НийгмийнСПОРТ

Т.Сүхбаатар: Б.Болортуяагаа олимпоос медаль авсан тухай ярихаар уйлчихаад байх юм

Токиогийн олимпын наадмаас чөлөөт бөхийн төрөлд ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Бат-Очирын Болортуяа хүрэл медаль хүртэн, монгол түмнээ баярлуулсан билээ. Монголын чөлөөт бөхийн спортын түүхэнд олимпоос медаль авсан 10, эмэгтэйчүүдээс хоёр дахь тамирчин болсон түүний багш, Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатартай ярилцлаа.

Монгол Улсад эмэгтэй чөлөөт бөх хөгжихөд гол багана болж яваа түүний шавь нар насанд хүрэгчдийн ДАШТ-ий 10 медальтай. Монголын чөлөөт бөхийн спортын түүхэнд ДАШТ-ээс медаль авсан анхны эмэгтэй бөх, Гавьяат тамичин Ц.Энхжаргал, ДАШТ-ээс дөрвөн медаль авсан анхны бөх, Гавьяат тамирчин О.Насанбурмаа, дэлхийн аваргын төлөө барилдсан анхны эмэгтэй бөх, ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин О.Бурмаа, ДАШТ-ий мөнгөн медальт Б.Оюунсүрэн нарын олон шилдэг түүний шавь.

1991 оноос хойш дасгалжуулагчаар ажиллаж буй Т.Сүхбаатар гавьяатад шавиа олимпын медальтан болгох л дутуу байлаа. 30 жил тээсэн зорилго, мөрөөдлийг нь Б.Болортуяа биелүүлсэнд хөл нь газар хүрэхгүй баярлаж сууна.

-Юуны өмнө таны шавь Б.Болортуяа олимпоос медаль авсанд нь баяр хүргэе. Олимпын медальт анхны шавь нь уу?

-Баярлалаа. Үнэхээр сайхан байна. Чамайг ингээд “Олимпын медаль” гээд хэлэнгүүт л хоолой зангирч байна. Шавиа олимпоос медаль авхуулах, олимпын медальт шавьтай болох их сайхан байдаг юм байна аа. Би 1991 оноос хойш дасгалжуулагчаар ажиллаж байгаа. 30 жил уйгагүй хөдөлмөрлөж, зүтгэсний үр дүнд олимпын медальт шавьтай боллоо. Шавь минь олимпоос медаль авсанд маш их баяртай байна, аз жаргалаар бялхаж сууна.

Миний шавь нар насанд хүрэгчдийн ДАШТ-ий 10 медальтай. Монголын эмэгтэй чөлөөт бөхийн анхдагч олон амжилтын эзэн шавь нарын маань дунд бий. Ерөөс шавиа олимпын медальтан болгох л надад дутуу байсан юм. Түүндээ хүрлээ.

Өмнөх олимпуудаас медаль авах боломж зөндөө байсан. Хоёр Бурмаа (О.Бурмаа, О.Насанбурмаа)-гаа медаль авна гээд итгэл дүүрэн олимпод очоод харамсалтай оролцсон удаа цөөнгүй. Олимпоос медаль авах боломжтой олон шавь надад бий.

Шавь нар маань олимпоос ганзага хоосон, зорилгодоо хүрч чадахгүй ирэх бүрт сэтгэлээр унана, хүнд байдалд ордог байв. Би сэтгэлээр унах нэг өөр. Гол нь шавиа тэр хүнд байдлаас яаж гаргах, сэтгэл санааг нь хэрхэн өргөх, бүхнийг шинээр эхлүүлэх эрч хүчийг яаж олгох л хамгийн хэцүү байлаа. Ийм хүнд замнал туулж явахад Б.Болортуяа маань олимпоос медаль хүртэн, намайг ёстой магнай хагартал, нар гартал баярлууллаа.

-Шавийнхаа барилдааныг сэтгэл догдлон үзсэн нь мэдээж. Олимпын медаль хүртэн, баярлаж явахад нь юу бодогдож байв?

