УЛС ТӨР

ХЭНТИЙН НӨХӨН СОНГУУЛЬ: Ц.Идэрбат, Ц.Баатархүү нар ӨРСӨЛДӨХ ҮҮ, эсвэл…

Улс төрийн намууд ажин түжин мэт хэрнээ алс гүндээ асар хурц байгаа энэ үед хайлган намрын цагаар болох нөхөн сонгуулийн асуудал хамгийн хурцаар яригдах болов, хөшигний ард. Ингээд тамгатай, тамгагүй намуудын хооронд ямар өрсөлдөөн болж, хэн хэрхэн амбишн үүсгэхийг товч тоймлоё.

МАН: ХАМГИЙН БОЛОМЖТОЙ НЬ Ц.ИДЭРБАТ Ч Б.ЭНХБААТАР, Д.ГАНТУЛГА НАР ХҮСЛЭЭ ОРХИХГҮЙ

Д.ГАНТУЛГА: ХЭНТИЙД НЭР ХҮНД НЬ ХООСОНГҮЙ Ч…

“Юугаа ч мэдэхгүй би та нарын үгэнд орж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзсан. Одоо та нар ингэж жийх юм уу” гэж Д.Амарбаясгаланд ч, намынхаа томчуулд ч агсам тавьж буй хүн бол Д.Гантулга. Тэрбээр хэцүү нэртээс батлан даалтаар суллагдаж, намынхныхаа өгсөн байранд чимээгүйхэн хэдэн сар болоод эдүгээ ил гарч, Хэнтий зүгээр амьсгалах болов.

Тэр 1987 оных. Түүнд Хэнтийн ахмад голдуу хүмүүс 2016 оны сонгуулиар итгэл хүлээлгэсэн. Хэл ам татлахад нь “Ээ, энэ хүүхдэд зурах гэж” хэмээн халаглаж байсан нь үнэн боловч түүнээс хойших улстөрчдийн булай Д.Гантулгаас хувь илүү давж одсон билээ. Эл утгаар тэр энэ удаагийн сонгуульд хоосонгүй үнэлгээнд цохиж, өөрөө ч олонд нийцтэй амбишнаа өргөж үзүүлэх болов. Гэвч эцсийн мөчид түүнийг МАН нэр дэвшүүлэхгүй гэдэг нь өнөөдрийн өдрүүдэд ил уншигдахаар логик юм. Өнөөх муу нэр нь ч бас амархан арилчихгүй дагах билээ.

Б.ЭНХБААТАР: ХЭНТИЙНХНИЙ ТАНИХГҮЙ ШАВИЛХАН ЗАЛУУ

У.Хүрэлсүхийн туслахаас МИАТ-ийн дэд даргаар томилогдож, улмаар Ц.Анандбазараас 500 сая төгрөгийн авилга авсан гэх хэрэгт шалгагдсан нэгэн. Сайн ахын нөлөөгөөр хэргийг нь АТГ замхруулж болох ч эдүгээ МАН-ын хамгийн нэр хүнд муутай Ц.Анандбазараас 500 ая төгрөгийн авилга авахаар завдсаныг олон нийт амархан мартахгүй.

Нэгэн үес МАН-ын Хүний нөөцийн асуудал эрхэлснээр Ерөнхийлөгчийн сонгуулийн цикл хугацаанд огцомхон өндрөө авч, эдүгээ намынхаа Нарийн бичиг болтлоо томорсон. Сайндаа ч биш. Хэнтийн нөхөн сонгуульд зориулж, сэтэр бэлдсэн ч түүнийг аймгийнхан нь огт танихгүй байгаа тул нэр дэвшихэд мандат алдах ихээхэн эрсдэлтэй юм.

Ц.ИДЭРБАТ: Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ДЭМЖИХ ЗАЛУУ ДҮР

Хэнтий аймгийн засаг дарга. МАН-ын сийрэг тархиуд асар их ухаан зарж, Н.Ганбямбаас эвтэйхэн Засаг даргын суудлыг нь авахдаа “Хүү Дөлгөөнийг чинь өөд нь явуулна” гэж амласан. Тэр ёсоороо Г.Дөлгөөнийг Төв банкны арилжааны банк хариуцсан дэд захирлаар томилж, Ц.Идэрбатыг Хэнтийн Засаг даргаар томилсон.

Уг нь наадмын дараа Б.Энхбаатар их санаалж, Хэнтийг тойрсон авч, аймгийнхан нь засаг даргаа л таниад байсан гэх. МАН-ын төв штаб дотроо ч тэр Хэнтийн нөхөн сонгуульд ялах магадлалаар Ц.Идэрбатыг нэрлэж байгаа аж. Гэвч яг тулахаар Л.Оюун-Эрдэнийн гэхээсээ илүү У.Хүрэлсүхийн нөлөө эл тойрог дээр хүчтэй ажиллахаар байгаа нь нууц биш. Тэр гол нь Ц.Идэрбатыг дэмжих үү, өөрийн туслах асан Б.Энхбаатарыг явуулах уу. Эс бол нэгэн үес золионд гаргасан Д.Гантулгаа явуулахыг илүүд үзэх үү гэдэг асуудал л байна. Харин АН бол…

АН: Б.ГАРАМГАЙБААТАР ЭСВЭЛ Ц.БААТАРХҮҮ

МАН ер нь элдэвтэй нам. Ялангуяа Л.Оюун-Эрдэнэ, Д.Гантулга нарын тархи У.Хүрэлсүхийнхтэй зэрэгцээд ажиллахаар АН-ыг шуудхан л залгичих хэмжээний хүчүүд хуралдана. Тэр ёсоороо бүр хэдэн жилийн өмнөөс л Хэнтийн АН-ыг МАН-ын нөхдүүд нь ер мэрж дууссан билээ. Энэ нь Дарханы АН-ынхан Д.Хаянхярваагийн алс хэтийн бодлогоор бүр саармагжсан шиг үйлдэл юм. Ухаантай аймгийн намын үүрүүд ийм хортой байдаг, сөрөг намдаа.

