Нийгмийн

Өнөөдрийн ОНЦЛОХ ТАМИРЧИН: Олимпын дэвжээнд цахиур хагалж мэдэх Б.Хонгорзул

“Eguur.mn” сайт өдөр бүр Монголынхоо нэг тамирчныг онцолж байгаа билээ. Зарим хүн “Тэмцээнд оролцохынх нь өмнө битгий магт. Цагаан хэл ам хүрчихнэ” гэж шүүмжилж магадгүй. Энэ тамирчин ийм амжилт гаргаж, ингэж хөдөлмөрлөж яваа гэдэг тодорхой мэдээлэлтэй тэмцээнийг нь үзвэл уншигчдад илүү өгөөжтэй байх болов уу гээд онцолж буйг тодотгоё.

Бид өмнөх өдрүүдэд Гавьяат тамирчин М.Уранцэцэг, Л.Отгонбаатар, ОУХМ Л.Сосорбарам, Монголын тамирчин болсон Саид Моллаеи, олимпод оролцсон Монголын анхны эмэгтэй боксчин М.Мягмаржаргал, ДАШТ–ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр, М.Анхцэцэг нарыг онцолсон.

Токиогийн дэвжээнээс одоогоор ДАШТ-ний алт, хүрэл медальт Саид Моллаеи мөнгө, ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт М.Уранцэцэг, Азийн аварга Ц.Цогтбаатар нар хүрэл медаль хүртэн, монгол түмнээ баярлуулаад байгаа билээ.

Өнөөдөр бидний онцлох тамирчин бол 20 насандаа “Токио-2020” олимпын наадамд зодоглож буй Болдсайханы Хонгорзул.

ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин Ц.Нацагдорж агсан төрсөн нутагтаа “Байдрагийн хүчтэн” клубийг байгуулж, дасгалжуулагчаар С.Мөнхдуулдахыг ажиллуулсан нь улсын аварга Б.Хонгорзул, аймгийн арслан, улсын аварга Ч.Алтангэрэл, аймгийн заан Батмагнай, насанд хүрэгчдийн УАШТ-ээс гурван жил дараалан хүрэл медаль хүртсэн, өсвөр үеийн улсын аваргад завсаргүй таван удаа түрүүлсэн Ө.Пүрэвсүрэн нарын олон шилдгүүд Баянхонгор аймгаас төрөхийн эхлэл байлаа. “Байдрагийн хүчтэн”-д бойжин, нутгаасаа тэмцээнд оролцон, гялалзаж яваа тамирчдын нэг нь Б.Хонгорзул.

“Байдраг хүчтэн” клубээс, С.Мөнхдуулдах багш шавь нараас олимпод анх удаа барилдах гэж буй тамирчин нь тэр. Б.Хонгорзул гэж хэн бэ.

-Б.Хонгорзул Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат. Тэрбээр 10 настайдаа анх чөлөөт бөхөөр хичээллэжээ.

-Түүний дасгалжуулагч нь С.Мөнхдуулдах. Тэрбээр сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд барилдсаныхаа дараа С.Мөнхдуулдах багшийн шавь болжээ.

-Б.Хонгорзул эхээс хоёулаа, айлын том нь. Түүний удамд барилддаг хүн байхгүй. Тэрбээр өөрийгөө чөлөөт бөхийн спортгүйгээр төсөөлж чаддаггүй гэнэ лээ.

-Б.Хонгорзул 2020 оны насанд хүрэгчдийн УАШТ-д 19 настайдаа анх удаа түрүүлсэн. Тэгэхдээ аваргын төлөөх барилдаанд жингийнхээ гол өрсөлдөгчдийн нэг, улсын хошой аварга А.Батцэцэгийг 8:2-оор ялсан юм. Улмаар эл амжилтаар олимпийн эрхийн тэмцээнд зодоглох эрх авсан.

-Улсын аварга болоход нь аав, ээж хоёр нь охиноо дэмжихээр Баянхонгор аймгаас ирсэн байжээ. Улмаар охиноо Монголын хамгийн шилдэг бөх болох мөчид хамт байн, баярт мөчөө хамтдаа хуваалцсан юм.

-Тэрбээр 2019 онд насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Тэр жил хагас шигшээд А.Батцэцэгт ялагдсан. Улмаар дараа жил даагаа нэхэн, амжилтаа ахиулсан нь тэр.

-Өнгөрсөн жил насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа түрүүлснийхээ дараа чансаагаараа олимп, ДАШТ-ий дараа эрэмбэлэгддэг Иван Ярыгиний Алтан гран пригээс хүрэл медаль хүртсэн.

-Улсын аваргад анх удаа түрүүлснийхээ дараа Үндэсний шигшээ багийн тамирчин болсон. Түүнийг нутгийнх нь “Цэлмэг өргөө” компани дэмжиж, ивээн тэтгэдэг.

-Б.Хонгорзул өсвөр үед барилддаг байхдаа босоо байсан тамирчин. Өсвөр үеийн УАШТ-д нэг үзүүрлэн (2014) дөрвөн удаа завсаргүй түрүүлсэн (2015, 2016, 2017, 2018) босоо аварга.

Мөн өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, ДАШТ-ий хүрэл медальтай.

-Тэрбээр насанд хүрэгчдийн “Mongolia open” олон улсын тэмцээний дэд аварга, залуучуудын улсын хошой аварга, 23 хүртэлх насны ангиллын Азийн аварга, “Азийн хүүхдүүд”, “Монгол туургатан”, “Асашёорюү кап” тэмцээний түрүүтэй.

-Б.Хонгорзул Баянхонгор аймагт амьдран, Мөнхдуулдах дасгалжуулагчийн удирдлагад тэндээ бэлтгэл хийдэг. Хаа хол Хонгор нутгаас ирж тэмцээнд оролцох амаргүй нь мэдээж. С.Мөнхдуулдах багшийн шавь нарыг тэмцээнд оролцох бүрт нь багын найз Б.Батжаргал нь есөн жил зөөж байаа гэнэ лээ.

-Б.Хонгорзул энэ оны дөрөвдүгээр сард Казахстанд болсон олимпын эрх олгох тэмцээнд анх удаа оролцохдоо түрүүлж, “Токио-2020” олимпод барилдах эрх авсан.

Шигшээд шалгарахдаа бүх өрсөлдөгчөө (Узбекистаны Шохида Ахмедова, Киргизстаны Назира Марсбек Кызы, БНСУ-ын Ум Жи Ун) 10:0-ээр цэвэр ялж, шуугиулсан юм.

Монголын багийн хамгийн залуу тамирчдын нэг, 20 настай Б.Хонгорзул олимпын наадмын дэвжээнд өнөөдөр зодоглоно. Эмэгтэйчүүдийн 57 кг-д барилдах тэрбээр эхний тойрогт Францын бөх Матилде Ривиерег ялсан. Улмаар дараагийн тойрогт олимп, дэлхийн аварга Р. Кавайд дийлдсэн. Япон бөх аваргын төлөө шалгарсан тул Б.Хонгорзул маргааш дагаж барилдана. Амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ИРГЭН
ИРГЭН
2021-08-04 08:36

Амжилт хүсье охинд Олимпын мед�##�ль өвөрт нь байна.Хэдийг вэ гэдгийг ХУГАЦАА харуулна ЧИ чадна .Монгол чамаар бахархана сайн охин дахин амжилт хүсье

Холбоотой мэдээ

Back to top button