-Сэтгэл их хөдөллөө. Өрсөлдөгчөө ялаад, олимпоос хүрэл медаль хүртэхэд нь баярласандаа уйлчихсан. Сэтгэл хөдлөл, эмоциороо уйлаад, бүжиглээд л. Баярласандаа их өндөр үсэрсэн гэсэн (инээв). Хань минь, охин минь баярлаж уйлаад, миний утас дуудлаганд ёстой “булуулсан”. Сөхөө өгөхгүй залгаж, баяр хүргэлээ, надад. Охин маань Монгол Улсын далбаагаа барьчихсан “Аавын минь шавь олимпоос медаль авлаа” гээд зөндөө уйлсан. Үнэхээр сайхан байлаа.

Медалиа гардаж авсных нь дараа шавьтайгаа холбоо барьж, баярт мөчөө хуваалцлаа. Тэгээд сэтгэл хөдлөлөө аль болохыг дарахыг, тайван байхыг хичээж байна.

-Хүрэл медалийн төлөөх барилдааны эхэнд Б.Болортуяа хоёр оноо алдсан. Тухайн үед та хэр сандрав?

-Ер нь сандраагүй. Ялна гэдэгт нь итгэлтэй байсан. Барилдахаас нь өмнө шавьтайгаа нэлээд ярилцан, өрсөлдөгчтэйгээ хэрхэн өрсөлдөх төлөвлөгөө боловсрууллаа. Дээд жингээс бууж ирсэн, чацтай бөхтэй ингэж өр, тэгж барьц ав гээд л сайн ярилцаж, зөвлөгөө өглөө. “Битгий сандар. Миний шавь ялна. Лав барьцанд битгий шунаарай” гэж зөвлөсөн. Барилдааны эхэнд хоёр оноо алдахад нь “Битгий тэгж чигээрэй дайрч ор. Чацтай хүнийг сайн хөдөлгө” гээд өөрийн мэдэлгүй орилоод байсан гэнэ лээ.

Ямар сайндаа манай эхнэр “Чи зурагтны наанаас хэчнээн орилоод сонсохгүй шүү дээ” гээд бөөн инээдэм болсон. Сүүлд бичлэгээ үзээд баахан инээлээ. Хүссэнээ хэлж, зөвлөж чадахгүй чинь ёстой хэцүү юм байна. Дэвжээний буланд нь суугаад, яг барилдааных нь турш “Тэг, ингэ” гээд зөвлөөд, дасгалжуулахаар тэс өөр байдаг байхгүй юу. Зурагтаар шавийнхаа барилдааныг үзнэ гэдэг ёстой хүсэх юм биш байна. Биеэ барьж дийлэхээ байчих гээд байлаа.

-Та түрүүн олимпын медальт шавьтай болохыг 30 жил зорьж, мөрөөдсөн гэлээ. Түүндээ хүрсний дараа ямар мэдрэмж төрж байна вэ?

-О.Бурмаа, О.Насанбурмаа хоёр 10 хэдхэн секунд дутуу байхад харамсалтай ялагдан, олимпын медалийн үзүүрээс атгаад алдсан. Риогийн олимпод О.Насанбурмааг ялж, хүрэл медаль хүртсэн Казахстаны тамирчны төрх одоо ч миний санаанаас гардаггүй юм.

Хүрэл медалиа хүртэн зогсож байгаа нь миний зүүдэнд хоёр сар орж ирсэн. Медалиа зүүчихсэн инээж буйг нь зүүдлэн, цочиж сэрээд. Тэгж сэрэх, тухайн үйл явдлыг бодох бүртээ харамсана. Яг нэг тийм хэмнэлд, сресстэй, шокноосоо гарч чадахгүй нэлээд удаан явсан. Тийм хүнд байдалд орчихсон явсан би өнөөдөр шавиа олимпын медальтан болгочихсон сууж байна гэж бодохоор үнэхээр сайхан. Одоо ч гэсэн ингээд ярихаар өөрийн эрхгүй нулимс цийлэгнэж байна. Хоолой зангирчихлаа. Ямар сайхан юм бэ. Миний шавь чадлаа (уйлав).

