
Ховд аймагт өнөөдрөөс /2021.8.6/ баруун бүсийн даншиг наадам эхэлж байна. Наадам энэ сарын 08-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм. Энэхүү даншгийн талаар бид Алтайн унага морин спорт уяачдын холбооны тэргүүн Б.Ерөөлтөөс тодрууллаа.
-Даншиг наадамд хэдэн уяач бүртгүүлсэн байгаа вэ?
-Уяач, морьдын бүртгэл хараахан дуусаагүй байна. Одоогийн байдлаар 700-800 морь, 500 гаруй уяач бүртгүүлээд байгаа. Зарим уяачид нэгээс олон морь уядаг учир уяач, морьдын тоо хоорондоо зөрөөтэй байдаг.
-Унаач хүүхдээс халдвар илэрсэн тохиолдол бий юу?
-Наадмыг зохион байгуулагчдын зүгээс уяач хүүхдүүдийг ковид-19 халдварын шинжилгээнд тогтмол хамруулж байгаа. Одоогоор халдварын тохиолдол илрээгүй. Илэрсэн тохиолдолд зохих арга хэмжээг авч ажиллах болно.
-Түрүү морьдод ямар шагнал өгөх вэ?
-Байр шагналаа бид одоогоор тодорхойлоогүй байна. Уяачдын холбооноос шагналыг голдуу уяачдаас авсан хураамжаас гаргадаг. Үлдсэн хэсэг нь хүмүүсийн хандиваас бас бүрддэг юм.
Бидний зүгээс энэ даншиг наадмаар уяачдаас нэг моринд 100,000 төгрөгийн хураамж авсан. Одоогоор амласан хандивууд ирээгүй байгаа учир шагналаа тогтож амжаагүй байна.
Түрүү морины шагналын бүсийн ханш нь таван сая төгрөг байдаг. Хэрэв хандив бүрдвэл бид түрүү мориндоо машин өгөх төлөвлөгөөтэй байна.
О.ЭНХЖИН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.