ТОДРУУЛГА: Ишгэн толгойн оройд зоосон үүрэн холбооны антеныг буулгахаар төлөвлөж байна

Ховд аймгийн Манхан сумын Ишгэн толгойн оройд үүрэн холбооны антен зоожээ. Хадны зургийн гайхамшигт дурсгалуудыг үл хайхарч, дүр байдлыг нь эвдэж, зургуудын яг төвд нь антен зоосонд бухимдсан иргэд “ЖиМобайл” компанийг антенаа буулгаж, эвдэлж сүйтгэсэн дурсгалаа янзалж нөхөн төлбөр төлөх хэрэгтэй хэмээн цахим сүлжээнд давлагаалж байна.
Иймд бид уг асуудлын хүрээнд тус сумын Засаг дарга Т.Лхагвасүрэнтэй холбогдож, тодруулга мэдээлэл авлаа.
ОНЦЛОХ ХЭСГИЙГ СОНСОХ:
Тэрбээр “2018 онд Ишгэн толгойн оройд “ЖиМобайл”–ын антен тавигдсан. Тухайн үед зөвшөөрөл авч байсан байх. Хаанаас зөвшөөрөл авч байсныг нь сайн мэдэхгүй байна. Би өөрийн биеэр очиж харж байсан. Антены ойролцоо хадны сүг дурсгалын зургууд байдаг юм. Антен зоосон хэсэг байхгүй байх шиг байсан. Бид тус үүрэн холбооны антены буулгуулж, тухайн газрыг чөлөөлүүлэхээр ярилцаад, төлөвлөж байгаа. Удахгүй албан тоот бичиг явуулна. Дурсгалуудыг эвдэлж сүйтгэсэн бол Аймгийн байгаль орчин газартай ярилцаж байгаад нөхөн төлбөр авах эсэхийг шийднэ байх” хэмээв
Ишгэн толгой нь Манхан сумын төвөөс зүүн хойш 6 км орчимд Сэнхэрийн голын хойд эрэгт 2 хадан толгой оршдог юм. Ишгэн толгойн хадны зургийг 1979 онд Монгол Зөвлөлтийн түүх соёлын хамтарсан экспедицийн чулуун зэвсэг судлах анги анх илрүүлжээ. Тус хаданд нийт 150 гаруй зураг дүрс сийлснээс хүн 1, адуу 18, үхэр 13, буга хандгай, гөрөөс 19, тэмээ 1, янгир 17, аргал 11, могой 5, бар 3, тэмдэг дүрс 53 байдаг ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.