2012, 2016 тэрний өмнөх жилүүдийн олимпоос шавь нар маань ганзага хоосон ирэхэд надад ямар хэцүү байсан гэж санана. Шавь нараа өрөвдөнө, өмнөөс нь шанална. Одоо ингээд шавиа олимпоос медаль авхуулчихаад сууж байхад сэтгэл их хөдөлж байна. Энэ мөчийг би 30 жил хүлээсэн. Тэр хэрээр сэтгэл хөдөлж, баярлаж сууна. Б.Болортуяаг Токиогийн олимпоос медаль авахад 30, 40 минут уйлсан байх. Одоо медаль аваад хоёр хоночихоод байгаа мөртлөө л энэ тухай ярихаар өөрийн эрхгүй уйлчихаад байх юм.

-Таны шавь нар насанд хүрэгчдийн ДАШТ-ий 10 медальтай. Б.Болортуяа Монголын чөлөөт бөхийн түүхэнд олимпын 10 дахь медалийг энгэртээ зүүлээ. Яах аргагүй ховор, содон тохиолдол болов уу?

-Ёстой тийм шүү. Чи их гярхай анзаарсан байна. Сайн судалж. Би шигшээ багийн дасгалжуулагчаар З.Дүвчин багш, одоогийн Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр нартай хамт ажиллаж байсан.

Тухайн он жилүүдэд бид хамтдаа олон бахдам амжилт гаргасан. Багаараа дэлхийд II, III-т орж байлаа, нэг хэсэг тасархай байсан. Японы бөхчүүдээс ганцхан оноо дутан, багаараа аман хүзүүдэж байлаа. Шигшээгийн дасгалжуулагч байхдаа дэлхийн медальтан болгосон шавиа тоолбол 20 гарна. Яг өөрийн бэлтгэсэн, багаас нь чөлөөт бөх заан, амжилтын төлөө зүтгэж яваа шавь нар маань насанд хүрэгчдийн ДАШТ-ээс 10 медаль авсан. Монголын чөлөөт бөхийнхөн олимпод оролцож эхэлснээс хойшхи 60 жилийн түүхэнд олимпын 10 дахь медалийг шавь минь авлаа.

Шавь нараас минь ДАШТ-ий 10 дахь медалийг мөн Б.Болортуяа авсан. 2019 оны ДАШТ-д анх зодоглохдоо хүрэл медаль хүртэн, монгол түмнээ баярлуулсан. ДАШТ-ий мөнгөн медальт Б.Оюунсүрэн, ОУХМ Мөнхсүх хоёр түүний анхны багш нар нь. Хоёулаа миний шавь. Би 2016 онд шигшээ багийн дасгалжуулагчийн ажлаа өгснөөсөө хойш “Женко” клубт ажиллан, тамирчдаа дасгалжуулж байгаа. Аливаа зүйлд хоёр сэтгэлээр, тууштай, уйгагүй хичээвэл амжилтад хүрдгийг үлгэрлэж яваа тамирчин бол миний шавь Б.Болортуяа.

-Б.Болортуяа өөртөө их итгэлтэй, дайчин барилддаг. Энэ удаагийн олимпод ч мөн тэгж барилдлаа. Ийм сэтгэл зүйг хэрхэн төлөвшүүлж, олимпод бэлдсэн бэ?

-Монголын чөлөөт бөхийн холбоо тамирчдыг олимпын бэлтгэлд анхны багш нартай нь хамт гарган, хоол зүйчтэй ажиллуулсан нь түүний амжилтад их эергээр нөлөөллөө. Тамирчны бэлтгэл, сэтгэл зүй өндөр байгаа нь хоол унд, жиндээ хэрхэн орохоос их шалтгаалдаг. Энэ ташрамд, хоол зүйч охинд баярласнаа илэрхийлье.

Олимпын өмнөх бэлтгэл дээр “Би буруу хараад байна уу. Тамирчид дотроос манай Болортуяа арай өөр харагдаад байна” гэж байлаа. Бэлтгэл, форм, сэтгэл зүй, сэргэлт гээд ер нь юм юмаараа бусад тамирчнаас өөр байсан шүү. “За, одоо ёстой сугалаа л мэднэ” гэж байв.

-Сугалаа гарсны дараа шавиа ямар медаль авах болов уу гэсэн таамаг танд байв?

-Дэлхийн аварга, Японы тамирчныг ялчихвал шигшээд гараад ирэх боломж харагдаж байлаа. Гэхдээ тэрнээс өмнөх өрсөлдөгчид амаргүй. Токиогийн олимпод түрүүлсэн, дэлхийн аварга Японы бөхийг ялах боломж Б.Болортуяад байсан. Өчүүхэн алдаа л барилдааныг шийдчихлээ.