Эдүгээ АН-аас МАН-ынхан нь бүр нэр хүнд нь шалдаа буусан Б.Гарамгайбаатарыг нэр дэвшүүлэхээр зорьж буй гэх. Энэ нь МАН-д ашигтай. “Эзэн Чингис хааны нутагт гурван мандат өгөх ёстой” гэж элий балайтаж явсан Б.Гарамгайбаатарыг ялахад эрх баригчдад зовлон бага. Замын будлиан, хууль шүүхээр хаалгуулсан асуудал гээд Б.Гарамгайбаатарт баалуулах сэдэв асар их. Дээрээс нь Хэнтийнхэн ер залуу насныханд “Алдсан ч өгөөд үзье” гэсэн нэвт сэтгэхүйтэй болчхоод байна. Ялахад амархан дүр гэж энэ.

Ц.БААТАРХҮҮ ШИЛБҮҮРДҮҮЛЭЭД ӨНГӨРӨХ ҮҮ, ЦАГ ҮЕЭ ТУНХАГЛАХ УУ

Харин эсрэг талд нь С.Эрдэнийн талынхан АН-аас хүнээ дэвшүүлбэл Ц.Баатархүү байна. Нийслэлд ажил хэрэгч, зэвүүн дүрээр хоногшсон Ц.Баатархүү Хэнтийд хэдэн сум дамнасан ах дүүстэй. Дээрээс нь улсын наадам хориглож уяачдын дургүй хүргэсэн хэсэгт Ц.Баатархүү нэвт ажиллачхаад буй. АН дотроо авах арчаатай, ажил хэрэгч дүрийг ил гаргаад ирэхэд МАН-ынханд асар халгаатай.

С.Эрдэнийн хувьд ч тэр “Арсалдаад яахав, залуу дүр” гэдгээр Ц.Баатархүүг хардаг. Гол нь Б.Цогтгэрэлийн АН ирэх сарын дундуур шүүх дээр ялваас Ц.Баатархүүгийн боломж хиарна. Ер нь Хэнтийд залуу дүр ялчих магадлалтай учир МАН-ынхан эл эмзэг талдаа асар сэрэмжтэй хандах билээ. Тэгэхээр Ц.Баатархүүгийн нэр дэвших эрх АН-аас хамаарах гэхээсээ илүү шүүх дээрх тамганы маргаан ба Л.Оюун-Эрдэнийн тааллаас л шалтгаалах гээд байна. Ц.Баатархүү шүүхийн ил маргаанд шилбүүрдүүлээд өнгөрөх үү. Парламент дахь зовлонтой дүр болох уу гэх асуулт ирэх өдрүүдэд тодорхой болохоор хүлээгдэж байна.

ТЭМДЭГЛЭЛ: Хэнтийн нөхөн сонгуулиас нэг их шударгуу ёсыг хүлээлтгүй юм. МАН-ынхны хувьд цаашдаа Хэнтийнхэн улс төрийн тавцанд хүчээ хадгалах уу. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийг дагаж, Л.Оюун-Эрдэнийн танхим хэвээр үлдэж чадах уу. Шүгэл үлээсэн залуу үес өөрсдийн эрэн цагаа тунхаглах уу, ах нартаа нухагдах уу зэрэг олон асуулт эл сонгуулиас сууриараа шалтгаалахаар. Нөгөө талд АН-ын хоёр толгойн аль талаас нь хүнээ дэвшүүлэхээ шүүхээр дэнслүүлж байж шийдэгдэнэ. Бие даагчдын орон зай үүнд байхгүй. Ерөнхийлөгчтэй, Ерөнхий сайдтай Хэнтий зүгийнхэн энэ удаа МАН-д шуудхан санал өгөх үү. АН-аас эвтэйхэн дүр гараад ирвэл зурчих уу гэдгийг яг таг таахад бэрх.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

17 Сэтгэгдэл

  1. Тэр гол нь Ц.Идэрбатыг дэмжих үү, өөрийн туслах асан Б.Энхбаатарыг явуулах уу. Эс бол нэгэн үес золионд гаргасан Д.Гантулгаа явуулахыг илүүд үзэх үү гэдэг асууд#### л байна.

  2. Гцантулга хүчин хийсэг. Энхбаатар авлига авсан. Гарамгай зам х####туурдсан. Нутагтаа лчих нүүр бга юм уу

  3. Хүчин хийж улаан махны хэрэгтэн болж, насан туршдаа арилшгүй муухай, сэжиг хүрмээр нэртэй болсон, тэр лай нь жирийн ####баа хийж байсан олон хүмүүсийг ажил амьдраагүй болгосон л####ар гантулгыг ямар нүүрээрээ нам нь дэвшүүлэх вэ. Хэрвээ дэвшүүлвэл намыг татан буулгах естой.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button