, хэрэглээнд ч хориг тогтоож, оронд нь Токиогийн засаг захиргаанаас тодорхой хэмжээний мөнгөн дэмжлэг үзүүлэх аж.
Токио болон Окинавад онцгой байдлын дэглэмийг сунгах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Түүнчлэн, Сайтама, Канагава, Чиба, Оосака мужуудыг онцгой байдлын мужуудын жагсаалтад оруулахаар шийдвэрлэсэн хэмээн сайд Нишимүра онцлов. Тэрбээр нэмж хэлэхдээ, Японы эрх баригчид Хоккайдо мужийн хойд хэсэг, Ишикава мужийн төв хэсэг, Киото, Хёгоогийн баруун хэсэг, Фүкүокагийн баруун өмнөд хэсэгт халдварын тархалтын эсрэг нэмэлт арга хэмжээ авахаар болсон гэлээ.
Өмнөх хорио цээрийн дэглэм наймдугаар сарын 12 хүртэл хүчинтэй байсан ч дэглэмийг ийнхүү наймдугаар сарын 31-нийг хүртэл дахин сунгахаар боллоо.
“КОВИД-19”-ийн халдварын тохиолдол өнгөрсөн долоо хоногийн бямба /2021.07.24/ гарагт Олимпын наадмын нээлтийн ёслол эхэлснээс хойш Токио хотод өдөрт 3000 гаруй халдварын шинэ тохиолдол нэмэгдсэн.
Гэсэн хэдий ч, цар тахал нь Токиогийн Олимпын наадамд оролцохоор ирсэн 50 мянга орчим тамирчин, дасгалжуулагч, гадаадын хэвлэл мэдээллийнхэнтэй ямар ч хамааралгүй хэмээн Ерөнхий сайд Сүга Ёшихидэ удаа дараа няцаасан мэдэгдэл хийсээр ирсэн.
Пүрэв гараг /2021.07.26/-т мэдэгдэхдээ, “Цар тахлын дэгдэлтээс урьдчилан сэргийлэхийн тулд олон нийтийн газарт хүмүүсийн урсгалыг бууруулах, хилийн хяналтыг чангатгах зэрэг халдварын эсрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн тул Токиогийн Олимп зохион байгуулсан нь Япон улсад коронавируст халдварын тархалт ихэссэн хоёрын хооронд ямар ч холбоо байхгүй гэж бодож байна гэсэн байна.
Японы Засгийн газраас оршин суугчдыг Олимпын наадмыг гэрээсээ үзэж сонирхон, онцын шаардлагагүй тохиолдолд дэмий сэлгүүцэхгүй байхыг уриалав. Гэсэн хэдий ч, спорт сонирхогчид Олимпын наадмын унадаг дугуй, триатлоны уралдаан гэх мэт гадна талбайд зохион байгуулагдаж буй уралдаан тэмцээнийг үзэж оролцож буй тамирчдыг дэмжихээр ирэх хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа юм.
Одоогийн байдлаар Японы хүн амын дөрөвний нэгээс илүү хувь нь буюу 27,6 хувь нь вакцинжуулалтад бүрэн хамрагдсан аж.
Нийслэл Токио хотод “КОВИД-19”-ийн өвчлөл Олимпын наадам эхлэхийн өмнө нэмэгдэж, пүрэв гараг /2021.07.26/-т 3,865 тохиолдол шинээр бүртгэгдэж, долдугаар сарын эхээр илэрч байсан мянга гаруй тохиолдолтой харьцуулахад дунджаар 4 дахин ихэссэн үзүүлэлт юм.
Цаашид ч халдварын тархалт нэмэгдэх эрсдэлтэйг үгүйсгэх аргагүй хэмээн тус улсын эмнэлгийн мэргэжилтнүүд онцлов.
“Номүра” Судалгааны Хүрээлэнгийн мэдээлснээр, Япон улс “Токио-2020” Олимп, Паралимпыг зохион байгуулснаар 4 тэрбум гаруй америк долларын ашиг олно гэсэн тооцоог гаргажээ. Харин үүний эсрэгээр, тус улсад дөрөв дэх удаагаа онц байдал зарлахад шаардагдах зардалд 20 тэрбум гаруй америк доллар, харин алдагдал нь ойролцоогоор 4 тэрбум 800 сая америк долларт хүрнэ гэсэн тооцоог гаргаад байгаа ажээ.
(Эх сурвалж: Daily Mail)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.