“Азаар медаль авлаа. Амар өрсөлдөгчдөгчийг яллаа” гэж зарим хүн ярьж байгаа бололтой. Олимпын наадамд хэзээ ч сул өрсөлдөгч очихгүй. Жингийн тэргүүн, олимп, дэлхийн аварга тамирчин ч эхний тойрогт ялагдаж болно. Төдийлөн том амжилт гаргаагүй тамирчин шуугиулсаар түрүүлэх ч боломжтой.

“Ийм амжилт гаргах боломж байна. Тийм медаль харагдаж байна” гээд ярих амархан. Дэвжээн дээр яг гараад барилдах амаргүй. Хоёр Бурмаагаа олимпод дасгалжуулж очоод “За, медаль баараггүй” гээд итгэлтэй очоод зорьсондоо хүрч чадаагүй ирдэг байлаа. Тийм юм үзсэн хүн чинь “Яаж медаль авах вэ” гэдэг сэтгэл зүй намайг зовоож байв.

-Б.Болортуяа ирэх лхагва гаригт эх орондоо ирнэ. Шавьтайгаа хурдан уулзах сан гэж хэр их яарч догдолж байна вэ?

-Нэг хэсэг бушуухан очиж тэврээд, хамтдаа гүймээр санагдаж байлаа. Одоо жаахан тайвшраад “Ирэхээр нь сайхан угтъя” гэж бодож байна. Шавиа сайхан тэвэрч, баяр хүргээд, олимпын медалийг нь барьж үзэх мөчийг сэтгэл догдлон хүлээж сууна.

Чөлөөт бөхөө Х.Баттуул хариуцаж байгаа. Гэхдээ “Женко” клубийн бүх тамирчдын бэлтгэл, сургуулилт, тэмцээний зардлыг Ерөнхийлөгч асан Х.Баттулга гаргаж, биднийг үргэлж дэмждэг. Юуны түрүүнд Х.Баттулга Ерөнхийлөгчид, найз Х.Баттуулдаа баярлалаа.

“Женко” клуб “Буянт-Ухаа” спорт цогцолборт байрладаг. Нэр нь хүртэл бэлгэшээлтэй сайхан цогцолбороос мэндэлсэн олимп, дэлхийн анхны медальтан нь Б.Болортуяа. “Буянт-Ухаа” ордны захирал Лодойн Энхбаяр найздаа, шавийг минь дэмждэг “Цаст тайга” компанийн хамт олонд, ийм сайхан охин төрүүлж, өсгөсөн аав, ээжид нь баярлалаа.

Б.Болортуяа торгууд үндэстэн. Их зовлон үзсэн торгууд үндэстнээс мэндэлсэн олимп, дэлхийн анхны медальтан нь Б.Болортуяа. Шавийг минь олимпод явахын өмнө хандивын аян өрнүүлж, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн халуун сэтгэлтэй, амь нэгтэй ард түмэн бий.

Энд онд Монголын чөлөөт бөхийн холбооны 60 жилийн ой тохиож байгаа. Түүхт ойн жил шавь минь медаль авч, чөлөөт бөхийн халуун гэр бүлдээ бэлэг барьлаа. Олимпын медальт тамирчныхаа тоог 10 болгосон Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлага, үе үеийн тамирчиддаа баярлалаа.

Шавь минь амжилтдаа битгий ханаарай. Амжилтын төлөө дахиад олон жил зүтгээрэй. Олимп, дэлхийн медалийнхаа өнгийг хувиргах, ахиулахын төлөө хичээгээрэй гэж шавьдаа захья.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-09 12:25

Сайхаан сайхан. Уйлах эрхтэй хүн байнаа.

ахмад дайчин
ахмад дайчин
2021-08-10 17:24

Сүхбаатар өөрөө ч тэр үед яаж барилддаг байлаа. Г�##�тай цогтой , сайхан бөх дөө. эрүүл энх байж энхийн жарг�##�тай байгаарай элбэг дэлбэг байж мөнхийн баясг�##�антай амьдраарай !!!

Холбоотой мэдээ

Back to top button