“Рио Тинто”-гоос хариу мэдэгдэл гаргаж, шинжээчдийн дүгнэлтийг судална гэжээ
Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч “Рио Тинто” групп Засгийн газрын санаачилгаар томилж ажиллуулсан хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг сайтар судална гэж хариу мэдэгдэл гаргажээ. И-Мейлээр илгээсэн тус мэдэгдэлд цаашлаад “Оюу толгойн ТУЗ-тэй хамтран ажиллана” гэж дурдсан байна.
Өчигдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн З.Ган-Очир нар мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг танилцуулсан. Дүгнэлт Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрч, хугацаа хойшилсон нь геотехникийн шалтгаангүй гэж гарсан юм. “Рио Тинто” групп 2019 онд ийм шалтгаан хэлж, шинэ ТЭЗҮ батлах шаардлагатай байгаа талаар мэдэгдээд байсан билээ.
Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал анх батлагдсан тооцооноос 1.4 тэрбум ам.доллараар нэмэгдэж, хугацаа 22 сараар хойшилсон тухай “Рио Тинто” ийн зарласан удаатай. Ийм нөхцөл байдалд хүрэх болсон шалтгааныг илүү нарийвчлан судлуулахаар Засгийн газар найман хүний бүрэлдэхүүнтэй хөндлөнгийн шинжээчид томилон ажиллуулсан нь энэ юм.
Шинжээчдийн дүгнэлтийг танилцуулсны дараа “Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Туркоиз Хилл Ресурсес” компанийн хувьцаа 3.7 орчим хувиар унаад байна.
Энэ сард Монголын Засгийн газар мөн хөрөнгө оруулагч талтай үүсгэсэн татварын маргааны асуудлаар Арбитрын шүүх дээр “уулзах” юм. Иймд эл агуулгаар, хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг урьдчилан цацаж, нөлөөлөх замаар Арбитрын маргаанаа нааштай шийдүүлэхээр ажиллаж буй мэт дүр зураг уншиж болох юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.